Хадмын хаяа

Засгийн газрын мэдээ

2017-03-21 08:14 GMT+8

Хадмындаа амьдрах нь гэр бүлийн маргааны дийлэнхийг эзэлдэг бөгөөд цаашлаад салах шалтгаан ч болдог байна. МУБИС-ийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгааг хийжээ. Үүгээр гэр бүлийн харилцаанд зөрчил үүсгэдэг хүчин зүйлсийн 16.3 хувийг хадам эцэг, эх болон хүргэн, бэрүүдийн хоорондын зөрчил эзэлдгийг тогтоосон байна. Мөн гэр бүл цуцлалтын 38 хувийг гэрлэснээсээ хойш 6-7 жилийн дотор салж байгаа залуу гэр бүлүүд эзэлдэг. Энэ нь залуучууд гэр бүлийн амьдралын эхний үеийг тэр бүр даван туулж чаддаггүйг тэрбээр онцлов. 

Нас бие гүйцсэн хэрнээ аав, ээжтэйгээ амьдрах тухайд хүмүүс өөр өөр байр сууринаас ханддаг. Нэг хэсэг нь аав, ээжтэйгээ амьдрах нь эдийн засгийн хэмнэлттэй гэдэг бол зарим нь 20 гаруй жил бүх зүйлийг нь бэлдэж, боловсролтой болгож өгсөн байхад нэмж дарамт болох ёсгүй гэж үздэг. Ерөнхийдөө гэр бүл болж, эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй болсон хойно хамт амьдрахыг зөвтгөдөг хүн ховор. Гэвч Солонгосын олон ангит кинон дээрээс бид ийм дүр зураг харсаар дасал болсон бололтой.

Эрт үед монголчууд эрийн цээнд хүрч, эхнэр дагуулж ирсэн хүүдээ гэр барьж, өрх тусгаарлаж өгдөг байсан уламжлалтай. Тэр үед гэрийн мод, эсгий гээд л эцэг, эх нь өөрсдөө бэлдэж өгөх боломжтой байжээ. Харин одоо эхнэр дагуулж ирсэн хүүдээ байр авч өгөх нь битгий хэл, хурим найр ч хийх чадалтай хүн ховордсон.

Эцэг, эхийн ивээлд өтлөхийг эрмэлзэх болов 

Б.Оюун-Эрдэнэ доктор “Судалгаанд хамрагдсан нийлмэл өрхийн дийлэнх нь залуу гэр бүл бөгөөд тэд эцэг, эхээ асран тэтгэх бус тэдний ивээлд амьдарч байна. Цаашилбал, 57 хувь нь өрх тусгаарлаагүй шалтгаанаа өөрийн гэсэн орон байргүйгээс, 20 хувь нь эдийн засгийн хувьд бие даан амьдрах чадваргүйтэй холбон үзсэн. Мөн хүмүүс гэр бүлтэй болсон хүүхдээ өрх тусгаарлаагүй эцэг, эхийг сөргөөр үнэлэхээ больсонд оршино. Хүүгээ бие даалгаж, охиноо хадамд гаргах уламжлалт ёс заншил улам бүр алсалсаар байна.” хэмээв.

Хадамтайгаа амьдарч байгаа хүргэний хувьд орлого, мөнгөний чадамжаас болж зөрчил үүсдэг гэх. Б.Болд “Айлын охиныг авч суучихаад орон байр ч үгүй, гэрт нь очиж суухад хэн дуртай байх билээ. Надад ч тухгүй байдаг болохоор аль болох оройтож хариад өглөө эрт ажилдаа явах, томилолтоор явахыг боддог.

Томилолтоор явж байгаад эргээд ирэхээр хэсэгтээ гайгүй байж байгаад л удалгүй маргалдаж эхэлнэ. Уг нь эхнэр, хүүхдүүдтэйгээ байхыг хүсдэг л дээ” гэлээ. Харин бэрийн хувьд биеэ авч явах байдал, гэр цэвэрлэх, хоол хийхээс эхлээд маш олон үйлдлээ цэгнэх хэрэгтэй болдог. Ахмадаа хүндэлж, өөдөөс нь хэр баргийн үг дуугардаггүй хүмүүжилтэй болохоор асуудал даамжирсаар нэг л өдөр тэсэрдэг аж.

Гэр бүлийн боловсрол олгох “Family Education” цахим хуудаст “Хадмуудтайгаа амьдарч байгаа бол анхнаасаа зааг татаж, үнэнээ хэлж, нээлттэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Нүүр тулж биш, нөхөр, эсвэл эхнэртээ ийм зүйл байнга ярих нь байдлыг хүндрүүлдэг. Тиймээс шууд нүүр тулж харилц” гэж бичжээ.

Google хайлтын системд “Хадам” гэж бичихэд 300 мянга гаруй хариу гарч ирэх нь энэ сэдэв ямар халуун, хэчнээн олон хүнд тулгарч буйн нэг илрэл. Харин “Ипотек” гэсэн түлхүүр үгээр 317 мянган хайлт гарч ирлээ. Энэ бол шууд хамааралтай сэдэв. Хадмын талаар интернэтээс хариу хүссэн мөнөөх 300 мянган хүний нэлээд нь тусдаа гарахаар байр хайдаг байх нь.

Залуу гэр бүлүүд өөрсдөө эцэг, эх болж шинэ адал явдалд хөл тавихад нь хадмууд хөндлөнгөөс бүхнийг зааж, хүргэн, бэрийнхээ үгийг сонсолгүйгээр “Та нарыг ч гэсэн ингэж л өсгөсөн. Буруудсан зүйл хаана байна” гэх үгээр амыг нь таглаж орхидог. Хэдий өөрийн хүүхдийг өсгөсөн ч юм бүхэн ээлж дараатай, цаг үе ч өөрлөгддөг тул хүүхдүүддээ ч гэсэн эцэг, эх байх боломжийг нь олгох хэрэгтэй баймаарсан. Айлын хүргэн Э.Билэгт гэхэд л “Хадам ээж шөнө бүр өрөөнд орж ирж хаана унтаж байгааг шалгадаг. Хүүгээ ээжтэй нь орон дээр унтуул, чи өөрөө газар унт гэх нь түвэгтэй. Ер нь л сэрэх, унтах, идэх, уух жижиг сажиг юм бүхэнд оролцох гээд байдаг” гэж асуудлаа хуваалцлаа. 

Нөгөө талаас хүүхэдтэй болох цагт эцэг, эхийн тус ихийг амтай болгон л хэлдэг. Б.Мөнхзаяа “Хүүхдийг минь хадам ээж, аав хэнээс ч илүү итгэлтэй, найдвартай харж өгдөг. Хүүхдээ эмээ, өвөөтэй нь үлдээсэн үед санаа зоволгүйгээр ажлаа амжуулж болдог. Хүний биш, өөрийн хүүхэд гэдэг утгаар харж хандах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ цааргалалгүй харж байгаа нь нөхөр бид хоёрт маш их дэмтэй” гэв. 30 нас гарсан ч эхнэр, хүүхдүүд, аав, ээжтэйгээ амьдардаг нэгэн эр үүнийгээ “Эцэг, эхтэйгээ байхад мөнгөнд хэмнэлттэй, хүссэн үедээ гадуур зугаалж болдог” гэхчлэн тайлбарлалаа.

Орон байр, санхүүгийн асуудлаас болж эцэг, эхийн ивээлд байдаг нэгэн байхад хоёулхнаа үлдэхээс айж, хүүхдүүдээ хаяандаа байлгах гэдэг хүмүүс бас цөөнгүй. Энэ нь нэг талаас монголчуудын “Үхтэл үр харам” гэдэг ойлголтоос үүдэлтэйг гэр бүл судлаачид хэлэв. Хүүхэдтэй болчихоод эхнэр, нөхрөө гаргуунд нь хаяж, үр хүүхдэдээ бүхнээ зориулдаг гэр бүлүүд бий.

Халуун дотно харилцаатай эцэг, эх хүүхдээ тусдаа гаргахыг хүсдэг 

Гэтэл ингэж бүх үнэ цэнээ зориулсан зүйлээ тавьж явуулахыг хэн ч хүсдэггүй аж. АШУҮИС-ийн багш, докторант, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин “Хүн үнэ цэнийг амьдралдаа олон зүйлд хуваах хэрэгтэй. Нэг зүйлд бүхнээ зориулчихсан байтал мөнөөх нь байхгүй болчихлоо гэж бодъё. Тэгвэл тэр хүний амьдрал үнэ цэнэгүй болдог. Үнэ цэнээ алдсанаас болж хүмүүс амиа ч хорлодог” хэмээсэн юм.

Их Британийн сэтгэл засалч, зөвлөхүүдийн нийгэмлэгийн гишүүн, сэтгэл судлаач Филип Ходсон “Эвтэй харилцаагаа авч үлдсэн эцэг, эхчүүд хүүхдээ тусдаа гарахад нь эмзэглэдэггүй. Харин ч өөрсдөд нь хамтдаа, тайван, чөлөөтэй байх боломж гарлаа гэж үздэг. Харин тухайн хосууд таарамж муутай бол хүүхдээ гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон ч тавьж явуулдаггүй. Хүнтэй суусан хүүхдээ тусад нь гаргах нь бие даалгах, асуудлыг бие даан шийдвэрлэх, зөв шийдвэр гаргаж сурах, санхүүгийн хүмүүжилтэй болгох зэрэг олон чухал ач холбогдолтой” гэжээ.

Охид аавдаа, хөвгүүд ээждээ сайн байдгийг шинжлэх ухаанаар тайлбарласан нь бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биедээ татагдах байдал гэр бүлийн дотор ч оршдог. Энэ байгалийн хуульд хэн ч захирагддаг. Тиймээс ч нөхөр, аав хоёрын дунд яахаа мэдэхээ болих, ээж, эхнэр хоёрын хэнийх нь талд зогсохоо шийдэж чадахгүй үе тохиодог ажээ. Угтаа энэ нь байгалийн хуультай холбоотой гэнэ.

Эдийн засгийн хүндхэн үед хөлөө олтлоо эцэг, эхтэйгээ амьдрах нь залуу гэр бүлийн сонгож болох шийдвэр. Гэвч энэ байдалтай эвлэрч, удаан хугацаанд хадмын хаяа сахиж болохгүйг гэр бүл судлаачид болон олон жилийн туршлагатай гэр бүлүүд сануулж байна.

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл “Ийм тохиолдолд ээж, аавыгаа үгүйсгэхээс өөр замгүй. Нэгэнт нас 50, 60 гарсан хүний сэтгэхүй өөрчлөгдөхгүй. Нэлээд зөрчил үүсэх учир залуу хүмүүс өөрсдөө ухаан зарж, аль болох тайвнаар шийдэх хэрэгтэй. Гэрлэсэн л бол эцэг, эхээс салж, эхнэр, нөхөртэйгөө нэгэн бие болж байж, гэр бүлийн харилцаа жинхэнэ утгаараа бий болно. Үүний тулд яаж ч байсан тусдаа гарах ёстой” гэв.

Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, боловсрол, эрүүл мэнд гээд бүхнээ зориулан хөлсөө дуслуулсан эцэг, эхийн хөдөлмөр хангалттай. Үүнээс цааш эцэг, эхээ цөлмөж биш, бөхийхөд нь түших нь хүүхдийн ухаан мэдэх асуудал. Гэхдээ түшиж тулна гээд энгэрээс нь салахгүй, айл гэрийн эзэн, эзэгтэй болж чадахгүй аваас бас нэгэн өрхийн “гэрэл бөхөж”, сэтгэл харанхуйлах билээ. 

Д. Тамара

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3637 санал өгсөн байна.

Дээшээ