Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа. Канадын Торонто хотноо жил бүр болдог PDAC чуулга уулзалтад тэрбээр оролцоод ирсэн юм.
-Дэлхийн хамгийн том уул уурхайн чуулга уулзалтаас ярилцлагаа эхэлье. Монголыг хөрөнгө оруулагчид хэр сонирхож байна вэ?
-Канадын Торонто хотноо жил бүр болдог чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцсон. Хурлын уур амьсгалыг урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлагад эрс өөрчлөлт гарсан нь онцлог байлаа.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн буурсан энэ үед хөрөнгө оруулагчдын хандлага нааштай байгаа нь эдийн засагт эерэг дохио. Дэлхийн түүхий эдийн зах зээлд манай улсын экспортын голлох бараа, бүтээгдэхүүн болох нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын үнэ өсөж байгаа нь нэг талаар үүнд нөлөөлж байна. Мөн “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Монгол Улс эргэн ирэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Үүнийг бид “чулуу” болгох нь чухал.
Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлагад нааштай өөрчлөлт гарсан
Өмнөх шигээ хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Дээрх чуулга уулзалтын хүрээнд Торонтогийн биржийн удирдлагын багийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсон. Уулзалт үр дүнтэй болсон.
-Торонтогийн хөрөнгийн биржийнхэнтэй хийсэн уулзалт үр дүнтэй болсон гэж та дүгнэлээ. Уулзалтаар ямар асуудлыг түлхүү хэлэлцсэн бэ?
-Уулзалтаар давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болсон. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компани байгаа. Хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлснээр тус биржид бүртгэлтэй компаниуд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэгдэж, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг нь санал болгох шинэ нөхцөл бүрдэх юм.
-Манай улсад давхар бүртгэлийг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Үнэт цаасны тухай шинэ хуулийн хүрээнд давхар бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн гэж хэлж болно. Шинээр дагалдах дүрэм, журмыг гаргах шаардлага бол байгаа. Энэхүү үйл ажиллагааг ажил хэрэг болгоход Хөрөнгийн биржээс гадна Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төлбөр, тооцооны байгууллагын хоорондын хамтын ажиллагаа голлох нь мэдээж.
Бирж хоорондын хамтын ажиллагаанаас гадна тухайн биржид бүртгэлтэй компанийн итгэл үнэмшил, сонирхол чухал. Зохицуулах байгууллага, хөрөнгийн бирж, компани хоорондын оролцоо, идэвх давхар бүртгэлийг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
-Давхар бүртгэлийн давуу тал юу вэ?
-Хувьцаат компаниуд нэг болон түүнээс дээш тооны хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг хурдан хугацаанд татаж чаддаг. Энэ нь тухайн компанийн хувьд олон улсад танигдах нэг боломж. Ийм учраас Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр зорьж байгаа.
-Торонтогийн хөрөнгийн биржийн талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?
-Торонтогийн хөрөнгийн биржийн хувьд дэлхийн хамгийн том уул уурхайн хөрөнгийн бирж. Өнгөрсөн жил уул уурхайн салбарт босгосон нэг ам.доллар тутмын 46 центийг тус бирж дээрээс босгосон байсан. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө хувьцаа нь Торонтогийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах нь зах зээлийн хөгжилд шинэ ахиц, дэвшил авчирна. Тиймээс үүнийг ажил хэрэг болгоно. Дан ганц хөрөнгийн бирж үүнийг санаачлаад хийх боломжгүй. Үүнд компани, зохицуулах болон төлбөр тооцооны байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг дээр дурдсан.
-Засгийн газрын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа энэ сард ихээхэн идэвхжиж байна. Арилжаанд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Манай улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд хадгаламжаа бонд руу хөрвүүлэх нь олширсон. Түүнээс гадна Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрсэн нь бондын эрэлтэд нөлөө үзүүллээ.
Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаснаар Засгийн газрын богино хугацаат гадаад төлбөрийн нөхцөл сайжирсан. Ингэснээр ойрын үед их хэмжээний ам.долларын дарамт эдийн засагт үүсэхгүй учраас богино болон дунд хугацаанд төгрөгийн ханш огцом унахгүй гэсэн дүр зураг гарлаа. Энэ давалгаанд төрөөс гаргаж байгаа төгрөгийн бондыг худалдаж авах сонирхол нэмэгдэж байна. Зах зээлд бондын эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтээсээ эрэлт нь хамаагүй давчихлаа. Засгийн газрын бондын хувьд өгөөж өндөр.
-Хувьцааны зах зээлд төдийлэн онцгой байхаар өөрчлөлт гарахгүй байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Шинэ бүтээгдэхүүн гарахгүй байгаатай энэ нь нэг талаар холбоотой. Давхар бүртгэлийг эхлүүлснээр гадаадын хөрөнгийн биржид гарсан бүтээгдэхүүн манай зах зээлд орж ирвэл хувьцааны арилжаа эрчимжих боломжтой. Шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлага бол их байна. Одоогийн байдлаар “Монгол базальт” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани хувьцаагаа гаргахаар хандсан.
Б. Баяртогтох