WannaCry-аас дор халдлага яг одоо болж байна

Д.Багахүү GoGo.mn

2017-05-19 15:20 GMT+8

300 мянга гаруй компьютерт халдсан WannaCry халдлага өнгөрч буй долоо хоногийн турш дэлхийн нийтийн анхаарлын төвд оров. Харин тэдний ашигласан цоорхойг илүү ухаалгаар, илүү өргөн цар хүрээтэй ашиглаж буй өөр нэгэн хакерын бүлэглэл байгааг Proofpoint тогтоожээ.

Тэд EternalBlue болон DoublePulsar хэмээх Үндэсний аюулгүй байдлын ашиглаж байсан цоорхойг ашиглан компьютеруудад цахим валют олборлогч суулгаж байгаа аж.

Хэрэглэгчийн мэдээллийг түгжиж, хариуд нь барьцаа нэхэхийн оронд зүгээр л компьютер бүрийг цахим валют олборлогч болгосноор тэд хэнд ч мэдэгдэлгүйгээр, их хэмжээний ашиг олжээ.

Adylkuzz зөвхөн хуучны, шинэчлэл хийгээгүй Windows-ын үйлдлийн системд халдварладаг

ProofPoint-ийн бичсэнээр хакерууд хохирогчдын компьютерт Adylkuzz программыг суулгаж, Monero хэмээх цахим валютыг олборлон, орлогоо өөрсдийн данс руу шилжүүлдэг юм байна.

Яг одоогийн байдлаар нэгж Monero-ийн үнэ 31.11 ам. доллартой тэнцэж байгаа бөгөөд олборлогч программ хэрэглэгчийн компьютерын процессор, график картын тодорхой хувийг ашиглан нарийн төвөгтэй тооцоо хийдэг.

Ингээд хийсэн тооцооны үр дүнд Monero зоос үүсгэх аж. Хэдийгээр ганц компьютер ийм тооцоолол хийхэд санхүүгийн хувьд тийм ашигтай биш ч гэсэн олон мянган компьютер зэрэг ажиллахад ашиг нь хэд дахих үржинэ.

ProofPoint-ын үзэж буйгаар Adylkuzz халдлага хэдэн долоо хоногийн өмнө эхэлж, өнөөдрийн байдлаар дэлхий даяар хэдэн зуун мянган компьютер, серверт халдсан байна.

Гэхдээ Adylkuzz зөвхөн хуучны, шинэчлэл хийгээгүй Windows-ын үйлдлийн системд халдварладаг бөгөөд хэрэглэгч хамгийн сүүлд гарсан аюулгүйн шинэчлэлтийг хийж байхад хангалттай.

Халдлагын ард байгаа хакерууд систем нэг данс руу их хэмжээний мөнгө орохоос сэргийлж, олон данс руу шилжүүлэг хийх тохируулга хийжээ. ProofPoint-ийн хэлж буйгаар наад захын жишээ гэхэд гурван дансанд 7-22 мянган ам. долларыг шилжүүлсэн байсан бөгөөд өөр дахиад олон данс бий аж.

Харин WannaCry-ийн хувьд одоогийн байдлаар 90 мянга орчим ам. доллар олжээ. Гол нь тэд мөнгөө олж авахад тийм ч хялбар байхгүй л болов уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3638 санал өгсөн байна.

Дээшээ