Дэлхийн 120 орон Астанад ирээдүйн эрчим хүчийг хамтран бүтээнэ

Mongolian economy

2017-05-19 10:25 GMT+8

“Экспо Астана 2017” олон улсын үзэсгэлэнгийн Казахстаны талын төлөөлөгч, “KazKarakas” компанийн Ерөнхий захирал Мизанбай Ерханаттай ярилцлаа.

-“Экспо Астана 2017” олон улсын үзэсгэлэнгийн зорилго, ач холбогдол,  цар хүрээний талаар товчхон танилцуулна уу?
-Уг олон улсын үзэсгэлэнгийн гол зорилго нь дэлхий дахинд эрчим хүч зарцуулалтын хор уршгийг багасгах, байгальд ээлтэй техник, технологийн сүүлийн үеийн ололт амжилттай танилцуулах, бага зардлаар эко эрчим хүч ашиглахыг нийт хүн төрөлхтөнд уриалахад оршино. Үзэсгэлэнгийн оролцогч хүн төрөлхтний шилдэг оюуны бүтээл болсон техник, технологийг нүдээр үзэж, гараар барих боломжтой.

“Экспо Астана 2017”-гийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн шилдэг шийдлүүдийг цуглуулж, 93 өдрийн турш ирээдүйн эрчим хүчийг дэлгэн үзүүлэхээс гадна хөгжиж буй орнуудын эрчим хүчний тулгамдсан асуудалд олон улсын анхаарлыг хандуулах том зорилт тавьсан. Астанад цуглах дэлхийн шилдэг мэргэжилтнүүд “ногоон эрчим хүч”, түүний хүртээмжтэй, цэвэр, хямд чанарыг ойрын 10 жилд дэлхийн шинэ трэнд болгоход юу шаардлагатай талаар хэлэлцэнэ.

Дэлхийн 120 гаруй улс, олон улсын 21 байгууллага энэ үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна. Энэ дунд НҮБ, Дэлхийн банкнаас эхлээд ЮНИСЕФ, ОПЕК зэрэг олон улсын байгууллагууд бий. Арга хэмжээг зохион байгуулахад гурван тэрбум ам.доллар зарцуулна.

-“Ирээдүйн эрчим хүч” гэсэн үзэсгэлэнгийн үзэл санааг тайлбарлавал?
-Энэхүү олон улсын үзэсгэлэнгийн сэдвийг “Ирээдүйн эрчим хүч” хэмээн сонгосон. Эдүгээ дэлхий нийтэд эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж, үүнтэй зэрэгцээд байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Бидэнд нар, салхи, ус гэсэн дуусашгүй нөөц байна. Хэрэв уламжлалт эх үүсвэрүүдээ ашигласан хэвээр байвал хүн экологийн эрүүл нөхцөлд амьдрахад хүндрэлтэй болно. Өөрөөр хэлбэл дэлхийн эрчим хүчний ирээдүй нь сэргээгдэх эрчим хүч байхаас зайлшгүй болж байна.

-Гурван сар үргэлжлэх экспогийн хүрээнд ямар онцлох арга хэмжээнүүд болох вэ?
-3000 орчим төрлийн арга хэмжээ зохиогдох төлөвтэй байна. Тэр дунд олон улсын бизнес форумууд, шинэ техник, технологийн үзэсгэлэн, сэдэвчилсэн хурал, семинарууд, тодорхой улс оронд зориулсан өдөрлөгүүд гээд олон арга хэмжээ орж байна. Мөн олон улсын байгууллагуудын үзэсгэлэн зохиогдоно. Урлаг, соёлын арга хэмжээ ч бий.

Түүнээс гадна бизнесийн хүрээнийхэн үзэсгэлэнд олноор оролцохоор байна. Сэргээгдэх эрчим хүч гэхээр зөвхөн энэ салбарынхан тэнд очно гэвэл тийм биш. “Экспо Астана 2017”-д олон улсын том бизнесменүүд оролцоно. Үзэсгэлэнгийн нийт арга хэмжээний 30 орчим хувийг улс орнуудын брэндүүдийн танилцуулга эзэлж байгаа юм. Тиймээс энэ экспо бол аль ч чиглэлийн бизнесмен хүнд нээлттэй.

Манай улсын хувьд тус үзэсгэлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан сонирхсон хувь хүн, албан байгууллагыг хамруулаад эхний ээлжинд 100 хүний бүрэлдэхүүнтэй бизнес аялал хэлбэрээр оролцохоор болсон юм. Энэ аялал нь үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаатай давхцаж байгаа юм. Цаашдаа гурван сарын хугацаанд нийтдээ таван удаагийн аялал зохион байгуулах юм. Таван жилд нэг удаа зохиогддог дэлхийн хэмжээний энэ үзэсгэлэнгээс Монголын хувьд суралцах, олж авах зүйл маш олон. Энэ үзэсгэлэнд оролцох нь ирээдүйнхээ бизнест том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

-Казахстаны Астана хот ширүүн өрсөлдөөний үр дүнд уг үзэсгэлэнг зохион байгуулах эрх авсан. Астанаг сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Казахстан нь Дундад Азийн хурдацтай хөгжиж буй орон гэдгээс гадна Назарбаевын бодлого улс төрийн тогтвортой байдлыг бий болгосон нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн. Түүнчлэн хүн төрөлхтөний өмнө тулгамдаад буй хамгийн чухал сэдвүүдийн нэгийг хөндөн тавьсан нь Казахстаныг сонгоход нөлөөлсөн байх гэж бодож байна.

Ярилцсан Г.Даваадорж
 “Экспо Астана 2017” олон улсын үзэсгэлийн
Монгол дахь төлөөлөгчийн газар.
Пийс тауэр, 1614  тоот. Утас: 89930330
“CDC TM”  ХХК

Бизнес аялалын бүртгэл явагдаж байна..

GoGo Facebook Хуудас
 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 77 санал өгсөн байна.

Дээшээ