Хамгийн тэвчээртэй, хамгийн хөөрхийлөлтэй хүмүүс “Да хүрээ”-д амьдардаг.
Хаалгыг нь таглаж дөрвөн дугуйт эгнээд, хаа сайгүй машин холхих учир тэд хэзээ ч амар тайвныг мэдрэхгүй. Бензин тосны үнэрээр амьсгалж, амаа ангайх бүртээ шороогоор “хооллодог” тул эрүүл агаарыг хэдийнэ умартсан.
Дэргэдүүр нь зорчсон болгон шээсээ савируулж, машиныхаа тос маслоо гудамжинд асгаж, хоолны сав, архины шилээ овоолчихдог учраас Да хүрээний хүүхдүүд хөрсөн дээр хөрвөөж өсөхийг мэддэггүй.
Өвөлдөө утаагаар уушиглаж, зундаа бензиний угаараар амьсгалдаг тэд мөд амар заяа үзэхгүй.
Ийм дүр зураг, амьдрал, гомдлын үгс хөврөх учир тэдний амьдрал хөөрхийлөлтэй. Нөгөө талаас өмгөөлөх хүнгүй, өдий болтол эвлэрсээр амьдарч байгаа нь дэндүү хүлцэнгүй, тэвчээртэйг илтгэнэ.
Ийм бодол Да хүрээ зах орчимд сурвалжлага хийх үед төрөв. Тэнд захтай айлсан 9, 17, 19 дүгээр хорооны 31 мянган иргэн амьдарч байна. Юун түрүүнд 12 мянган хүн амтай 17 дугаар хороог зорьж, хорооны засаг дарга Л.Эрдэнэцэцэгийн байр суурийг нь сонслоо.
Л.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ОРШИН СУУГЧДЫН 80 ХУВЬ НЬ ДА ХҮРЭЭ ЗАХЫГ НҮҮЛГЭХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
-Хорооны иргэдэд тулгарч байгаа нийтлэг асуудал юу байна. Оршин суугчдын эрх их зөрчигдөж байна гэх юм билээ?
-Манай хороо 11 мянга гаруй хүн ам, 3043 өрхтэй. Албан бус тоогоор 12 мянга гаруй хүн ам, 2000 гаруй хүүхэдтэй. Хүүхэд залуус ихтэй ч цэцэрлэг байдаггүй учир дийлэнх нь өрх гэрээрээ хүмүүждэг. Ер нь захынхан тос масло их зарж, асгадаг, гудамж талбайг маш ихээр бохирдуулдаг. Хүмүүс машинаа янзалж, машиныхаа тос маслыг солих нь нийтлэг үзэгдэл. Нэг засварчин авчраад газар дээр нь хуучин тосоо асгаад л хөрсөө бохирдуулдаг. Энд бохирдоогүй газар гэж үгүй. Шинээр жорлон ухах гэхээр эрүүл хөрс байдаггүй. Жорлон нь хальчихсан, хогны ачаалал дийлдэхгүй. Хүмүүс машинаа янзлуулчихаад цонхоороо хогоо шидчихнэ. Тэр хогийг эргээд ТҮК-ийнхэн цэвэрлэдэг.
-Да хүрээ захыг нүүлгэх асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Нүүлгэж, хотоос гаргах хэрэгтэй. Бид оршин суугчдаасаа санал асуулга авахад 80 хувь нь Шархаднаас захыг нүүлгэх хүсэлтэйгээ илэрхийлсэн.
-Хорооноос энэ асуудлыг шийдэхийн тулд хэр оролдлого хийсэн бэ?
-Да хүрээ захад автомашины худалдаа, тос, масло, сэлбэг зэргийг зарж борлуулдаг. Да хүрээг эндээс нүүлгэвэл агаарын болон хөрсний бохирдол багасна гэж боддог. Бид нүүлгэх гэж их оролдлого хийсэн. Замын цагдаатай хамтарч, дүүрэг рүү цөөнгүй удаа хүсэлт явуулсан. Нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргаж овоо нааштай байсан ч эргээд зогсчихсон.
-Эндэхийн иргэдийн хувьд замын түгжрэл багагүй бухимдал төрүүлдэг гэх юм билээ?
-Энд гурав дахь өдрөөс эхлээд замын түгжрээ ихэсдэг. Үүнээс болоод маш их цаг алддаг. Шугамын автобуснуудад хүртэл хүндрэл учирч байгаа. Түүнээс гадна хүүхдүүдэд дугуй, ролик унах ч талбай байдаггүй. Зам дээр тоглоно. Аваар осолд өртөх маш их эрсдэлтэй тулна.
ГУДАМЖИНД МАШИНЫ ТОСОО СОЛЬЖ, АСГАДАГ
-Хүүхдүүд машины осолд өртөх тохиолдол хэр байдаг вэ?
-Зам дагуу, бас явган хүний зам байдаггүй учраас хүүхэд зам тээврийн осолд өртөх нь цөөнгүй. Гарц, тэмдэглэгээ, гэрлэн дохио ер байхгүй. Аваар осол их гардаг.
-Хорооны иргэдийн дийлэнх нь ямар өвчнөөр өвчилж байна?
-Агаар, хөрсний бохирдлоос болж амьсгалын зам, уушгины өвчлөл их. Манай гэр замын урд талд байдаг. Өглөө ажилдаа нулимсаа гоожуулж ханиалгасаар байгаад ирдэг. Бид гамшгийн бүсэд орчихсон явж байгаа. Нүүрсний утаанаас гадна машины угаараар амьсгалж байна.
-Өвөлдөө нүүрс, зундаа машины утаа, тос маслоор амьсгалж байна гэж оршин суугчид ярьсан?
-Аргагүй шүү дээ. Дөрөвдүгээр сараас эхлээд иргэд тос маслоо сольж эхэлнэ. Зарим нь баталгаатай газар очих бол боломжгүй хүмүүс нь хувьд хүнээр үйлчлүүлнэ. Гэтэл тэд шууд гудамжинд хуучин тосыг нь асгадаг. Да хүрээ захаас дээш өгсөөд 20 дугаар гудамжаас эхлээд машинууд чигжсэн байдаг. Иргэн гэрийнхээ гадаа машинаа тавихад ямар ч боломжгүй. Оршин суугчид хүүхдүүдээ салхилуулах талбай байдаггүй, айлын хаалга таглаад зогсчихдог учраас хаалгаа онгойлгож чадахгүй байна гэх гомдол их ирдэг. Да хүрээ захын зүүн талын хаалга тэр чигтээ хөл гишгэх газаргүй машин тавьсан байдаг. Иргэд цагдаа дуудаж, ачилт хийлгээд ч нэмэр болдоггүй.
-Иргэд амьжиргаанаасаа шалтгаалж, тос маслын сав шатаах тохиолдол гардаг гэсэн?
-Тийм тохиолдол бий. Дугуй түлдэг байгууллага хүртэл байна. Хуучин төрийн банкны салбар байсан газрын ногоон байр бол үргэлж дугуй түлдэг. Бид шаардлага тавихад өөр түлэх зүйл байхгүй ээ гэдэг. Дугуйг хэрчээд түлэхэд бэлэн болгосныг нь бид баримтжуулсан. Иргэд хүртэл өвөлжин дугуй түллээ, хэцүү байна гэдэг. Бас дугуй, тосны сав түлдэг автомашины угаалгын газар бий. Хажууд нь амьдарч байгаа айлын гэр утаанд нь хар тортог болсон харагддаг. Тэр бүхнийг бид таслан зогсоосон.
-Машины тос масло асгаж байгаа хүмүүст ямар хяналтыг тавьдаг вэ?
-Хяналт тавих ямар ч боломж байдаггүй. Харин иргэдийн бүлэг тэдний тарьсан хогийг цэвэрлэдэг. Өөрсдөө бол машины тарьсан хог, архины шилээ гудамжинд гаргаад л шидчихдэг.
МАШИН ЗАРЖ БАЙГАА ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ХОТЫН ТӨВИЙНХӨН
-Хогоо хаана төвлөрүүлж байна?
-Да хүрээ зах өөрийн хогийн цэгтэй, ачилт хийлгэдэг. Харин захын гадна үйл ажиллагаа явуулдаг газрууд хашааны гаднаа хогоо бөөгнүүлнэ. Гэрээ хийсэн газрын л хогийг ачдаг. Тэд машин дээрээ ачаад хаана асгадгийг мэдэхгүй. Хог гардаггүй гэдэг. Хог гарахгүй байгууллага гэж байхгүй шүү дээ.
-Зах орчимд хэчнээн аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна?
-Манай хороонд харьяалагддаг 87 аж ахуй нэгж байдгаас 43 нь машины худалдаа, засварын газрууд.
-Да хүрээ захад танай хорооны иргэдээс хэчнээн хүн амьжиргаагаа залгуулдаг бол?
-Бид судалгаа хийж үзсэн. Гэтэл манай хорооноос Да хүрээ захад ажилладаг хоёр иргэн байсан. Өөрөөр хэлбэл машин зарж байгаа иргэд тэр чигтээ хотын төвийнхөн. Манай хороонд авто машины худалдаа ихээр төвлөрсөн. Бизнес эрхлэгчид айлын хашааг аваад үйл ажиллагаагаа явуулдаг. Гэсэн хэрнээ татвараа төлөхгүй, хог, тээврийн гэрээ хийх гэхээр эзэд нь олддоггүй. Гадаад явсан гэдэг. Өвөл машинууд нь асахгүй. Асааж байна гээд ойр орчимд их утаа үүсгэдэг.
-Явган хүний замын талаар бүр ярилтгүй биз?
-Явган хүний зам болоод нэгдүгээр эгнээнд машинууд зогсчихно. Хүн явах аргагүй нөхцөл байдал үүсдэг. Усны тэрэгтэй хүүхдүүд явах газаргүй мухардчихсан л байдаг.
Н.НАРАНГАРАВ: ДУЛААНЫ 30 ХЭМ, МАШИНЫ УТАА, БЕНЗИН ТОСНЫ ҮНЭРТ ҮРГЭЛЖ ТОЛГОЙ ӨВДДӨГ
17 дугаар хорооны эмнэлгийн 21, 22 дугаар гудамжны иргэд хамгийн ихээр хэлмэгддэг. Учир нь зах үйл ажиллагаа явуулах өдрүүдэд машины хөлд дарагдаж, тайван амьдрах боломж тэдэнд олддоггүй. 21 дүгээр гудамжны иргэн Н.Нарангаравтай уулзаж ярилцлаа.
-Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйг заасан байдаг. Тэгвэл энэ эрхээ эдэлж чадаж байна уу?
-Манай оршин суугчдын эрх үнэндээ зөрчигдөөд байна. Да хүрээ захтай ойр байдагтай холбоотойгоор гудамжаар машинууд гишгэх газаргүй зогсчихдог. Тиймээс өдөр болгох хог овоордог. Манайх гэхэд нялх хүүхэдтэй. Хүүхдээ агаарт гаргах ямар ч боломж байдаггүй. Дээр нь та бүхэн мэдэрч л байгаа байх. Шээс, баас янз бүрийн муухай үнэр үнэртэж байгаа биз дээ. Хоёрдугаар тэнд сэг, зэмүүд нь овоорчихсон байдаг.
-Гудамжинд машинууд засвар хийгээд тос, маслоо асгачихдаг гэсэн. Хэр ортой вэ?
-Үнэн. Энд машины засвар хийнэ. Дугуйгаа солино. Тос маслаа асгана. Үүнтэй холбоотойгоор агаар маш их бохирдож байна. Тэгэхээр бидний эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхой байгаа биз дээ. Газар гэсэж, цас хайлж, маш их хог гарч ирж байна.
Мөн агаарын бохирдлыг цаг тутамд хэмждэг. Баянхошуу, Толгойт, 100 айлыг хэмжээд маш их бохирдолтой гэж тодорхойлдог хэрнээ яагаад Шархаданд тэр төхөөрөмж нь байдаггүй юм бол? Хэрэв тэр багажийг суурилуулбал маш их бохирдолтой байгааг заана шүү дээ.
-Тос маслын үнэр үнэртдэг гэсэн. Дулааны улиралд илүүтэй ханхлах уу?
-Их үнэртэнэ. Гэр дотор бол харьцангуй гайгүй. Зуны халуунд машины утаа, бензин тосны үнэр холилдож үнэртэхээр шууд толгой өвддөг.
-Оршин суугчид өөрсдөө тэмцэж, өргөдөл гомдлоо гаргаж байсан уу?
-Зөндөө л тэмцсэн. Бүр хашаандаа ойртуулахгүй гээд тросс хүртэл татсан. Машинуудыг ачуулж ч үзэв. Үнэхээр нэмэр байгаагүй. Надад бас нэг бодол байдаг. Манай оршин суугчдын цусан дахь хар тугалгыг тодорхойлбол ямар гарах бол гэдэг нь сонин санагддаг.
-Өөр ямар асуудал байна?
-Манай гудамжны мухарт хоёр засварын газар байдаг. Тэр нь бидний амьдрах орчныг маш ноцтой зөрчиж байгаа. Урт талын гудамд худаг бий. Тэндээс бид ундны усаа зөөдөг. Гэтэл эргэн тойронд машинууд байрлахын сацуу худагныхаа дэргэд машинаа угаадаг. Түүнд хяналт тавьж байгаа ч хүн алга. Энэ бүх асуудлыг шийдэж өгөхийг холбогдох байгууллагуудад хүсэж байна.
-Шинэ техникийн зах баригдсаар байтал өнөөдрийг хүртэл захыг нүүлгээгүй л байна. Үүн дээр ямар бодолтой байгаа вэ?
-Энэ хавийнхны яриагаар бол тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх юм билээ. Гэтэл саяхан шинэ авто цогцолборын дарга зурагтаар ярилцлага өгснийг нь үзсэн. Машин зогсох, хүн ажиллах бүрэн бололцоог бүрдүүлсэн гэж байна лээ. Түгжрээ үүсэхгүй, бүр дөрөв таван замын уулзварын шинэчлээд зам хүртэл тавьсан гэсэн. Ямар үндэслэлээр энэ хүмүүс явдаггүй юм бүү мэд. Нүүлгэвэл сайн л байна. Захтай холбоотой бидний эрх зөрчигдөж байгаа шүү дээ.
Гэрэл зургийг Э.Батзавъяа
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ