Г.Алтангэрэл: Ярьдаг, явдаг РОБОТ маань 30 нас хүрч байна

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-04-28 12:35 GMT+8

ЗАРИМДАА ЦҮНХ БАРЬСАН ДАРГА, ХААЯА ТОСТОЙ ХОЛИЛДСОН МУЖААН БОЛЧИХНО

Цахилгаан  морин хуурыг сонирхол хоббидоо хөтлөгдөн хийсэн тухай нь сонсоод Хобби буландаа шинэ зочинтой боллоо хэмээн олзуурхан Г.Алтангэрэл багштай уулзсан юм. Гэтэл зүгээр ч нэг сонирхолдоо хөтлөгдсөн хүн биш байв. Зохион бүтээнэ гэдэг энэ хүний амьдрал. Монголын шилдэг  100 гаруй зохион бүтээгчдийн нэг бөгөөд робот, салхин цахилгаан станц, лабораторийн тоног төхөөрөмж, буйдан, гэр ахуйн хэрэгсэл, шинэ загварын монгол гэр, хөгжим, яриа бичих систем, хувцасны загвар гээд хийж үзээгүй зүйл ховор аж.

"Заримдаа би цүнх барихаараа дарга болчихно. Хааяа тостой холилдсон сууж байвал мужаан болчихдог. Гар хуруу харлачихсан муухан хувцастай сууж байвал хүн андуураад "Сантехникч нь мөн үү? Энийг янзлаад өгөөч" гэнэ" хэмээн инээмсэглэн ярьсан юм. Тэрбээр “Хүүхэд залуус их юм сурч, өөрсдийн гараар юм бүтээх хэрэгтэй. Багаасаа хөдөлмөрлөж, алх хадаас барих, гагнуур хийж сурах хэрэгтэй байна” гэдгийг онцлон хэлж байлаа.

Тэр ч бүү хэл “Миний бас нэг хобби бол юм бичих” гэсээр өөрийн уншсан зохиол, романуудаасаа гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн хэсгийг тэмдэглэн тэдгээрийг түүвэрлэн ном бичсэн байв. Чингиз Айтматовын  “Цаазын тавцан”,  Валентин Распутин, Лев Толстой, Ч.Лодойдамба, Ч.Галсан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Инжинаш, Д.Нацагдорж зэрэг зохиолчдын бүтээлийн сонирхолтой хэсгүүд номд нь багтжээ.

-Таныг Залуу техникчдийн ордонд багшилж байсан тухай дуулсан юм байна?
-Би 10 гаруй жил физикийн багшаар ажилласан. Хүүхдийн дугуйлан ажиллуулж байлаа. Сүүлдээ Залуу техникчдийн ордонд 10 гаруй жил ажиллаж, техникийн  зохион бүтээх чиглэлээр хүүхэд залуучуудад сургалт явуулдаг лабораторийн эрхлэгч багш байсан. Тэнд Зөвлөлтийн мундаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж, зохион бүтээх арга барилыг хүүхдүүдэд зааж байлаа. Сүүлдээ ШУТИС-д  хийсэн бүтээлээрээ магистр хамгаалаад зохион бүтээгч инженер мэргэжилтэй болсон.

-Залуу техникчдийн ордонд ажиллаж байхдаа та шавь нартайгаа юу зохион бүтээж байсан бэ?
-Бага оврын зохион бүтээх лабораторийн эрхлэгч багшаар таван жил ажилласан. Дараа нь электроник лабораторийн эрхлэгч багшаар зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд электроник техникийн чиглэлээр хүүхдүүдтэйгээ хамтран 20 гаруй бүтээл хийж, Шинэ бүтээл оновчтой саналын уралдаанд байнга ордог байлаа. Москвад зохион бүтээгчдийн уралдаан, Болгарын Пловдив хотод, Хойд Солонгосын Пхеньян хотод залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнд манай ордны залуучуудын багш нарын бүтээл амжилттай оролцож, шагнал авдаг байлаа.

-Жишээ нь ямар бүтээлүүдээрээ оролцож байв?
-Пхеньяны олон улсын үзэсгэлэнд “Сансар ” роботтой оролцоод шагнал авсан юм. Тэр үедээ би бас хөгжмийн хоббитой байсан. Цахилгаан өнгө аялгууны хөгжмийн иж бүрэн төхөөрөмж хийж Болгарын үзэсгэлэнд явуулаад шагнал авч байсан. Цахилгаан морин хуур, цахилгаан их хуур хийсэн. Энэ хоёр л миний хоббигоороо хийсэн юм даа.

Цахилгаан морин хуур, их хуур

-Та хөгжмийн мэдлэгтэй хүн үү эсвэл техникийн арга барилаар энэ хөгжмүүдийг зохион бүтээв үү?
-Залуу байхдаа хөгжим сонирхож, гитар балбадаг байлаа. Залуу цагийн хобби л доо. Одоо бол миний хөгжимдөх юу шалих вэ. Тэр дагуу цахилгаан хуур, цахилгаан гитар хийж байлаа. Бидний залуу үед цахилгаан гитар нүдний гэм байсан тул хийж зардаг байсан. Мөн өсгөгч хийж зарна.  Дараа нь өнгө аялгууны цогц төхөөрөмж анх удаа Монголд хийсэн.

-Тэр төхөөрөмж нь  ямар үйлдэлтэй байсан бэ?
-Хөгжмийн эгшгийг давтамжаар нь залгаж өнгөтэй холбодог.  Бүдүүн басс дуу гарвал улаан өнгө асна. Нарийн аялгуу гарвал цэнхэр өнгө асдаг. Дунд зэргийн давтамжтай дуу гарахад ногоон нь асдаг гэх мэтээр дууны эффектийг холбож өгдөг. Тухайн үеийн диско бүжигт тохирсон. 1970-аад онд анх л Монголд диско бүжиг орж ирж байх үед  бид хийж байсан хэрэг. Дуу авианы өсгөгч их хийнэ. Зах зээлийн үед юм болгон хязгаарлагдмал байсан учраас монголчууд өөрсдөө юм хийх боломж бололцоо их байсан. Одоо л бүгдийг бэлнээр гадаадаас авчирч, дэлгүүрээр дүүрэн зарж байна.

Өнгө аялгууны цогц төхөөрөмж

-Юм бүхэн гаднаас орж ирээд бэлэн байгаа нь нэг талаасаа хүүхдүүдийн зохион бүтээх сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг байх?
-Сөргөөр нөлөөлнө. Өөрсдөө Монголд хийж чадах юмыг гаднаас худалдаж авдаг. Тийм болохоор тэрийг хийнэ гэж толгойгоо гашилгаж, зохион бүтээж сэтгэхүйгээ хөгжүүлэх шаардлагагүй болчхож байгаа юм. Бүхнийг л хязгаарлаж байна. Үйлдвэрлэгч орон л хөгжиж байгаа болохоос импортлогч орон хөгждөггүй гэдгийг дэлхийн практик дэндүү сайн харуулж байна.

-Роботыг тухайн үед ямар зориулалттайгаар хийж байсан бэ?
-Сургалт танин мэдэхүйн зориулалттай робот. 30 гаруй жилийн өмнө хийж байсан. Их ч зовлон үзсэн, их ч юм ярина дөө.

Зохион бүтээгч Г.Алтангэрэл

-Дизайныг нь та гаргасан уу?
-Аливаа техникийн бүтээл хийхэд дизайн бол амин сүнс. Чи маш гоё юм хийчхээд загвар муутай бол чиний юм явахгүй. Чиний унаж байгаа машин маш гоё дизайнтай, харагдах үзэмж нь гоё байх ёстой. Тэр үедээ би өөрөө бүх дизайн зургийг гаргаж хийсэн. Гэхдээ одоо болтол гологдохгүй. Шавь нар маань бас оролцож байлаа.

"Сансар" робот хөдөлнө, ярина, явна

-Одоо ажиллах уу. Юу хийдэг робот вэ?
-Одоогоор зарим юмыг нь салгачихсан байна. Ярина, явна, өөрийгөө тайлбарлаж ярьдаг, нүд нь гэрэлтэж, хөдөлдөг гээд зургаа долоон үйлдэл хийдэг байсан. Гэрт хадгалаад байлтай биш гээд Шинжлэх ухаан танин мэдэхүйн төвийн дэргэд Техникийн моделийн музейд өгсөн юм. Гэтэл таван давхраас унагаад хэмхэлчихсэн юм билээ. Саяхан би сэргээж босгоод байгаа нь энэ. Дизайн нь гайгүй болохоор одоо хүртэл хүмүүсийн сонирхлыг татаад байна. Нэг сурвалжлагч бүсгүй “Таны робот гайгүй царайлаг юм байна” гэсэн /инээв/.

-Өөр танд онцолж ярих ямар бүтээл байна вэ?
-Зах зээл гараад миний хийсэн техникийн юм явахаа больж байна. Техникийн бүхий л зүйлийг гаднаас ачаад аваад ирчхэж байна шүү дээ. Тиймээс сүүлийн үед монгол гэр хийсэн. Түүхэн холбогдолтой, нарийн дизайнтай, хийц үзэмж нь өвөрмөц болсон. Уламжлалт монгол гэрээс ялгаатай нь түүхийн байдлыг оруулахыг эрмэлзсэн.

Хээ угалз нь Хүннүгийн болон Хүннүгийн өмнөх үеийн скифийн амьтан дүрст урлагийн элементүүдийг авч ашигласан. Скиф нь Ази, Европыг холбосон нүүдэлчин ард түмэн байсан. Тэр ард түмэн гөрөөс, бар зэрэг төрөл бүрийн амьтны дүрсээр хээ угалз хийж, гэрээ чимэглэдэг байж. Хүннүгийн олдворт бие биеэ  барьж идэж байгаа амьтны дүрстэй чамин хээ угалз байдаг. Одоо залуус амьтан дүрст урлагийг бүтээгдэхүүн, хувцас загвартаа их хэрэглэдэг болж.

Зах зээлд шилжих үед хүмүүс дээр доороо орж үзэж тарж, их юм хийсэн дээ. Тэрний нэгэн адил би ч янз бүрийн юм хийж үзлээ. Техникийн юм хийж байсан хүн гэнэт зөөлөн мебель хийж их зарлаа. Төрийн албанд ч ажиллалаа, дээд сургуульд ч багшилж үзлээ. Сүүлд Шинжлэх ухааны академид ажиллаж байгаад чөлөөнд гарсан даа.

-Энэ салхин цахилгаан станц мөн үү?
-Мөн мөн. 1985 онд хийж байсан анхны салхин цахилгаан станц хийж байлаа. Дөрөв таван айлыг цахилгаанаар хангах хүчин чадалтай. 

Бас электрон автомат тоглоомууд хийсэн. Гэрлээр бууддаг, онохоор чоно амьтад орилдог. Сургалтын үед эдгээрийг хүүхдүүдээр өөрсдөөр нь хийлгэдэг юм. Бас энэ электрон зоопарк. Чоно, нохой, муур, шувуу зэрэг төрөл бүрийн амьтадтай. Тэдгээр нь хөдөлж, дуугарна.

-Танд ийм тоглоом, тоног төхөөрөмж хийх гэж байна, зөвлөхөөр ажиллаач гэх санал ирдэг үү?
-Ер нь ирэхгүй дээ. Наймаачид бэлэн юм оруулж ирэхээ л бодно шүү дээ. Инженер зохион бүтээгчдэдээ төр захиалга өгдөг байх ёстой. Жишээ нь, Сталин эх орны дайны үед зохион бүтээгчдээ дуудаж, тракторын үйлдвэрийг танкийн үйлдвэр болго гэсэн үүрэг өгчээ. 14 хоногийн дотор л танкийн үйлдвэр болгосон. Цөмийн физикч Курчатовыг дуудаж цөмийн бөмбөгтэй болж, эх орноо хамгаалах хэрэгтэй байна гэж.  Тэд эрдэмтэн зохион бүтээгчдээ дуудаж байна. Хрущёв Королевыг дуудаж, сансарт хүн нисгэмээр байна гэсэн. Төр эрдэмтэд, инженерүүддээ үүрэг өгөх ёстой.  Гаднаас бэлэн юм аваад улс орон хөгжихгүй.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЯРИАГ БИЧДЭГ СИСТЕМИЙГ АНХ НЭВТРҮҮЛЖ БАЙЛАА

-Танд ямар нэг том зүйл хийж бүтээх хүсэл зориг байвч хүч чадал хүрдэггүй зүйл байна уу?
-Саяхан би Эрдэнэтэд симпозиумд суулаа. Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-ын захирал Г.Энхбаяр гэж залуухан инженертэй танилцлаа. Жишээ болгон ярихад Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт маш хортой нөхцөлтэй ажлын байр байна. Хортой бодисыг баяжуулах процесст ашигладаг юм билээ. Тэр бодис өдөрт хэдэн вагоноор цемент шиг шуудайтай ирдэг юм байна. Тэрийг залуучууд зөөж, задалж хийдэг юм байна. Асар хортой нөхцөлд өндөр цалинтай ажилладаг. Гэвч тэд эрүүл мэндээр хохирч байна. Тэгээд Г.Энхбаяр “Үүнийг автоматжуулмаар байна.  Бүр робот ажиллуулмаар байна. Болох уу” гэж асуусан. Би очоод үзэхэд Монголд хийх л юм билээ. Ган бөмбөлгийн дамжлага дээр бас бэрхшээл байдаг юм байна. Тэрийг автоматжуулах хэрэгтэй. Биднээр захиалж хийлгэх юм бол би залуучуудыг дайчлаад бүрэн автоматжуулж чадна. Гэхдээ дарга нар хэр сонирхолтой байдаг юм бол.

-Монгол Улсын шилдэг зохион бүтээгч цолыг хаанаас өгдөг вэ?
-Зохион бүтээгчдийн бүтээлийг шалгаруулаад Оюуны өмчийн газраас Монгол Улсын шилдэг зохион бүтээгч гэсэн цол өгдөг. Одоогоор 100 гаруй хүн авсан. Техникийн чиглэлээр 20 гаруй л хүн бий. Бусад нь хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн бодис зохион бүтээдэг хүмүүс бий. Техникийн зохион бүтээгчдийн нас нэлээд явсан. Залуу хүн хэрэгтэй байна. Дэлхийн орчин үеийн технологийг судлахын тулд инженерүүдээ явуулж танилцуулж байх хэрэгтэй. Бид очоод бараг технологийг нь "хулгайлаад" ирнэ.

Японд роботын түүхчилсэн музейд очиж үзсэн. Энэ роботыг дахиж хийвэл шинэчилж өөрчилнө гэж боддог байлаа. Гэтэл дахиж хийх шаардлага гараагүй. Хэн ч захиалаагүй, шинээр хийхэд төсөв мөнгө хэрэг болно л доо.

-Энэ юунд зориулсан төхөөрөмж вэ?
-Би МУИС-ийн инженер багшаар хоёр жил ажилласан юм. Физикийн ангийн оюутнууд лабораторийнхаа ажлын багажийг өөрсдөө зохион бүтээе гэсэн санаагаар сумны хурдыг тодорхойлох физикийн лабораторийн багаж зохион бүтээсэн юм. хэрэгтэй эд байсан. Физикийн лабораторид бөмбөлөг шидээд, тэр бөмбөлөгний хурдыг тодорхойлох багаж юм. Физикийн онолын мэдлэгийг батлах зорилготой хийсэн.

Энэ электрон табло. Спортын төв ордонд байдаг. Олон жилийн өмнө хийж байлаа, одоо хоцрогдсон л доо. Тухайн үедээ шинэ мундаг л эд байлаа. Бас жижигхэн  мотоцикл хийж байсан. "Авьяаслаг Монголчууд" тэмцээний оролцогч Алтай хамтлагийн захиалгаар гэр-театр хийлээ. Тайз чимэглэлд нэлээн хөдөлмөр зарсан.

-Нэг талаар таныг интерьер дизайнер гэж хэлж болох юм?
-Олон янзын л юм хийж байна. Түүх соёлын дурсгалыг сэргээн бүтээх чиглэлээр ажиллах сонирхолтой байдаг. Түүхийн олдворууд байхгүй учраас түүхийн олдворыг сэргээж бүтээе гэж боддог. Хүннүгийн сүйх тэрэг булшнаас олддоггүй. Ихэвчлэн хэмхэрсэн байдаг. Булшнаас олдсон юмыг сэргээж хийснээр музейн үзмэрт баялаг бүтээнэ гэж боддог. Сэргээн засварлах биш, сэргээн бүтээе гэж байгаа юм.  Яагаад гэвэл дэлхийн томоохон музейд жинхэнэ олдвороо далд хийж хиймлийг нь гаргаж тавьдаг.

Мөн диспетчерийн хяналтын систем хийсэн. Түргэн тусламжийн утсыг баримтжуулж яриаг нь бичдэг систем. Анх Түргэн тусламжийн газар надад захиалга ирсэн юм. Түргэн тусламжийн захирал, Гавьяат эмч Г.Цулбуур нэг өдөр намайг дуудаад "Шүүхэд дуудагдаад асуудалтай байна. 103-т дуудлага ирэхэд диспетчер хүнд суртал гаргаад. Тэрнээс болоод цаад хүн нь хүлээгдээд, нас барсан тохиолдол гарлаа. Диспетчертээ "Чи хүнийг үг хэлээр доромжилсон байна лээ" гэхээр "Үгүй, би тэгээгүй. Худлаа ярьж байна" гээд байх юм. Гэтэл тэр хоёрын дунд болсон ярианы баримт байдаггүй. 10 гаруй жилийн явдал юм. 103-ынхан утсаа хөндий тавьдаг, огт авахгүй байх асуудал гаргадаг байсан учраас яриа бичдэг систем хийж, бүх аймагт тавьж байлаа. Одоо энэ системийн програмыг шинэчлэх ажил хийж байна.

Хувцасны загвар хүртэл гаргасан гээд бод доо. Монгол цэргийн хүндэт харуулын хувцасны загварын тендер зарлахад хийж байсан.

Хамгийн сүүлд дээд дунд сургуульд инноваци зохион бүтээх лаборатори байгуулах төсөл бичсэн юм. Хүүхдүүдийг гараар нь юм хийлгэх хэрэгтэй.  Онол үзсэн ч гараараа юм хийж чадахгүй хүүхдүүд л гарч байна. Залуу инженерүүдийг бэлдэх хэрэгтэй. Хүүхдүүд багаасаа алх, цахилгаан дрилл, өрөм барьж үзэх хэрэгтэй байна. Хөрөө, бахь барьж сурах, гагнуур хийж үзэх хэрэгтэй байна. Цагаан гартнууд их төгсөж байна. Оюутнуудыг хөдөлмөрлүүлж сургах хэрэгтэй. Залуу техникчдийн ордны хүүхдүүд их мундаг төгсөж байсан. Цахилгаан хөрөөн дээрээ ажилладаг, гагнуур хийдэг хүүхдүүд байлаа. Харин одоо тэд маш мундаг явж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 942 санал өгсөн байна.

Дээшээ