Элдэв НАЙРАА, НАЙМААГ эрэмгий арслан Б.Хишигбаатар таслав


2017-06-19 12:35 GMT+8

Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам” өнгөрсөн Бямба гаригт МБӨ-нд боллоо. Аймгийн хурц арслан Б.Номиндалай,Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, Ц.Бямба-Очир нарын тэргүүтэй аймаг,цэрэг, сумын цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдав.

Бүх цэргийн наадам залуучуудын өнгийг тодорхойлдог учир тун сонирхолтой, уран хурц барилдаанаар дүүрэн болдог. Энэ барилдаанд дээгүүр барилдсан бөхчүүд улсын баяр наадамд сайн барилддаг, цол хүртдэг бичигдээгүй хуультай.

Аймгийн арслан Б.Хишигбаатар эрэмгий, дайчин барилдаж, түрүүллээ

Аймгийн хурц арслан Б.Хишигбаатар

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хилчин СХ, Хантайшир дэвжээ, Электриком ХХК-ны бөх, аймгийн арслан Балганы Хишигбаатар дайчин эрэмгий барилдсаар найман даван түрүүлж, “хурц” чимэг хүртлээ. Тэрбээр тавын даваанд аймгийн арслан Б.Серикийг давсан бол зургаагийн даваанд энэ хавар унах тун дургүй байгаа аймгийн арслан О.Хангайг даацтай хутгаж, үзэгчдийг шуугиулав. Энэ барилдааны түрүү бөхөөр Хангайг нэрлэсэн хүн цөөнгүй байсан биз. Түрүү бөх долоогийн даваанд аймгийн харцага Ө.Батзулыг гар таллаж, ард нь гараад мэхээ гүйцээсэн юм. Үзүүр, түрүүнд олон хурц арсланг “хэвтүүлсэн” аймгийн нэмэх начинг О.Батжаргалыг төвөггүйхэн хаяж, бөх сонирхогчдоо баярлуулсан юм. Хишигбаатар арслан элдэв найраанд оролгүй үнэн шударгаар барилдаж түрүүлсэнд олон хүн баярлаж суулаа. Аймгийн шинэхэн хурц арслан Б.Хишигбаатар аймаг, цэргийн цолтой бөхчүүдийнхээ баруун магнайд очлоо. Тэрбээр өмнө аймгийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр удаа зургаа давсан амжилттай байсан юм.

Оюунбатын Батжаргал цэргийн заан болов

Баруун гар талд О.БатжаргалЗавхан аймгийн Идэр сумын харьяат, Завхан дэвжээ, Хүч спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв. Тэрбээр аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Ш.Мөнгөнбаатар, Ө.Сүхбат, О.Гантулга, аймгийн арслан М.Бадарч нарыг өвдөг шороодуулан цолд хүрлээ. Хурц арслангууд О.Батжаргалтай бараг барилдсангүй. Бүгд хэвтээд өгсөн дөө. Түүнтэй барилдах бөхчүүдийг улсын гарьд Ш.Жаргалсайхан, харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий нар найрч байлаа. Өнгөрсөн жил бүх цэргийн наадмаар үнэн шударга барилдаж үзэгч түмнийг талархлыг хүлээгээд байсан М.Бадарч арслан хүртэл найраанд орж, хэвтээд өгөв. Аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд бөхийн өргөөний дотор талын суудалд суусан ч Завханы бөхчүүд олон янзын аргаар найраагаа хийж байлаа. Тэд утсаар ярих, эсвэл барилдахаар гарахын өмнө чихэнд хоёр гурван үг “дайж” найраагаа хийж байсан юм. Үүнийг гадарласан нэгэн генерал үүдэнд зогсож байсан улсын цолтой бөхчүүдийг тараах гэж оролдсон ч тэд тоосонгүй. О.Батжаргал одоо цолондоо дүүрэн сайхан барилдаж, өөрийгөө л батлан харуулах хэрэгтэй дээ.

Ө.Батзул тунаж барилдахын ид шидийг үзүүллээ

Их спорт, үндэсний бөх хоёрыг хослуулж яваа залуу Ө.Батзул

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хүч спорт хорооны бөх, аймгийн харцага Ө.Батзул зургаа давж, цогт чимэг хүртлээ. Чөлөөт бөхийн ОУХМ энэ залуу өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд тунан барилдсаар аймгийн харцага болсон. Тэгвэл бүх цэргийн наадмаар мөн л тунаж барилдсаар аймгийн харцага цолоо батлав. Батзул гурвын даваанд Б.Гончигтавхайг хонгодож цацан давсан бол дөрвийн даваанд аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүг сэжиж ард нь гараад өвдөг шороодуулав. Харин тавын даваанд аймгийн арслан Д.Тамиртай тунан барилдаж, баруун хөлд нь ороод дээр өргөж гаргаад хаяв. Энэ барилдааны Бүх цэргийн наадмын чимэг болсон барилдаануудын нэг яах аргагүй болсон юм. Зургаагийн даваанд аймгийн арслан Б.Даваа-Очиртой мөн тунан барилдаад давав.

Г.Бадрах цэргийн начин боллоо

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Ганцогтын Бадрах аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ц.Бямба-Очир нарыг дараалан хаяж “цэргийн начин” цол хүртэв. Тэрээр сумын цолтон болон залуучуудын барилдаанд түрүүлж, үзүүрлэдэг бөх юм.

Бууж өгсөн бөхийн хийморь үхдэг

Ахмад бөхчүүд ингэж хэлэлцдэг. Бүр баримт нотолгоо бийг ч хэлдэг. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ц.Бямба-Очир, Ө.Сүхбат, Д.Цэвэлсодном, О.Гантулга, М.Бадарч нарын бөхчүүд энэ үгийг ойлгоосой. Жил бүрийн бүх цэргийн наадмаар найраа, наймаа хийж бууж өгцгөөдөг. Жил бүрийн улсын наадмаар түүнийх нь гор гарч доогуур даваанд өвдөг шорооддог. Хойтон жил нь ахиад л найраа хийж, хийморио үхүүлдэг. Ийм байж боломгүй санагдах юм. Улсын цолтой бөхчүүд дарамтлаад, элдэв найраанд шахаад байдаг юм бол барилдахгүй өнжчих л дөө. Тэгээд л болоод явчихна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ардын мэргэн үг бий.

Гол найдварууд нэгийн даваанд бүдрэв

Бөх сонирхогчдын итгэл хүлээлгэж, дээшээ барилдах болов уу хэмээн таамагласан хэд хэдэн хүчтэн нэгийн даваанд өвдөг шороодлоо. Говь-Алтай аймгийн заан Ч.Эрдэнэсайхан жүдогийн ОУХМ, аймгийн начин Ө.Дүүрэнбаярт тахим өгсөн бол Булган аймгийн заан Б.Түмэндэмбэрэл аймгийн начин Б.Батдоржид өвдөг шороодов. Архангай аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ, өнгөрсөн жил цэргийн наадмаар бужигнуулсан Б.Зоригтбаатар нарыг үзэгчид мөн л дээгүүр харж байсан. Тэгвэл О.Мөнх-Эрдэнэ хоёрын даваанд О.Хангай арсланд, Б.Зоригтбаатар гурвын даваанд аймгийн арслан Ц.Мөнхбаярт тахим өгөв.

 

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 401 санал өгсөн байна.

Дээшээ