К.Занусси: Шүүмжлэгч, боловсорсон үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг хүнийг сайн найруулагч гэж хэлнэ

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-05-19 14:10 GMT+8

Европын кино академийн  удирдах зөвлөлийн гишүүн, нэрт найруулагч Кшиштоф Зануссийг Монголд хүрэлцэн ирээд байхад нь урьж ярилцлаа.

Тэрбээр кино найруулагчийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон мэргэжлийн уран бүтээлчдэд хоёр өдөр дараалан сургалт явуулж, өөрийн нэрэмжит кино өдөрлөгөөр шилдэг бүтээлүүдээ толилуулсан юм.

-Та Монголд хэд хонолоо. Цагийг хэрхэн өнгөрүүлсэн бэ?
-Би маш шахуу хугацаанд ирлээ. Хоёр өдөр лекц уншлаа. Харин өчигдөр юу болсон гээч? Биднийг хөдөө явах замд /Хустайн нуруу/ элсэн шуурга  шуурсан. Өмнө нь би амьдралдаа хэзээ ч өөрийн нүдээр элсэн шуурга харж байсангүй. Энэ талаар зөвхөн номноос л уншиж байсан гэх үү дээ. Элс, шороогоор шуурч, бидний зам харагдахаа байчихсан. Үнэхээр гайхамшигтай үзэгдэл.

Танай хүн ам их биш ч чадвартай хүн олон байдгийг би мэднэ.

-Монголд ирэхээсээ өмнө та хэрхэн төсөөлж байсан бэ?
-Би тэс өөрөөр төсөөлж байж. Танай орныг үргэлжилсэн өргөн их тал нутагтай гэж бодож байлаа. Гэтэл уул толгодын дунд хээр тал байх юм. Танай нутгийг ийм олон уултай гэж төсөөлж байсангүй.

-Харин хүмүүсийн хувьд? Таны сонирхлыг татах зүйл юу байв.
-Би монгол хүнтэй өмнө нь олон удаа уулзаж байсан. Польшид суралцдаг монгол оюутнууд, бусад улс оронд ч тааралдаж л байлаа. Танай хүн ам их биш ч чадвартай хүн олон байдгийг би мэднэ.

Би олон хүнтэй, ялангуяа оюутнуудтай уулзаж ярилцлаа. Тэдэнд нэг тийм хүчирхэг бахархал гээч зүйл байдаг юм билээ. Улс эх орноороо, үндэс угсаагаараа их бахархдаг. Надад  энэ нь үргэлж сайхан санагддаг. Магадгүй энэ бүхэн бидний харилцааг илүү ойртуулдаг байх л даа. Польшууд ч бас өөрсдийн гэсэн бахархалтай хүмүүс. Энэ нь хүнд цаг үеийг туулсан үндэстнүүдийн онцлог шинж юм болов уу гэж боддог.

-Та Монголын урлагтай танилцаж, уран бүтээлчидтэй уулзаж ярилцсан байх?
-Уулзалгүй яах вэ. Бид  хамтдаа хотоос гарч, тэдний хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийнх нь талаар ярилцсан. Магадгүй би тэдэнд цаашид юуг хэрхэн хийх зөвлөгөө өгч, бага ч болтугай тус хүргэсэн байх гэж найдаж байна. Төрийн болон соёлын бодлого боловсруулдаг гээд олон хүнтэй уулзаж ярилцсан.

-Таны талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Та нэгэн ярилцлагадаа зохиолч О.Бальзакийн “ачаар” баян хамаатнуудаасаа холдож, өөрийн зам мөрийг хөөсөн тухай ярьсан байсан. Бальзакийн зохиолуудаас та чухам юу ойлгосон бэ?
-Би итали гаралтай. Итали ах дүүс маань үлгэрийн юм шиг баян хүмүүс. Коммунизмын үед би тэдэн дээр очиж байлаа. Халаасандаа мөнгөгүй, тухайн үед валют ч сольдоггүй байсан. Гэтэл тэнд би тэс өөр ертөнцийн хүмүүс харж байлаа. Тэд намайг ойлгоогүй, би ч тэднийг анхандаа ойлгож байсангүй. Уран зохиол хүнийг амьдралын хүнд хэцүү үйл явдалд бэлтгэхэд тусалдаг.

Бальзакийн зохиол бол олон хэсэгт хуваагдсан нэг роман. Бүх зохиолууд нь хоорондоо холбоотой мэт санагддаг. Тэр чигтээ баяжиж эхэлж буй нийгмийн тухай өгүүлдэг. Өнөөгийн нийгэм ч өмнө нь байгаагүйгээрээ маш хүчтэй баяжиж байна. Коммунизмын үед  баян хүн баялгаа нуудаг байлаа. Харин одоо хүмүүс баяжиж байгаа нь нийгмийн шинэ туршлага гэж хэлж болно.

БИ БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮРГЭЛЖ ТЭМЦДЭГ

-Би “Гадны биет” киног тань үзлээ. Энэ бүтээлд мөн олон зөрчил харагдсан. Кино үнэхээр таалагдсан. Гэвч үнэнийг хэлэхэд бас төдийлөн бүрэн ойлгож чадаагүй. Магадгүй энэ киног, хоёр эсвэл гурав дахь удаагаа үзвэл юу хэлэх гэснийг ухаарах байх. Харин таныхаар гадны биет гэж хэн бэ, киногоор дамжуулан юу хэлэхийг хүссэн бэ?
-Энгийнээр тайлбарлавал гадны биет бол эмх замбараагүй ертөнц дэх ёс журамтай төлөв төвшин хүнийг хэлж байгаа юм. Харин тэр ертөнцийг хүний зүрх сэтгэлийг үгүй хийдэг, зарж иддэг томоохон корпорациар төлөөлүүлсэн. Хүний хийсэн ажлыг бус зүрх сэтгэлийг худалдаж болохгүй.

Миний киноны эсрэг дүр болсон эмэгтэй эрх мэдэл, мөнгөнд итгэж найдаж байсан ч киноны төгсгөлд амьдрал нь ор хоосон байсныг ойлгож, түүнд туслах хэн нэгнийг хүлээж байгаа тухай гардаг. Карьер нь нурахад түүнд юу ч үлдээгүй. Амьдралдаа нэг ч сайхан зүйл хийгээгүй гэдгийг харж болно.

Харин хоёр дахь эмэгтэйн хувьд хайртай залуугаа орхиж гэлэнмаа болдог тухай гардаг нь драматик шийдэл байсан. Хэрвээ тэр бүхий л амьдралаа сүмд өнгөрүүлж, шашин шүтлэгтээ үнэнч хэвээр үлдвэл энэ нь түүний хувьд ялалт байх болно.  Үнэндээ энэ бол манай хамаатны нэгэн сайхан, боловсролтой бүсгүйд тохиолдсон явдал. Тэр хангалттай сайхан амьдардаг ч гэлэнмаа болох замыг сонгосон. Түүний бурханд өгсөн хайр хүмүүсийг хайрлах хайраас ч илүү байсан юм болов уу.

-Та кинонууддаа сүмийн дүр зураг их харуулах юм. Та шүтлэгтэй юу?
-Тийм ээ, би шүтлэгтэй хүн. Би физикч мэргэжилтэй хүн л дээ. Сонирхолтой нь физикчдийн ихэнх нь шүтлэгтэй байдаг юм билээ. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс ямар нэг нууц хүч байдгийг мэддэг юм. Би христийн католик шашинтай  ч бусад шашинд нээлттэй ханддаг. Ямар ч шүтлэггүй, итгэл бишрэлгүй хүнд ямарваа нэг зүйл дутмаг байгаа мэт санагддаг. Яагаад ч юм тэд дотоод мэдрэмжээ алдсан ч юм шиг санагддаг гэх үү дээ.  Орчин цагийн шинжлэх ухаанд ямар нэг нууц байгааг орчин үеийн хүмүүс мэдэрдэг байх ёстой. Харин нууц бол ямар ч шашны үндэс суурь юм.

Хамгийн гол нь худал хэлэхгүй, үргэлж өөртөө үнэнч шударга байхыг зөвлөмөөр байна.

-Шашнаас гадна таны бүтээлүүдэд коммунизмын эсрэг тэмцлийг их харуулдаг юм билээ?
-Одоо коммунист систем үгүй болсон ч би үргэлж бүтээлээрээ тэмцэж байдаг. Аль ч нийгэмд авлигал, шударга бус хүмүүс, худал хуурмаг бий. Тиймээс үргэлж тэдгээрийн эсрэг тэмцдэг байх хэрэгтэй. Коммунист нийгэм бидний хөгжлийг удаашруулж, олон хүний амьдралыг үгүй хийж, чөлөөтэй хөгжих боломжийг хааж байсан. Тиймээс бид тэмцэх хэрэгтэй байсан. Миний ойр тойрны хүмүүс үргэлж л тэмцдэг байлаа. Зураачдаас л гэхэд хэн нь ч намын гишүүн байсангүй.

-Мэдээж төрийн зүгээс шүүмжлэлд их өртдөг байсан байх. Тэдэнтэй  хэрхэн учраа олдог байв?
-Мэдээж тийм зүйл их байсан. Миний кинонуудад маш олон удаа цензур тавьж, хасаж байлаа. Тэглээ гээд би гомдол гаргаж чадахгүй шүү дээ. Энэ бол тэр нийгмийн бүхий л уран бүтээлчдийн хувь заяа, туулсан зам.

-Та залуу найруулагч, уран бүтээлчдийг хэрхэн дэмждэг вэ?
-Хэнийг ч дэмжих шаардлагагүй гэж хэлмээр байна. Гэхдээ би залуу уран бүтээлчидтэй ойр ажилладаг.  Тэдэнд хичээл зааж байна. Зөвхөн кино салбар гэлтгүй гадагшаа дотогшоо их явж залуу хүмүүстэй уулзахыг эрмэлздэг. Өдий 78 нас хүрсэн настай хүн залуучуудад хэрхэн тусалж, дэмжих вэ. Хамгийн гол нь худал хэлэхгүй, үргэлж өөртөө үнэнч шударга байхыг зөвлөмөөр байна. Хэрвээ ингэж чадвал чи ялагч болно. Худал хуурмаг зүйл дээр юу ч босгож, барьж байгуулах боломжгүй.

-Залуу насанд танд хэн нэгнээс хуулбарлах тохиолдол гарч байв уу? Зарим уран бүтээлчдийн кинонд ямар нэг санаа давтагдах тал ажиглагддаг.
-Энэ асуултад хариулахад хэцүү юм байна. Учир нь надад яг хэн нөлөөлснийг хэлэхэд хэцүү. Гэхдээ би өөрийн хэлийг олж авахыг хичээж байсан. Миний кинонууд бусдын бүтээлүүдээс ялгардаг онцлогтой.  Тиймээс миний гэсэн хэл бий болсон гэж боддог. Би Ингмар Бергман, Андрей Тарковский, Робер Брессон зэрэг чадварлаг найруулагч нартай ойр дотно байлаа. Мэдээж тэд надад нөлөөлж байсан юм шүү.

-Таныхаар сайн найруулагч гэж хэн бэ?
-Шүүмжлэгч, боловсорсон үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг хүнийг сайн найруулагч гэж хэлнэ. Гэхдээ хүн бүрийн сонирхлыг татах албагүй. Олон ангит киног хэн найруулсныг хэн ч сонирхдоггүй. Тэнд ер нь найруулагч гэж байдаггүй юм. Зүгээр л камер байрлуулаад жүжигчдээ хувиарлаад суудаг ажилтан.  Харин уран сайхны кинонд хувь хүний зан төлөв, араншин харагддаг. Энэ тохиолдолд найруулга юунд хэрэгтэй вэ гэдэг асуудлыг хөндөж болно.

Хэрвээ юу ч үзэхгүй, зөвхөн урдахаа хийгээд  байвал эцсийн эцэст хэзээ ч сонирхолтой бүтээл гараас чинь гарахгүй.

-Та уран бүтээлчдэд уран сэтгэмжийг хөгжүүлэх тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Үргэлж өөрийгөө хөгжүүлж, өөртэйгөө ажиллаж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Үргэлж ном уншиж, уран зураг үзэж, бусдын киног үзэж байх хэрэгтэй. Цаг тутам өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өрсөлдөөн дэндүү их байна.  Орчин үед ямар ч хүн кино хийчихэж байна. Гар утсаа ашиглаад л кино зураг авч болж байна.

Гэхдээ мэргэжлийн уран бүтээл хийх гэж байгаа бол мэргэжлийн өндөр түвшинд, авьяас чадвар, уран сэтгэмжээ шингээн байж хийх хэрэгтэй. Уран сэтгэмжийг үргэлж хөгжүүлж байх ёстой. Энэ бол мэдрэмжээ хөгжүүлэхтэй ижил. Мэдрэмжийг бид бусдын авьяас чадварыг харж, тэдэнтэй харилцах  үедээ хөгжүүлж байдаг. Хэрвээ юу ч үзэхгүй, зөвхөн урдахаа хийгээд  байвал эцсийн эцэст хэзээ ч сонирхол татах бүтээл гараас чинь гарахгүй.

-Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчээс хүмүүс зөвхөн чанартай бүтээл л хүлээж байдаг...
-Амттан зардаг дэлгүүр байлаа гэж бодъё. Дээгүүр болон доогуурх тавиур дээр тавьсан бүтээгдэхүүнүүдээс доогуур тавьсан нь найруулагчид тийм ч сонин биш. Харин  дээгүүрх тавиурт байгаа нь л илүү сонирхол татдаг учраас тэр найруулагч өндрөөс юу харж юу хэлэх нь бидэнд сонирхолтой байдаг. Жишээ нь, найруулагч Ингмар Бергман  ямар нэг сэдэв, зохиол барьж авахад тэр нь юу байх нь хамаагүй. Бергман сонгон авч байна гэдэг  л сонирхолтой байгаа юм.

-Таны уран бүтээлийн замналдаа баримталж байсан зарчим тань юу вэ?
-Эргээд харахад миний карьерын замналд олон ч уналт, өсөлт байлаа. Хийсэн ажил чинь амжилт олохгүй байх тохиолдолд нугаралгүй үргэлж хүчтэй байж өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа миний зөв гэж бодсон зүйлд бусад бүх хүмүүс эсрэг байр суурьтай байх үе бий. Тэр хүнд хэцүү үеийг туулж, тэмцэж, тэсч гарахад эхнэр маань их тус болдог.  Би урлагийн хөгжлийн чиг хандлагын эсрэг, өөрийнхөө замаар явахыг оролддог. Санал нэгдэхгүй, таалагддаггүй зүйл олон бий. Хүмүүс эсэргүүцэж байсан ч би өөрийн санааг урлагаар харуулахыг хүсдэг.

Танай орон ямар гайхалтай байгальтай, ямар сайхан урам зоригоор дүүрэн хүмүүстэй гэдгийг би харлаа.

-Танд баярлалаа. Таны дараагийн төлөвлөж байгаа ажил  юу байгаа бол?
-Хоёр хоногийн дараа Орос явах гэж байна. Москвагийн найруулагчдын дээд курсүүдэд лекц тавина. Би олон жил гадаадад сургалт явуулж байна. Олон ч газраар аяллаа. Шинэ кино хийхээр төлөвлөж, зав багатай  байгаа ч гэртээ очиж амжихгүй л байна. Киногоо хэд хэдэн орны уран бүтээлчидтэй хамтран хийхээр төлөвлөж байгаа юм. Амьдрал үнэхээр хурдан өрнөж байна шүү. Яагаад ийм хурдан өнгөрөөд байгааг өөрөө ч гайхаж байна.

-Танд энд байх хугацаанд ямар нэг шинэ содон санаа төрөв үү?
-Яг ч цоо шинэ санаа одоогоор алга. Гэхдээ танай орон ямар гайхалтай байгальтай, ямар сайхан урам зоригоор дүүрэн залуустай гэдгийг би харлаа. Энэ бүхэн миний сонирхлыг их татсан. Тиймээс Монголд ямар нэг кино хийх санаа төрөхийг үгүйсгэхгүй. Магадгүй хамтын бүтээл ч хийх юм билүү. Ямартай ч сайхан мэдрэмж авсан гэдгээ би хэлмээр байна.

-Танд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 540 санал өгсөн байна.

Дээшээ