“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас монгол хүн эрдэм өвөрлөн ирнэ” хэмээн их зохиолч Дашдоржийн Нацагдорж олон жилийн тэртээ шүлэглэсэн. Энд бичсэн мөртүүд өдгөө биеллээ олж, монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт эрдэмд шамдан суралцаж байна. Яг хэдэн оюутан хилийн чанадад боловсрол эзэмшиж буй нь тодорхойгүй ч ойролцоогоор 80 шахам улсад 90 мянга гаруй оюутан суралцдаг гэсэн багцаа тоо бий.
Үнэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг их, дээд сургуульд суралцсанаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээний боловсон хүчин болж ирнэ. Улмаар эх орондоо ирээд сурч, мэдсэнээ ашиглана гээд гадаадад залуусаа бэлдэхийн сайн тал их. Тиймдээ ч хилийн чанадыг зорих залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр. Гэвч анхааралгүй орхиж боломгүй нэг сөрөг тал байна. Энэ нь гадаадад сурч байгаа оюутнууд хар тамхи хэрэглэгч болон хувирч байгаа явдал.
Нутагтаа ирээд хар тамхинаас гарна гэвэл жинхэнэ эндрүүрэл болно
Их сургуульд хамт сурч байсан найз маань АНУ-д хэдэн жил ажиллаад эх орондоо ирсэн. Одоо дүү нь тэнд суралцдаг юм. Дүү нь саяхан ахдаа “Манай энд сурдаг монгол оюутнуудын ихэнх нь хар тамхи татдаг. Тэтгэлгээр сурч байгаа хэд нь арай гайгүй. Харин төлбөрөө төлөөд сурч байгаа хүүхдүүд хар тамхи татах нь элбэг. Би бүр айгаад тэдэнтэй нийлэхээ больсон” хэмээн ярьжээ.
Мэдээж их мөнгө, хичээл зүтгэл гаргаж харь оронд очихдоо хар тамхичин болъё гэж боддог хүн байхгүй. Харин эцэг, эхээсээ хол, хараа хяналтгүй нөхцөлд очсон хүүхэд бусдад уруу татагдахдаа амархан. Эхэндээ сонирхлын журмаар татаж үздэг ч дараа нь түүндээ донтож, салж чадахаа больсон жишээ олон байдаг аж. Ер нь судалгаанаас харахад хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн 90 хувь нь анх сонирхлоороо татаж үзсэн байдаг гэнэ.
“Бидний хийсэн судалгаагаар ихэвчлэн гадаадад сурч байгаа хүмүүс хар тамхи хэрэглэгч болж байна. Тэднийг Монголд ирэхэд эмчлэх газар олддоггүй. Бид гадаадад сурч байгаа оюутнуудад хандаж “Хэрвээ мансууруулах бодис хэрэглэсэн байвал санхүүжилтээ татна” гэсэн өгүүлбэрийг гэрээндээ нэмж оруулаач гэсэн албан бичгийг яамны сайдад явуулсан.
Хар тамхинд донтсон хүнд эмчилгээнээс гадна нийгэмшихэд нь маш урт хугацаа шаарддагддаг. Гэтэл нийгэмшүүлэх ажил манайд алга. Үүнийг ганцхан манай байгууллага явуулж байна.
Донтсон хүн эдийн засгаараа хохирч үлддэг. Хар тамхи өндөр үнэтэй. Түүнийг олж авахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдэж, тэр нь нийгэмд муугаар нөлөөлөх тохиолдол олон. Нэг грамм геройн 200-250 ам.долларын үнэтэй. Өдөрт нэг граммыг хэрэглэхэд 500 мянган төгрөг гэх мэтээр ядуурлыг бий болгож байна” хэмээн Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч доктор, профессор Ш.Лхагвасүрэн өгүүлсэн юм.
Түүний хэлсэнчлэн хар тамхи өндөр үнэтэй болохоор мөнгөний боломжтой айлын хүүхдүүд хэрэглэх нь түгээмэл юм. Гэтэл манай орны хувьд ихэвчлэн баячууд хүүхдүүдээ гадагш явуулж сургахыг хүсдэг. Ийнхүү бүх нөхцөл бололцоо нь бүрдээд ирмэгц хүүхдүүд элдэв зүйлд дурлах нь ихсэж, улмаар хар тамхины хохирогч болсоор байна. Америкт хэдэн жил суралцахдаа хар тамхи хэрэглээд сурчихсан залуус нутагтаа ирээд түүнийгээ хаяна гэж бодож байвал жинхэнэ эндрүүрэл болно. Харин ч үргэлжлүүлэн хэрэглэж, зарим найз нөхдөө уруу татах зэргээр хамсаатнуудынхаа хүрээг тэлсээр байгааг бид мэддэг ч олон жил хий дэмий харж суухаас хэтэрсэнгүй. Харин сүүлд батлагдсан хар тамхи, мансууруулах бодисын тухай хууль урьд өмнөхөөс илүү чангарч, хамрах хүрээг өргөжүүлсэн болохыг албаныхан хэлж байна. Тухайлбал, тэнсэн харгалзах ялыг үгүй хийснээр баячуудын хүүхдүүд мөнгө төлөөд ялаас мултардаг байдал алга болно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарласан юм.
Хар тамхины аюулыг дэлхий нийтээрээ мэддэг, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүр өргөн цараатай үйл ажиллагаа явуулдаг. Гэвч цагаан тахалын эсрэг дайнд аргагүй хүчин мөхөстөж байгаа гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөх боллоо. Тухайлбал, “Үндэстэн дамнасан хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаахтай тэмцэх нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох нь” сэдэвт олон улсын хуралд оролцсон цагдаагийн дэд хурандаа Ж.Болд тайландаа энэ талаар дурдсан байна.
Түүний дүгнэлтээс товчлон сонирхуулбал, хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Уг бодисын уламжлалт нэр томъёо, түүнд агуулагдах найрлага, молекулын бүцтийг өөрчлөх замаар шинэчилж байгаа тул илрүүлэгч техник хэрэгслээр илрүүлэхэд түвэгтэй болсон. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эдийн засаг, терроризмтой тэмцэхэд гол анхаарлаа хандуулж, хар тамхийг удаах ээлжинд тавьсан. Хар тамхины хор хөнөөлийн эсрэг сурталчилгаа нийгмийн эмзэг хэсэгт хангалттай хүрэхгүй байгаа. Түүнчлэн улс орнууд хоорондоо хамтран ажиллах тал дээр хангалтгүй.
АНУ-ын коллежид сурч буй оюутнуудын 4.5 хувь нь хар тамхи хэрэглэдэг
Энэ мэт шалтгааны улмаас хар тамхины хэрэглээг зогсоож, хязгаарлаж чадаагүйгээр үл барам улам газар авахуулжээ. Өдгөө АНУ-ын коллежид сурч буй оюутнуудын 4.5 хувь нь хар тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ тоо жил ирэх тусам өссөөр байгаа нь анхаарал татах бэрхшээл болжээ. Албан ёсны судалгаа ийм байгаа ч цаана нь нууж хэрэглэдэг, хааяа сонирхлоороо татаж үздэг хүмүүсийн тоог нэмбэл дээрх үзүүлэлт илүү өндөр хувьтай гарах байх. Хар тамхины хэрэглээ өндөртэй холын Америкт суралцахаар очсон хүүхэд уруу татагдах магадлал өндөр байх нь аргагүй. Эндээс зуучилж явуулсан байгууллагууд хүүхдүүдэд анхаарал хандуулна гэж саналтгүй. Тэдний хувьд хэдэн төгрөгөө салгаж авсан л бол нөгөө хүүхэд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ёстой хамаагүй гээд хаядаг. Уг нь зуучлалын байгууллагууд бага ч гэсэн санаа тавьж, хэрэг түвэгт орооцолдохоос сэргийлэх үүрэг хүлээдэг ёстой баймаар.
Мэдээж их зардал гаргаж, хүүгээ эрдэм сургах гэж явуулчихаад хар тамхинд оруулахыг ямар ч эцэг, эх хүсэхгүй. Гэхдээ хүүхдээ буруу замаар оруулах, эсэх нь аав, ээжээс өөрсдөөс нь шалтгаална гэдгийг мэргэжлийн сэтгэлзүйчид сануулж байна. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд “Өсвөр насны хүүхдүүд гадаадад очоод дураараа болж байна гэдэг нь хөдөөнөөс хотод ирээд гаргадаг зан үйлтэй төстэй л дөө. Ээж, аав нарын хамгийн их алддаг зүйл нь хэтэрхий өндөр шаардлага тавьдаг.
Өөрөөр хэлбэл, захиргаадалтад байдаг хүүхдүүд тийм зан гаргах магадлал өндөр. Ийм хүүхдүүд арван жилдээ онц сурдаг, аав ээжийнхээ үгнээс барагтай бол гарахгүй. Гэвч харь оронд бие даан амьдраад ирэхээр бусдад уруу татагдах магадлал өндөр. Тиймээс бүх үйлдлийг нь хянахаасаа өмнө хүүхдэдээ сайн ойлгуулах нь чухал. “Чи сайн явбал эцэг, эх чинь санаа зовох зүйлгүй болно. Өөрөө нийгэмдээ хэрэгтэй хүн болно” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн хүүхэд ээж аавын хүслээр үү, өөрийн хүслээр явж байна уу гэдгийг ялгах нь чухал. Хүүхдээ явахаас нь өмнө юу сурч ирэх, хэдэн жил болох, санхүүгээ хэн, яаж зохицуулах, очоод ямар зарчмаар амьдрах талаар нь сайн ярилцаж, тодорхой болгох нь илүү үр дүнтэй. Ер нь өөрөө хүсэж, тэмүүлээд явж байгаа, зорилготой хүүхэд тэнд очоод өөрийгөө хянаж чадна” гэсэн юм.
Тэгэхээр эцэг, эхчүүд виз гарчихлаа гэж баярлахаасаа өмнө хүүхдэдээ харь оронд ямар амьдрал хүлээж байгааг сайтар ойлгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь зүйтэй болов уу. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм биш, хар тамхи өвөртөлж ирдэг цөвүүн цаг үе ирэх вий.
Г.Баярсайхан