"Дэрэн" улирлын хоёр дахь хожлоо авав


2017-06-19 19:25 GMT+8

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс ХХК”-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн долоо дугаар тойргийн тоглолтууд боллоо.

Улаанбаатар сити 2:1 Сэлэнгэпресс

Энэ тойргийн гурав дахь тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “Улаанбаатар сити”, “Сэлэнгэпресс” гэсэн хүчирхэг багуудын хооронд боллоо. Үндсэн цаг эхэлснээс 10 хормын дараа “Улаанбаатар сити” торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсныг багийн төдийгүй лигийн мэргэн бууч Ц.Түмэнжаргал амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг нээв. Хариу гоолыг “Сэлэнгэпресс”-ийн Япон легионер Хишида Таку чангахан барьж, 27 дахь минутад хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлээ. Нэгдүгээр үед хоёр гоол орсон бол багууд сүүлийн хагаст нягт нямбай, хянамгай тоглолтыг үзүүлсэн. Гэхдээ тоглолтыг эцсийн цэгийг “Улаанбаатар сити”-ийн Акира Хишагияама 82 дахь минутад тавьж, баг нь 2:1-ээр хожлоо. Үлдсэн хугацаанд гурван оноогоо хамгаалж чадсан “Улаанбаатар сити” 15 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Хангарьд 2:0 Унаганууд

Орхон аймгийн нэр төрийг хамгаалагч “Хангарьд” клуб өчигдөр талбайдаа футзалын дархан аварга “Унаганууд”-ыг хүлээн авч тоглолоо. Өнгөрсөн тойрогт “Сэлэнгэпресс”-ийг 1:6-аар илүүрхэн хожсон “Хангарьд”-ын залуус талбайдаа сэтгэл зүйн давуу байдалтай гарсан. Тэр ч утгаараа үндсэн цаг дуусахаас өмнө амжиж тооных харьцааг нээв. Тоглолтыг гоолыг салхийг С.Ганхуяг 44 дэх минутад хагалж, улирлын тав дахь гоолоо өөрийн нэр дээр бичүүлсэн. Шийдвэрлэх үеийн 65 дахь минутад “Хангарьд” клубт төдийгүй Монголд хамгийн удаан тоглосон легионер Паул Эбука тооны харьцааг 2:0 болголоо. Үлдсэн хугацаанд эзэд үр дүнгээ амжилттай хамгаалснаар 13 оноотой болж, “Атлетик 220” зэрэгцэж ирлээ.

Дэрэн 2:0 Хоромхон

Энэ тойргийн сүүлийн тоглолт хүснэгтийн сүүлд бичигдэж байсан “Дэрэн” болон өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хоромхон” клубүүдийн хооронд болсон. Хэн хэнд нь гурван оноо ус агаар мэт хэрэгтэй байсан тул үндсэн цагийн эхнээс хянамгай тоглолтыг үзүүлэн, нэгдүгээр үед гоолгүй тэнцлээ. Харин шийдвэрлэх үеийн 70 дахь минутад “Дэрэн” клубийн довтлогч Ц.Төмөр-Очир баруун хөлөөрөө Э.Отгонпүрэвийн хаалгыг мялааж, тооны харьцааг нээсэн юм. Удаах гоолыг мөн “Дэрэн” багийн ахлагч Б.Гарьдмагнай 79 дэх минутад чөлөөт цохилтоос оруулан тоог холдуулав. Гурван оноо авахад 2:0 гэдэг үр дүн хангалттай байж Вочислав Бралусичийн залуус хүснэгтийн долоо дугаар байрт дэвшлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3801 санал өгсөн байна.

Дээшээ