Эдийн засгийн “судас”-аар урсах мөнгөний эргэлт улам удааширч байна. Нэгэн цагт Монгол руу хуйларч байсан гадаадын хөрөнгө оруулагчид эрдсийн үнийн уналттай уралдан манай улсаас дайжин одсон. Өдгөө бид өсөлт нь зогсох дөхсөн макро эдийн засаг, мөнгөөр цангаж, ангасан бизнесийн салбартай л үлдлээ.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдад үүдээ дэлгэсэн ч биднийг чиглэх мөнгөний чимээ бүүдгэр хэвээр байна. Олон улсын байгууллагуудыг эс тооцвол Монголд итгээд мөнгөө өгчих зоригтой хөрөнгө оруулагч өнөө хэр цөөн хэвээр.
Бид хөрөнгө оруулагчдыг хүлээж суух зуур бизнесийн шинэ боломжууд урсан одсоор байна. Ингэхэд бид хэзээ ирэх нь тодорхойгүй хилийн чанадын хөрөнгө оруулагчдыг харуулдсаар л суух уу. Уг нь 20 гаруй жилийн түүхтэй хөрөнгийн зах зээл манайд бий. Бас чамлахааргүй боломж энэ зах зээлд байдгийгшинжээчид хэлдэг. Энэ үг ч үнэн болохыг зарим бизнес эрхлэгч баталж буй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Орчлон констракшн” дотоодоос санхүүжилт татах гэж байна. Тус компани нэг тэрбум төгрөгийг тэнцүү хувааж, 19.5-20 хувийн хүүтэй, 3-6 сарын хугацаатай санхүүжилт татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Зөвлөх компанийнх нь мэдээлснээр уг санхүүжилтийг "Орчлон констракшн" 7-14 хоногт босгоно гэж төлөвлөж байсан ч нэг өдрийн дотор захиалга нь дууссан аж.
- Монголчууд бага болон дунд түвшний төслүүдэд хөрөнгө оруулах хангалттай боломжтой.
- Тус компани нэг тэрбум төгрөгийн тэнцүү хувааж, 19.5-20 хувийн хүүтэй, гурваас зургаан сарын хугацаатай санхүүжилт татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
- “Эрчим” бондыг сонирхож байсан таван хүн тутмын дөрөв нь хөрөнгө оруулалтын гадна үлдсэн байна.
Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд байгаа ч хөрөнгө оруулагчдын идэвх өндөр буйг энэ жишээнээс харж болно. Үүнээс өмнө ч дотоодын зах зээлд бонд босгож, амжилт олж байсан түүх олон. Одоогоос хоёр жил орчмын өмнө “Эрчим инженеринг” компани 500 сая төгрөгийн “Эрчим” бонд гаргаж байв. Жилийн 18.5 хувийн хүүтэй энэ бондын захиалга өндөр байсных уу, нүд ирмэхийн зуур “шуураад” өнгөрснийг “Эрчим инженеринг” компанийн ерөнхий захирал М.Батболд хэлж байсан. Захиалга авсан 10 хоногийн дотор гэхэд төлөвлөсөн 500 сая төгрөгөөс бараг тав дахин өндөр дүн бүхий санхүүжилтийн санал дотоодын хөрөнгө оруулагчдаас иржээ. Гэвч тус компани төлөвлөснийхөө дагуу мөнгө босгож, “Эрчим” бондыг сонирхож байсан таван хүн тутмын дөрөв нь хөрөнгө оруулалтын гадна үлдсэн байна.
“Орчлон констракшн” дотоодоос хөрөнгө босгоно
Хөрөнгө оруулагчдын итгэлийг ч “Эрчим инженеринг” алдаагүй. Бонд босгосноос хойш нэг жилийн дараа буюу 2016 эргэн төлөлтөө амжилттай хийсэн юм. Ингэснээр “Эрчим инженеринг” компани хямд хөрөнгө оруулалт татаж, хөрөнгө оруулагчид ч өндөр өгөөж хүртсэн.
Ер нь дотоодын зах зээлд харьцангуй хямд санхүүжилт татсаны үр ашгийг зөвхөн бизнес эрхлэгчид хүртдэггүй. Итгэж мөнгөө өгсөн иргэд хүртэл харьцангуй өндөр өгөөж халаасалж дөнгөдөг. “Эрчим” бондын өгөөжийг гэхэд 100 гаруй монгол хүн хүртсэн юм. Дотоодоос санхүүжилт татсны хамгийн гол ач холбогдол нь энэ. Өгөөжийг нь монголчууд хүртэж, үр дүн нь эх нутагтаа үлдэнэ. Ийм л эх оронч атлаа харилцан ашигтай түншлэл юм.
“Монголчууд мега төслүүдийг санхүүжүүлэхэд арай л хүч мөхөсдөнө. Харин бага болон дунд түвшний төслүүдэд хөрөнгө оруулах хангалттай боломжтой” гэж гэж “Эрчим инженеринг” компанийн ерөнхий захирал өгүүлж байсан. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлээ бага, жижиг хэмээн чамлах бус чанга атгаж чадвал хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгийг хэдхэн хоногийн дотор босгоод ирдгийг дээрх жишээнүүд баталж байгаа юм. Зөвхөн хөрөнгийн зах зээл ч гэлтгүй хувь нийлүүлэн хөрөнгө босгож байв. Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн улсын төсвийн багагүй хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгө босгосон.
Манай дотоодын хөрөнгө оруулагчид хамтарч “Монцемент” төсөлд 4.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийж байв. Энэ бол монголчууд нэгдэж чадвал хэр хэмжээний хуримтлал үүсгэж чадахын бодит жишээ. Бас төрийн өмчит “Монгол шуудан” компанийн 34 хувийн хувьчлалыг ч энд дурдаж болно. Тус компани IPO хийж, 6.3 тэрбум төгрөг босгохоор төлөвлөөд байтал хөрөнгө оруулагчдаас нийт 12.6 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. Энэ бас л хэд нугалсан санал. Үндэсний хөрөнгө оруулагчдын хүч боломжийг илэрхийлсэн энэ мэт олон баримтыг дурдаж болно.
Угтаа Монголын хөрөнгийн зах зээл дэх нийт эх үүсвэр 10 их наяд төгрөгтэй тэнцдэг гэсэн шинжээчдийн тооцоо бий. Үүний 3-5 их наяд төгрөгөөр төсөл санхүүжүүлэх боломжтой гэсэн таамаг ч гарчээ. Гэхдээ бид өнөө хэр энэ том нөөц боломжоо хангалттай ашиглаж чадахгүй л байна. Шинжээчдийн таамаг, мөнгөө өгье гэсэн монгол иргэдийн саналыг харвал манай хөрөнгийн зах зээлд гэгээ татаж байна. Хэдийгээр “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дайтай том төслүүдийг хөдөлгөхөд бидний чадал дутаж болох ч дунд хэмжээний төслүүдэд чамлахааргүй хөрөнгө оруулалт татчихаар боломж байна.
Г.Байгал