Марк Цукерберг Харвардын төгсөгчдөд хандаж хэлсэн үг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-05-28 12:40 GMT+8

Өчигдөр Марк Цукерберг Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан үг хэлж, докторын зэргээ гардан авлаа. Өдгөө 33 настай тэрээр дэлхийн хамгийн баян таван эрхмийн нэг бөгөөд 12 жилийн өмнө Харвардын их сургуулийг хаяж, Facebook-ийг бүтээсэн түүхтэй.

30 минут үргэлжилсэн ярианыхаа явцад Цукерберг улс төр, цаг уурын өөрчлөлт, өрхийн орлого гээд олон сэдвээр ярьсан бөгөөд түүний хэлсэн үгийн оргил нь “Өөрчлөлт өөрөөс чинь эхэлдэг, Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс хийдэг юм” гэсэн үг байлаа.

Марк Цукерберг  Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгч Фауст, Хяналтын хорооны гишүүд, үе үеийн төгсөгчид, найзууд, эцэг эхчүүд, удирдах зөвлөлийн гишүүд, дэлхийн хамгийн шилдэг сургуулийг төгсөгчид өө:

Өнөөдөр би энд та бүхэнтэй хамт байгаа нь нэр төрийн хэрэг юм. Учир нь та бүхэн миний хэзээ ч чадахгүй тийм зүйлийг гүйцэлдүүлж чадлаа. Үнэн хэрэгтээ энэ яриаг дуусгавал би Харвардын их сургуульд элсэн орсноос хойш дуусгаж буй анхны зүйл минь болно. 2017 оны бүх төгсөгч нарт баяр хүргэе.

Бид бүгд нэгэн үеийнхэн. Энэ л талбайгаар бид арав гаруйхан жилийн зайтай алхаж, нэг л үзэл суртлаар хүмүүжиж, Ec10/Эдийн засгийн лекц/-ийн үеэр унтаж байсан нэг үеийнхэн. Магадгүй бид өөр замаар энэ хүртэл явсан байх. Гэхдээ өнөөдөр би өөрийн үеийнхнийхээ тухай ойлгосон бүхнээ, бидний хамтдаа бүтээж буй шинэ ертөнцийн тухай та бүхэнтэй хуваалцмаар байна.

Юун түрүүнд, сүүлийн хэдэн өдөр миний амьдралын гайхалтай дурсамжуудыг сэдрээсэн өдрүүд байлаа. Та бүхний хэд нь хамгийн анх Харвардын их сургуульд тэнцсэн гэдэг цахим шуудангаа авахдаа юу хийж байснаа санадаг вэ? Би тэр үед Civilization тоглож байгаад, шинэ цахим шуудан ирэхэд нь доошоо шатаар гүйж, аавдаа хэлсэн юмдаг.

Харин аав намайг цахим шуудангаа нээж байгааг бичлэг болгон үлдээх нь зөв санаа гэж бодсон нь хачирхалтай. Үнэн хэрэгтээ тэнцээгүй гэдэг хариу авсан, гунигтай бичлэг болж үлдэж болох л байсан. Би нэг л зүйлийг хэлж чадна. Миний эцэг эхийн хувьд намайг Харвардад орсноор минь л хамгийн их бахархдаг. Ээж толгой дохиж байна.

Присциллатай танилцсан минь хамгийн онцгой үйл явдал...

Харвардад ирээд сонссон хамгийн анхны лекц чинь юу байсан бэ? Минийх гайхамшигт Харри Левисийн Компьтютерын шинжлэх ухаан 121 хичээл байлаа. Лекцээсээ хоцорсон учраас богино ханцуйтай цамцаа буруу харуулаад өмссөн гэдгээ хичээл тарах хүртэл мэдээгүй.

Гэхдээ Facemash байгаагүй бол би Присциллатай танилцахгүй байх байсан биз

Ангийнхан маань яагаад надтай үг солихгүй байсныг ч ойлгоогүй. Кан Шин Жин л надтай харилцсан ганц хүн байлаа. Бид хамтдаа хичээлээ хийж, харин одоо Жин Facebook-ийн гол хөдөлгөгч хүчний нэг болсон байна. Тиймээс 2017 оны төгсөгчид та бүхэн хүн бүхэнтэй сайхан харилцах ёстой гэдгийг шалтгаан энэ юм.

Гэхдээ Харвардын их сургуультай холбоотой миний хамгийн гайхалтай дурсамж нь Присциллатай танилцсан явдал. Би Facemash хэмээх вебсайтаа дөнгөж ажиллуулж эхлээд байлаа. Ингээд удалгүй тэр сайтаас болоод сургуулийн удирдах зөвлөл намайг дуудаж уулзсан юм.

Хүн бүр л намайг сургуулиас хөөгдөх нь гэж бодож, эцэг эх хоёр маань ачаагаа баглахад туслахаар ирлээ. Найзууд маань надад зориулж үдэлтийн үдэшлэг хүртэл зохиосон. Харин азаар яг энэ үед би найзуудтайгаа хамт үдэшлэгт орохоор ирсэн Присциллатай танилцсан юм.

Фохо/Харвардын дотуур байрнуудын нэг/-ийн ариун цэврийн өрөөнд байхдаа би бүх цаг үеийн хамгийн романтик үгийг түүндээ хэлсэн гэж боддог. “Би гурав хоногийн дараа сургуулиас хөөгдөнө. Тиймээс хоёулаа эртхэн болзож эхлэх хэрэгтэй” гэж.

Та бүхэн ч гэсэн энэ мөрийг ашиглаж болно шүү. Гэхдээ би сургуулиасаа хөөгдөөгүй бөгөөд харин өөрөө гарахаар шийдсэн юм. Присцилла бид хоёр болзож эхэлсэн. Ингэхэд нөгөө кино/Social Network/ Facebook-ийг бүтээх шалтгаан нь Facemash байсан мэтээр харуулсан. Үнэндээ тийм биш юм.

Гэхдээ Facemash байгаагүй бол би Присциллатай танилцахгүй байх байсан биз. Тэр минь миний амьдралд хамгийн чухал хүн болохоор та бүхэн Facemash-ийг миний энд сурч байхдаа хийсэн хамгийн чухал зүйл гэж ойлгож болно.

Бид бүгд л энд насны найзууд, зарим нь бүр гэр бүлээ олдог учраас би энэ сургуульдаа үргэлж талархаж явдаг. Баярлалаа, Харвард.

Цэвэрлэгч: Эрхэм Ерөнхийлөгч өө, би саран дээр хүн буухад тусалж байна

Өнөөдөр би та бүхэнд зорилгын тухай ярья. Гэхдээ өөрийн зорилгоо хэрхэн олох тухай хэвшил болсон яриа биш юм. Бид бол орчин үеийнхэн. Зорилго гэдэг зүгээр л зөн совингоо дагадаг зүйл биш.

Асуудлын гол нь тэр хэн нэгэн нь бид өөрсдөө байж болно гэдгийг би ойлгоогүй явдал юм

Учир нь зөвхөн өөрийн зорилгыг олно гэдэг хангалтгүй зүйл юм. Бидний үеийнхэн хүн бүр зорилгынхоо мөн чанарыг ойлгосон тийм дэлхийг бүтээх ёстой.

Жонн Кеннеди НАСА-ийн сансрын төвд зочилсон тухай түүхэнд би хамгийн дуртай. Ерөнхийлөгч Кеннеди шүүр барьсан цэвэрлэгч явж байхыг харж л дээ. Тэгээд явж очоод, юу хийж байгааг нь асуухад цэвэрлэгч “Эрхэм Ерөнхийлөгч өө, би саран дээр хүн буухад тусалж байна” гэж хариулсан гэдэг.

Тэгэхээр зорилго гэдэг бид өөрсдөөсөө илүү том зүйлийн нэг хэсэг болж, түүнд хэрэг болж байгаа гэдгээ мэдсэнээр шаргуу ажиллахыг хэлнэ. Зорилго л биднийг аз жаргалтай болгодог.

Та бүхэн тун өвөрмөц цаг үед сургуулиа төгсөж байна. Та нарын эцэг, эх сургуулиа төгсөж байхад тэд ажлаасаа, сүмээсээ, нийгмээсээ зорилгоо олдог байв. Харин өнөөдөр, технологийн хөгжил, автоматжуулалт маш олон ажлыг орлож байна. Олон хүн нийгмээс тусгаарлагдсан мэт санагдаж, сэтгэлээр унаж, хоосон орон зайгаа дүүргэхийг хичээх боллоо.

Би аялж явахдаа, хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт байгаа жаалуудтай, хар тамхинд донтсон хүмүүстэй уулзаж ярилцсан. Тэд хэрвээ ямар нэгэн хийх зүйл байсан бол, сургуулийн дараах хөтөлбөр гэж байдаг бол, очих газар байсан бол амьдрал нь тэс өөр байх байсан гэж байна.

Нийгмээ урагш нь хөтөлж явахын тулд шинэ үеийнхэн бид өөрчлөлтийг хийж байх ёстой. Зөвхөн шинэ ажлын байр бий болгохоос гадна, зорилго бүтээх хэрэгтэй.

Би Кирклэндийн жижигхэн өрөөндөө Facebook-ийг нээсэн шөнийг санаж байна. Тэр шөнө би найз Кан Шин Жиндээ “Харвардынхныг бүгдийг нь холбож чадахаар болсондоо баяртай байна, гэхдээ нэг л өдөр хэн нэгэн бүх дэлхийг холбохыг хүснэ” гэж хэлж байв.

Асуудлын гол нь тэр хэн нэгэн нь бид өөрсдөө байж болно гэдгийг би ойлгоогүй явдал юм. Бид зүгээр л оюутнууд байлаа шүү дээ. Юу ч мэдэхгүй, харин асар их нөөц боломжтой технологийн том компаниуд тэр үед байсан.

Би тэр компаниуд л энэ ажлыг хийх байх гэж бодож байлаа. Гол нь хүн бүр бусадтай холбоотой байхыг хүсдэг гэдгийг бид ойлгосон юм. Ингээд өдөр бүр бага багаар урагш тэмүүлсээр явна.

Би өөрсдийн хийж буй зүйлдээ итгэлтэй байсан боловч, ганцаардаж байлаа

Та бүхэн ч гэсэн яг надтай адил ийм түүхийн эзэд болно гэдгийг би мэдэж байна. Дэлхийг өөрчлөх аргыг нь мэдэж байгаа хэдий ч өөр хэн нэгэн хийнэ гэж та нар бодно. Гэхдээ тийм биш. Харин тэр өөрчлөлтийг хийх хүн нь чи өөрөө.

Ямар нэгэн зүйл бүтээж, түүнийхээ төлөө явах эсэх нь биднээс л шалтгаална

Ганцхан өөрийн зорилготой байгаад хангалтгүй. Харин бусдад зорилготой болоход нь туслах ёстой. Үүнийг би тун хүндээр ойлгож авсан. Анх би компани байгуулах тухай огтхон ч бодож байгаагүй. Зөвхөн нөлөөлөхийг л хүссэн юм. Тухайн үед надтай хамт ажиллахаар ирсэн хүмүүсийг би мөн тэгж л бодож байсан болохоор өөрийн зорилгын талаар ярьдаггүй байв.

Хэдэн жилийн дараа том компаниуд биднийг худалдаж авахыг хүсэх болсон. Харин би зармааргүй байсан юм. Би илүү олон хүнийг холбож чадах эсэхээ мэдэхийг хүссэн. Анх бид News Feed-ийг нэвтрүүлж байхад дэлхий ертөнцийг таних арга өөрчлөгдөнө гэж би бодсон юм.

Гэвч бараг бүх хүн л зарахыг хүсэж байлаа. Илүү том зорилго байгаагүй бол гарааны бизнесийн хувьд мөрөөдөл биелсэн л хэрэг энэ байсан. Харамсалтай энэ явдал манай компанийг олон хэсэгт хувааж, зөвлөхүүд намайг компаниа зарахгүй бол бүх л амьдралынхаа туршид харамсах болно гэдэг байв.

Ингээд жил хүрэхгүй хугацааны дараа тухайн үеийн менежментийн багийнхан үндсээрээ алга болсон байлаа. Facebook-ийг удирдаж явахад хамгийн хэцүү үе энэ үе байсан юм. Би өөрсдийн хийж буй зүйлдээ итгэлтэй байсан боловч, ганцаардаж байлаа.

Хамгийн хэцүү нь, энэ бүхэн миний буруу байсан юм. Дөнгөж 22 настай, юу ч мэдэхгүй залуугийн буруу эсэхэд би эргэлзэх болов. Харин энэ олон жилийн дараа би илүү том зорилгогүйгээр юмс ингэж явдаг болохыг ойлгосон.

Ямар нэгэн зүйл бүтээж, түүнийхээ төлөө явах эсэх нь биднээс л шалтгаална.

Өнөөдөр би та бүхэнд хүн бүр зорилгын мөн чанарыг ойлгосон дэлхийг хэрхэн бүтээх гурван аргын талаар ярья. Утга учиртай төсөл хэрэгжүүлж, хүн бүр зорилгынхоо төлөө явж чадах тэгш эрхийг бүтээх тухай, мөн дэлхийг хэрсэн том нийгмийг бүтээх.

Утга учиртай төсөл гэж юу вэ?

Бидний үеийнхэн өөрийгөө жолооддог машинууд олон сая хүнийг ажилгүй болгох нийгэмд амьдарна. Гэхдээ бидэнд илүү ихийг, хамтдаа бүтээх боломж бий.

Гэнэт л Эврика бий болно гэсэн ойлголт хамгийн аюултай

Үе үеийн хүмүүст өөрсдийг нь илэрхийлэх ажил байдаг. Жишээлбэл саран дээр хүн буулгахын тулд өнөөх цэвэрлэгч тэргүүтэй 300 мянган хүн оролцсон бол олон сая сайн дурынхан дэлхийг саа өвчнөөс салгахын тулд хамтран ажиллажээ.

Том зорилгын төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог.

Энэ мэт төсөл зөвхөн тухайн ажлыг хийж байгаа хүнд зорилго болоод зогсохгүй, дэлхий нийтэд бид хамтдаа агуу зүйлсийг бүтээж чадна гэдгийг харуулсан юм. Одоо ийм зүйлийг бүтээх бидний үе ирсэн.

Магадгүй та нарын зарим нь: би далан барьж чадахгүй, би олон сая хүнийг оролцуулсан ажлыг хийж мэдэхгүй гэж бодож болох юм. Гэхдээ нэг нууцыг задлахад аливаа зүйлийг эхэлж байхад хэн ч мэддэггүй юм.

Гайхалтай санаа цогцоороо гарч ирнэ гэж байхгүй. Зөвхөн байнга ажиллаж, хичээж байж л илүү ойлгомжтой болдог. Зүгээр эхлэх л хэрэгтэй.

Би Facebook-ийг эхлүүлэхээсээ өмнө хүмүүсийг хэрхэн холбох тухай бүхнийг ойлгох ёстой байсан бол хэзээ ч өнөөдрийн энэ нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байлаа.

Кино, орчин үеийн соёлд бүхнийг буруугаар харуулдаг гэмтэй. Гэнэт л Эврика бий болно гэсэн ойлголт хамгийн аюултай.  Бид Эврикагаа олоогүй учраас өөрсдийгөө голж эхэлдэг. Үүнээс болоод л тун гайхалтай санааны учгаас атгасан хүмүүс эхлэхээс айгаад байдаг.

Бас кинон дээр буруу дүрсэлдэг нэг зүйлийг хэлэхэд хэн ч цонх, шилэн дээр математикийн томьёо бичдэггүй юм. Идеалист байх нь сайн хэрэг. Гэхдээ бусад хүмүүс чамайг буруу ойлгоно гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Том зорилгын төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог. Зорилгодоо хүрсэн ч гэсэн тэгж бодсон хэвээр л байдаг. Бүгдийг нь мэдэх боломжгүй байхад л чухал асуудал шийдэх гэж байгаа хүнийг юу ч ойлгоогүй байж гэж хүмүүс хараадаг.

Шинэ юм санаачилж байгаа хүнийг хэтэрхий эрт байна гэж буруутгах хүмүүс хүртэл бий. Учир нь чамайг удаашруулахыг хүссэн хүн үргэлж байдаг.

Манай нийгэмд бид алдаа гаргахаас айгаад том асуудлыг шийдэхийг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ бидний хийсэн бүхэн ирээдүйд үр дүнгээ өгнө. Юу ч биднийг зогсоож чадахгүй.

Тэгвэл, юугаа хүлээгээд байгаа хэрэг вэ? Бидний үеийнхэн нийтийн ажлыг тодорхойлох цаг нь ирсэн. Дэлхийгээ сөнөөж дуусахаас нь өмнө цаг уурын өөрчлөлтийг зогсоож, нарны хавтан үйлдвэрлэх ажилд олон сая хүнийг хамруулж яагаад болохгүй гэж?

Бүх өвчнийг эдгээж, сайн дурынхнаас өөрсдийнхөө эрүүл мэндийн тухай мэдээллийг, геномын мэдээллийг хуваалцахыг хүсэж яагаад болохгүй гэж? Бид өнөөдөр хүмүүсийг өвчин тусахаас нь сэргийлж, эдгээх аргыг нь олохын оронд өвчтэй хүмүүсийг эмчлэх гэж 50 дахин илүү их хугацаа зарцуулж байна.

Ямар ч утгагүй юм. Харин бид өөрчилж чадна. Ардчиллыг орчин үетэй нийцүүлж, хүн бүр онлайнаар сонгууль өгч, боловсролын системийг хувь хүнд чиглүүлбэл яаж байна?

Үр дүн гаргахын тулд биш, зорилго бүтээхийн төлөө том зүйлсийг эхлүүлье. Дэлхийн хүн бүхэн зорилготой болох тийм төслийг бид эхлүүлж чадна. Хүн бүр өөрийн зорилго руу тэмүүлэх боломжтой тэгш эрхт нийгмийг цогцлооё.

Бидний эцэг эхчүүд насаараа тогтвортой ажил хийж байж. Харин одоо бид бүгд л шинийг эхлүүлэгсэд болсон байна. Үүний ачаар их үр дүн гарах боллоо. Шинийг эхлүүлэх болсноор бид олон шинэ санаагаа турших боломжтой болсон.

Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй

Миний бүтээсэн ганц зүйл Facebook байгаагүй юм. Би тоглоом, чат, сургалтын программ, хөгжим тоглуулагч хүртэл хийж байсан. Зөвхөн би ч биш. Роулинг Харри Поттер зохиолоо хэвлүүлэхээс өмнө 12 удаа татгалзсан хариу сонсож байв.

Мэдээж хэрэг бусдад зорилгынхоо төлөө зовлонгүй тэмүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй. Над шиг хүмүүс тэр төлбөрийг нь гаргах ёстой

Бейонсе хүртэл Halo дуугаа гаргах гэж өчнөөн олон дуу дуулж байсан. Амжилтад хүрэх түлхүүр нь алдаа гаргах эрх чөлөө юм.

Гэвч өнөөдөр эд хөрөнгө гэдэг хүмүүсийг ангилж ялгаж байна. Хэрвээ чамд өөрийнхөө санааг үйл хэрэг болгох эрх чөлөө байхгүй бол бид бүгд ялагдана. Өнөөдрийн нийгэм амжилтыг урамшуулдаг мөртлөө хүн бүрт амжилтад хүрэх боломж олгохгүй байна.

Би сургуулиа хаяад 10 жилийн дотор олон тэрбум доллартой болох боломж байхад, өөр олон сая залуус сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй, ганц бизнес ч эхлүүлэх боломжгүй амьдарч байгаа нь энэ систем буруу байна гэдгийг илтгэнэ.

Би шинийг эхлүүлдэг олон хүнийг мэднэ. Хэзээ ч бизнес нь хангалттай ашиг олохгүй байх гэсэн айдсаас болоод бууж өгдөг хүнийг би мэдэхгүй. Харин алдаа гаргавал дэрлэж хэвтэх дэргүй учраас мөрөөдлийнхөө араас явдаггүй олон хүнийг би мэднэ.

Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй гэдгийг бид бүгд мэднэ. Азтай байж гэмээнэ бид амжилтад хүрдэг. Хэрвээ би код бичиж суухын оронд гэр бүлээ тэжээх ёстой байсан бол, хэрвээ би Facebook амжилтад хүрэхгүй ч гэсэн асуудалгүй амьдралтай гэдгээ мэдээгүй бол, өнөөдөр энд зогсож байхгүй байлаа.

Үе үеийнхэн тэгш эрхийг сайжруулсаар ирсэн. Бидний өмнөх үеийнхэн санал өгөх, иргэний эрхийн төлөө тэмцэж байв. Харин одоо бид шинэ үеийнхэнд шинэ тэгш эрхийг өгөх цаг нь ирсэн.

Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцаж байх ёстой

Бид зөвхөн Дотоодын нийт бүтээгдэхүүнээр биш харин хэр олон хүн өөрийн байгаадаа сэтгэл ханамжтай нийгмийг бүтээснээрээ үр дүнг хэмжих ёстой. Бид хүн бүрийг шинэ зүйл турших боломжийг бүрдүүлэх хэмжээний орлоготой болгох ёстой.

Ирэх жил тэд бүгд их сургуульд элсэж орно. 

Бид олон удаа ажлын байраа солих учраас эмчилгээ, хүүхэд харах үйлчилгээг хүн бүр тэгш хүртэх боломжтой байх ёстой. Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцаж байх ёстой.

Мэдээж хэрэг бусдад зорилгынхоо төлөө зовлонгүй тэмүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй. Над шиг хүмүүс тэр төлбөрийг нь гаргах ёстой. Та нарын олонх нь тэгнэ, тэгэх ч ёстой.

Тиймээс л Присцилла бид хоёр Чан, Цукерберг санг байгуулж, өөрсдийн эд хөрөнгийг тэгш боломжийг бүрдүүлэхэд зориулж байгаа юм. Энэ бол бидний үе тэнгийнхний үнэ цэнэ. Асуудлын гол нь бид хийх үү, үгүй юу биш харин хэзээ хийх вэ, гэдэг л байсан юм.

Шинэ мянганыхан хамгийн өглөгч үеийнхэн болжээ. Дөрвөн залуу тутмын гурав нь бусдад өглөг өгч, арван залуу тутмын долоо нь сайн үйлсэд зориулан мөнгө босгож байна.

Гэхдээ зөвхөн мөнгө биш юм. Та бүхэн цаг хугацаагаа зориулж чадна. Бусдад туслахад, тэднийг боломжоосоо атгахад туслахын тулд чи долоо хоногт ганц, хоёрхон цагийг л зарцуулахад хангалттай гэдгийг би баталж байна.

Магадгүй их хугацаа юм шиг санагдаж болно. Би ч гэсэн тэгж боддог байлаа. Присцилла анх Харвардыг төгсөөд багш болсны дараа намайг нэг ангид багшлахыг хүссэн. Харин би хариуд нь “Би завгүй байгаа. Энэ компанийг авч явах ёстой” гэж зөрүүдлэсэн хэдий ч Присцилла намайг ятгаснаар би дунд сургуульд Гарааны бизнесийн тухай хичээл орох болсон.

Би хүүхдүүдэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн талаар зааж, тэд харин хариуд нь арьсны өнгөнөөсөө болж бусдад дээрэлхүүлэх, гэр бүлийнх нь нэг гишүүн шоронд байдаг амьдрал ямар хэцүү болохыг ойлгуулсан юм.

Би тэр хүүхдүүдтэй сургуульд байсан үеэ хуваалцаж, тэд харин хэзээ нэг өдөр их сургуульд орох тухай мөрөөдлөө надад ярьж өгдөг байлаа. Бүтэн таван жилийн турш би тэр хүүхдүүдтэй сар бүр оройн хоол хамт идэж байна. Тэдний нэг нь Присцилла бид хоёрт анхны хүүхдийн бэлэг авч өгсөн. Ирэх жил тэд бүгд их сургуульд элсэж орно. Бүгдээрээ, гэр бүлийнхнээсээ анх удаа оюутан болох гэж байна.

Тэгэхээр бид бүгдээрээ бусдад тусалж чадна. Хүн бүрт мөрөөдөлдөө хүрэх эрх чөлөөг нь өгөхийн төлөө хичээе. Зөвхөн зөв зүйл хийхийн тулд биш харин тэр хүмүүсийн мөрөөдөл биелсэн цагт бид ч гэсэн үр дүнг нь хүртэх учраас тэр юм.

Зорилго зөвхөн ажил хийснээр бий болохгүй. Гурав дахь арга нь бид бүх хүн зорилготой гэдгээ мэддэг нийгмийг байгуулах юм. Бидний үеийнхэн “бүх хүн” гэж хэлж байгаа нь дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийг хэлж байгаа хэрэг.

Бид бол ДЭЛХИЙН ИРГЭД

Гараа өргөөрэй: Та нарын хэд нь өөр улсаас ирсэн бэ? За одоо та нарын хэд нь сая гараа өргөсөн үеийнхэнтэйгээ нөхөрлөдөг вэ? Одоо л болж байна. Бид бусадтай холбогдож өссөн үеийнхэн.

Асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй

Дэлхий даяар шинэ мянганыхнаас өөрийгөө илэрхийлэхийг хүсэхэд тэд өөрийн гарал угсаа, шашин шүтлэг бус харин “Дэлхийн иргэн” гэж тодорхойлохыг илүүд үзэж байв. Үеийн үед хүн төрөлхтөн “Бидний нэг” гэдэг тодорхойлолтыг тойрсон тойргийг томруулсаар байжээ.

Харин бидний хувьд энэ ойлголт дэлхийг тэр чигт нь илэрхийлнэ. Омог отгоос, хот суурин, хот суурингаас үндэстэн рүү нэмэгдсэн хүн төрөлхтний түүхийн явцад бид өөрсдөө хэзээ ч хүрч чадахгүй зүйлийг бусадтай хамт бүтээдэг болжээ.

Бидний үеийнхэн ядуурлыг, өвчин шаналлыг зогсоож чадах хүчтэй. Тиймээс бүх дэлхийг хөдөлгөх нь бидний даалгавар. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ганц улс хүчрэхгүй. Учир нь үр дүн гарахад ганц хот, ганц үндэстэн хангалтгүй, харин бүх дэлхийгээрээ хөдлөх цаг ирсэн юм.

Гэвч бид тун тогтворгүй цаг үед амьдарч байна. Даяаршиж буй дэлхийгээс хоцорч үлдсэн хүмүүс бий. Хэрвээ бид гэрээ засаж чадаагүй бол бусдын гэрийг засахын тухай бодох ч үгүй. Дотроо байгаа дарамтыг давах хэрэгтэй.

Бидний цаг үеийн нэг том асуудал нь энэ. Эрх чөлөөтэй, нээлттэй, глобалчлагдсан нийгэм эрх мэдэл, тусгаарлах үзэл, үндсэрхэг үзлийн эсрэг зогсож байна. Мэдээлэл, худалдааны урсгал, дүрвэгсэд өөрсдийг нь удаашруулах хэн бүхний эсрэг зогсох боллоо. Энэ тулаан нь зүгээр нэг үндэстэн хоорондын мөргөлдөөн биш юм. Харин үзэл санааны тэмцэл.

Улс бүхэнд бүх хүнийг холбохыг хүсдэг хүн бий. Харин тэдний эсрэг зогсох нэгэн ч бас байна. Асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй. Харин дотооддоо, хэрвээ өөрсдийн амьдралд зорилго, тэмүүлэл, тогтвортой байдал байхыг хүссэн хангалттай олон хүн байгаад бусдын төлөө энэ үйлийг эхлүүлж чадвал тэр л амжилтад хүрнэ.

Сонирхлын бүлэг гэдэг их чухал. Зүгээр хөршүүд ч бай, спортын баг, нэг сүмд явдаг хүмүүс, хөгжим сонирхогчид гээд бүлэг үүсгэснээр бид ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг гэдгээ ойлгож, ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Үүний ачаар цар хүрээгээ тэлэх чадалтай болдог.

Гэвч сүүлийн жилүүдэд энэ бүхэнд ан цав гарч, олон хүн хаа нэгтээгээс зорилго хайх болжээ. Гэхдээ би тэр л бүлгүүдийг дахин бүтээж, цоо шинийг санаачилж чадах боломж бидэнд бий гэдгийг мэдэж байна.

Өөрчлөлтийг өөрөөсөө

Өнөөдөр төгсөж буй Агнес Игоетэй би танилцсан. Агнес, чи хаана байна? Энэ охин хүүхэд байхаасаа Уганда дахь мөргөлдөөний бүсэд амьдарч байсан бөгөөд одоо нийгмээ илүү аюулгүй газар болгохын төлөө олон мянган хууль сахиулагчдыг бэлтгэж байна.

Бүтээх эсэх нь та бүхнээс шалтгаална

Мөн л өнөөдөр сургуулиа төгсөж байгаа Кайла Окли болон Ниа Жейн нартай би танилцсан. Босоод зогсоорой. Кайла, Ниа хоёр өвчин зовлонтой хүмүүсийг, тусалж чадах нэгэнтэй холбох зорилготой, ашгийн бус компани байгуулсан.

Түүнчлэн өнөөдөр Кеннедигийн нэрэмжит сургуулийг төгсөж буй Девид Разу Азнар гэдэг залуутай танилцсан. Босоорой Девид. Өмнө нь Мексик хотын иргэдийн төлөөлөгчдийн танхимд ажиллаж байсан энэ залуу ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих хуулийг батлуулж чадсан юм. Сан Франциско хотоос ч өмнө шүү.

Харин миний түүх гэвэл. Оюутны дотуур байранд амьдарч байсан тэр л залуу сонирхлын бүлгүүдийг нэгтгэж явсаар байгаа бөгөөд нэг л өдөр бүх дэлхийг холбох зорилготой.

Өөрчлөлт өөрөөс чинь эхэлнэ. Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс л эхлүүлдэг. Бусдыг холбож, өөрсдийн хамгийн том боломжоосоо атгах эсэхэд эргэлзэж буй бидний үеийнхэн бүлгүүдийг бүтээж, хүн нэг бүр нь зорилго тэмүүлэлтэй дэлхийг бүтээж чадна.

2017 оны төгсөгчид өө, та бүхэн зорилго хэрэгтэй дэлхийд хөл тавих гэж байна. Бүтээх эсэх нь та бүхнээс шалтгаална. Магадгүй яг одоо: Би үнэхээр чадах уу? гэж гайхаж байж болох юм.


Нөгөө хүүхдүүдэд хичээл орж байснаа ярьсныг санаж байна уу? Нэг өдөр хичээлийн дараа би хүүхдүүдтэй их сургуулийн талаар ярилцаж байлаа. Гэтэл хамгийн сайн сурагчдын маань нэг гараа өргөөд албан ёсны бичиг баримт байхгүй учраас их сургуульд орох эсэхдээ эргэлзэж байгаа гэдгээ хэлсэн юм. Хүү өөрийг нь сургуульд орохыг зөвшөөрөх эсэхийг ч мэдэхгүй байв.

Өнгөрсөн жил би төрсөн өдрөөр нь түүнтэй хамт өглөөний цай уух зуураа ямар бэлэг авмаар байгааг нь асуухад суралцаж чадахгүй байгаа бусдын тухай ярьж “Нийгмийн шударга ёсны тухай ном авмаар байна” гэж хэлсэн.

Би юу хэлэхээ ч мэдээгүй. Хамгийн увайгүй хүн болох бүх нөхцөл нь бүрдсэн залуу миний өмнө сууж байв. Өөрийнх нь эх орон гэж нэрлэдэг, мэддэг цор ганц улс нь их сургуульд сурах мөрөөдлийг нь үгүй хийх эсэхийг хүү мэдэхгүй.  

Гэсэн хэдий ч хүү өөрийнхөө төлөө зовоогүй, өөрийнхөө тухай ч огт бодоогүй. Учир нь түүнд илүү том зорилго, мөрөөдөл бий. Харин энэ зорилго руугаа бусдыг хөтөлнө.

Бидний амьдарч буй нийгмийн төрхийг хүү илэрхийлж байна шүү дээ. Ямар нэгэн эрсдэлд оруулж чадахгүй учраас нэрийг нь хэлж чадахгүй нь. Хэрвээ ахлах сургуулиа төгсөж байгаа, ирээдүйг тааж мэдэхгүй тэр хүү дэлхийг урагш хөтлөх өөрийн үүргийг гүйцэтгэж чадах юм бол, бид ч гэсэн өөрсдийн чадахаа хийх ёстой.

Харвардын сүмийн өмнө сууж байгаа та бүхэн, энэ хаалгаар сүүлчийн удаа гарахаас өмнө би нэгэн залбирлаар хэлэх үгээ дуусгая. Би эргэлзэж тээнэгэлзэхдээ, охиныхоо ирээдүйн талаар бодож, оронд нь оруулахаасаа өмнө дуулж өгдөг юм.

“Биднээс өмнө байсан бүхнийг хүчирхэгжүүлж байсан тэр зүйл бидний амьдралыг аз жаргалтай болгох урам зоригийг өгөх болтугай”

Би та бүхнийг өөрсдийн амьдралаа аз жаргалтай болгох урам зоригтой болно гэдэгт итгэж байна.

2017 оны төгсөгч та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1244 санал өгсөн байна.

Дээшээ