“Монголын ноолуурыг битгийн худалдаж ав” гэсэн утгатай мэдээлэл BBC дээр тууж явна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, ганц нүүр тахалдаг манай монгол брэндийг олон улсад сөргөөр сурталчилдаг яадаг эсэргүүнүүд вэ хэмээн та ч бас миний адил гайхаж байгаа байх. Тэгвэл дэлхий нийтээрээ тогтвортой хөгжихөөр сэтгэл шулуудсаны “золиосонд” манай ноолуурын салбар ийнхүү ад үзэгдэх болжээ.
Ноолуурын салбар нэрийн цаана энэ түүхий эдийг үйлдвэрлэж байгаа хөөрхий хэдэн ямааг л адалж байгаа хэрэг. Ер нь ч их эртнээс “атаархсан” нөхдүүд юмсанж. Аль 2013 онд BBC тэргүүтэй гаднынхан “Ноолуурын худалдаа ирвэсний амьдрах орчинд заналхийлж байна” гарчгийн дор сүүлийн 20 жилд төв Ази дахь ноолуурын чиглэлийн ямааны тоо толгой гурав дахин ихэссэнийг гайхаж ирээд нийтэлснээр эл “дайралт” эхэлсэн гэж ойлгож болно.
Тэгэхдээ бүр 1990 онд таван сая байсан ямааны тоо толгойг 2010 онд 14 саяд хүргэж, хөхөө өвлийн хүйтэнд хөрж, зуны халуунд наршин, гадаа гандаж, хөдөө хөхрөн байж хамаг хүч хөдөлмөрөө зориулан энэ амжилтад хүрсэн өнөө хэдэн малчдыг маань бүр илүү үзэх хандлагатай.
Монгол орны 70 гаруй хувь элсэн цөл болоход ойрхон байна
Тэгж яривал, Монгол Улсын ноолуурын салбар сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, ноолуур үйлдвэрлэлээр урд хөршийн шил даран, дэлхийд хоёрдугаар жагстлаа амжилтад хүрсэн. Энэ жил ямааны нэг кг ноолуур түүхэндээ анх удаа 100 мянган төгрөгт хүрч, өмнөх оныхоос хоёр дахин үнэд орсон нь 85 мянга давсан 2014 оны рекордыг эвдэв. Манай монгол ноолуур ямар эрэлттэй байгааг энэ тоо харуулж байна. Тийм ч учраас энэ жил 8500-8700 тонн ноолуурыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдахаар төлөвлөж байгааг салбарын мэргэжилтнүүд нь хэлж байсан. Дэлхийд ийнхүү нэрээ гаргаж буй монгол ноолуурын салбар ДНБ-д томоохон байр суурь эзэлж, эдийн засгийн үр ашгаараа уур уурхайн салбарын дараа бичигдэх нь аргагүй. Энэ бүхэн эцсийн дүндээ манай малчин ард түмний уйгагүй хөдөлмөрийн үр шим. Ингэж хэдэн малчдаа, төсвийн орлогод тодорхой хэмжээний орлого бүрдүүлдэг ямаа “тэргүүтэй” ноолуурын салбарынхнаа өмөөрөх гэтэл болсонгүй.
Ирээдүйгээ харсан ч тэр, байгаль дэлхийгээ бодсон ч тэр, дэлхий нийтийн хандлагыг ажигласан ч яах аргагүй ямааны буруу болж таарав. Ноолуур хэчнээн зөөлөн, ямар ч дулаахан байлаа гээд цаанаа байгаль орчинд нөхөж баршгүй их гарз хохирол учруулж байгааг нь та юуны өмнө тунгаагаарай хэмээх өгүүлбэрийг гаднын цахим хуудсуудын тэрхүү мэдээлэлд шигтгэжээ.
Угтаа мал аж ахуйн салбар монголчуудын хувьд орлогын тэргүүлэгч эх үүсвэр. Ийм ч байсаар ирсэн. Цаашид ч тийм л байх болно. Гэвч тэмээ, адуу, үхэр, хонин сүрэг хэзээ ч дан ганц ямаа шиг газрын хөрсийг сэндийлж, талхалж байсан түүх үгүй. Яагаад гэвэл ямаа гээч туурайтан тун хорлонтой амьтан аж. Ургамлаар хооллохдоо хамгийн шим шүүстэйг нь сорчилно. Тэгээд идэхдээ заавал үндсээр нь ухаж, сэндийчнэ. Тэр ургамлыг дахин ургахааргүй болгон цөлмөдөг гэсэн үг. Монголын тал нутаг өтгөн ногоон өвсөөр хучигдсан, ан амьтан өсөж үржихэд үлгэрийн мэт гайхалтай байгаль орчинтой байсан цаг саяхан. Манай орны бэлчээрийн 65 шахам хувийг ямаан сүрэг талхлахаас өмнө шүү дээ.
Харин хэзээнээс овжин урд хөршийнхөн байгаль орчиндоо хохирол учруулан байж, ноолуурын төлөө ямаа өсгөснөөс ар Монголоос түүхий эдээ авсан нь алс ирээдүйд ашигтай хэмээн харж, малчдынхаа ямааны тоонд хязгаар тавьж, бодлогоор зохицуулжээ. Энэ бодлого эргээд 30 жилийн өмнө мал сүргийн 19 хувийг эзэлж байсан ямааны тоо толгой өдгөө 60 хувьд хүртлээ өсөхөд түлхэц болсон аж.
Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс илүү өртөмтгий байгааг ч үүнтэй холбож болно. Учир нь өвс хадлантай тал нутгийн хэмжээ хумигдах нь таван хошуу малаар зогсохгүй бусад ан амьтны амьдралд нөлөөлж буй юм. Тухайлбал, дэлхийд ховордож, Улаан номонд бичигдсэн цоохор ирвэсний идэш тэжээл ховорджээ. Үүний зэрэгцээ ямаагаа амар тайван бэлчээх гэсэн малчид энэ амьтныг сэм намнах болсон нь тоо толгой нь улам цөөрөхөд нөлөөлж буй аж.
Өдгөө 90 настай, малчин Т.Лхагважав “Зүлэг ногоо шигсэн тал нутаг минь нүдэн дээр эргэж, сааралтсан сул шороо болж буйг харж сууна” хэмээн шүүрс алдсан бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Намжиг агсан “Хөдөө аж ахуйгаа түшиглэж байж л Монгол Улс өөдөө явна. Гэхдээ төрийн цогц бодлого хэрэгтэй байна. Ямаа бол хониныхоо тоо толгойноос хоёр дахин бага байж байгалийн тэнцвэртэй зохилдлого оршдог. Гэвч өнөөдөр хэдэн кг ноолуур тушаахаа бодож ямаагаа замбараагүй өсгөснөөр бэлчээрийн доройтол хэрээс хэтэрч, шимт сайхан хөрс минь сул шороо болоод дуусаж байгаа нь хэчнээн харамсалтай. Энэ бол нөхөж баршгүй хохирол” хэмээн насан эцэслэтлээ сэтгэлээ чилээсэн.
Ямаанд талхлагдаж, өвс ургамлыг үндсээр нь ухсан газарт дахин өвс ногоо ургуулъя гэвэл нарийн зохион байгуулалт, шинэ менежменттэйгээр, мал, амьтны хөлөөс хамгаалж, арчилж тордох хэрэгтэй гэх. Ингэж чадаж гэмээнэ 10 жилийн дараа сая нэг сэргэнэ хэмээн судлаачид таамагласан. Харин яг одоогийн байдлаараа цааш алхвал цөлжих эрсдэлд байгаа Монгол орны газар нутгийн 70 гаруй хувь нэг мөсөн элсэн цөл болох эрсдэлд ойрхон тулж иржээ.
Ойрхи Дорнодынх шиг цөлөрхөг, халуун уур амьсгалтай орон болно гээд та төсөөлөөд үз дээ. “Арай ч Израиль, Араб, Ливан шиг болчихгүй байлгүй дээ” гэж бодож байж мэдэх юм. Тэгвэл үгүй. Энэ жимээрээ зүтгэвэл яг л тийм ирээдүй биднийг хүлээж байна. Үнэн хэрэгтээ Ливан улс цагтаа хуш модоор хучигдсан, чийглэг уур амьсгалтай үзэсгэлэнт байгаль бүхий орон байсан гэдэг. Гэвч нэг л мэдэхэд хушин ойн эзлэх талбай нутаг дэвсгэрийнх нь 13.4-хөн хувьд хүрч, элсэнд дарагдсан халуун орон болж хувирчээ.
Өнгөрсөн хойно нь байгалийнхаа ямар сайхан байсныг шагшин яриад ч үзэгдэх байдал нь нэгэнт эсрэгээрээ эргэсэн тул дэмий л сэтгэлээ хуурч, хуш модны зургийг Төрийн далбаандаа багтаахаас өөрийг хийж чадаагүй аж. Өдгөө Ливан улсын засаг захиргаа ой модоо сэргээж, эзлэх талбайг нь 20 хувьд хүргэхийн тулд жил бүр хоёр сая мод шинээр тарьдаг байна. Гэсэн хэдий ч унаган төрхөө олтол энэ улс хэдэн үеийг элээх биз. Сонирхолтой Ойрхи Дорнодын тэдгээр орон Ливаны адил ийнхүү цөлөрхөг газар нутагтай болсон нь байгалийн жамаар өрнөсөн үзэгдэл гэхээсээ илүү хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой аж. Тодруулбал, манайх шиг ямаа тэжээсний гор нь ийнхүү олон жилийн дараа “өгөөж”-өө үзүүлсэн хэрэг.
Ливан улс цагтаа хуш модоор хучигдсан, чийглэг уур амьсгалтай байсан гэдэг
Манай улсын байгаль орчин ч гэсэн хэрхэн доройтож буйг бид харж буй. Ямааных нь ноолуур өндөр чанартайн хэрээр үнэд хүрдгээрээ алдартай Хэнтий аймаг л гэхэд эхнээсээ “үйлийн үр”-ээ эдэлж байна. Тус аймгийн урд сумдын нутгаас өмнө нь 30 м ухаад гүний ус оргилдог байсан бол одоо 70 м ухаад ч дусал ус гарахаа байсан тухай нутгийн малчид халаглан сууна. Ганцхан жишээ дурдахад л ийм байна. Нийт 1.5 сая ам км газар нутагтай манай улсын 112.1 сая га талбайг бэлчээр эзэлдэг. Харамсалтай нь нийт бэлчээрийн 65 хувь нь доройтолд орж, долоон хувь нь дахин сэргэхгүйгээр доройтсоныг ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хийсэн судалгаагаараа тогтоосон. Энэ бол малчид чанар бус, хэтэрхий тоо хөөцөлдсөнөөс малын тоо толгой өдгөө 62 саяд тулж, түүний дотор ямаа 25.5 сая тоо толгой болсны уршиг. Хонины тоо толгой 27.8 сая байхад шүү дээ.
Энэ бүхнийг монголчууд мэдэхгүй биш, мэдэхийн дээдээр мэднэ. “Ямаа хариулбал хувхайрахын цондон” хэмээн хуучны хашир буурлууд сургадаг туршлагатай малчид захидаг байсны учир энэ байж. Үгийг ухвал, тухайн малчин айл бус, байгаль орчин, цаашлаад улс орны хэмжээнд ямар хохиролтой болохыг сануулан хэтийг харж хэлсэн юмсанж. Гэвч мөнгө гэдэг хүчтэй ажээ. Ноолуур дэлхийн зах зээлд танигдаж, үнэ нь өсөж, хонь, үнээний сүүгээ боловсруулснаас ямаагаа ганц самнаад л бурзайх хялбар аргыг өнөө цагийн малчид илүүд үзэж буйг яалтай.
Уг нь ботго, хонио самнахад ямааны ноолуураас дутахааргүй чанартай ноос гарах боломжтойг салбарынхан ярьдаг. Ийм ноосыг ноолуурын хэмжээнд боловсруулах технологи ч бий болсон тухай мэдээ байдаг. Гээд яах билээ, төрөөс бодлогоор зохицуулахгүй л бол малчдын эрхэнд халдах эрх хэнд ч байхгүй.
Гэхдээ нэг зүйлийг бодохгүй бол болохгүй. Дэлхий нийтээрээ “Тогтвортой хөгжил” хэмээн хашхирч байна. Парисын гэрээнд нэгдсэн улс орнууд Тогтвортой хөгжлийн бодлого, түүний 17 зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Үүний тоонд Монгол Улс ч цохиж явааг мартах аргагүй.
Энэ агуулгад байгаль орчинд ээлтэй хэрэглээ, хэв маяг, худалдаа, эдийн засгийг бүх талаар дэмжих үзэл санаа явж буй. Ийм ч учраас эдийн засгийн өгөөжөөсөө ирээдүйд нүүрлэх хохирол өндөртэй ямаа үржүүлэг, ноолуурын салбартаа бид технологийн хөгжлийн давуу талыг ашиглаж, малын чанарт анхаарахгүй бол болохгүй нь. Үгүй бол дэлхий нийтэд жил ирэх тусам л баалуулах болно. Эрэлт үгүй бол нийлүүлэлт зогсоно. Зах зээлийн хөдөлшгүй хууль энэ. Тэд худалдаж авахаа нэгэн дуунаар болих л юм бол манай стратегийн тэргүүлэх салбар “будаа” болно. Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж хөгжүүлэхгүй л бол цаашаа явахгүй нь байна шүү.
Р.Оюунцэцэг