Мөнх цэвдгийн мөхөл айсуй

Засгийн газрын мэдээ

2017-04-21 13:35 GMT+8
Хөлдүү, хөдөлгөөнгүй байсан цэвдэг сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлж эхэлсэн нь эдийн засагт бүр л хүнд ачаа үүрүүлж байна.

Арван мянган жилийн өмнө устсан арслан зааныг идэж байсан өвстэй нь хамт Сибирийн мөнх цэвдгээс олсон нь шинжлэх ухааны түүхэнд байгаагүй ололт болсон юм. Үүн шиг хэдэн сая жилийн настай эд өлгийн зүйлс, амьтдын олдворыг бидэнд тэр чигээр нь өвлүүлдэг учраас цэвдгийг байгалийн “мөсөн зоорь” гэдэг. Дэлхийн 48 улсад цэвдэг ямар нэг хэмжээгээр байдаг ч 95 хувь нь тавхан улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг аж. Энэ таван улсын нэг нь Монгол. Манай улс цэвдгийн тархалтын хэмжээгээр ОХУ, Канад, БНХАУ, АНУ-ын дараа тавдугаарт жагсдаг. Гэвч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс улбаалан манай орны цэвдгийн хэмжээ эрс багасч, цөөхөн жилийн дараа мөхлийн ирмэгт тулах болчихоод байна.

ОХУ-ын эрдэмтдийн 46 жилийн өмнө хийсэн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрийн 63 хувь нь тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй байсан бол өдгөө 29.3 хувь болтлоо буурчээ. Монгол орны цэвдэг хайлах явц цаашид улам хурдасч 2050 онд 21.5, 2090 онд 16.2 хувь болж багасах таамгийг судлаачид гаргалаа.

Монгол орны цэвдгийн хэмжээ 2050 онд 21.5, 2090 онд 16.2 хувь болж багасна

1971 онд одоогийн Улаанбаатар хотын Ногоон нуур орчимд өрөмдөхөд долоон метр зузаан цэвдэгтэй байсан аж. Гэтэл саяхан дахин судлахад дөнгөж үзэгдэх төдий болтлоо гэссэн байна.

Монгол орон дэлхийн цэвдгийн бүсийн зааг дээр оршдог тул Сибирь, Аляскийнхыг бодвол дулааралд маш амархан өртдөг. Сибирь, Аляскийн цэвдэг -7-8 хэмтэй байдаг учраас гэсэхдээ удаан. Харин манай улсын цэвдгийн ихэнх нь 0-5, тун бага хэсэг нь -3-5 хэмтэй байдаг учир хүн ам суурьшсан газруудад богино хугацаанд гэсч, үгүй болж байна.

Цэвдэг бол гүний устай хамт хөлдсөн хөрс, чулуулаг юм. Цэвдэггүй газар орсон бороо шууд газрын хөрсөнд шингэдэг бол цэвдэгтэй хөрс нь гүний усыг тогтоон барьж, гол мөрний ус бүрэлдэхэд нөлөөлдөг. Ийм газар чийг ихтэй тул мод, ургамал таатай ургадаг юм байна.

ТЭРБУМААР ХЭМЖИГДЭХ ХОХИРОЛ

Цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас мөхвөл гол мөрний тоо багасах, ой мод цөөрөх, цөлжилт нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Үүнээс гадна тухайн улсын эдийн засагт ч асар их гарз учруулж байдаг. Өвлийн улиралд цэвдгийн мөс тэлж, газар нь овойдог бол зуны улиралд доошоо суудаг учраас ийм газар барьсан барилга ганц, хоёр жилийн дотор цуурч, сүйддэг. Хөлдүү, хөдөлгөөнгүй байсан цэвдэг сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлж эхэлсэн нь эдийн засагт бүр л хүнд ачаа үүрүүлж байна. Тухайлбал, Завхан аймгийн Отгон сумын цэцэрлэгийн хоёр давхар барилга, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захиргаа, сургуулийн дотуур байрууд цэвдэгтэй газар барьснаас болж цуурч, ашиглах боломжгүй болжээ.

Манай улсын долоон аймгийн 30 гаруй сумын төв цэвдэгтэй газарт баригдсан байдаг аж. Улсын төсвөөр сургууль, цэцэрлэг барьсан ч хэдхэн жилийн дараа ашиглах боломжгүй болдог, ойр ойрхон замаа засдаг гээд үргүй зардал ихтэй. Тиймээс 2000 онд Ховд аймгийн Алтай сумын төвийг цэвдэггүй газарт нүүлгэж, олон тэрбумын зардлыг улсын төсвөөс гаргасан жишээ байна.

Түүнчлэн цэвдэгтэй газар зам барих нь мөн л эдийн засгийн тоймгүй их хохирол дагуулдаг. Одоогийн байдлаар манай улсын 6000 км орчим хатуу хучилттай замын 44 км нь цэвдгийн үргэлжилсэн, 173 км нь тасалданги, 403 км нь алаг цоог, 562 км нь тохиолдлын тархалттай бүсэд баригджээ. Өөрөөр хэлбэл 1200 км зам цэвдэгтэй бүсүүдийг дайран өнгөрч байна. Мэдээж, цэвдэгтэй газар зам барих нь гарз хохирол ихтэй. Жишээ нь, Архангай аймгийн Чулуут голын хөндий, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс Хатгал орох замын зарим хэсэгт овон товон үүсчээ. ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс судалгаа хийхэд Чулуут голын хөндийд барьсан зам хоёр жилийн дотор 20 см доош суусан байна. Удахгүй энэ замыг засах нэрийдлээр аймгийн удирдлагууд нь улсын төсвийн мөнгийг “урсгах” биз.

ОРОЙТСОН СУДАЛГАА

Нэгэн танил маань хоёр жилийн өмнө Дарь-Эхэд газар худалдаж аваад, байшин барьсан юм. Гэвч өдгөө шинэ байшингийн хана нь цуурч, шал нь энд тэндгүй овон товонтой болсон. Газар алт болсон нийслэлчүүдийн хувьд хоосон зай л байвал гэр, байшингаа босгоод тавьчихдаг. Цэвдэгтэй газар байвал яах вэ гэж судлах нь тун ховор. Сэлбэ голыг дагасан хэдэн тэрбумын тансаг хаусууд гэхэд л цэвдгийн судалгаа хийгээгүй, түүнд тохирсон технологи ашиглаагүйгээс богино хугацаанд цуурч, үнэгүйдэж эхлээд байна. Нийслэлийн Газрын албанаас зөвшөөрөл өгөхдөө цэвдгийн судалгаа хийхийг шаарддаггүй юм байна. Иргэд өөрсдөө л хөрөнгө, мөнгө гаргах болдог учраас ихэнх нь таамгаар барилгаа босгодог. Хэрэв цэвдэгтэй газар таараад, барилга нь цуурвал үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй, өөрсдөө хохироод үлддэг.

Улаанбаатар хотын хувьд цэвдгийн тархалтын хилийн өмнөд хэсэгт багтдаг учраас цэвдэг нь бусад газрынхыг бодвол хурдан гэсдэг. Хотод бүтээн байгуулалт ид өрнөж байсан 1950-иад онд барилга барихдаа цэвдэгтэй эсэхийг харгалздаг байв. Гэтэл өдгөө цэвдгийн судалгаа гэдэг сайн дурын ажил шиг болжээ. 1971 онд ОХУ-ын судлаачид Монгол орны хаана цэвдэгтэй хөрс байгааг судалсан юм. Үүнээс хойш мартагдаж явсаар өнгөрсөн оны сүүлээр буюу 47 жилийн дараа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид цэвдгийн тархалтын шинэ зургийг гаргажээ.

1200 км зам цэвдэгтэй бүсүүдийг дайран өнгөрч байна 

Энэ зургийг өнгөрсөн 12 дугаар сард нийслэлийн удирдлагуудад хүргүүлж, газар олгохдоо харгалзах тухай зөвлөмж хүргүүлсэн ч өнөөг хүртэл таг чиг байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталсан. Тухайн үед 1970 онд буюу 50 орчим жилийн өмнөх судалгааг л харгалзан үзсэн. Цэвдгийн хэмжээ, байрлал байнга өөрчлөгддөг учраас ядаж 10 жилийн зайтай судалгаа хийж баймаар байна. Даанч ядуу орон учраас мөнгөгүй гэсэн шалтгаанаар хойш нь тавьдаг” гэв.

Хэрэв шинээр гаргасан цэвдгийн газрын зургийг зохих байгууллагаар баталгаажуулаад, хэрэглээнд нэвтрүүлбэл эдийн засгийн эрсдлийг багасгах боломж, ач холбогдолтой юм билээ. Даанч нүдэнд үл үзэгдэх цэвдэг байтугай, утаа, хогондоо анхаарч чадахгүй байгаа төрд үүнийг анхаарах сөхөө алга.  

ХЭНТИЙН НУРУУНЫ ЦЭВДЭГ 2090 ОН ГЭХЭД ҮЛЭМЖ БАГАСНА

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Я.Жамбалжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Цэвдэг багассанаар экологид ямар үр дагавартай вэ?
-Өнөөдөр дэлхий даяар цэвдгийн идэвхитэй гэсэлт явагдаж байна. Манай орны хувьд өмнөд бүс нутгаар нуурууд ширгэж, алга болж байна. Өмнө нь цэвдгийн мөс гэссэнээр шинэ нуурууд үүсдэг байсан бол одоо цэвдгийн мөс нь багассанаар нуур үүсэхээ больсон. Манай орны цэвдгийн голомт нь өмнөд бүс нутгийн нам дор газар, хүлэрхэг хөрстэй голын хөндийгөөр байдаг байсан. Гэвч одоо өөрчлөгдөж байна. Тэр хэрээр хөрс хуурайшиж байгаа. Малчид хуурай, цөлжсөн газраас зугтаж, аль чийг, намагтай газар руу нүүж байгаа учраас ус, ургамал нь багассан. Хэнтийн нурууны цэвдэг 2090 он гэхэд үлэмж багасна. Хөвсгөл, Хангай, Алтайн нуруунд илүү эрчимтэй багасах таамаг байна.

-Хайлах явцыг удаашруулж болох уу?
-Дэлхийн дулаарлын нөлөөгөөр цэвдэг хайлдгаараа хайлна. Гэхдээ хөрсний бүрхэвчээ эвдэхгүй, ургамлыг нь цөлмөхгүй байвал удаан хадгалж чадна.

-Монгол орны цэвдгийн тархалтын газрын зургийг саяхан шинэчлэн гаргасан юм байна. Яагаад 50 жилий дараа шинэчилсэн юм бэ?
-Судалгаа явуулахад асар их хөрөнгө, цаг хугацаа ордог. Улсаас цэвдгийн судалгаанд мөнгө төсөвлөдөггүй учраас гаднын байгууллагатай хамтарч хийсэн нь л энэ.

-Цэвдэгтэй газарт тохирсон технологийг манайд ашигладаг уу?
-Дэлхийн хуурай газрын 25- 28 хувь нь цэвдэгтэй. Тиймээс хөгжингүй орнуудад нарийн технологийн дагуу барилга барьдаг юм. Цэвдэгтэй бүсэд зам барьдаг ОХУ, АНУ-ын технологиуд бий. Канад, БНХАУ-ын мэргэжилтнүүд 2010 онд Төвөдийн Лхас хотын замыг ийм технологиор амжилттай барьсан байдаг. Манай улсын хувьд 1950-аад онд ийм технологи хэрэглэж байсан ч сүүлийн жилүүдэд хэрэглэхгүй болсон. Цэвдэг мэддэг хүн ч цөөрсөн. Тухайлбал, V цахилгаан станцыг барихаар бэлдсэн талбайг цэвдэггүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Биднийг очоод өрөмдөж үзэхэд цэвдэг гарч ирсэн. Гэтэл талбайн инженер нь үүнийг цэвдэг гэдэг юм уу гээд гайхаад зогсох жишээтэй. Цэвдэгтэй учраас энд барилга барихгүй гэж болохгүй. Харин цаг уур, цэвдгийн хэмжээнд тохирсон технологийг л ашиглах хэрэгтэй.

-Улаанбаатар хотын яг аль хэсэгт цэвдэг их байдаг вэ?
-Хөлийн гол, Улиастайн гол, Сэлбийн гол, Толгойтын гол, Баянгол гээд Туул руу цутгадаг голуудын хөндий цэвдэгтэй. Мөн 1950 онд МУИС-ийн I байр, Мах комбинатын орчимд цэвдэгтэй байсан. Цаашид нарийн судалгаа хийх шаардлагатай.

Б.Баярмаа

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 416 санал өгсөн байна.

Дээшээ