Цагаан ордны хүндэт зочин Абдель Фаттах Ас-Сиси

"Засгийн газрын мэдээ" сонин

2017-05-28 12:00 GMT+8

Египетийн Ерөнхийлөгч Абдель Сиси Дональд Трампын хүндэт зочдын тэргүүн эгнээнд орж Вашингтонд морилсон саяхны түүх нэгийг өгүүлнэ. Египетийг АНУ маш ихээр дэмжинэ гэсэн Трампын үг ч бас нэгийг илэрхийлнэ. Сиси гэх цэргийн тэр зүтгэлтэн “Маш хүнд нөхцөлд фантастик үйлсийг бүтээлээ” гэсэн Трампын үгс бүр ч гайхал төрүүлнэ. АНУ цэргийн хүч чадлаа дээд түвшинд бэхжүүлээд “Лалын улс”-тай тэмцэнэ, тэгээд холбоотнууддаа тусламж үзүүлэх болно хэмээн Трамп ам алдсан нь араб ертөнцийн талаар АНУ-ын шинэ засаг захиргаанаас явуулах бодлогын торгон үзүүр гэсэнтэй бараг адил бууж байна. Хариуд нь Египетийн Ерөнхийлөгч Сиси Трампын “бие хүний хосгүй чанар” гэгчийг тэнгэрт тултал нь магтаад терроризм, түүний харш үзэл сурталтай тэмцэх талаар Трамп хүчтэй байр суурьтай байгаад нь талархсан байх юм.

Тэгэхээр энд тэр айлчлалыг дэлгэрүүлэхгүйгээр “Египетийн учир шалтгаан” гэдэг зүйл Трамп, Сиси хоёрыг хэрхэн холбосон тухай түүх сөхөж баримт эрэлхийлье.

Би өөрөө Египет улсад дөрвөн жил гаруй амьдарч ажилласан. Бас ч үгүй “Арабын хавар” буюу Тахрирын талбай дахь хувьсгалтай нь золгосных тэр улсыг бага сага гадарлана. Түүхийг нь ч сонирхоно. Тэр өнцгөөсөө хэдэн баримт хэлье.

Египетчүүд орчин үеийн түүхэндээ гурван “Их” хувьс гал хийсэн юм байна. Гэхдээ гурвуулаа цэргийнхний оролцоотой, цэргийнхний хийсэн төрийн эргэлтийн үр дүнд ялжээ. Ингэж дүгнэхээс аргагүй юм. Цэргийн дээд элит гэдэг бол Египетийн нийгмийн локомотив байж ирсэн, байх ч ёстой. Тэд байхгүй бол тэдний орон зайг исламистууд л эзэлнэ, өөрөөр ямар ч хувилбар байхгүй.

Ардчилсан сонгууль, иргэний нийгэм, иргэний оролцоо гэдэг бол тэр улсад ердөө л үлгэр, зүүд. Харин тийм зүйлийг тулган тогтоолгох гэж АНУ-ын өмнөх засаг захиргаа, Обама, хатагтай Клинтон нар хэдэн жил үр дүнгүй ажиллаад бүтэлгүйтсэнийг нь Трамп засч залруулж байгаа нь зөв үйл биз ээ.

Ингэхэд цэргийнхний хийсэн хувьсгал хэмээн юуг нэрлэж байна вэ?
1952 оны долдугаар сарын хувьсгалын эхлэл, зохиомж, үр дүн 2011 онд 59 жилийн дараа яг давтагдсан (намайг тэнд алба хашиж ахуйд) ба дахиад хоёр жилийн дараа буюу 2013 оны долдугаар сард дахин гурав дахь удаагаа давтагдсан тэр бахархалт түүхийг ингэж нэрлэлээ.

1952 оны долдугаар сарын 23-нд тус оронд цэргийн эргэлт болсон. Үр дүнд нь тус орноос эзэн хаан нь дүрвэж, Бүгд найрамдах засаглал руу шилжжээ. “Чөлөөт офицеруудын хөдөлгөөн” гэж нууц бүлгэм цэргийн эргэлтийг зохион бай гуулж, түүнийг дэд хурандаа гамаль абдель насер толгойлсон. Ийнхүү төрийн эргэлтээр нийгмийн хувьсгал хийх болсон шалтгаан нь хүн амын үгээгүй ядуурал, авилгад идэгдсэн арми, цагдаа, хүчний байгууллагын бүтэлгүйтэл, 1948-1949 онд израилийн эсрэг дайнд хамтран ороод ялж чадаагүй, Хаант засгийн их Британийг долдойдсон бодлого, зэрэг нь хувьсгалыг нөхцөлдүүлжээ.

Эргэлт хийхээс хэдхэн сарын өмнө 1952 оны нэг, хоёрдугаар сард Каирт ард түмэн босож, цагдаа нартай мөргөлдөж, олон хүнээ хядуулсан учраас, ард түмэн уур хилэнгээр жигүүрлэсэн байжээ. Төр засаг тогтворгүй болж Хаан Засгийн газраа гурвын гурван удаа огцруулж, гурав сольсон ч байдал дээрдэлгүй хэдэн сар болжээ. Энэ хооронд сөрөг хүчнийхэн армийн удирдлагатай нэг талд орж, 1952 оны наймдугаар сарын 5-ныг эргэлтийн өдөр болгохоор товлоод байж.

Гэтэл дотроос нь хэн нэгэн нь Хаанд алтан хошуу өргөж “До” яам баривчилгаа хийхээр зэхэж байсан үед насер тэргүүтэй офицерууд өрсөхөөр шийдэн долдугаар сарын 23-ныг сонгож авчээ. Каирт 22-23-нд шилжих шөнө цэрэг, танк орж ирэн, Засгийн газрын байгууллагуудыг бүслэн хаажээ. Өглөө нь 07.30 цагт генерал мохаммед нагиб гэж нөхөр чөлөөт офицеруудаа төлөөлөн албан мэдээ гаргаж анвар садат уншиж сонсгожээ. Худалдагдсан Засгийн газрыг авч хаясныг ийнхүү зарласан. Эзэн хаан Фарук нь АНУ-ын дэмжлэгт найдаж байсан боловч төдөлгүй баривчлагдаж, 26-ны өдөр гэхэд тус орноос хөөгджээ.

Төрийн эргэлт хийсэн дээд офицерууд Хувьсгалт удирдлагын зөвлөл гэгчийг 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаараа генерал Мохаммед Нагибыг тавьсан ба тэрээр тус орны анхны Ерөнхийлөгч (түр гэж хэлж болно) болсон. Хоёр жилийн дараа хувьсгалын жинхэнэ Эзэн-Насер Төрийн тэргүүний халааг хууль ёсоор авчээ. Их Британийг долдойдсон Хааныг хөөж явуулсан тэр сиймхээгээр улс төрийн эрх мэдэл рүү орж ирсэн “Лалын ахан дүүс” нь хэт даврах, туйлшрах бодлого хэрэгжүүлж, бүр 1954 онд насерыг хөнөөхөөр завдсан тул бүрмөсөн хориглогджээ.

Хувьсгалт удирдлагын зөвлөл нь барууны орнуудтай аядуу бодлого барьж харилцана гэж тунхагласан боловч Суэцын сувгийг улсын мэдэлд авснаасаа болж Их Британи, Францтай байлдаж, Израилийг дайндаа татан оруулжээ. Үүнийх нь төлөө москвад насерыг хүчир хэг холбоотноороо өргөм жилж, “Зөвлөлт Холбоот Улсын Баатар”-ын алтан таван хошуу гаар энгэрийг нь мялаасан юм. Ийнхүү ХХ зууны нэгэн том зүтгэлтэн араб дахинаас төрсөн түүхтэй.

Тэгвэл энэ зохиомжийг 2011, 2013 онууд руу татаж авчран харьцуулалт хийгээд үзье. Ялгаатай гэхээсээ төстэй тал нь зонхилно. Тэр үед насер тэргүүтэй Чөлөөт офицеруудын хөдөлгөөн 2011 онд Тантави тэргүүтэй, 2013 онд Сиси тэргүүтэй Египетийн цэргийн дээд элит гол үүрэг гүйцэтгэжээ.

1. Хүн амын үгээгүй ядуурал, авилгад идэгдсэн арми, цагдаа, хүчний байгууллагын бүтэлгүйтэл 1952 онд хувьсгалыг нөхцөлдүүлсэн бол 2011 онд ядуурал, ажилгүйдэл, авилгал хувьсгалыг дахин нөхцөлдүүлсэн, 2013 онд засгийн эрхэнд нэн бүтэлгүй байж, нийгмээ лалчлахыг зорьж, шашны завхруулга гарган, өөрсдөө авилгад идэгдсэн “Лалын ахан дүүс” тэр хувьс галыг бэлээ хэн өрдөөд өгсөн юмсанж.

2. 1952 оны нэг, хоёрдугаар сард Каирт ард түмэн босч үймээн самуундаа тулсан бол 2011 оны нэг, хоёрдугаар сард Египет даяар ард түмэн олон өдөр шөнө босч тэмцсэн, 2013 оны зургаа ба долдугаар сард мөн тэгсэн нь түүхэн давхцал биш гэж үү.

3. 1952 онд төр-засаг тогтворгүй болж Хаан Засгийн газраа гурван удаа огцруулж, гурав сольсон бол Мубарак 2011 онд Ахмеда Назифын Засгийн газрын 34 сайдыг бүгдийг нь огцруулсан, 2013 онд Мохаммед Мурси гэгч исламист Ерөнхийлөгч төр засгаа бүр дампууруулсан нь мөн л давхцал.

4. Эзэн хаан Фарук 1952 онд АНУ-ын дэмжлэгт найдаж байсан бол Мубарак 2011 онд АНУ, барууныхан, Арабын, лалын ертөнцийн дэмжлэгт, 2013 онд Мурси ба “Лалын ахан дүүс” шашны номлол ба Булангийн баян Монархуудад хэт эрдэж суусансан.

5. 1952 онд эзэн хаанаа унагаж Египетээс хөөж гаргасан бол 2011 онд Мубаракийг огцруулж Каираас гаргаж алс бөглүү газар цөлсөн, харин 2013 онд Мурси болон “Лалын ахан дүүс”-ийн хамаг толгойлогчдыг ганцхан шөнийн дотор баривчилсан нь ерөнхийдөө адил зам туулжээ.

6. Фарук хаан саудын Арабт ясаа тавьсан бол 2011 онд Саудын арабын хаан Абдулла Мубаракийн дэглэмийг хамгаалахыг АНУ-ын Ерөнхийлөгчөөс чанга дуугаар шаардаад, хүлээн авч асрамжлахад бэлэн байна гэдгээ дараа нь мэдэгдсэн. Харин мурсиг гяндангаас сулла хэмээн Обама Вашингтоноос, Европын Холбооны дарга нар Брюсселиэс уриалан дуудсан нь бүр ч шог үзэгдэл байлаа.

7. 1952 онд Хувьсгалт удирдлагын зөвлөл засгийн эрхийг авч байсан бол 2011 онд Цэргийн дээд зөвлөл засгийн эрхийг, 2013 онд фельдмаршал Сиси тэргүүтэй цэргийнхэн авчээ.

8. Генерал Мохаммед Нагиб гэгч нь “Түр”, шатрын хүү маягаар 1952 онд төр барьсан бол 2011 онд Дэд ерөнхийлөгч генерал Омар сулейман 10 хоног төр толгойлолцоод алга болжээ. 2013 онд Сиси нь Үндсэн хуулийн цэцийн дарга Адли Мансур гэгчийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилж өөрөө 2014 оны сонгуулиар халааг нь авсан. Нагибын хоёр жил, Сулейманы 10 хоног, Мансурын нэг жил бол зарчмын хувьд ялгаа алга. Нагибыг зайлуулаад хувьсгалын жинхэнэ эзэн Насер гарч ирсэн бол Сулейманыг гэрт нь суулгаад маршал Тантави гарч ирсэн, харин сиси төрийн эргэлт хийж, байр сууриа бэхжүүлээд жилийн дараа сонгуулд ялсан нь түүхэн давтамж мөн. Дан цэргийнхэн, цэргийнхэнд л засгийн эрх шилжээд байжээ.

9. Чөлөөт офицерууд 1952 онд төрийн эргэлт хийгээд маргааш нь БНУ-аа тунхаглаагүй. Шилжилтийн үеийг туулж он дамжин байж, 11 сарын дараа 1953 оны зун засаглалынхаа хэлбэрийг сольсон бол 2011 оны цэргийнхэн мөн өөрийн гэсэн шилжилтийн үеэ туулчихаад халаагаа сонгуульд ялж гарч ирсэн “Лалын ахан дүүс”-ийнхэнд шилжүүлсэн. 1952 онд Хаант засгаас БНУ руу шилжсэн бол 2011 онд Мубаракийн авторитари дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжих шилжилтээ хийсэн ч тэр нь лалын Исламистуудын идэш болсон, харин 2013 оноор лалынхны түүх төгсгөл болжээ.

10. Хувьсгалт удирдлагын зөвлөл нь 1952 онд барууны орнуудтай аядуу бодлого барьж харилцана гэсэн боловч Суэцын сувгаас болж Их Британи, Франц, Израильтай дайтсан. 2011 онд Цэргийн дээд зөвлөл Ираны байлдааны хөлөг онгоцуудыг Суэцээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгож бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлж мэдэх алхам хийжээ. Харин 2013 онд Сиси тийм болчимгүй алхам хийгээгүй. Тэрээр гадаад бодлого дээрээ гуйвж дайваагүй юм.

11. “Лалын ахан дүүс”-ийнхэн 1952 онд хэт даврах, туйлшрах бодлого явуулж, тэгснээрээ улс орныхоо нийгмийн амьд ралд оролцох эрхээ 1954 онд хасуулж байсан. Харин 2011 онд шариатын хуулиар далайлгаад лалын төр улс байгуулна хэмээн зүтгэж, тэр нь парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжигдсэн. Төр бариад нийгмээ XXI зуунд хүчээр лалчлах гэж хөглөөд 2013 онд хөөгдөн буужээ. Цэргийнхэн тэднийг давруулаагүй дарж авсан.

Ийм л түүх давтагдсан байна. 2011 онд төрийг тэргүүлсэн фельд маршал Тантавийг Насертай зэрэгцүүлсэн дүгнэлт хаа ч байхгүй. Харин 2013 онд засгийн эрх булаан авсан Сисиг зүйрлүүлсэн зэрэгцүүлсэн дүгнэлтээ би энд илэрхийлчихье.

Цэргийн дээд зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуульд дотроосоо (армиас гэсэн үг болов уу) нэр дэвшүүлэхгүй хэмээн Тантави 2011-2012 онд шийдвэр гаргасан нь түүний гол алдаа байсан болов уу. Тиймдээ ч Тантави нь XXI зууны энэ цаг үеийн томоохон төлөөлөгч байх нэр нүүрээ өөрөө алдчихсан юм шиг санагддаг. Харин Абдель Сиси бол өөрөөр, эрэмгий, зоригтой, эрчтэй ажилласан. Тэр хэрээрээ насераас дутуугүй нэр хүндийг хүртэж магадгүй. Исламистуудыг хуу дарж өгсөн, эртний түүхт Мисир орныг лалын там болгохоос ангижруулсан гавьяатан гэх түүхэн хаяг түүнд мөд наалдана.

1952 онд Насерыг таньж байсан хүн цөөхөн. Гэвч тэр бүтээсэн үйлээрээ дундад зуунаас хойш Араб ертөнцөөс төрсөн арабын анхны суу алдарт улс төрийн зүтгэлтэн гэж үнэлэгддэг. Түүний “Хувьсгалын философи” хэмээх бүтээл Араб дахинд улс төрчдийн ширээний ном, гарын авлага болсон. Одоо ч энэ үнэ цэнээ алдаагүй байна. Египетийн хосгүй хувь заяа гэдэг юу болохыг тэрхүү номоороо мэдрүүлсэн. Насер нь Араб дахинд геополитикийн талаарх анхны сургаалийг айлджээ.

“Египет хүчний гурван төвийн яг уулзварт, төвд нь байна. Тэр бол араб ертөнц, африк тив, Лалын ертөнц бөгөөд энэ байршил бол бидний хосгүй хувь заяа юм. Энэ гурвын дунд зөв тоглож чадвал манай орон маш чухал үүрэг гүйцэтгэх болно”.

Насер энэ үгээ номлоод орхисон болохоос хэрэгжүүлж чадаагүй. Хоёр системийн өрсөлдөөнд хэт чирэгдээд өнгөрсөн. Харин одоо Садат, Мубарак нар хэрдээ багагүй тоглолт хийсэн. Тус орон тэр номлосноос нь бүр ч чухал, түүхэн үүрэг гүйцэтгэж чадах олон хувилбарын өмнө ирээд байгааг энэ удаа Сиси харуулаад байх шиг. Түүнийг Цагаан ордонд Трамп яг тэгж үнэлчихсэн болов уу.

Олхонуд Баярхүү проф.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1239 санал өгсөн байна.

Дээшээ