Трамп “Hire American” тушаалд гарын үсэг зурав

Засгийн газрын мэдээ

2017-04-21 11:00 GMT+8

Дональд Трамп Buy American, Hire American буюу америк бараа үйлчилгээ худалдаж авах, америкчуудыг авч ажиллуулах агуулгатай тушаалд гарын үсэг зурах зорилгоор Висконсин муж улсын тойрогт хүрэлцэн ирлээ. Уг тойрогт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр саналын өчүүхэн зөрүүгөөр ялжээ. Шинэ тушаал нь гадаадын ур чадвартай ажилчдад олгодог визийг буруугаар ашиглах явдлыг зогсоох, АНУ-ын Засгийн газрын агентлагуудыг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ахиу худалдан авахад нь үзүүлэх шахалт болох юм.

Цагаан ордны аппаратын захирал Райнс Прибусын төрөлх нутаг, Висконсин муж улсын Кеноша нь өнгөрсөн 11 сард сонгуулийн онц эгзэгтэй тойргийн нэг байлаа. Ноён Трамп хоёр бүлэг бүхий тушаалд гарын үсэг зурахын тулд уг тойрог дахь багаж хэрэгслийн Snap-on компанид хүрэлцэн очив.

Эхний бүлэг нь ур чадвартай ажилчдад олгодог H-1B визийн хөтөлбөрийг буруугаар ашигладаг явдлыг холбооны засгийн газрын агентлагуудаас таслан зогсооход чиглэжээ. Уг хөтөлбөрийг Цахиурын хөндийн компаниуд, аутсорсингийн аваргууд гаднаас ажиллах хүч татахад ашиглаж ирсэн юм. Мөн өнөөгийн сугалааны тогтолцоогоор жил тутам 85 мянган хүнийг визээр шагнадаг явдлыг өөрчилж, дээд түвшний нарийн ур чадвар эзэмшсэн ажилчдыг түлхүү анхаарахаар төлөвлөж байна.

Хоёр дахь бүлэг нь холбооны засгийн газраас “Buy American” бодлогыг бэхжүүлэхэд чиглэжээ. Уг бодлого нь дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжиж, дотоодын компанийн эрх эдлэж буй гадаадын компаниудтай холбоо бүхий АНУ-ын худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг 220 хоногийн хугацаанд хянан судлах зорилготой. Дэлхийн худалдааны байгууллагын Төрийн худалдан авах ажиллагааны хэлэлцээрээр, гадаадын засгийн газартай байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрт АНУ-ын компаниудын эдлэх эрхийг хязгаарласан байгаа. Тэгсэн мөртлөө гаднын засгийн газруудын эдлэх эрх их байгаа нь шийдвэрлэх ёстой ноцтой асуудал хэмээн Цагаан ордон үзэж байна.

Ноён Трамп танхим дүүрэн цугласан Snap-on-ий ажилчдын алга ташилтыг намжаан байж, уг тушаал нь “холбооны бүхий л төсөл АНУ-д үйлдвэрлэсэн контентийг үнэмлэхүй их ашиглаж, татгалзсан хариуг үнэмлэхүй бага өгөх”-өөр журамласан талаар тайлбарлав. Мөн “Та нар шиг л ажилчдын ажлыг булааж буй хэрэг болох гаднын хямд ган төмөр ашигладаг компаниудыг хавчин шахана” гэж мэдэгдлээ.

Тэрбээр H-1B виз “Америкчуудыг хэзээ ч орлох учиргүй” хэмээн өгүүлэв. Энэ нь Цагаан ордонд эзэн суусан 100 дахь хоног дөхөж буйтай холбогдуулан өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал үүрэг гүйцэтгэсэн ажилчин ангийн дэмжлэгийг бататгах оролдлого болов.

Ерөнхийлөгчийн шинэ тушаал нь H-1B визийн хөтөлбөрийг дэмжиж, Buy American агуулгатай хуулиудад дурамжхан ханддаг бизнесийн бүлгийнхний шүүмжлэлд өртөөд байна. Buy American хөтөлбөрүүдийг өргөжүүлэх нь бусад улс орны зүгээс мөн ижил арга хэмжээ авах шалтаг болж, зах зээлээ америк бүтээгдэхүүнээс харамлахад хүргэх аюултайг АНУ-ын худалдааны танхим анхаарууллаа.

Бизнесийн бүлгийнхэн H-1B хөтөлбөрт шинэчлэл хэрэгтэй болохоос, бүрмөсөн цуцлаж болохгүй хэмээн үзэж байна. “Америк бизнесийг өргөтгөн хөгжүүлж, АНУ-ыг дэлхийд улам өрсөлдөх чадвартай болгох гадаадын нарийн ур чадвартай ажилчдад хаалгаа бариад байх нь алдаа” хэмээн худалдааны танхим мэдэгдэв.

Харин Buy American хуулиудын ачаар олон арван жил оршин тогтнож буй гангийн үйлдвэрлэл эрхлэгчид уг тушаалыг АНУ- ын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай болгоно хэмээн маргаж байна. “Buy America гэсэн хүчтэй бодлого, холбооны санхүүжилттэй дэд бүтцийн төслүүд нь дотоодын гангийн үйлдвэрлэлийг сэргээхэд амин чухал үүрэгтэй. Ийм бодлого л үйлдвэрлэлийн салбарт ажлын байр үүсгэж, америк дэд бүтэц хөгжүүлэх үндэс болно” хэмээн Америкийн ган, төмөрлөгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, ерөнхий захирал Томас Гибсон тайлбарлав. “Эх орныхоо Buy America хуулиудыг бүрэн дэмжих амлалтаа ажил хэрэг болгосон Ерөнхийлөгч Трампад бид баяр хүргэе” хэмээн захирал өгүүллээ.

Пэтти Уолдмайер, Шон Доннан

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3786 санал өгсөн байна.

Дээшээ