Африкийн онгон зэрлэг байгалийн дүрслэл бүхий уран зураг, хэдхэн алхвал цочиж, сүрдмээр шилүүсний чихмэл харагдана. Харин өрөөний гүн рүү орвол Монголын нүүдэлчин соёлыг илтгэх араг, тулга, морин хуур сэлт болон бурхны хөрөг, элдэв уран зураг, дурсгалын зүйлс эрхгүй хараа булаана. Яг л эртний музейд ороод ирэв үү гэлтэй. Гэхдээ энэ бол музей биш. Жирийн нэгэн монгол айл. Харин энэ айл гэрээ тавилгаар бус, дурсгалт, эд өлгийн зүйлсээр тохижуулжээ.
“Тавилга, хувцас, гоо сайхны эд хэрэглэлээс илүү урлагийн бүтээл, хүний гараараа бүтээсэн дахин давтагдашгүй эд зүйлд би дуртай. Энд тэнд аяллаар явахдаа дэлгүүр хэсэхийн оронд орон нутгийн иргэдийн урласан бэлэг дурсгалын зүйлс цуглуулдаг.
Нэг талаар тэднийг дэмжиж, нөгөөтэйгүүр өөрийн хоббиг дагаж байгаа хэрэг” хэмээн ярих бүсгүй бол “Offroad Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаа юм. Тэрбээр дэлхийн 28 орноор аялж, долоон тивийн ноён оргилын хоёрт нь авирчээ. Түүнийг тодорхойл гэвэл омголон, бардам монгол эмэгтэй гэж эргэлзэхгүй хэлнэ. Үүнийгээ ч тэрбээр алхам тутамдаа илэрхийлдэг. Нүүдэлчин ахуйгаа дээдэлж, хаана ч явсан монгол гэдгээрээ бахархаж, үргэлж үндэсний дээл хувцас тэргүүтнээр гоёж, үр хүүхдэдээ үлгэрлэхийг хичээнэ. Түүний ойрын зорилго нь долоон тивийн ноён оргилд мөрөө үлдээх. Харин хамгийн том мөрөөдөл нь Торгоны замыг тэмээгээр гаталж, дэлхийг тойрох юм. Ингээд түүний өвөрмөц, гайхалтай ертөнцөөр аялцгаая.
-Таны хамгийн сүүлийн аялсан орон хаанах вэ. Ямар сонинтой ирэв?
-Африкийн булангаас эхэлье. Эрчүүд нь мамбай хэмээх зэвсгээ бариад ан хийж байгаа Масаи үндэстний тухай зураг байна. Мөн араатны хаан арслан Симбагийн баримлыг авч ирсэн. Саяхан Африк тивийн Климанжаро хайрхны ноён оргилд гарчихаад ирлээ. Уулын аяллаа найман өдөрт дуусгаад, үлдсэн дөрвөн өдөрт нь хоёр малайз найзтайгаа сафари аялалд явсан.
Би малчин айлын хүүхэд. Хурга ишигнээс өөр ойлголтгүй миний хувьд зурагтаар үзэж байсан арслан, заан, анааш зэрэг амьтныг тийм ойроос харна чинээ төсөөлж байсангүй. Африк тив миний хоёр дахь ноён оргил байлаа. Үүнээс өмнө Кавказын уулсын орчим байрладаг 5642 метрийн өндөртэй Элбрус хайрхны оргилд гарсан. Африкт очих үеэрээ олон улсын уулчидтай нэгдэн Климанжаро тосгоны сургуульд сурч чадахгүй байгаа 11-ээс доош насны хүүхдүүдэд бүтэн нэг жил хөдөлмөрлөж олсон мөнгөө хандивласан шүү.
Өөрийнхөө хаана явааг мэдэрч, алдаа оноогоо дэнсэлдэг
-Та өөрийгөө малчин айлын хүүхэд гэлээ. Хаана төрж өссөн бэ?
-Би Увс аймгийн Өмнөговь сумынх. Намайг жаахан байхад манайх нэгдлийн мал малладаг байсан юм. Ингээд 1990-ээд онд зах зээлд шилжиж, хувьчлал эхлэх үед аав, ээж маань сумандаа жижигхэн дэлгүүр нээснээ одоо хүртэл ажиллуулж байгаа. Би зургадугаар анги хүртлээ мал маллаж өссөн. Аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт ирж, ИЗОИС-ийн Олон улсын харилцааны ангид орсон. Оюутны эхний хоёр жил миний хувьд там шиг л өнгөрсөн. Хөдөөний оюутанд тохиолддог бүхий л зовлонг амссан. Манай ангийнхан боломжийн айлын хүүхдүүд байлаа. Хөлд нь чирэгдэнэ. Би гэдэг хүн тэнд сураггүй. Хоёр дахь жилдээ гэрийнхэндээ “Ерөөсөө миний чиглэл биш юм. Би өөрийгөө олохгүй байна” гэж хэлтэл аав маань чи хэл ам сайтай юм чинь сэтгүүлч, эсвэл хуульч болбол яасан юм гэсэн. Тэгэхээр нь ИЗОИС-ийн Олон улсын аялал жуулчлалын ангид орж, амжилттай төгссөн.
Хамгийн гол нь би дунд сургуульдаа маш идэвхтэй хүүхэд байлаа. Манай ангид англи хэл орж эхлэхэд хүүхдүүд дөнгөж хоёр, гуравдугаар бүлэг дээрээ явж байхад би хэдийнэ түрүүлж дуусгаад, үүндээ онгирч, эрддэг байв. Ингээд хоёрдугаар дамжаанаасаа “Tseren tours” компанид хөтөчийн шалгалт өгч, тэнцээд орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Эндээс л миний амьдрал орвонгоороо эргэж, өөрөө өөрийгөө олсон гэхэд болно. Үүнээс хойш Монголын аялал жуулчлалын салбарт 10 орчим жил ажиллаж, сүүлийн дөрвөн жилд “Offroad Mongolia” хэмээх өөрийн компанийг үүсгэн байгууллаа.
-Монголынхоо ноён оргилуудыг дуусгасан уу. Анхны аяллын дурсамжаасаа хуваалцаач?
-Хамгийн анхны аялал 2008 онд Увс аймгаас эхэлсэн юм. Би хөтөчийн сургалтдаа суучихаад нэлээд хэдэн өдөр хүлээсэн. Эцэст нь наадмын өглөө 06.00 цагийн орчимд ажилд авсан компаниас маань залгаад, манай нутаг руу аялалд гарч байгааг дуулгасан.
Хөл газар хүрэхгүй баярласан гэж. Хотоос бас нэг хөтөч ирнэ гэж дуулаад, тухайн үед сургалтад хамт сууж байсан залуусын нэгийг байх гэж таамаглаж байв. Гэтэл миний дээр үед зүс таньдаг байсан хүн хүрээд ирэх нь тэр. Тэр нь одоо миний гэр бүлийн хүн байсан. Оюутан байхдаа найз охинтойгоо хажуу өрөө түрээсэлдэг байв. Хавар гадаа сууж нарлана. Тэр үед хэдэн залуус байрны үүдэнд сагс тоглодог байсан юм. Тэдний нэг залуутай мэнд мэдэлцэхээс илүү гардаггүй байв. Гэтэл хэдэн жилийн дараа түүнтэй дахин таарч, Увс аймгаар хоёр сарын хугацаатай аялалд гарсан даа. Ингэж гэр бүлийн хүнтэйгээ дотно танилцаж, амьдралаа зохиосон.
Очиж үзээгүй тоотой хэдэн сум, баг л байна уу гэхээс биш эх орноо бүтэн тойрсон. Уулын спортыг хөөж эхлээд ч гэсэн Монголынхоо бүх ноён оргилыг дуусгаж, одоо дэлхийн оргилд авирч явна. Ирэх аравдугаар сард Өмнөд Америкийн Аконкагуа оргилд гарахаар төлөвлөсөн.
-Уулын спортод яагаад дурлах болов. Оргил дээр гарах тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Манай Увс аймаг их уулархаг. Манай нутаг Цамбагаравтай ойрхон. Би ерөөсөө л ууланд дуртай, хайртай хүн. Яагаад ч юм соронзон мэт татагдчихдаг. Бүр донтой болчихсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ээжийн маань санаа нь зовж, надад уурлаж нэг, учирлаж нэг хэлнэ. Би “Та чимээгүй л байж бай. Хүүхэд чинь чадна гэж байна шүү дээ” гээд л яваад өгнө. Хамгийн анх Алтай таван богдод очоод мэлмэртэл уйлж байсан маань санаанаас гардаггүй юм.
Хэн ч тэр сайхан уулыг хараад огшиж, омогшиж, уйлахгүй байхын аргагүй. Ярихаар бас уйлах гээд байх юм. Би угаасаа л сэтгэл хөдлөл ихтэй хүн. Монгол нутаг маань тэр чигээрээ гайхамшиг. Монголд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Цэлийсэн говьд ганцаараа, чиний жижигхэн майхан юу ч биш юм шиг санагдах тэр мэдрэмж ямар агуу гээч. Уулын оргил дээр гарсан хүн бодлоо цэгцэлдэг. Хүн шатар тоглохоороо гурав дөрвөн нүүдлийн цаадахыг хардаг шиг уулан дээр гарсан хүний нүдний өмнө бүх зүйл зурайж, өөрийнхөө хаана явааг мэдэрч, алдаа оноогоо дэнсэлдэг.
-Танилтай бол талын чинээ гэдэг. Та олон газраар аялж явдаг хүн олон найзтай биз?
-Монголд аяллаар ирсэн хүмүүст би сэтгэгдэл төрүүлж, сайн үйлчилж чадвал эргээд гэртээ урьдаг юм. Энэ боломжийг ашиглан гаднын улс орнуудыг үзчихнэ. Хүний амьдралд өнгө нэмдэг зүйлүүдийн нэг бол яах аргагүй нөхөрлөл. Ах дүүгээс илүү сайн найз, танилууд амьдралыг утга учиртай болгодог. Олон орны маш олон найзтай болсон. Одоо ч гэсэн манайд Англиас хоёр хүн зочлон ирсэн байгаа. Нэг нь эх орноосоо гараад 30 жил дэлхийг явганаар тойрон аялж байгаа хүн. Нөгөөх нь Английн урд зүгийн нутгийн баатруудын удмын гаралтай хүн. Маш омголон, гарал үүслээ ярьж, омогших дуртай. Тэр хүйтэн Сибирийг явганаар туулсан. Эндээс Хятад, Непал, Төвөдийг зорино. Мэдээж зорилготой аялж яваа. Хэрэв аяллаа амжилттай дуусгавал ивээн тэтгэгчдийн зүгээс мөнгө өгч, Непалын газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд түүнийг хандивлах юм.
-Долоон ноён оргилоос гадна хамгийн том мөрөөдөл тань юу вэ?
-Австрали залуу Монголоос Европ руу аль хэдийнэ мориор аялчихсан. Тиймээс 2019-2020 онд аялагч найз нартайгаа нийлээд тэмээгээр Европ руу аялах хүсэл, мөрөөдөл тээж байна. Дээр үед Ази, Европын орныг холбосон Торгоны замын нүүдэл, тэмээн жингийн цуваа шиг яагаад аялж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Монголоос гараад Англи хүртэл аялах нэг жилийн төлөвлөгөө хэдийнэ гарчихсан. Хамгийн гол нь аяллын баг маш чухал. Аялалд гарна гэдэг асар өндөр эрсдэлийг дагуулдаг. Тиймээс бүх зүйлээ төлөвлөөд, нэг л өдөр гарна. Чи ер нь удахгүй сонсох байх, миний талаар. Би их галзуу. Бас эрсдэлтэй зүйлд дуртай. Яагаад ийм гэдгээ мэдэхгүй. Ямар ч байсан бусад эмэгтэйчүүдээс жаахан өөр гэдгээ мэднэ.
-Нүүдэлчин ахуй соёлоо дээдэлдэг гэдгийг тань хоймортоо залсан Жанрайсиг бурхан, араг, тулга, ташуур гээд Монголын ахуйн эдлэлээс анзаарлаа. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Хүн хаана ч очсон хаанаас гаралтай вэ гэдгээ мартаж, бас гээж болохгүй. Даяарчлагдаж байгаа энэ нийгэмд эх соёл, үндэс угсаагаа гээчихвэл хэн ч биш болно. Монгол хүний үнэт зүйлийг би хэрхэн авч үлдэх үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг. Өөрөө эх оронч байж, үр хүүхдээ тийм болгож өсгөе гэсэн бодолтой. Манай охид хотод өсөх байгаа ч монгол ахуй соёлыг сайн мэднэ. Мөн миний аяллын үнэнч хамтрагчид.
Би гэртээ тавилга авахыг нэг их боддоггүй. Учир нь хүүхдүүдэд тоглож наадах орон зай хэрэгтэй шүү дээ. Дээрэс нь өөрийн хоббиг орхигдуулахгүйн тулд аялсан газар бүрээсээ дурсгалын зүйл цуглуулах дуртай. Жишээлбэл, манайд Торгоны замын олдворууд, Монголын өнцөг булан бүрээс авчирсан чулуу байна.
Өөрөө эх оронч байж, үр хүүхдээ тийм болгож өсгөх бодолтой
-Аялж явахад эрсдэл тохиолдож байв уу. Хамгийн аймшигтай санагдсан аялал хаана таарсан бэ?
-Африк руу явахад хүмүүс “Аймаар уу” гэж асууж байсан. Би ерөөсөө айгаагүй. Гэхдээ Кени улсаас Танзани улс руу нутгийн иргэдтэй автобусаар явж байхад хүмүүс энд тэндээс миний үсийг зулгаасан юм. Тэр үед “Би юу хийж байна аа. Энэ автобус намайг Танзани руу хүргэх болов уу” гэж тэрхэн зуур бодсон. Тэгээд л “Болохгүй шүү, муухай юм бодохгүй” гээд л өнгөрсөн дөө. Мөн Элбрус ууланд гарах үеэр манай багийн өмнө явж байсан залуу хөл алдаж, амь эрсэдсэн. Тийм зүйлийг нүдээр харах маш хэцүү байсан.
Хамгийн аймшигтай газар Энэтхэг. Тэр үед би Европоос найз нартайгаа нэгдэн, Энэтхэгийн хамгийн өндөр ууланд очиж шинэ оноо гаргахаар үр хүүхдээ орхиод явсан байсан юм. Хоёр өдөр Далай ламын айлдварт суухдаа хоолны хордлогод орчихсон. Ингээд маш үнэтэй аяллаа цуцлахаас өөр аргагүй байдалд орлоо. Эмнэлэг хайгаад олдохгүй. Миний байрласан газар Энэтхэгийн төвийн буудал байсан ч үнэр танар нь авах юмгүй. Би чинь хэр баргийн юмыг тоодоггүй хүн. Сүүлдээ онгоцны буудалтай хамгийн ойрхон, цэвэрхэн буудалд 10 орчим хоног өндөр халуурч хэвтсэн. Энэ үе их хэцүү байсан.
Үнэндээ Энэтхэгийн гурван тэрбум хүн яг л хог шороо шиг амьдардаг юм билээ. Тэнд цэвэрхэн гудамж гэж огт байхгүй. Таж Махалтай хамгийн ойрын гудамж хүртэл хогтой. Үхэр мал нь хутгалдаад, ядуусын хорооллын амьдрал нүд халтирам.
-Хэрэв ангиа солиогүй, эсвэл хөтөчийн шалгалтад тэнцээгүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бол?
-Тэр тухай бодож байсан. Би хотын хүн биш. Хэрэв тийм байсан бол сургуулиа төгссөн ч малчин л болох байсан болов уу. Мэдээж эмэгтэй хүний хувьд үнэртэй ус, даашинз сонирхоно. Гэхдээ хүний мөн чанар хамгийн чухал. Миний мөн чанар бол хөдөө орон нутаг. Тэндээ очихдоо би тав тух, амар амгаланг мэдэрдэг.
-Таныг хог хаягдал цэвэрлэх төсөл боловсруулж байгаа гэж дуулсан. Энэ тухай сонирхуулахгүй юу?
-Бидний хүүхдүүд өсөж торниж байгаа Улаанбаатар хот маань маш их хогтой байна. Би өнгөрсөн нэгдүгээр сард Эстон улсад босон Lets’s do it World хуралд сууж, дэлхийн 64 орны шилдэг залуусаас туршлага хуваалцаад ирлээ. Одоо эх орноо хогноос салгахаар ажиллаж байна. Манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Тиймээс залуус бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Хог хаягдлыг аль болох багасгаж, боломжтойг нь эргүүлэн ашиглах замаар сална. Энэ санааг анх эхлүүлж, одоо дэлхий даяар хэрэгжүүлж байгаа Эстон улсын жишээг ярья л даа. Эстон улс маш их хогтой байж. Улмаар залуучууд нь санаачилга гаргаад, ердөө хэдхэн өдрийн дотор хогноосоо бүрэн салж чаджээ. Тиймээс бид ч гэсэн Засгийн газар, төр гэж ярихын оронд өөрсдөөсөө эхэлж яагаад болохгүй гэж.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Бямбасүрэн