Кофе уух нь элэгний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна

С.Заяа GoGo.mn

2017-05-27 14:30 GMT+8

Өдөрт хоёр аяга кофе уух нь элэгний хавдартай болох эрсдлийг гуравны нэгээр бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Саутхэмптоны болон Эдинбургийн их сургуулийн мэргэжилтнүүд нийт 2.25 сая иргэнийг хамруулсан 26 судалгааны ажлыг нэгтгэн дүгнэсэн байна.

Үүний үр дүнд эрдэмтэд кофе уудаг хүмүүст элэгний хавдар дотроо хамгийн их тохиолддог элэгний эсийн хавдар тусах магадлал бага байгааг олж илрүүлсэн байна.

Кофеин агуулаагүй кофе хүртэл элэг хамгаалах үйлчилгээтэй болохыг тогтоосон байна.

Кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад өдөрт нэг аяга кофе уудаг хүмүүс элэгний эсийн хавдартай болох эрсдэл 20 хувиар бага байдаг талаар BMJ Open цахим сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд бичсэн байна.

Өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүсийн элэгний эсийн хавдартай болох эрсдэл 35 хувиар бага байсан бол өдөрт таван аяга кофе уудаг хүнийх 50 хувиар бага байсан гэнэ.

Эрдэмтэд кофеин агуулаагүй кофе хүртэл элэг хамгаалах үйлчилгээтэй байгааг олж тогтоосон ч энэ нь кофеин агуулсан кофетой харьцуулахад хамгаалах үйлчилгээ арай сул болохыг онцолсон байна.

Судалгааг явуулсан багийнхан, “Элэгний архаг эмгэгтэй иргэд кофег амьдралынхаа нэг хэсэг болгох нь чухал ач холбогдолтой байж болох юм. Харин кофе уудаггүй, кофеинтэй холбоотой өвчин эмгэгээсээ болж кофений хэрэглээгээ хязгаарладаг иргэдэд кофеингүй кофег санал болгох байна.” хэмээн бичжээ.

Судалгааг удирдсан Саутхэмптоны их сургуулийн эрдэмтэн Оливер Кеннеди, “Кофе хүний эрүүл мэндэд олон талын ашигтай гэж яригддаг. Сүүлд хийсэн судалгаагаар кофе нь элэгний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй болохыг харуулж байна. Үүнийг уншингуутаа л өдөрт таван аяга кофе уугаад эхэл гэж хэлээгүй шүү. Жирэмсэн эмэгтэйчүүд кофеины хэрэглээгээ хязгаарлах ёстой байдагтай адил кофе болон кофеины хэрэглээ өндөр байх нь бас ямар хор уршиг дагуулж болохыг давхар тогтоох ёстой. Дэлхий даяар элэгний эсийн хавдраар өвчлөгсдийн тоо, тус хавдраар өвчлөн нас барагсдын тоо нэмэгдэж байгаа энэ үед бидний судалгааны үр дүн чухал ач холбогдолтой юм.” хэмээн ярьсан байна.

Эдинбургийн их сургуулийн профессор Питер Хэйс, “Кофег тодорхой тунгаар хэрэглэснээр элэгний хатуурал болон хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг манай судалгаа харууллаа. Түүнчлэн кофе маш олон төрлийн эмгэгээр өвдөх эрсдлийг бууруулдаг нь батлагдаж байсан. Бидний судалгаа нь кофег зөв зохистой хэмжээгээр хэрэглэх нь гайхамшигтай байгалийн эм болж өгдгийг харуулсан” гэжээ.

Их Британийн Ливер Траст байгууллагын гүйцэтгэх захирал Эндрю Лэнгфорд энэ талаар, “Энэхүү шинэ судалгаа нь кофе уух нь элэгний эрүүл мэндэд тустай болохыг мөн элэгний хавдартай болох эрсдлийг бууруулдаг болохыг харуулж байна. Ихэнх хүмүүс элэгний өвчлөлтэй болсноо оройтож мэддэг. Тийм учраас анхнаасаа элэгний эмгэг болон хавдраар өвчлөх эрсдлээ бууруулахын тулд ганц кофе уугаад зогсохгүй, архи согтууруулах зүйлс хэрэглэхгүй байж, эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, мөн вируст гепатитаас урьдчилан сэргийлэх нь чухал юм.” хэмээн уриалсан байна.

www.telegraph.co.uk

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1234 санал өгсөн байна.

Дээшээ