Сэргээгдэх эрчим хүчний хүсэл ба хясал

Mongolian economy

2017-04-08 15:00 GMT+8

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжих эсэх нь нийгэмд багагүй эргэлзээ төрүүлж байна. Шүрэнгийн УЦС-ын төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж, ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол улсыг тогтвортой болон найдвартай эрчим хүчээр хангах төсөл бөгөөд Монгол улсын хилээс 150 км, Байгаль нуураас 550 гаруй км зайд оршино.

Харин Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл нь Орхон гол дээр боомт барьж, ус хуримтлуулах замаар Монгол орны Өмнөд бүсийн ус хангамж, уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах зорилготой. Монгол улсын хилээс 30 гаруй км, Байгаль нуураас 700 гаруй км зайд оршино.

Эрчим хүчний бие даасан байдлаа хангах гэсэн Монголчуудын хүсэл эрмэлзэл Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэсэн үндэслэлтэй Оросын эрх баригчид, экологийн мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй байнга тулдаг. Хэргийн учир нь ЗХУ задарсны дараа ОХУ нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан станциудын асуудлыг цэгцлэх болсны нэг нь хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг гол мөрний асуудлаар баримтлах бодлогын тухай санамж бичиг байв.

Манай улс тэр санамж бичигт 1995 онд гарын үсэг зурж, хоёр тал ОХУ, Монголын нутгийг дамжин урсдаг гол мөрөн дээр байгууламж барихаар болбол зөвшилцөж байж хийнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Оросууд эсэргүүцэхдээ уг санамж бичгийг иш үндэс болгодог.

Маргаантай асуудлыг эцэслэн шийдэхэд төслийн үр нөлөөг биеэрээ мэдрэх нутгийн оршин суугчид ямар бодол санаатай байгааг мэдэх хэрэгтэй байв. Тйимээс Засгийн газраас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн/ УУДБХОДТ/ нэгж эдгээр төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Буриад Улсын Байгалийн Нөөцийн яамтай албан ёсны гурван удаагийн уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд Бүгд найрамдах Буриад улсын 10 районд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тохирсон билээ.

Буриадын хэлэлцүүлгээс ямар үр дүн гарав? 
Хэлэлцүүлгийг өнгөрөгч гуравдугаар сарын 20-31-ний өдрүүдэд Буриад улсын Наушки, Улаан-Үүд, Тарвагатай, Горячинск, Усть-Баргузин, Турунтаево, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижнеангарск зэрэг хот, тосгон, суурин газруудад зохион байгуулж, БНБУ-ын Байгалийн нөөцийн яам, сав газар болон орон нутгийн засаг захиргаа, иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцжээ.

Хэлэлцүүлэгт Монгол улсын эрчим хүч болон усны салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн 30 орчим хүнээс бүрдсэн баг оролцож, тухайн төслүүдийн зорилго, үндэслэл, урьдчилсан судалгааны ажлын үр дүн, хүлээгдэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Монгол, Оросын хэвлэлүүдэд өөр өөрийн өнгө аяс бүхий мэдээлэл гарсан байна. УУДБХОДТ-ийн албан ёсны мэдээллээр “Орон нутгийн иргэдийн хувьд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний усны түвшин буурах, үүнээс үүдэлтэйгээр амьжиргааны эх үүсвэр болсон загасны тоо толгой буурах, худгийн усны түвшин буурч, тариалан эрхлэх боломж хомсдох зэрэг асуудлуудад хамгийн ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байжээ”.

УУДБХОДТ-ийн албан ёсны сайтад хэлэлцүүлгийн гарсан зөвлөмжүүдийг дараах байдлаар томъёолжээ. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд дотор Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг тусад нь ажлын даалгаврын дагуу хийх, энэхүү үнэлгээний хүрээнд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөлөл, Сэлэнгэ мөрний сав газар хэрэгжих магадлалтай бүх төслүүдийн хуримтлагдах нөлөөллийг цогц байдлаар үнэлэх, эрчим хүч болон ус хангамжийн эх үүсвэрийн бусад боломжит хувилбаруудыг харьцуулан судлах зэрэг санал багтсан байна. Хэлэлцүүлгийн санал, зөвлөмжид үндэслэж ажлын даалгаврыг шинэчлэн сайжруулах аж. Өөрөөр хэлбэл, ажлын даалгавар шинэчлэгдсэний дараа Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөллийг дахин нягтлан судална гэсэн үг.

Монголын талаас орон нутгийн иргэдийн итгэл үнэмшлээс үүдэлтэйгээр эсэргүүцэх, шүүмжлэх иргэд, төрийн бус байгууллагууд байгаа ч хоёр төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тогтоох зорилготой зөвхөн судалгааны ажил хийгдэх гэж байгаа. УЦС барих, хиймэл нуур байгуулах ажил огт хийгдээгүй бөгөөд иргэдийн саналыг хүлээн авч цаашид хийгдэх судалгааны ажилд тусгах зорилготой ирсэн тухайгаа онцлон тэмдэглэж байв. Дэлхийн банкны төлөөлөгчид хэлэлцүүлэг хэрхэн явагдаж байгаад хөндлөнгийн хяналт тавьж ажилласан байна.

Гэхдээ хэлэлцүүлгээр Орхоны асуудал бага яригдаж, Шүрэнгийн асуудал анхаарлын төвд байсан тухай Орос, Монголын хэвлэлүүдэд бичжээ. Монголын хэвлэлүүдэд бичсэнээр Оросын тал судалгааны багийн ажлын үр дүнд итгэх боломж бага, Монголын тал суурь судалгаагаа хангалтгүй хийсэн гэх мэтээр шүүмжилсэн.

Хараат бус шинжээч Артур Алибеков сонсголд ЮНЕСКО-гоос төлөөлөгч ирүүлээгүйг гайхаж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлжээ. Түүнийхээр, Байгаль нуур нь ЮНЕСКО-гийн байгалийн өвд багтдаг учраас тэндээс заавал хүн ирүүлэх ёстой байсан. “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын орос дахь салбарын ерөнхий зохицуулагч Евгений Симонов төсөл болон байгаль орчны үнэлгээний ажил үнэн зөв дүгнэлт гарна гэдэгт итгэхгүй гэж хэлсэн байна.

Экологи уу, улс төр үү?
Буриадын мэдээллийн үндсэн портал “Байкал-Daily” сайт “Олон нийтийн хэлэлцүүлгээр Буриадын тал Сэлэнгэ болон түүний цутгалууд дээр УЦС барихаас татгалзахыг уриалав” гэж мэдээлэв. Тус сайтад бичсэнээр Оросын тал монголчуудад Сэлэнгэ болон түүний цутгалууд дээр далан барихгүй байх хувилбарууд боловсруулахыг зөвлөсөн аж. Харин Монголын төлөөлөгч Г.Ёндонгомбо мэргэжлийн бус байгууллагууд Буриадын ард иргэдэд ташаа ойлголт өгснийг тэмдэглээд Бүс нутгийн экологийн үнэлгээний үр дүнг хүлээх, үнэлгээг тайван явуулах нөхцлөөр хангахыг Оросын талаас хүсчээ.

Оросын эрх баригчдын хувьд уг төслийн эсрэг байр суурьтай байгаа билээ. Дээрх хэлэлцүүлэг эхэлсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “РИА Новости” агентлагийн асуултад хариулахдаа “Байгаль нуур болон түүний экосистемийг хөндөхгүйгээр Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх хувилбарууд ОХУ-д бий” гэж хэлсэн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль хамгаалал, экологи, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сергей Иванов “Россия-24” төв телевизэд ярилцлага өгөхдөө илүү эрс өнгө аястай мэдэгдэл хийж “Монголчууд Сэлэнгэ дээр УЦС барихаар зэхэж байна. Гэхдээ энэ төсөл хэрэгжих учиргүй” гэж хэлсэн юм.

Түүнчлэн, Буриадын хэлэлцүүлэгт оролцсон Оросын экологич Артур Алибеков “Известия” сонинд нийтэлсэн өгүүлэлдээ “Хоёр улс усны том зөрчлийн нөхцөлд байна” гэсэн утгатай үгээр гарчиглажээ. Тэрбээр, өөрийн өгүүлэлдээ “Монголын тал энэ төслийн экологийн болоод улс төрийн үг дагаварыг нэг л сайн ухамсарлахгүй байна” гэжээ.

Түүний үзэж буйгаар, Монголын Засгийн газар, төслийг санхүүжүүлэх гэж буй Дэлхийн банк хоёр Сэлэнгийн УЦС-ийн асуудал нь зөвхөн Орос, Монголын бус дэлхий дахины асуудал гэдгийг мартаж болохгүй. Артур Алибеков төслийн үр дагаварыг дүгнэхдээ “Хэрэв манай хөрш төслөө үргэлжлүүлсэн хэвээр байвал авахаасаа алдах нь их, өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн экологийн газар зүйлд хар толбо болж, олон улстай, түүний дотор ОХУ-тай хамтран ажиллах боломжоо алдана” гэсэн байна.

Г. Даваадорж

 

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 1488 санал өгсөн байна.

Дээшээ