Австралид 36.6 тэрбум ам.долларын өртгөөр өндөр хурдны интернэт сүлжээ байгуулах ажил 2013 оны эцсээр урагш муутай болж эхэлсэн. Тухайн үед Австралийн харилцаа холбооны сайд байсан Мальколм Тернбулл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Өргөн зурвасын үндэсний сүлжээ (National Broadband Network) компанийн захирлаар америк хүн томилов.
Ноён Билл Морроу нь Австралийн компани, их сургуулиудад ажилладаг гадаадын зуу зуун гүйцэтгэх захирал, судлаач, технологийн ажилтнуудын л нэг. Гэвч Австралийн консерватив Засгийн газар ур чадвартай ажилтан, ажилчдад олгодог “457” гэгддэг визийг цуцалсан нь эдгээр хүний ирээдүйг бүрхэг болголоо. “Залбирч л сууна. Энэ визээр ажилладаг бүх хүний адилаар би ч Австралид хайртай, эндээ үлдэх хүсэлтэй” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
Харин эдүгээ Ерөнхий сайд болсон ноён Тернбулл “Австралийн ажлыг эн тэргүүнд австрали ажилчдад” хэмээн мэдэгдэж байгаа. Тэрбээр 20 жилийн түүхт “457” визийн хөтөлбөрийг сарын өмнө цуцалж, байнга оршин суух эрхийн виз олгох журмыг чангатгасан. Энэ нь Австралийн Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгийг авахын тулд АНУ, Их Британид дүрвэгч, цагаачдын талаар баримталж буй хатуу бодлогоос үлгэр аван, популист байр сууринд шилжсэний илрэл юм.
Харин Австралийн бизнесийн бүлгийнхэн уг арга хэмжээг дотоодод чиглэсэн хөрөнгө оруулалт, гаднын ур чадвартнуудыг ашиглах боломжийг хязгаарлаж байна хэмээн шүүмжлэв. Тус улс ердөө 23 сая хүн амтай учраас чадварлаг ажилтны хомсдол нүүрлэх аюул АНУ-тай харьцуулахад илүү ноцтой хэмээн бизнес эрхлэгчид анхааруулжээ.
Сэтгэл түгшсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ноён Тернбуллтэй утсаар ярилцаж, Австралийн “457” виз эзэмшигч 170,710 гадаад иргэний 25 хувь нь энэтхэгчүүд болохыг анхаарууллаа.
“Эдүгээ бизнесийг урагшлуулж, эдийн засгийн өсөлт үүсгэж чадах чадварлаг ажилтан ажилчдын төлөө дэлхийг хамарсан өрсөлдөөн өрнөж байна. Ялангуяа, био анагаах ухаан, технологийн салбарт өрсөлдөөн ширүүссэн үед энэ шийдвэр хөрөнгө оруулалтыг сааруулах эрсдэлтэй” хэмээн аудитын KPMG компанийн Австралийн салбарын тэргүүн Питер Нэш шүүмжлэв.
Ажиллах хүчний дутагдлыг нөхөх зорилгоор анх 1996 онд баталсан, “457” визийн журам Австралид байнга оршин суух эрх авах гаднынхны хэрэглүүр болж хувирчээ хэмээн Канберра тайлбарладаг. Уг журмыг цуцалж, оронд нь хоёр юм уу дөрвөн жилийн хугацаагаар түр ажиллах виз олгож байгаа нь ажиллах хүчний дутагдлыг илүү оновчтой зохицуулж, визийн журмыг буруугаар ашиглах явдлыг багасгана хэмээн эрх баригчид үзэж байна.
Австралийн Засгийн газар шинэ төрлийн визээр ажиллах эрхтэй ажил мэргэжлийн жагсаалтаас биохимич, геофизикч зэрэг олон зуун мэргэжлийг хаслаа. Шинэ журмаар Австралид ажиллах гаднын иргэнд англи хэлний илүү өндөр шаардлага тавьж, мэргэжлээрээ ажилласан жилийг нь харгалзан үзэж, насны хязгаарыг 45-аар тогтоожээ.
Гүйцэтгэх захирал, мэдээлэл-холбооны технологийн төслийн менежер, менежментийн зөвлөх зэрэг зарим ажил мэргэжлийн тухайд визийн хугацааг хоёрхон жилээр тогтоож, ганц удаа сунгах эрхтэй байхаар заав. Шинэ визийн дагуу Австралид ажиллах хүмүүс хуучин “457” визтэй хүмүүс шигээр Австралид байнга оршин суух эрх эдлэхгүй.
“Компаниудад гаднаас авьяас чадвартай ажилтан элсүүлэх хэцүү боллоо” хэмээн Сиднейд байрладаг Heidrick & Struggles компанийн түнш Гай Фарроу тайлбарлав. Дээд тал нь дөрвөн жил ажиллахын төлөө удирдах албан тушаал хашдаг хүмүүс гэр бүл, үр хүүхдээ дагуулан гадаадад суурьших нь юу л бол хэмээн тэрбээр эргэлзэж байлаа. “Бизнес глобал болсон үед ажилтнуудаа локал сонгох нь дэндүү оновчгүй” хэмээн ноён Фарроу тайлбарлав.
Ажиллагсдын 25 хувь нь “457” визээр Австралид оршин суудаг, тус улсын технологийн тэргүүлэх компани Atlassian шинэ журмыг ширүүн шүүмжиллээ. Био анагаах ухааны CSL компанид ажилладаг эрдэмтдээс 40 нь “457” визтэй тул шинэ журам ажил хэргийг нь баллаж буй тухай удирдлага нь мэдэгдлээ.
“Шинэ төрлийн виз авах гэвэл хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстой гэж заасан нь пост-докторын зэрэг горилогч судлаач бүхий их сургуулиудыг сүйрүүлнэ. Судалгааны чухам энэ үе л нарийн технологи үүсэж хөгжих нөхцөл болж өгдөг” хэмээн Сиднейн их сургуулийн дэд ректор Майкл Спенс тайлбарлав.
Эдүгээ “457” виз хүссэн өргөдлийнхөө хариуг хүлээж буй 36 эрдэмтэн тус их сургуульд байгаа. Гэтэл эдгээр хүний ирээдүй түвэгтэй боллоо хэмээн ноён Спенс өгүүлсэн юм. Био анагаах ухааны судлаач, Сингапурын харьяат Лау Сяньжун Мельбурний их сургуулиас Австралийн компанид шилжин ажиллахаар болсон ч “457” визийг цуцалсан тул нутаг буцсан юм. Тэрбээр Мельбурнд есөн жил суралцсаны эцэст Австралийг орхиж буйдаа гутарсан тухайгаа Сингапурын Straits Times сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.
Австралийн Засгийн газар энэ долдугаар сард холбогдох талуудтай зөвлөлдсөний эцэст визийн шинэ журамд өөрчлөлт оруулах болов уу хэмээн бизнес эрхлэгчид найдаж байна. Харин урьд нь Goldman Sachs-д ажиллаж байсан ноён Тернбулл буулт хийхгүй ч байж болзошгүй. Учир нь “457” визийн журмыг туслах тогооч, худалдагч гэх мэт хямд ажиллах хүч дутагдалтай компаниуд овжин ашиглаж байна хэмээн сөрөг хүчин Хөдөлмөрийн нам болон үйлдвэрчний эвлэлүүд байнга шүүмжилж ирсэн юм.
Жэйми Смит