Хууль бусаар барилга барьж байна гэх гомдол жилийн жилд үргэлжилсээр олон жилийг ардаа үджээ.
Эдгээр гомдлын нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах Шинэ Өргөө хотхон. Ашиглалтад ороод удаагүй тус барилгын оршин суугчид хүүхдийн тоглоомын талбай барих газар орон сууцны барилга барьж байна хэмээн бүтэн жил эсэргүүцсэн ч өнөөдрийг хүртэл тусыг олсонгүй.
1080 айлын хотхоны барилга ашиглалтад орохдоо хүүхдүүдэд зориулсан 2-3 тоглоомын талбайтай байхаар зураг төсөл захиалагч нартаа танилцуулжээ.
Гэвч өнөөдөр олигтой тохижилтгүй 40 хүүхдийн багтаамжтай тоглоомын “талбайнцартай”, оршин суугчид барилгын компанийнханы хооронд үл ойлголцол үүсээд байна.
ТОГЛООМЫН ТАЛБАЙ 40 АЙЛЫН ОРОН СУУЦ БОЛОХ ХҮРТЭЛ
Ашиглалтад ороод гурван жил болж буй тус хотхоны тоглоомын талбай барихаар төлөвлөсөн газарт 2016 оны зургадугаар сард хашаа барьж эхэлжээ. Ингээд иргэд ямар учиртайг тодруулахад дээрээ тоглоомын талбайтай, доороо гарааш бүхий байгууламж барих гэж байна хэмээн тус хотхоныг барьсан “Ар Ий Си” компанийн зүгээс учирлаж.
Тухайн үед оршин суугчид энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандан шалгуулахад мэдээлэл таарч байсан тул санаа амарчээ.
Энэ явдлаас хойш хоёр сар өнгөрч, наймдугаар сард барилгын суурь цутгах үеэр байдал нэг бишдэж байгааг мэдсэн оршин суугчид мэргэжлийн хүмүүсээр харуулсан байна. Гэтэл хүлээлт үүсгэсэн газар нь гаражийн биш барилгын суурь ухаж байв. Ингээд иргэд дахин Мэргэжлийн хяналтын газар хандав. Харин хариуд нь тоглоомын талбай барих ёстой газар нь таван давхар, 20 айлын орон сууц баригдахаар болсон гэсэн хариуг сонсчээ.
Яагаад хоёр сарын өмнө хүүхдийн тоглоомын талбай барина хэмээн мэдэгдсэн газар нь таван давхар орон сууц босохоор болсныг эрэлхийлэв.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас аравдугаар сарын 20-нд тус хотхонд баригдах дөрвөн байшингийн талбайд цэцэрлэг, сургууль барихаар газраа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлсэн учраас тоглоомын талбай барихаар төлөвлөсөн газрыг оронд нь шилжүүлсэн гэсэн хариуг тэдэнд өгчээ.
Ингээд л хяналт тавих, мэдэх ёстой газар нь хүртэл иргэдийг хуурч, өдөр хоног аргацаасаар нэг жилийг ардаа үджээ.
Харин дулаа ормогц дахиад л барилгын ажил эхлэв. Иргэд эсэргүүцэв. Харин хорин айлын орон сууц барих зөвшөөрөлтэй атлаа зураг төслөө 40 айлынхаар батлуулсан байв.
Хэл ам дагуулан байж, НХТЕТГ-ын нэр бүхий албан тушаалтнуудаар сүр үзүүлэн барилгын ажлыг түр зогсоосон хэдий ч тухайн хэсэг хүүхдийн тоглоомын талбай ч болохгүй өнөөдрийг хүрсэн тул оршин суугчид хэвлэл мэдээлэлд хандаж буй нь энэ юм.
ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЯВАХ ЗАМДАА ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ ШАХЖЭЭ
Шинэ Өргөө хотхоны оршин суугчид ийн ярьж байна.
Оршин суугч С: Анх тоглоомын талбай баригдана гэж байсан ч 5 давхар 20 айлын орон сууц, одоо бүр хоёр орцтой 40 айлын орон сууц барихаар болчихсон. Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нар энэ асуудалд хяналт тавихгүй байна. 1080 айлын орон сууц. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Нэг жижиг талбай байдаг нь олон машин зам өнгөрч байж хүрдэг. Миний мэдэхээр 2-3 хүүхэд тоглоомын талбай явах замдаа осолд орсон.
Оршин суугч Ж: Шинэ Өргөөд гэр бүлүүд хүүхдээ цэвэр агаарт гаргах гэж л орон сууц худалдан авсан. Гэтэл өнөөдөр хүүхдээ гаргах зай талбайгүй болж байна. Нийслэлийн Засаг даргад хүртэл гомдол гаргасан ч бидний эрхийг зөрчиж байгаа газар руу цохоод явуулчихдаг.
Хашаа барьж байх үед нь оршин суугчид компанийн холбогдох хүмүүстэй уулзсан. Гэтэл захиалагч “Ар Ий Си” компанийн захирал “Манайх энд амьдардаг. Миний хүүхдүүд ч энд тоглоно” гэж оршин суугчдад итгэл үнэмшил төрүүлэн ажлаа эхлүүлсэн. Гэтэл одоо бидэнд өмнөх хотхоноосоо мөнгө олж чадаагүй учраас энэ барилгыг барьж, ашгаа гаргана гэсэн тайлбар өгч байна. Мэргэжлийн байгууллагуудад хандсан ч шаардлага тавьдаггүй, компанийн өгсөн албан бичгийг оршин суугчдад өгч аргацаасаар байна.
Хотхонд хүүхдийн тоглоомын талбай барих боломжтой хоёр хэсэг бий. 40 хүрэхгүй хүүхдийн багтаамжтай, цементэн шалтай нэг тоглоомын талбай байгуулж өгсөн. Тэр нь хүүхдэд ямар ч ээлгүй талбайгаа болж байна гэж компани тайлбарладаг. 1080 айл багадаа нэг хүүхэдтэй гэж бодвол энд мянга орчим хүүхэд байна. Гэтэл 40 хүүхдийн тоглоомын талбайг хангалттай гээд байгаа юм. Хүүхдүүд машин зам дээр тоглож байгаад осолд орсон хэд хэдэн тохиолдол гарсан. Тоглоомын талбай манай байрны урд байдаг. Хүүхэдтэй учраас тоглоомын талбай бидэнд их чухал. Гэтэл хүлээцтэй хандаад ч болохгүй байна. Хүүхэд маань тоглоомын талбайгүйгээс болоод нэг удаа машинд дайруулах шахсан. Тиймээс заавал тоглоомын талбай барих шаардлагатай. Аргаа бараад СӨХ-өөс зааж өгсөн газарт өөрсдөө машинаар элс асгуулаад хүүхдүүдээ тоглуулж байна. Гэтэл компанийн зүгээс хууль бусаар нэр хүндэд нь халдах зорилгоор хийсэн ажил гэж үзэж надад бичиг хүртэл илгээсэн.
Оршин суугч Э: Гуравдугаар ээлжийн гадна тохижилтыг хийгээгүй байхад улсын комисс хүлээн авсан. Барилга нь чанаргүй, хэцүү нөхцөлд байна. НХТЕТГ энэ компанитай ямар харилцаатай болоод өнөөдрийг хүртэл гаргасан зөрчиилдөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна вэ, ямар онцгой харилцаатай болоод ийм чанар муутай барилгыг хүлээж аваад, иргэдийг хохироож байна вэ гэдгийг асуумаар байна.
"АР ИЙ СИ": НЭГ Ч ХҮҮХЭД ОСОЛД ОРООГҮЙ, МАНАЙ КОМПАНИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙНА
“Супермаркет, үйлчилгээний төв, хүүхэд, залуусын чөлөөт цагт зориулагдах ногоон байгууламж, цэцэрлэгтэй бас спортын талбайтай, А3 стандартын буюу агаар, амар, амгаланг оршин суугчид мэдэрнэ”
Энэ бол тэдний захиалга авахдаа иргэдэд амласан амлалт. Гэвч өнөөдөр иргэд алийг нь ч эндээс олсонгүй. Хүүхэд нь тоглох, хөгшид нь нарлах талбайгүй. Байрны буланд асгасан элсэн дээр замтай зэрэгцэн хүүхдүүд тоглож, иргэд жилийн турш хэл ам хийсээр өнөөдрийг хүрлээ хэмээн оршин суугчид учирлаж байна.
Иргэдийн өгсөн мэдээлэл, холбогдох байгууллагаас өгсөн тайлбарыг тодруулахаар “Ар Ий Си” компанийн менежер Батхишигтэй холбогдсон юм.
“Тэрбээр хэдэн оршин суугч компанийн нэр хүндэд халдаж байна. Хүүхэд дайруулсан зэргээр худал ярьж буй тул бид цагдаагийн байгууллагад хандсан. Замын цагдаагийн газраас холбогдох тодруулгыг авсан шийддэг журмаар нь шийдүүлнэ. Гомдол гаргаж байгаа иргэдийн дунд СӨХ-ийн төлбөрөө удаа дараалан төлөөгүй айлууд ч бий. Удахгүй үнэн зөв нь тогтоогдох байх. Тэр үед мэдээлэл өгье” гэсэн тайлбарыг өгсөн.
Иргэдийн төлөө ажилладаг төрийн байгууллага удаа дараа гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа нь иргэдийн гайхшралыг төрүүлээд байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хэмээн бичиг шидэлцэж, жилийн хугацааг ардаа орхисон тус компанийн барилгын ажлыг зогсоосон ч хэзээ мөдгүй барилгаа эхлэх гээд зэхэж буй талаар оршин суугчид хэлж байв.
Гаргасан шийдвэр, албан бичгээ удаа дараа өөрчилж буй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар төлөвлөдөг биш будлиулдаг газар болчихов уу хэмээн Шинэ Өргөөгийн оршин суугчид гайхширч сууна.