Банкинд дугаарладаг, картаар төлбөр хийдэг үе өнгөрч, бүх тооцоо гар утсанд шилжинэ. Технологийн салбарт тэргүүлэгчид ингэж ярьдаг болоод удаж байна. Улам ухаалаг болж буй гар утасны технологийг хэрхэн амьдралыг хялбарчлахад ашиглах вэ гэсэн эрэл хайгуулын нэг шийдэл нь QR код юм. Хятадын аль нэг дэлгүүрт ороход хананд нь QR кодтой цаас хаа сайгүй наасан байдаг. Тус улсын 930 гаруй мянган хэрэглэгчтэй Wechat аппликэйшн орлогынхоо ихэнх хувийг төлбөрийн системээсээ олдог. Үүнд QR код хэрэглээнд өргөн нэвтэрсэн нь нөлөөлжээ.
Тэгвэл QR код гэж юу вэ. Энэ нь олонх хүний ойлгодог шиг төлбөрийн систем биш. Зөвхөн урт мэдээллийг “базсан” тэмдэгтүүдийн товчлол гэж болно. Анх 1994 онд Японы “Тоёота”-д сэлбэг нийлүүлдэг “Denso Wave” компани барааныхаа тайлбар мэдээллийг товчлохын тулд энэ кодыг ашиглаж эхэлжээ. Бар кодыг бодвол илүү олон мэдээллийг багтаадаг, системд оруулахад хялбар, маш хурдан уншигддаг зэрэг цөөнгүй давуу талтай. Бар код нь 25-30 тэмдэгтийн багтаамжтай бол QR код нь 100 тэмдэгт буюу дөрвөн килобайт мэдээллийг агуулдаг. Гэхдээ багтаамжийг нь тултал ашиглавал мэдээллийг задалж, уншихад түвэгтэй, удаан байдаг аж. Тиймээс мэдээллээ 50 тэмдэгтэд багтаахыг зөвлөдөг юм байна.
Гааль, улсын бүртгэл, сайн дурын даатгалын үйлчилгээнд удахгүй нэвтэрнэ
QR кодыг вэб сайтын холбоосыг зааж өгөх болон төлбөр төлөх гэсэн хоёр үндсэн аргаар ашигладаг. Үүнээс хамгийн өргөн хэрэглэгдэж буй нь төлбөрийн үйлчилгээ. Нэгж худалдан авахаас эхлээд, цахилгааны төлбөр, торгуульд ч ашигладаг. Тухайлбал, манай улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард замын хөдөлгөөнд оролцох үедөө зөрчил гаргасан жолооч нар QR код ашиглан торгуулиа төлөх боломжтой болсон. Торгуулийн хуудасны код нь маш урт, олон оронтой учраас банкны ажилтан буруу шивэх тохиолдол гардаг. Ингэснээр төлбөрөө төлсөн ч torguuli.mn сайтаас хасагддаггүй байв. Харин QR код ашигласнаар хүлээн авах данс болон торгуулийн хуудасны код автоматаар гарч ирэх учраас зөрнө гэсэн ойлголт байхгүй.
Өдгөө MNBC кабелийн телевиз, Gmobile, Skytel, ITzone, PCmall зэрэг 30 орчим компани хэрэглэгчдээс төлбөр авахдаа уг кодыг ашиглаж байна. Удахгүй зарим кино театр, Ддиш ТВ зэрэг компаниуд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн нийслэлийн захиргааны бүхий л үйлчилгээнд ашиглахаар зэхэж байна. Иргэд нийслэлийн захиргаанаас үйлчилгээ авахдаа эхлээд байцаагч дээр очиж үнийн дүнгээ бодуулна, банкинд мөнгөө тушаана, дахин байцаагч дээр очно гээд олон үйлдэл хийдэг байсан бол QR код хэрэглэснээр энэ үйлдлийг хэд дахин багасгах юм.
Уг кодыг анх хэрэглэж буй хүмүүсийн олонх нь түүний аюулгүй байдалд эргэлздэг. Цахим халдлага газар аваад байгаа энэ үед хувийн мэдээллээ эсвэл мөнгөө алдах вий гэж эмээдэг. Саяхан Хятадад худалдааны байгууллагын хананд наасан QR кодын оронд өөрийн дансаа байрлуулж иргэдийн мөнгийг завшсан хэрэг гарсан. Энэ тохиолдолд эзнийг нь дансаар нь хөөж олоход тийм ч түвэгтэй биш. Түүнчлэн хэрэглэгч мөнгөө шилжүүлэхдээ ямар байгууллагын, ямар данс вэ гэдгийг анзаарсан бол уг халдлагад өртөхгүй гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна.
QR кодыг хэрэглэхийн тулд гар утасны аппликэйшн эсвэл тусгай уншигч програмыг гар утсандаа суулгадаг. Үүний дараа кодыг гар утсаараа уншуулахад QR код нь дансны дугаар, төлөх үнийн дүн, төлөх үйлчилгээний нэр зэргийг товчилон тухайн байгууллагын данс руу зааж өгдөг. Харин төлбөр төлөх арга нь мобайл банк, интернэт банктай адил юм. Тиймээс хэрэв та төлбөрөө мобайл эсвэл интернэт банкаар дамжуулан шилжүүлэх нь аюулгүй гэж үздэг бол QR код ашиглахад ч эмээх зүйлгүй.
Гэхдээ байгууллага бүр, банк бүр өөрийн гэсэн QR кодын стандарттай, уншигч програмтай байх нь хэрэглэгчдэд түвэгтэй байдаг. Нэг банкны уншигчаар өөр банкны гүйлгээ хийж болдоггүй учраас үүнийг цэгцлэх шаардлага аяндаа гарч иржээ. Тиймээс сүүлийн үед улс орон бүр нэг стандарттай болохыг эрмэлзэж байна. Тухайлбал, Австрали улс QR кодыг нэг стандарттай хэрэглэх болж, үүнийгээ Bpay гэж тусад нь нэрлэдэг болсон. Мөн Хятадын Аlibaba сайт, Wechat аппликэйшн саяхан QR кодын системээ нэгтгэснээс үүнийг харж болно.
Энэ үйлчилгээ олон салбарт нэвтэрч байгааг дагаад түүний аюулгүй байдлыг баталгаажуулж, хянах үүрэгтэй дундын байгууллагууд гарч ирсэн. Тухайлбал манай улсад “Qpay” компани ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн үүсгэн байгуулагч Б.Чулуунсүх “Ер нь хүн төлбөр төлөхдөө ихэвчлэн яарч сандарсан байдаг. Давчуу хугацаанд олон үйлдэл хийх нь бухимдуулдаг учраас аль болох хялбар аргыг сонгох хандлагатай.
Дундын байгууллагууд аюулгүй байдлыг хангадаг
Үйлчилгээний байгууллагууд ч бусдаасаа илүү “ухаалаг” байж, хэрэглэгчээ татахын тулд QR кодыг маш богино хугацаанд үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Өмнө нь төлбөр төлөхдөө 10 гаруй үйлдэл хийдэг байсан бол үүнийг хоёр болгож эрс хялбарчилсан. Харин манайх шиг дундын байгууллага нь QR кодыг компаниудад нэг стандарттайгаар хийж өгдөг. Тухайн компани, үйлчилгээний талаарх мэдээлэл зөвхөн манай мэдээллийн санд байдаг учраас эрсдэл багатай. Кодыг уншуулахад мэдээлэл нь манай серверт ирдэг. Сервер кодыг таньж, задлаад хэрэглэгчид харуулдаг. Монголын мобайл сүлжээтэй бүх банк хөгжлөөс хоцрохгүйн тулд ирээдүйд QR код ашигладаг болох байх. Манай компани гааль, улсын бүртгэл, сайн дурын нийгмийн даатгал зэрэг үйлчилгээнд уг кодыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэв.
Энэ мэтээр QR код гар утасны дэвшилт технологитой хавсарч онлайн гүйлгээг хялбарчилж, картын хэрэглээг зах зээлээс шахаж эхэллээ. Бүх төлбөр гар утсанд шилжинэ гэсэн технологийн салбарынхны зөгнөлийн бодит биелэл болж байна. QR кодыг төлбөрт ашиглах нь баталгаатай гэж үзэж байгаа бол цахим хуудас руу холбоход илүү эрсдэлтэй. Учир нь тухайн кодыг гар утсаараа уншуулахад өөр хортой програм руу нэвтрэх, вирус халдах магадлал өндөр байдаг юм байна. Энэ нь QR кодын хамгийн сул тал. Харин тус вэб сайт дундын байгууллагад бүртгэлтэй бол тусгай серверүүд хортой кодыг нь илрүүлдэг. Тиймээс бүх QR код аюулгүй гэж үзэх нь өрөөсгөл учраас хяналтаа бүү сулруулаарай.
Б.Баярмаа