Э.Бат-Үүл: Нийслэлийн иргэд Ардчилсан намыг санасан байгаа

Сэтгүүлч Э.Энхмаа

2017-03-20 16:46 GMT+8

-Нийслэлийн АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа-

Нийслэлийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны гишүүнээр 189 хүн нэр дэвшиж, 45 тойрогт өрсөлдөж байна.

Энэ арга хэмжээг нээж нийслэлийн Ардчилсан намын дарга үг хэлсэн. Тэрбээр, Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь чухал үе шатны үйл ажиллагаа эхэлж байна гээд гишүүдийн, бодлогын нам болох зорилт тавин ажиллаж байгаа намын гишүүддээ амжилт хүссэн намын дарга С.Эрдэнийн мэндчилгээг уламжлав.

Үргэлжлүүлэн, АН-ын гишүүд намынхаа бодлогыг тодорхойлох болсон энэ үйл явц нь бидний өнгөрсөн сонгуулийн сургамжаас үүдэлтэй гэдгийг зориуд хэлмээр байна. 2012-2016 онд нийслэл хотод АН эрх барьж, нийслэлийг бодитойгоор өөрчлөх бүтээн байгуулалтын ажил хийж, хэрэгжүүлсэн.

Ялагдсан гол шалтгаан нь бид гишүүдийн нам байж чадаагүй, дарга нарын фракцын болсон. Энэ бол бидний хүн арддаа зориулж хийж бүтээсэн тэр их сэтгэл зүтгэлийг булингартуулж, үр дүнгүй болгоход хүргэсэн.

Жишээлбэл, өнгөрсөн дөрвөн жилд шинээр тавьсан болон шинэчилсэн замын нийт урт Улаанбаатар хотод социализмын үед тавьж байсан замаас 2.4 дахин их байна. Мөн дөрвөн жилд 90 орчим сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулсан нь өмнөх бүтэн 20 жилийн ажилтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт болсон.

Дэд бүтцийн хүрээнд 1970-80-аад оноос хойш огт шинэчилж чадаагүй шугам сүлжээнүүдийг шинэчилсэн. Улаанбаатар хотыг удирдаж байсан Мөнхжаргал гуай, Цэдэв гуай нар “Ийм гайхамшигтай бүтээн байгуулалтыг хийхийг үзэх үнэхээр сайхан байна. Ингэж болдгийг та нар харуулсанд маш их баярлаж байна” гэж хэлж байсан.

Үнэндээ 2012-2016 онд бид нар АН зөвхөн улстөржөөд байдаггүй, ажил хийж бүтээж чаддаг нам болохоо харуулсан. Гэхдээ зөвхөн нийслэлээр тогтохгүй аймаг, орон нутагт ч үзүүлсэн. Жишээ нь, Сүхбаатар аймагт Ардын хувьсгалаас хойш хийгээгүй бүтээн байгуулалтыг хийсэн. Ид шидтэй гэмээр ажилласан.



Гэтэл яагаад ялагдсан бэ?

Энэ бол бидэнд маш ихийг бодуулахад хүргэсэн. Ялагдсан гол шалтгаан нь бид гишүүдийн нам байж чадаагүй, дарга нарын фракцын болсон. Энэ бол бидний хүн арддаа зориулж хийж бүтээсэн тэр их сэтгэл зүтгэлийг булингартуулж, үр дүнгүй болгоход хүргэсэн.

Бид гишүүдийн нам байж чадаагүйгээс өнгөрсөн сонгуульд залуучуудынхаа оролцоог хангалтгүй явуулсан. Өрсөлдөгч нам залуучууддаа тулгуурлаж байхад бид нар фракцууддаа тулгуурлаад сонгуульд орсон. Сонгуулийн үр дүн бидэнд том цохилт өгсөн. Тийм учраас АН эмэгтэйчүүд, залуучууддаа үүд хаалгаа цэлийтэл нээх ёстой. Тэдэндээ энэ ажил хэргээ буухиалж өгөх гэж энэ шинэчлэлийг эхлүүлсэн.

АН-ыг нийслэлийн иргэд санасан байгаа. Өмнөх шиг сайн цаг ирээсэй гээд дурсаж байгаа гээд Ардчилсан намын дотоод сонгуульд оролцож байгаа залуучууддаа талархал илэрхийлж, амжилт хүсэв. 

Нийслэлийн АН-ын даргын сонгуульд НИТХ-ын дарга асан, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байгаа. Харин АН-ын дотоод сонгуульдаа боловсрол өндөртэй шинэ залуучуудаа нэр дэвшүүлжээ. АН-ын Нийслэлийн намын хорооны гишүүдийн сонгууль дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болох бөгөөд нэр дэвшигчид үнэмлэх гардсанаас хойш сурталчилгаагаа эхлэх юм.

Энэ үеэр “Хонх” хамтлагийн гитарчин, дуучин Соёлын гавьяат зүтгэлтэн Энхбаяр гитартайгаа ирж, "Бидний араншин", "Рашаантын 18", "Хонхны дуу"-гаа дуулан намынхаа дотоод сонгуульд оролцож байгаа залууст амжилт хүслээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 40 санал өгсөн байна.

Дээшээ