2017.03.20 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР


2017-03-20 18:00 GMT+8
  • Агаарын чанарын албанаас авсан мэдээгээр өнөөдөр 08.00 цагийн байдлаар МҮОНРТ орчим хамгийн их буюу агаарын чанарын индекс 402-ыг зааж байв.
  • НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирлоор долоон азтан 4 сая төгрөг хожлоо.
  • Хүмүүсийн эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөөд буй Да хүрээ зах орчмоос цувралаар сурвалжлага хүргэж байгаа бөгөөд энэ удаад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогттой ярилцлаа.
  • Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байна гэжээ.
  • Тайванийн нийслэл Тайпей хотод зохиогдсон Ван Жин Ши марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэллээ.
  • Хурц өнцөг булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Л.Болдыг студидээ урьж, олонхийн засаглал дахь цөөнхийн эрх сэдвээр ярилцлаа.
  • Хан-Уул дүүрэг хоггүй болох зорилтыг тавин ажиллахаар болж, энэ зорилтдоо хүрэхийн тулд “Хоггүй Хан-Уул” аяныг өнөөдрөөс эхлэн сарын хугацаанд зохион байгуулна.
  • БНСУ-ын визний хариуг ажлын 15 хоногт олгодог болно.
  • Өсвөр үеийнхэн ирээдүйн нийгмийн хөгжлийг хурдасгах нөөц, боломж юм гэдгийг НҮБ-ын Өсвөр үе, БЗДХ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг хэлж байна. 
  • Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн сунгаанд Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ дэвшүүлээд байсан ч нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
  • Япон улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээнээс манай өсвөрийн бөхчүүд гурван хүрэл медаль хүртлээ.
  • Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пепси” брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан футзалын “Пепси” дээд лигийн аваргын цомыг “Унаганууд” клуб дахин өргөлөө.
  • Манай улсад үр шилжүүлэн суулгах шинэ төв хаалгаа нээгдсэн нь БНСУ-ын эмэгтэйчүүд, үргүйдлийн их эмч, анагаах ухааны доктор Бом Чэ Чой “Mon CL fertility center” эмнэлэг юм.
  • Замын цагдаагийн албанд амралтын өдрүүдэд нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн ордонд төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн таван сарын турш үргэлжилж, “Архангай Алтан Дорнод дайчид” аваргын цомыг хүртлээ.
  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн аваргаар “Дархан Бурхантын Буганууд” баг тодорлоо.
  • Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн  сонгуульд нам, хамтарсан намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.8 тэрбум төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоожээ.
  • Энэ онд геологийн судалгаанд нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөөр нийт 38 төсөл хэрэгжүүлэхийн дотор нийслэлийн гео экологийн судалгаа ч багтсан байна.
  • Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг барилгын хоёрдугаар давхарт гал гарсан байна.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албанд гаргажээ.
  • Монгол Улсын баг тамирчид Австри улсад зохиогдож буй тусгай өвлийн олимпод оролцож байгаа бөгөөд өнөөдөр гүйлтийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт дөрвөн тамирчин медалийн төлөө уралдана.
  • Нийслэлийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр болсон бөгөөд энэ үеэр хотын захирагч асан Э.Бат-Үүл нийслэлийн иргэд АН-ыг санасан байгаа гэдгийг сануулав
  • Нийслэлийн АН-ын дотоод сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү, Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүн Эрдэнэ долдугаар тойрогт нэр дэвшиж байна.
  • Маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

ДЭЛХИЙД

  • Германы Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Германы Хановер хотноо болж буй "Cebit" технологийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцох үеэр "Герман, Япон улс хамтарч чөлөөт худалдааг дэмжинэ" гэдгээ мэдэгдсэн байна.
  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Бээжинд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр улсын харилцааг сайжруулахыг хүсч байгаа талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинд уламжилсан байна.
  • Сирийн нийслэл Дамаск хотын зүүн захад Сирийн Засгийн газрын арми болон босогчид хоорондын тулаан эхэлсэн талаар нутгийн иргэд мэдээлсэн байна.
  • Өнгөрсөн жил байгуулагдсан Канадын Maritime Launch Services/MLS/ хувийн компани 304 сая ам. долларын өртөг бүхий сансрын нислэгийн буудлыг 2020 он гэхэд дуусгана гэж мэдэгдлээ.
  • Өнгөрсөн оны хувьд АНУ-ын нүүрс олборлолт 2015 онтой харьцуулахад 18%-иар буурч, эрчим хүчний салбарт байгалийн хийн хэрэглээ нүүрснээс давсан үзүүлэлттэй гарсан бол энэ онд болон ирэх онд нүүрсний салбар харьцангуй өсөх дүр зурагтай байгааг тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) мэдэгджээ.
  • Аварга цолоо хамгаалахаар хүч үзэж буй Кливленд Кавалирс багийн хүчний довтлогч өнөөдөр бэртжээ.
  • Английн Вест Хэм клубын хагас хамгаалагч Микайл Антонио Английн Премьер лигийн 29-р тойргийн тоглолтонд бэртэл авч Английн шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасагдлаа.
GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 371 санал өгсөн байна.

Дээшээ