Өнөөдөр Олон улсын театрын өдөр, урлагийн ариун сүмд ажилладаг бүхий л уран бүтээлчид, арын албаныхны баяр.
Энэ баярыг угтан дэлхийн сонгодог болон үндэсний урлагаа монгол түмэндээ таниулах их үйлсэд томоохон хувь нэмэр оруулж буй Улсын драмын эрдмийн театрын хөшигний цаадах “нууцлаг” амьдрал буюу авьяаслаг, нөхөрсөг хамт олны энгийн нэгэн ажлын өдөртэй нь танилцлаа.
Үзэгч олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг, ухааруулж, уйлуулж, баярлуулж, догдлуулдаг гайхамшигт бүтээлүүдийн цаана зөвхөн жүжигчид бус олон хүний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, хариуцлага оршдог ажээ.
Ганц л хүний жижиг алдаанаас театрын бусад ажилчдын хөдөлмөр салхинд хийсч мэдэх тул энд хүн бүр алдах эрхгүй, хариуцлагатай ажиллана.
Байгуулагдсанаас хойш 86 дахь жилтэйгээ золгож буй ууган театрт өдгөө 140 гаруй хүн ажиллаж байна. Уран бүтээлийн,Үйлдвэрлэл техникийн болон Захиргаа удирдлагын хэлтсүүд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт 40 орчим жүжигчинтэй.
Ажлын энэ өдөр /гуравдугаар сарын 24-ний баасан гараг/ “Гамлет” жүжгийн бэлтгэл сургуулилтаас эхэлжээ. Гуравдугаар сарыг сонгодог жүжгийн сар болгон зарласантай холбоотойгоор 26, 27-ны өдрүүдэд У.Шекспирийн алдарт бүтээл “Гамлет”-ыг тоглохоор төлөвлөсөн байв.
Уулзсан уран бүтээлч болгон энэ жүжгийг бүтэн жил тоглоогүй учир мартсанаа сэргээх шаардлагатай гэдгийг бүгд л хэлж байлаа. Мөн Гамлетын хайртай бүсгүй Офелияд өмнө нь жүжигчин О.Дөлгөөн тоглож байсан бол энэ удаад шинэ Офелия нь СТА, жүжигчин М.Тогтохжаргал болжээ.
"Өдөр тутам дасгал хийж байхгүй бол мартаж явчихаад, гэнэтхэн ум хумгүй маргааш тоглодог юм огт байхгүй"
Булшчны дүрд тоглох Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай “Бид тоглоогүй нэлээн хэдэн сар болсон тул эвэнд нь оруулах гэж тайз, гэрэл, шум, хувцастайгаа бэлдэж байна. Өдөр тутам дасгал хийж байхгүй бол мартаж явчихаад, гэнэтхэн ум хумгүй маргааш тоглодог юм огт байхгүй” гэлээ.
Яриагаа үргэлжлүүлэхдээ дүрийнхээ талаар ““Гамлет”-ыг олон кино, жүжигт найруулж тавьсан байдаг. Зохиолоос нь авах хэсэг, авахгүй хэсэг гэж байдаг ч булшчны хэсгийг онцгойлж хассан хүн байдаггүй юм. Жижигхэн ч гэлээ энд гүн гүнзгий философи оршдог” гэлээ.
ХАГАС ЦЭРЭГЖСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БУЮУ ЯМАГТ БЭЛЭН БАЙДАЛ
Үзэгчдийн суудлаас найруулагч Н.Наранбаатар зааварчлан суух бол тайзны ард жүжигчид үгээ давтах, бие биедээ сануулах зэргээр завгүй бэлдэнэ. “Чи болоогүй. Гурван үзэгдлийн дараа” хэмээн жүжигчин Г.Эрдэнэбилэг ламд тоглож буй Ц.Цэрэнболдод сануулна.
“Энэ үзэгдлийн дараа би аль өнгийн цамцаа өмсөх билээ, Дөлөө эгч ээ?” хэмээн гол дүрийн жүжигчин Гамлет С.Болд-Эрдэнэ эрэгтэй хувцасны эрхлэгч О.Гандөлөөс асуухад “Одоо харыгаа, дараа нь цагаан цамцаа”, “Одоо пальтогоо өмсөөд, гутлаа солино шүү” гэхчлэн хариу зааварчилна.
Бид хувцсаа хариуцаад угааж цэвэрлэж, угаах боломжгүйг нь хими цэвэрлэгээнд өгөх зэргээр үргэлж бэлэн байлгадаг.
Театрт эрэгтэй, эмэгтэй хувцсаа хариуцсан хоёр эрхлэгч ажилладаг бөгөөд тоглолтын өмнө жүжигчдийнхээ хувцсыг бэлдээд, жүжгийн үеэр тайзны ард солих хувцсыг өмсүүлэхэд бэлэн гартаа бариад зогсоно. Хувцасны өнгө хүртэл үзэгдэл болгонд тохирч нийцсэн байх ёстой тул алдах эрх байхгүй.
Шинэ жүжиг тавьж эхлэхэд тоглолтын хувцасны эскизийг зураачид гаргах бөгөөд зааврын дагуу оёдолчид оёдог бол зарим хувцсыг зохиолоосоо хамаараад гаднаас худалдаж авдаг байна.
Эрэгтэй хувцасны эрхлэгч, СТА О.Гандөл “Түүхэн жүжгийн хувцаснуудыг заавал хийх хэрэг гарна. Хүн өмсөж байгаа учраас урагдана, халтар болно. Тиймээс бид хувцсаа хариуцаад угааж цэвэрлэж үргэлж бэлэн байлгадаг. Жүжгийн арын бэлтгэл ажил их” гэлээ.
Энд архи байх ёстой гэвэл архийг, тамхи гэвэл тамхийг, хоол унд гээд бүгдийг л бэлддэг. Миний гараар орохгүй зүйл байхгүй
Харин түүний дараа театрт 47 дахь жилдээ ажиллаж буй Жижиг хэрэглэлийн эрхлэгч, УГЗ Д.Мягмарсүрэнтэй уулзсан юм.
Жүжгийн бэлтгэлийн үеэр залуу жүжигчдэдээ “Буугаа энд тэнд тавив аа! Эвтэйхэн барьж яваарай!” хэмээн анхааруулна. Учир нь жүжгийн жижиг эд зүйл болгоны бүрэн бүтэн байдлыг энэ хүн хариуцдаг аж.
Жижиг хэрэглэлийн өрөөнд ороход хувцасны гоёл чимэглэл худалдаалдаг бөс барааны дэлгүүр гэлтэй алаг эрээн өрөө угтлаа. Сайтар ажиглавал жүжигчдийн тайзан дээр хэрэглэдэг эд зүйлс байх аж. Д.Мягмарсүрэн гуай тухайн жүжигт хэрэглэгддэг бүхий л зүйлийг тайзны ард ширээн дээр бэлдээд тавьдаг байна. “Энд архи байх ёстой гэвэл архийг, тамхи гэвэл тамхийг, хоол унд гээд бүгдийг л бэлддэг. Миний гараар орохгүй зүйл байхгүй” гэв.
Үзэг байх ёстой байтал тэрийг би мартчихвал жүжигчин тоглолтынхоо хэмнэлийг алдана
“Хайрцаг шүдэнз, үзэг, харандаа, бурхан тахил буу зэвсэг, хүний гавлын яс хүртэл энд байна. Сонгодог жүжгийн сар одоо шувтарч байна. Энэ сард бид маш ачаалалтай ажиллалаа. Тоглож байсан жүжиг гээд оромдоод байж болохгүй. Дээр үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гүрдорж гуай бидэнд гараар юм хийхийг заадаг байсан юм. Одоо бол бид тэгэхгүй. Сэргээх эд зүйл байвал сэргээнэ. Харин эд зүйлсээ гаднаас авдаг болсон. Туслах хүүхэд маань ч маш сайн ажилладаг. Театрт хатуу чанга байх ёстой.
Театрт хэзээнээс хагас цэргийн зохион байгуулалттай байх ёстой гээд сурчихсан. Цаг бол цаг. Хоёр цагийн өмнө ирээд юмаа бэлдэнэ. Жүжигчид цагийн өмнө ирээд юмаа шалгаж үзнэ. Ганц үзэг байх ёстой байтал тэрийг би мартчихвал жүжигчин яах билээ? Тэр хүн эм уух ёстой байтал би эмийг нь бэлдэхээ мартчихвал тоглолтынхоо хэмнэлийг алдана, сандарна, үйл хөдлөл байхгүй болж тоглолтын утга алдагдана. Тийм учраас манай жижиг хэрэглэл маш хариуцлагатай ажил” гэлээ.
Сургуулилт ид явж байх үед уран бүтээлчидтэй ярилцах амаргүй байлаа. Жүжгийн "шум" хариуцдаг дууны найруулагч, СТА Я.Батсайхантай ажил мэргэжлийнх нь онцлогийг асуух гэсэн боловч ид сургуулилттай байсан тул хором ч анхаарлыг нь сарниулж болохгүй байв. Тиймээс хамтран ажилладаг дууны найруулагч А.Од-Эрдэнэтэй ярилцсан юм.
Бүх жүжигчдээ мэдэрч, анхааралтай ажиллах нь чухал. Жүжигчдийн үг хэл, үйл хөдлөл хөгжмөөр хөглөгдөж байдаг
Я.Батсайхан УДЭТ-д 24 жил ажиллаж байгаа бол А.Од-Эрдэнэ нэг жил болж байгаа аж. “Бид тоглолтынхоо хуваарийг хараад, өмнө нь заавал сургуулилт хийдэг. Тоглолтынхоо хажуугаар шинэ жүжигт доод тал нь сар бэлтгэл хийнэ. Жүжгийн зохиолын дагуу процедур бичээд жүжгийн хөгжмүүдийг дугаарлаж тавьдаг. Жишээ нь, жүжигчин С.Болд-Эрдэнийн хэлсэн нэг үгний дараа энэ хөгжмийг тавина гэх мэт бүгдийг нь дэс дараатайгаар бичдэг. Ажил маань маш сонирхолтой, бас мэдрэмж шаарддаг. Бүх жүжигчдээ мэдэрч, анхааралтай ажиллах нь чухал. Жүжигчдийн үг хэл, үйл хөдлөл хөгжмөөр хөглөгдөж байдаг” хэмээн ярьсан юм.
Хүнд уран бүтээлээрээ үйлчилж, жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж, гэрлээр тоглож байдагт мэргэжлийн маань сайхан нь оршдог байх
Театрт 1987 онд ороод, гэрлийн оператороор 1993 оноос хойш ажиллаж буй СТА Р.Мөнхцэцэгтэй уулзлаа. Тэрбээр тайзан дээр явагдаж байгаа хурал цуглаан, байгууллагын уран бүтээл, тоглолт гээд бүхий л үйл ажиллагаанд оролцож, тайзны жүжгийн бүх гэрлийг өөрөө удирдаж явуулдаг байна. Гэрлийн нийтдээ 12 ажилчин байдаг гэнэ.
““Гамлет” жүжгийн тайзанд тохирсон уран сайхны гэрэл тааруулдаг. Нийтдээ 16 үзэгдэлд 16 янзын гэрэл тааруулна гэсэн үг. Хүнд уран бүтээлээрээ үйлчилж, жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж, гэрлээр тоглож байдагт мэргэжлийн маань сайхан нь оршдог байх. Бас их хариуцлагатай байх ёстой. Жүжигт бид алдах эрхгүй. Гэрэл зөрчихвөл жүжгийн утга санаа, агуулга, бүх л бүтэн жүжиг тэр чигээрээ алдагдана. Гэхдээ гайгүй дээ. Ажил маань гарт орчихсон” хэмээн ярьсан юм.
Драмын театрын жүжиг, уран бүтээлийг үзэгчдэд сурталчлан таниулах ажлыг гардан гүйцэтгэдэг Захиргаа удирдлагын хэлтсийнхэн хуралдаад тун завгүй байлаа. Тэд УДЭТ-ын Дэлхийн театрын өдөрт зориулсан Театр-2017 сургалт болон УДЭТ-ын хаврын аялан тоглолтын бэлтгэл ажлын талаар ярилцаж байв.
Найруулагч Н.Наранбаатар жүжгийн сургуулилт дууссаны дараа “Маргааш 10 цагт тайзаа засаж хөшгөө нээгээд “Тэнгэрийн хүү”-г бэлдэнэ. Бүгдийг жин тан бэлэн болгосон байх ёстой шүү” хэмээн зааварлав. Харин энэхүү тайзыг засах хариуцлагатай албыг тайзны машинист СТА, Ц.Эрдэнэбилэг гуай удирдан явуулна.
Тайзыг маш богино хугацаанд буюу үзэгдэл хоорондын 30-хан секундэд багтаан засах ёстой. Мөн л тухайн тоглолтын нэн чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогдох энэ ажлыг 10 залуу хийдэг. “Тоглолтоос өмнө эхлээд тайзаа засна. Шинэ жүжиг тавихад зураач зураг гаргасны дараа бид зургийн дагуу тайз болон макетаа хийж, угсарч, тааруулдаг. Найруулагчийн зааварчилгаагаар ажиллана.
Гэрэл, шум, тайз бүх юм холбоотой. Цогц нэг байж л тэр уран бүтээл хүнд хүрнэ шүү дээ
Тайзыг тоглолтын үзэгдэл болгон дээр хөдөлгөх хэрэгцээ гарна. Дараагийн үзэгдлийг хэдхэн секундын дотор харанхуйд засдаг.
Нэг минут л болоход үзэгчдэд хүлээлт үүсгэнэ. Тиймээс харанхуйд бүгдийг маш богино хугацаанд амжуулдаг. Тоглолтын өмнө бүгдийг процедурын дагуу бэлдчихсэн байх ёстой. Энэ үзэгдэл дээр энэ ширээг хаана тавих вэ, хөшиг нь хаана хэзээ буух вэ. Заримдаа жүжигчний нэг үгээр л тайз солигдож байх жишээтэй.
Жүжгийг туслах найруулагч удирддаг. Гэрэл, шум, тайз бүх юм холбоотой. Цогц нэг байж л тэр уран бүтээл хүнд хүрнэ шүү дээ” хэмээн ярилаа.
Ийнхүү Драмын театрын хөл хөдөлгөөнтэй нэгэн өдөр өнгөрлөө. Тоглолттой үед ажил амралтын өдөр харгалзахгүй өглөө нь бэлтгэл сургуулилтаа хийж орой нь жүжигтээ орно. Тоглолтод оролцох жүжигчдээс гадна театрын арын алба тэр чигтээ ажилладаг. Үйлчлэгч нар үзэгчдийг хүлээн авах танхимд улаан хивсээ савандан угаахаас эхлээд театрын хүн бүр хариуцсан ажлаа хийгээд завгүй.
Монголын театрын бүх уран бүтээлчид, арын албаны ажилчдад Олон улсын театрын өдрийн мэнд хүргэе!