ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Эдийн засагт эерэг мэдээтэй долоо хоног

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-04-02 11:58 GMT+8

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн гол үйл явдал болон GoGo мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монголын эдийн засгийг эмчлэхэд зориулж 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох болсноо амлалаа. Мөн БНХАУ-ын Чалко компанитай дараа нь нүүрсээр төлөх нөхцөлтэй гэрээ хийж авсан 350 сая ам.долларын зээлээ 100 хувь төлж барагдуулснаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд мэдээлэв. Хүндрэлд орсон эдийн засгийг сэргээх энэ мэт эерэг мэдээтэй долоо хоног өнгөрлөө.


-УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ. УИХ-ын даргыг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн мягмар гаригт авч уулзах үеэрээ ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо мэдэгдсэн байна. Ш.Абэ “Энэ зээл Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэж хүсэж байна” гэжээ.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Дээд боловсролын шинэчлэл” хөтөлбөр төрийн өмчийн том их сургуулиудад 2014 оны хичээлийн шинэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн жилээс байгалийн ухааны хөтөлбөрүүдийг маш цөөхөн оюутан сонгодог болжээ.

Энэ талаар асуудал дэвшүүлж сэтгүүлч Э.Энхмаагийн бичсэн "МУИС-ийн суурь шинжлэх ухааны салбар элсэгчгүй, багш нар нь ажилгүй болж байна" нийтлэлийг уншиж, сонсох боломжтой.

-Cэтгүүлч Г.Одгарав Да хүрээ захын орчмоос хийсэн “Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор” сурвалжлагыг уншигч танд хүргэсэн билээ. Энэ сурвалжлагын үргэлжлэл болгож Баянзүрх дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Т.Батцогттой ярилцжээ.

Хүмүүсийн эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөөд буй талаар "Т.Батцогт: 200 ченжээс болж 20 мянган хүн хордож болохгүй биз дээ" ярилцлагаас уншаарай.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр бүрэн тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид өнгөрсөн даваа гаригт сургуулийнхаа гадаа жагссан. "Багш нар хичээлээ сайн заадаггүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна" хэмээн тэд жагссан шалтгаанаа илэрхийллээ.

Сэтгүүлч А.Ихсанаагийн хийсэн "Сонсголгүй хүүхдүүдийн үснээс зулгааж, өшиглөдөг гэв" сурвалжлагаас дэлгэрүүлж уншина уу.

-БНХАУ-ын төрийн өмчит компани болох Чалкогоос зээлсэн 350 сая ам.долларыг "Эрдэнэс таван толгой" ХК хүүгийн хамт төлж дуусгаснаа өнгөрсөн пүрэв гаригт баяртайгаар мэдээллээ. 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар "Дараа нь нүүрсээр төлөх нөхцөлтэй гэрээ"-г Чалкотой байгуулсан юм.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт 420 сая ам.доллар төлсөн байна. Энэ талаар сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн бэлтгэсэн "Болоогүй, Чалко дахиад арван жил сорно" нийтлэлээс уншиж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

-Швейцарь улсын Тургау хотын Багшийн дээд сургуулийн Сэтгэл судлал, заах аргазүйн тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, доктор профессор Дамиан Миллер бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй уулзалт хийж, зөвлөгөө өглөө. Интерном номын их дэлгүүрт болсон энэ уулзалтад аав, ээжүүд ирж, хүүхдийнхээ сурахад юу анхаарал талаар сонирхсон асуултдаа хариулт авлаа.

"6-8 настай хүүхдийн хичээлд анхаарал төвлөрүүлэх хугацаа нь 10-хан минут" гарчигтай энэ зөвлөгөөг өнгөрсөн долоо хоногт хамгийн олон удаа түгээж, GoGo.mn сайтын "Их уншсан" жагсаалтыг тэргүүлсэн байна.

-Улаанбаатар хотоос баруун тийш 20 гаруй км зайд авто худалдааны цогцолбор 2015 оны аравдугаар сард нээлтээ хийсэн ч ашиглалтад оролгүй өнөөг хүрлээ. 20 тэрбум төгрөгөөр босгосон уг цогцолбор өдгөө дрифтчдийн зугаагаа гаргадаг талбай болжээ.

Сэтгүүлч Г.Одгарав тус газарт очиж "Дрифтчидээс өөр ханьгүй 20 тэрбумын Авто худалдааны цогцолбор" сурвалжлагаа бэлтгэжээ.

-Монгол Японы эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төсөл 1994 оноос эхэлж Түрэгээс Монголын эзэнт гүрэн хүртэлх хөшөө, бичээсүүдийг судалж, өдгөө 23 дахь жилийн нүүр үзэж байна. Төслийн багийнхан өнгөрсөн даваа гаригт судалгааныхаа хоёр гол үр дүнг танилцууллаа. Нэгдүгээрт, Торгоны зам бол бурхан шашны дэлгэрсэн зам мөн. Хоёрдугаарт, 13 дугаар зууны үеийн Чингис хааны цэргийн түшиц газар Чинхай балгаснаас шавар бурхны баримал шинээр илрүүллээ гэж Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах үр дүнг танилцуулсан.

Энэ тухай "Чингис хааны цэргийн түшиц газраас бурхны баримал илрүүлжээ" мэдээллээс дэлгэрүүлэн уншина уу.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Улс төрийн захиалгатай гэх энэ хэргийг шударга бусаар шүүж, жирийн иргэдийг хийгээгүй хэргийнх нь төлөө ялласан хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлж, НОЦТОЙ баримтуудыг олон нийтэд ил болголоо. 
 

-Сэтгүүлч А.Наранцацралт "Хобби" булангийнхаа шинэ зочноор  Менежментийн зөвлөх, IMACO  институтийн багш, олон түмэн "Lady" төвийн гэдгээр нь сайн мэддэг Р.Лхагвадулам багшийг урьжээ. Тэрбээр амттаны /десерт/ халбага цуглуулдаг хоббитой ч таваг, хонх, цамхаг, сувенирийн гутал болон тухайн улс орны онцлогийг илэрхийлсэн чамин эд зүйлд ч дуртай аж.

"Р.Лхагвадулам: Аливаа цуглуулга танин мэдэхүйн ач холбогдолтой" ярилцлагыг сонирхон уншаарай.

-"Автобусаар зорчих бол ЗААВАЛ карттай болох ёстой". Нийслэлийн тээврийн газраас дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хотын нийтийн тээврийн их багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслийг ашиглах бөгөөд бэлэн мөнгөний хайрцгуудыг авахаар болсноо мэдэгдлээ. “Улаанбаатар смарт карт” ХХК-аас хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилж байна.

Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс ХЯЗГААРГҮЙ зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой юм.



 

GoGo Facebook Хуудас
 
 
Та долоон сарын 9-ний ням гарагт болох дахин санал хураалтад оролцох уу?
Нийт 522 санал өгсөн байна.

Дээшээ