Тусгай олимп: Тэд хайрлуулах эрхтэй


2017-03-21 13:00 GMT+8

Австри улсад зохиогдож буй тусгай өвлийн олимпоос манай улс нэг аваргатай болж, мөнгөн медалийн эзэн хоёр, хүрэл медалийн эзэн нэг тодорсон сайхан мэдээг бид дуулгасан билээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог тусгай олимпод манай улсаас 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд тус тус өрсөлдөж байгаа юм.

Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадамд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорино.

Тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой.

“Бусадтай өрсөлдөхөөсөө өмнө өөрийгөө ял” гэж үг бий. Тусгай олимпийн тамирчид яг л энэ үгтэй адилхан өрсөлдөөнийг бий болгодог. Тэд хэн нэгнийг түрүүлэхдээ бус өөрийгөө ялан дийлэхийн тулд энэ тэмцээнийг зорьдог гэж болно.

Манай улсын баг тамирчид, тэднийг дэмжигчид, газар дээрээс нь мэдээллийг шуурхай хүргэж буй хамт олон барианд орох мөчийг сэтгэл догдлон хүлээж, хэсэг зуур тэдний ялалтад хоолой нь зангирч байгаагаа хүртэл хэлнэ лээ. Ингээд олимпийг сурвалжлахаар Австри улсад очоод буй Артаньян Артгаагийн олимпийн талаарх сэтгэгдлийг сэтгэл хөдөлгөм зургуудын хамт хүргэж байна.

БИД ХАЙРЛАХ ЁСТОЙ

Нээлт энэ сарын 18-нд болсон өвлийн тусгай олимпийн нээлт хоёр цаг үргэлжилсэн. Усархаг бороо тасралтгүй шивэрч байсан ч тэмцээний нээлтийг үзэхээр олон хүн иржээ. Тасалбар аль хэдийнэ зарагдаж дууссан ч цэнгэлдэхийн гадаа дотор цугласантай тэнцүү шахам хүн цугларсан байлаа. Нээлт болж буй цэнгэлдэх уулын бэлд тул хүмүүс уул руу авирч зогсоод нээлтийг үзэж байв. Хэн ч борооноос айгаагүй. Дундаас нь хэн ч орхиж яваагүй.


Нээлт болж буй цэнгэлдэх доторх үзүүлбэрийг хямдхан шийдсэн ч асар гүн утга агуулгатай байлаа. Зарим хүний нулимс гарч байв. Аливаа үзүүлбэрийн үнэ цэнэ их мөнгөөр шийдсэндээ биш оновчтой санаа олсондоо оршдог болохыг эндээс харлаа. Харин гаднах үзүүлбэр үнэхээр гайхалтай байлаа. Уулын орой дээрээс бамбар барьсан зуу шахам цаначид бууж ирсэн нь гайхамшигтай. Ерөөс энэ нутгийнхан цанан дээр төрдөг, цастай ч цанатай ч ард түмэн юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд олон алдартай хүн ирсэн. Австрийн Ерөнхийлөгч, Грац хотын дарга болон бусад олон улсын сайн дурын байгууллагуудын тэргүүнүүд, мөн нутгийн хамгийн алдартай дуучин Элен Фишер, Америкийн залуу супер од Жэйсон Мраз, 2016 оны “Авьяаслаг Америкчууд” шоунаас төрсөн төмөр хоолойт гэгддэг 13 настай Грэйс Вандэрваал нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нээлтэд 107 орон нэрээ дуудуулан гарч ирсэн. Их Британийн багийг Пол Маккартнигийн экс эхнэр Хидер Миллс хөтөлж гарч ирэв. Монакогийн багийг Хатан хаан Шарлин тэргүүлэн гарч ирэв. Тэрээр дараа нь харьяаллынхаа дагуу Өмнөд Африкийн багийг мөн дагуулж гарсан юм.



Нээлтээс хоёр өдрийн дараа Австрийн өдөр тутмын сонин дээр нэгэн шуугиантай мэдээ гарлаа. Нээлтийн үеэр герман хэлээр цэнгэлдэх хүрээлэнд тэсрэх бөмбөг байрлуулсан тухай утсаар хэлсэн байна. Тэр үед нээлтийг зогсоох талаар яригдсан ч бөмбөг илрүүлэх сургуультай ноходтой цагдаа нар өмнө нь цэнгэлдэхийг хоёр удаа шалгасан тул ахиж нэг шалгаад нээлтийг үргэлжлүүлэхээр шийджээ. Утсаар ярьсан этгээдийг одоогоор хайж байна. Нээлтийн дараа гарч ирэхэд том буутай цагдаа нар энд тэндгүй зогсож байсны учир энэ байж.

Нээлтийн тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Энд оюуны бэрхшээлтэй 7500 тамирчин ирсэн. Бидэнтэй яг адилхан эрхтэй төрсөн ч эрхээ эдлэх, хамгаалах, тэмцэх чадвараар дутуу тэднийг бид л хайрлах ёстой юм байна.

Б.Ерөөлт хүү англи хэлээр илтгэл тавилаа

Олимпийн тоглолтын үеэр спортын бус олон арга хэмжээ болж байна. Энэ салбарыг хариуцсан сайн дурын, төрийн бус байгууллагууд тайлан тавихын зэрэгцээ өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж ирээдүйгээ төлөвлөж байв.

Арга хэмжээнүүдээс хамгийн том нь оюуны бэрхшээлтэй иргэд бусадтай ижил эрхтэй байх, ялгаварлагдан гадуурхагдахын эсрэг үзэл санааг тунхаглах чуулган байлаа. Чуулганд Монгол улсаас маш их амжилт гаргаж, Зүүн Азийн элч төлөөлөгч болсон Б.Ерөөлт хүү англи хэлээр илтгэл тавилаа. Тэрээр аутизмтай ч гэсэн хөгжмийн, хэлний асар их авьяастай, хоол хийх хоббитой үлгэр жишээ хүү юм.


Энд дэлхийд цуутай олон алдартнууд ирсэн. Зах зухаас нь дурдвал NBA супер одууд Сэм Перкинс, Дикембэ Мутомбо, олимпод шуугиан тарьж байсан Америкийн уран гулгагч Мишель Кванг, Оросын загвар өмсөгч, жүжигчин Наталья Водянова зэргийг нэрлэж болно. Өөр ч олон алдартнууд байсны зарим нь тайзан дээр хөтлөгч хийж, мөн тайзан дээр гарч гэр бүлдээ тохиолдсон зүйлийг ярьж хүмүүсийг уйлуулж байлаа. Мөн Арнольд Шварцнэггер ирэх пүрэв гаригт Грац хотноо хүрэлцэн ирэхээр болжээ.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 540 санал өгсөн байна.

Дээшээ