Төрийн өмч үү, өрийн өмч үү?

Mongolian economy

2017-04-13 11:35 GMT+8

“Улс төрийн томилгоо”, “шахааны бизнес”, “төр муу менежер” гэдэг үгнээс Монголын төрийн өмчийн бодлого төрөл арилжиж байж л салах бололтой. 2016 онд байгуулагдсан шинэ Засгийн газар хуучин Төрийн өмчийн хороог “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар”  /ТӨБЗГ/ нэртэйгээр сэргээн байгуулсан. Нэрний хувьд маргаангүй сайхан нэр бодож олсон. Гэхдээ үйл ажиллагааны хувьд эргэлзэх зүйл олон бий. 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хэлснээр ТӨБЗГ-ын гол зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулж, захирлуудын дураараа дургидгийг зогсоох явдал гэжээ. Энэхүү зорилтын эхний алхам болгож УИХ 69 дүгээр тогтоол баталж, тогтоолынхоо 4.1-д “ТӨК-иудын ТУЗ-ын бүрэлдэхүүнд тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл голлон ордог зарчимд шилжих” гэж бичжээ. Үүний дагуу шинэ Засгийн газар төрийн өмчит 87 компанийн хүрээнд ТУЗ-ын гишүүдийн зохистой харьцааг хангах нэрийдлээр 450 гишүүнийг өөрчлөн томилжээ. Эндээс харахад эрх баригчид сайжруулалтаа “цэвэрлэгээ” гэж ойлгосон гэж дүгнэж болохоор байна. 

Тэгвэл асуудлыг нөгөө талаас нь аваад үзье. Монголд төрийн өмчийн талаар урт хугацааны үзэл баримтлал байна уу гэвэл “үгүй” гэсэн хариулт гарна. Яагаад гэвэл одоог болтол үзэл баримтлал батлах нь байтугай төрийн болон орон нутгийн нийт өмчөө тоолж, эцэслэн бүртгэж ч чадаагүй. Ер нь төрийн өмчид үзэл баримтлал хэрэгтэй юу, зах зээлийнхээ жамаар хөгжиж болдоггүй юм уу? Байх хэрэгтэй. 2015 оны бүрэн бус тооллогоор 30.7 их наяд төгрөгийн өртөгтэй гэж тооцоолсон Монголын төрийн өмчид маш сайн үзэл баримтлал хэрэгтэй. 

Төрийн өмчид бодлогод аль салбар төрд байх ёстой вэ гэдгээсээ илүү хэн нь сайн засаглаж байна вэ гэдэг нь чухал. Төр сайн менежер байж чадвал тухайн компанийг хувьчлах шаардлагагүй. Гэвч эрх баригчид төрийн өмчийн засаглалын асуудал ярихаар элдвийн гоё сайхан үгээр бөөрөнхийлж, судлаач, мэргэжилтнүүдийн хэлсэн саналыг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. 

Энгийнээр хэлбэл, орчин үеийн зах зээлийн нөхцөлд төрийн өмчийн сайн засаглал гэдэг нь төр хувийн хэвшилдээ саад болохгүй байх, хамтарч ажиллах, худалдан авалтыг ил тод шударгаар явуулах, ТУЗ, захирал нь улс төрөөс хараат бус ажиллах, компаниуд нь үр ашигтай байж дэлхийн зах зээлд улс орныхоо эдийн засгийн хүч чадлыг илтгэхийг хэлнэ. 

Төрийн өмч дэх сайн засаглалын ач холбогдлыг бидний “коммунист” хэмээн дооглонгуй тодорхойлдог Хятадын эрх баригчид хэдийнэ ойлгоод бодит ажил болгоод эхэлжээ. Учир нь 2016 онд Хятадын 10-хан хувийн компанийн ашиг 424 тэрбум ам.доллар болоход төрийн өмчит хамгийн том 102 компанийн нийлбэр ашиг нь 180 тэрбум ам.доллар болж булайгаа дэлгэсэн байна. Тиймээс Хятадын Коммунист нам төрийн өмчит компаниудын удирдлагыг томилохдоо намын хүчин зүйлийг харгалздаг байснаа больж, компанийг зөвхөн зах зээлийн зарчмаар үр ашигтай ажиллуулж чадах багийг томилдог болжээ. Үүний зэрэгцээ ТӨК-иудын данхгар бүтцийг цомхотгож, дөрвөн жилийн дотор зөвхөн олборлогч салбарт гэхэд үр ашиггүй илүүдэл хүчин чадлыг хасахаар шийджээ. Ингэснээр “дампуурвал төр аварна” гэж найдах хэрэггүй болж байна.  

Харин манай эрх баригчид төрийн өмчид байх ёстой компаниуд алдагдалтай ажиллаж болно гэсэн өнгө аястай зүйл ярьж захирлуудын толгойг илдэг. 

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг 

Энэ сарын 7, 8-ны өдөр Засгийн газрын санаачлагаар “Төрийн өмчийн менежмент, нийгмийн хариуцлага” гэсэн бас нэг гоё нэртэй арга хэмжээ “Тэнгэр плаза”-гийн хоёрдугаар давхарт болов. Зохион байгуулагчид төрийн “сүр хүчийг” харуулах гэж ихэд хичээсэн бололтой. “Монгол кино нэгтгэл”-ийн павильоны дэргэд П.Цэрэндагва гуайгаас эхлүүлээд Монголын сор болсон жүжигчид төрийн өмчит компаниа сурталчлаад сууж харагдав. Заал хүнээр дүүрэн. Нийт 87 компани павильон зассаны дотор МИАТ-ынх хамгийн сайхан болж гэж оролцогчид дүгнэв. 

Гэвч энэ гял цал байдал бодит амьдралаасаа хичнээн хол зөрүү болохыг бодоход гунигтай. Өнөөдөр Монголын төрийн өмчит 87 компани 10.8 их наяд төгрөг буюу бараг улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний өртэй. Өрөөр нь эрэмбэлбэл, Хөгжлийн Банк 6.3 их наяд,  Төрийн Банк 1.3 их наяд,  Эрдэнэс Таван Толгой 789 тэрбум, Эрдэнэт Үйлдвэр 633 тэрбум, ТОСК 351 тэрбум, МИАТ 310 тэрбум, Монголын Төмөр Зам 80 тэрбум гэх мэт шил шилээ дарна. “Мон-Атом” ТӨХК нь захирал, захирлын туслах, цэвэрлэгч, жижүүр гэсэн орон тоотой мөртөө  сүүлийн дөрвөн жилд  удирдлагууд нь  3-4 удаа  солигдож,  жилд  535 сая төгрөгний алдагдал хүлээж, зургаан тэрбум төгрөгийн өр тавьжээ. Бас Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” гэдэг газар Монголын хуульд захирагддаггүй, ердөө 1800 км замтай хэрнээ 320 аж ахуй нэгж, 15 343 хүн ажилладаг хачирхалтай газар бий. 

Шинэ Засгийн газрын удирдлагууд ярихдаа энэ замбараагүй байдал өнгөрсөн дөрвөн жилд төрийн өмчийг бодлогыг хэд хэдэн газарт хувааж өгснөөр бий болчихсон мэт тайлбарладаг. Гэвч 10.8 их наяд төгрөгийн өр дөрөвхөн жилд үүсээгүй гэдгийг бид мэднэ. Засаглалыг сайжруулна гэж ярьж байгаа боловч ам, ажил хоёрын зөрүү асар их байгааг сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харж болно. УИХ тогтоол баталж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компаниас төрд булаан авч, ТУЗ-д нь 100 хувь төрийн байгууллагын төлөөллийг томилсон нь гадаад ертөнцөд ямар ёрын дохио болж байгааг гадны хэвлэлүүдээс харж болно. 

Ийм байхад засаглал сайжрах талаар яриад хэрэг байна уу? Ийм байхад төрийн өмчийн удирдлагад улс төрийн нөлөө орохгүй гэх баталгаа байна уу? Ямар ч засаглалгүй, зах зээлийн бус, намын дүрмээр удирдах гэж муйхарладаг төрийн өмчит компаниудыг хэн ч хувьчилж авахгүй гэдэг нь 2014 оноос хойш гаргасан хувьчлах шийдвэрүүдээс харагдаж байна. 2014 онд төрийн өмчит 22 ААН-ийг хувьчлахаар зарласан ч хэн ч тоогоогүй. Энэ удаа их хэмжээний өртэй зургаан ААН-ийг хувьчлахаар шийдээд байгаа ч өмнөх түүх давтагдах шинжтэй  байна. 

Завхралаас хэрхэн ангижрах вэ? 

Компанийн засаглалын шинжээч Б.Аюушийн үзэж буйгаар засаглал, менежмент хоёрын ялгааг бодлого боловсруулах түвшинд сайн олж хараагүй хэвээр байна. Засаглалыг ярьдаггүй хэрнээ менежментийг олон жил ярьсан. Менежмент нь гүйцэтгэх удирдлага бөгөөд захирлын ажил. Харин засаглал нь компанийн стратегийн түвшинд яригддаг. Энэ бол ТУЗ-ын гүйцэтгэх үүрэг. ТӨК-иудын засаглалыг сайжруулахад төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулинд үзэл баримтлалын томоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй аж. 

Гавьяат эдийн засагч Д.Байлыхүү бодлогын нэгэн алдааны тухай ингэж хэлжээ: “Төр нь хувьцаа эзэмшигч мөртлөө захиргааны эрх, хувьцаа эзэмшигчийн эрхийг зэрэг эдэлдэг учраас дурын сайд, дарга хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ хоёрыг давж гүйцэтгэх захирлыг дуудаж үүрэг өгдөг”. Уг нь төр тухайн компанийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ ТУЗ дахь төлөөллөөрөө дамжуулж саналаа хэлэх ёстой. Нэг үгээр, төр бусад хувьцаа эзэмшигчдээс давуу эрх эдлэх ёсгүй аж. 

Дээрх зарчмуудыг ТӨК-иудын удирдлагад хэрэгжүүлэх арга замыг “Комплаенс” хөтөлбөрийн менежер, хуульч Ж.Оймандах санал болгож байна. Түүний үзэж буйгаар, олон улсад хэрэгжиж шалгарсан, ТӨК удирдах стандарт буюу эрсдлийн удирдлага, дотоод аудит, комплаенсын зарчим, чанарын удирдлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Одоогоор “Оюу-Толгой”, “Саусгоби” гэсэн хоёр компани комплаенсын зарчмыг удирдлагадаа хэрэгжүүлж эхэлсэн байна. ОХУ-ын “Роснефть”, “Газпром”, “Сбербанк” гэсэн төрийн өмчит гурван акул энэхүү стандартыг олон жил зүтгэсний эцэст үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг болжээ. 

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав бүх  ТӨҮГ-уудыг нээлттэй хувьцаат компани болгон зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэвэл төрийн өмчид олон нийт хяналтаа тавих боломж бүрдэнэ. 

Г.Даваадорж

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3355 санал өгсөн байна.

Дээшээ