Засгийн газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэхээр болсон. Дээрх ажлыг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас тодрууллаа.
-Төрийн зарим албан хаагчийн цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулахаар боллоо. Үүнд ямар бодлого баримталсан бэ?
-Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.
Зээлийн хүүг бууруулснаар иргэдийн халаас руу орох мөнгө нэмэгдэнэ
Иймд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж, тэтгэврийн зээлийг хүүг тодорхой хувиар бууруулсан. Тодруулбал, тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15 болгон бууруулаад байна. Энэ шийдвэрийг гаргах үед Төрийн банктай гэрээ байгуулж, тус банкинд 45 тэрбум төгрөг байршуулсан. Төрийн банк хөнгөлөлттэй зээлийн хүүг бууруулахын тулд 10 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлж байгаа. Цаана нь 35 тэрбум төгрөг үлдэж байгаа юм. Энэхүү аргачлалаар эхний ээлжинд багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг 21.11- 18 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ.
-Тэтгэврийн болон цалингийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах уу?
-Тэтгэврийн болон цалингийн зээлийн хүүг бууруулж байгаа нь бодлогын шинж чанартай томоохон арга хэмжээ биш. Гэхдээ зээлийн хүү буурснаар иргэдийн халаас руу орох мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн чухал нь улс орны санхүү эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал цалин, тэтгэврийг тогтвортой нэмэгдүүлж, цалин, тэтгэврийн зээл авахгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.
-Тэтгэврийн зээл авахгүй байх эхний нөхцөлийг бүрдүүлсэн шүү дээ?
-Тийм ээ. Зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй, группээр тэтгэврээ тогтоолгосон, тэжээгчээ алдсан зэрэг нийт 110 мянган ахмад настанд арилжааны банкаар дамжуулан хүү, шимтгэлгүйгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ урьдчилан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бол эхлэл. Цаашид шат дараатайгаар арга хэмжээ авч цалин, тэтгэврийн зээл авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Төрийн зарим албан хаагчийн цалингийн зээлийн хүүгийг бууруулсан энэ арга хэмжээ бүх арилжааны банкуудад хамааралтай юу?
-Одоогийн байдлаар Төрийн банктай гэрээ байгуулсан.
НДС-гийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс олох орлогыг 16 тэрбум төгрөгөөр тооцсон
-Арилжааны банкинд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг хэдэн хувийн хүүтэйгээр байршуулж байгаа вэ?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зах зээл дээрх хадгаламжийн дундаж хүүгээс харьцангуй доогуур байршуулж байгаа. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөвт нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс олох орлогыг 16 тэрбум төгрөг гэж тооцсон.
Гэхдээ Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч энэхүү орлогын хэмжээг 36 тэрбум төгрөг болгож, нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс олох орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Өмнөх жилүүдэд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс ийм хэмжээний орлого олж байгаагүй.
Б.Даваатогтох