Шон Гарднер: Зурган ишлэл бол маш үр дүнтэй интернэт маркетинг

Сэтгүүлч А.Одонтуяа

2017-05-20 12:15 GMT+8

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдэв дор “Интернэт маркетингийн конференци” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Гурав дахь жилдээ болж буй энэ үйл ажиллагаа нь Форбес сэтгүүлээс гаргасан “Хамгийн нөлөөлөл өндөртэй дижитал маркетер”-ын жагсаалтыг тэргүүлсэн, АНУ-ын иргэн, дижитал маркетер ноён Шон Гарднерийг урьж, илтгэл тавиулснаараа онцлогтой.

-Таны бодлоор маркетер байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Маркетер байхын хамгийн сайхан нь мэдээж хүмүүстэй холбогдох. Харин интернет маркетингийн бүтээлч байдалд нь би дуртай. Учир нь маркетерууд ямар хүмүүс, бүлэгт зориулж маркетинг явуулах вэ гэдгээ тодорхойлсоны дараа ямар нэгэн контент хийж, бүтээдэг. Тэгээд тухайн бүтээлээ интернетийн тусламжтайгаар зөвхөн зорилтот хэрэглэгчиддээ шууд хүргэдэг гэдгээрээ давуу талтай.

Интернет хүмүүсийг шууд холбож өгдөг

Өөрөөр хэлбэл, интернет хүмүүсийг шууд холбож өгдөг. Өмнө нь надтай уулзаж, бизнес ярих хүсэлтэй хүмүүс урьдчилан цаг авдаг эсвэл үүдний манаачаас татгалзсан хариу аваад буцдаг байсан. Харин интернет энэ бүх хүнд суртлыг үгүй болгож, бүх салбарт ил тод байдлыг авчирсан.

-Интернет маркетингийн давуу тал нь юу вэ. Мөн компаниудын хувьд интернет маркетингийн тусгай бодлоготой байх нь ямар ач холбогдолтой вэ?
-Өнөөдөр интернет нь дэлхийн номер нэг харилцааны хэрэгсэл болоод байна. 45 болон түүнээс доош насны хүмүүс хоорондоо гар утасны мессеж аппликэйшнээр түлхүү харилцдаг болсон.

Харин бизнес эрхлэгчдэд и-мэйл маркетинг илүү үр дүнтэй гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. И-мэйл маркетингаас огтхон ч шантарч болохгүй. Интернетээр дамжуулан харилцагч, үйлчлүүлэгч нартайгаа цахим шуудан байнга солилцож байх хэрэгтэй. Зөвхөн бүтээгдэхүүнийхээ мэдээлэл гэлтгүй компанийн зорилт, алсын хараа зэргээ ч хуваалцаж болно. Хүмүүс ийм төрлийн мэдээлэлд дуртай байдаг. Сар бүр харилцагч нартаа энэ төрлийн мэдээлэл явуулж өөрийгөө таниулж байх хэрэгтэй.

-Та Монголын маркетингийн онцлогийг судалж үзсэн үү. Монголын маркетер болон компаниудад өгөх зөвлөгөө?
-Монгол бол маш сонирхолтой орон. Миний олж мэдсэнээр уул уурхай, мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай, нүүдэлчин хэв маягтай улс.

Компаниуд сошиал медиагийн бүх төрлийг ашиглах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Твиттер, Фэйсбүүк, Инстаграм их олон хэрэглэгчтэйгээс гадна Монголд их түгээмэл байдаг юм билээ.

Мөн Монголд уул, хөшөө, түүхэн дурсгалт газар зэрэг интернет маркетингдаа ашиглаж болох олон газар бий. Эдгээрийн зургийг авч Инстаграм хуудсаа идэвхитэй хөтөлж, хэрэглэгчдийг татах хэрэгтэй. Ингэснээр өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлаад зогсохгүй, бизнесээ улс орныхоо нэрийн хуудас болсон соёлын өвүүдтэй уялдуулах боломжтой.

Хүмүүс интернетэд бие биентэйгээ холбогдох, мөн урам зориг авах зорилгоор ордог

Жишээ нь Америкийн  цахилгаан эрчим хүчний нэгэн компани инстаграмаа их идэвхитэй, сонирхолтой аргаар хөтөлдөг. Зөвхөн ажил бус хүмүүстэй хийсэн ярилцлага, сонирхолтой хар цагаан зураг хуваалцаж, инженерүүдийнхээ хийсэн бүтээлийн зургийг хуудсандаа тавьдаг. Ингэж хүмүүсийн анхаарлыг татдаг.

-Тэгвэл компаниуд интернет маркетинг хийхдээ ямар контент бэлтгэвэл хүмүүсийн анхаарлыг татаж, өөрийн хуудсууддаа олон дагагчтай болох вэ?
-Хүмүүс инфографик, харьцуулсан зураг, зурган ишлэл эсвэл дан зураг харах мөн хуваалцах дуртай байдаг.

Ялангуяа зурган ишлэл бол маш үр дүнтэй. Учир нь хүмүүс интернетэд бие биентэйгээ холбогдох, мөн урам зориг авах зорилгоор ордог. Тиймээс байгууллагууд сошиал хуудсуудаараа урам хайрласан, мэдээлэл өгсөн контентууд бэлтгэвэл өгөөжтэй.

Гэхдээ зургандаа тохирсон ямар нэгэн түүх бичиж, өөрийн байгууллагын цахим хаягаа хавсаргаж өгөх хэрэгтэй. 

-Хүмүүс зөвхөн өөрөө харж, барьж үзсэн юмаа авах хандлагатай байдаг. Онлайн худалдаанд итгэх итгэлийг нь цахим орчин дахь сөрөг мэдээлэл бөхөөдөг. Иймд худалдан авагчдын итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Би Америкт насны бүлгүүдээр нь хэрэглэгчдээ ангилаад тэдний онцлогт тохируулсан арга хэмжээ зохион байгуулаад, бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Хэдий энэ арга нь худалдан авагчдын итгэлийг бүрэн сэргээхгүй ч, шийдэл болж чадна гэж би үздэг. Хүмүүс чиний авчирсан бараа бүтээгдэхүүнийг харж, барьж үзэж чанарыг нь мэднэ шүү дээ.

-Хүмүүс амжилттай маркетинг хийх аргуудыг л хуваалцаад байдаг. Харин маркетеруудын яг юун дээр алдадгийг хуваалцдаггүй?
-Байгууллагууд болон маркетерууд хамгийн амжилттай гэсэн аргуудыг хэрэглэдэг ч ердөө найман хувь нь л үр дүнтэй байдаг.

Миний өгөх хамгийн том зөвлөгөө бол өөрчлөлт хийхээс бүү ай. Бизнесийн зөвхөн ганц л моделийг дагах нь бүх компаниудад ашигтай байж чадахгүй. Мөн алдаа гаргахаас бүү ай. Миний хувьд ч гэсэн алдартай хүмүүс болон байгууллагуудын маркетинг хийж байхдаа олон алдаа гаргаж байсан. Ямар ч хүн алдаж байж сайжирдаг гэж би боддог. 

-Танд баярлалаа. 

Дашрамд дуулгахад өнөөдөр ноён Шон Гарднер томоохон бизнес эрхлэгчид, удирдлагуудад зориулж VIP сургалт хийх аж. 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3423 санал өгсөн байна.

Дээшээ