Манчестер Юнайтедийн Златан Ибрахимович бэртэл авлаа


2017-04-21 12:35 GMT+8

-Ибрахимович өвдөгөө бэртээсэн ч баг нь дараагийн шатанд үлдлээ-

Өнгөрсөн шөнө Европа лигийн шөвгийн найман багийн хариу тоглолтууд явагдлаа. Энэ дундаас мэдээж Манчестер Юнайтед талбайдаа Бельгийн Андерлехтийг хүлээн авсан тоглолт анхаарал татаж байсан.

Тэгвэл тус тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд тоглолтын салхийг Улаан чөтгөрүүдээс Хенрих Мхитрян хагалж, хариу гоолыг Андерлехтийн багийн ахлагч Ханни 31 дэх минутад оруулжээ.

Үүнээс хойш үндсэн цагт дахин гоол ороогүй бөгөөд тоглолтын 91 дэх минутад Златан Ибрахимович өвдөгөндөө эвгүй бэртлийг авч талбайг орхисон. Түүний оронд Антони Марсиал орж ирсэн бөгөөд Юнайтедаас Маркус Рэшфорд хожлын гоолыг нэмэлт цагт оруулж Улаан чөтгөрүүд хагас шигшээд үлдлээ.

Гэвч өнөөдөр Юнайтед төлөвлөгдөөгүй хоёр сэлгээ хийсэн нь Маркос Рохо болон Златан Ибрахимович нарын бэртэл байлаа.

Хоёр тамирчин хоёул өвдөгний бэртэл авсан бөгөөд тоглолтын дараа Манчестер Юнайтедийн менежер Жозе Моуриньо “Тэдний бэртэл тийм ч хөнгөхөн биш болов уу. Шинжилгээний хариу гартал хүлээх л боллоо. Би эмч биш болохоор өөр зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ анхан шатны байдлаас харахад хүндхэн л харагдсан” гэжээ.

Харин Юнайтедийн хамгаалагч Люк Шо тоглолтын дараа хувцас солих өрөөнд Златан Ибрахимович алхаж байсан гэж ярьсан байна. Энэ баасан гаригт Европа лигийн хагас шигшээд үлдсэн дөрвөн багийн сугалаа явагдах болно.

Эх сурвалж: SPS

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3636 санал өгсөн байна.

Дээшээ