Маркетингийн менежментийн улсын VII олимпиадын эргэн тойронд...

А.Мишээл GoGo.mn

2017-04-21 16:45 GMT+8

Монголын маркетингийн менежментийн улсын VII олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Маркетингийн Хөгжлийн Төлөө Хамтдаа” уриан дор явагддаг, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит энэхүү олимпиад нь маркетингийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг, хамгийн том, мэргэжлийн тэмцээн. Уг тэмцээн нь оюутнуудыг мэргэжлийн ур чадварыг онол практик дээр тулгуурлан хөгжүүлж, ирээдүйд чадварлаг мэргэжилтэн болоход нь ихээхэн ач холбогдолтой.

Энэхүү олимпиадыг Монголын Маркетингийн Холбоо долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд их дээд сургуулиуд болон бизнесийн байгууллагууд дэмжин ажиллаж, оюуны хөрөнгө оруулалт хийж байна.  Энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Их Засаг Олон Улсын Их Сургууль, Улаанбаатар принт ххк- “Оюутан дэвтэр” брэндээрээ, Зебра Интернэшнл ХХК- Лаймон фреш брэндээрээ тус тус ивээн тэтгэж оролцож байна.   

Маркетингийн менежментийн улсын олимпиадад жил бүр дунджаар Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 15 сургуулийн 100 орчим оюутнууд оролцдог. Тэмцээн 2 үе шаттай.

Нэгдүгээр шатанд оюутнуудын онолын  мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвар, судалгааны ур чадварыг сорьдог бөгөөд хамгийн өндөр оноо авсан 6 баг 2-р шатанд шалгарч үлддэг.  Тэмцээний 2-р шат нь оюутнуудын практик ур чадвар, бүтээлч сэтгэлгээ болон өгөгдсөн хугацаанд асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвар зэргийг сорьдог юм.

Энэ жилийн хувьд Монголын Маркетингийн Холбоо “Spikes Asia”-Азийн Бүтээлч Маркетеруудын Фестивалийг  зохион байгуулах албан ёсны эрхийг авч, нэвтрүүлж байгаагаараа онцлогтой.  Ингэснээр 2-р шатны даалгаврыг олон улсын жишиг стандартын дагуу бэлтгэж, шалгаруулах боломжтой болж байна.  

Шалгарсан багууд 2-р шатны даалгаврыг гүйцэтгэхдээ олон улсын мэргэжлийн маркетеруудын түвшинд ажиллах арга барилд суралцах юм. “Spikes Asia” - Азийн Бүтээлч Маркетеруудын Фестивальд Монголын Маркетингийн Холбооны төлөөлөл 2014 оноос эхлэн жил бүр тасралтгүй оролцож, Азийн шилдэг маркетеруудын туршлага, арга барилаас суралцаж, маркетингийн стандартыг дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулж байна.

Хамгийн өндөр оноо авсан 6 баг 2-р шатанд шалгарч үлддэг. Энэ жилийн хувьд 8 сургуулийн 14 баг 1-р шатанд оролцсоноос Монгол Улсын Их Сургуулийн “Caffeine Баг”, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Гэрэлтэй цонх”, “Generation Z”, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “Сэд баг”, Хүмүүнлэгийн Их Сургуулийн Brainy Buddies, Modu Pro зэрэг 4 сургуулийн 6 баг 2-р шатанд шалгарч үлдсэн юм.

 

2-р шатны даалгавар нь "Цахим орчин дахь өсвөр насныхны хамгааллыг сайжруулах" маркетингийн кампанит ажлын төлөвлөгөө бичих даалгавар байсан бөгөөд 6 багт урьдчилан танилцуулж, чиглэл өгөх сургалт орсон.  

2 шат буюу эцсийн шатны шалгаруулалт 2017 оны 4-р сарын 15-ны өдөр Рояаль Академи дээр зохиогдож ялагчдыг тодруулав.

Маркетингийн Менежментийн Улсын VII олимпиадын шилдэгүүд ...

1. 1-р байранд шалгарсан Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “Сэд баг”1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал, шилжин явах цом, өргөмжлөл, Монголын Маркетингийн Холбооны “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-т багаараа хамрагдах эрх, хамгийн өндөр хувийн оноо бүхий нэг оролцогч “Spikes Asia 2017” арга хэмжээнд оролцох эрхээр шагнууллаа.

2. Хүмүүнлэгийн Их Сургуулийн “Brainy Buddies баг” II байранд шалгарч, 750,000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, Мөнгөн медаль, Монголын Маркетингийн Холбооны “НИЙГМИЙН МАРКЕТИНГИЙН ФОРУМ 2017”-д багаараа оролцох эрхээр шагнагдлаа.

3. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Гэрэлтэй цонх” баг 3-р байранд шалгарч 500,000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, Хүрэл медаль, Монголын Маркетингийн Холбооноос зохион байгуулдаг “ДОТООД СУРГАЛТ”-нд багаараа оролцох эрхээр тус тус шагнууллаа.

Мөн Хувийн оноогоороо тэргүүлсэн шилдэг нэг оюутанд, 1, 2, 3-р байр эзэлсэн багуудын удирдагч багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг 2 оролцогчид Д.Дагвадорж багшийн нэрэмжит шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

Маркетинг менежментийн улсын 7-р Олимпиадыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Засаг Олон Улсын Их Сургууль, Улаанбаатар принт, Зебра Интернэшнл ХХК, MMCG ххк, НҮБ хүүхдийн сан, Хүүхдийн Тусламжийн Утас 108-ын хамт олон, их дээд сургуулиуд, эрдэмтэн багш нар, идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.

Монголын маркетингийн салбарын шинэ цагийн түүхийг бичилцэх ирээдүйн эзэд, оюутан маркетерууддаа, Эрдэмтэн багш нартаа, нийт оролцочиддоо амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй дараах сувгуудаар холбогдож авах боломжтой.

    Facebook: https://www.facebook.com/MongolianM...

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3636 санал өгсөн байна.

Дээшээ