Наадам ЭНД болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Г.Одгарав

2017-07-10 09:35 GMT+8

Наадамчин олон тав хоногийн дараа Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэнэ.

Улсаас наадмын бэлтгэл ажилд 2.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл наадмын бэлтгэл хэр хангагдсан бол. Энэ асуултын хариултыг авахаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худгийг зорилоо.

Хүй долоо худагт санасныг бодвол зуншлага сайхан, өвс ногооны гарц сайн байв. Эвдэрсэн зарим замыг засварлаж, замын цагаан шугамыг тодруулсныг ажвал наадамчид төвөггүй тийш очих боломжтой болжээ.

Хурдан морины уралдааныг шимтэх үзэгчдийн асар, тухлах саравчуудыг өнгө ялган будсан харагдана.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайг бэлтгэх засвар, шинэчлэлтийн ажилд 150 орчим сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Хүй долоо худгийн тохижилтын ажлыг “Монгол наадам” цогцолбор хийж байгаа юм. Наадмын бэлтгэл хэр хангагдсан талаар тус цогцолборын ашиглалтын инженер Т.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.

-Тав хоногийн дараа наадам болно. Баярын бэлтгэл хэр хангагдсан бол?
-Баяр наадмын бэлтгэлийн ажил 97 хувьтай дуусах шатандаа орсон байна. Өнөөдөр наадмын комисст хүлээлгэн өгнө.

-Энэ жил шинээр ямар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Энэ жил бид наадмын талбайд машинаар усалгаа хийж байна. Үйлчилгээний талбай, морь бариа, аюулгүй тойргуудыг байнга усалж байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд үзэгчдийн сандал, бие засах газрууд болоод бусад тохижилтын ажлыг гүйцэтгэсэн. Мөн энэ жил зургаан шинэ бие засах газрыг нэмсэн. Өөрөөр хэлбэл нийт 34 жорлон иргэдэд үйлчилнэ. Мөн явган гүүр 10 ширхгийг шинээр хийсэн. Мөн морь барианыхаа талбайд гүний худагтай болсон.

-Хэчнээн ширхэг хогийн сав байрлуулах вэ?
-Нийт 100 ширхэг хогийн сав байрлуулна. Мөн Хот тохижилт үйлчилгээний газраас хогийн сав нэмэлтээр авчирна.

Мөн тэрбээр тог цахилгааны асуудал бүрэн шийдэгдсэнийг нэмж хэллээ.

Үүний дараа Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Биднийг очиход наадмын нээлтийн бэлтгэл ажил дуусч байгаатай таарав. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудтай уулзахад “Наадмын бэлтгэл хангагдсан. Өнөөдөр ч наадмаа хийхэд бэлэн болсон” гэсэн юм.

Тэд энэ жил баярын хүрээнд зүлгээ тойруулаад 600 орчим сая төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн гүйлтийн резинэн зам тавьжээ.

Мөн Төв асрын 230 сандлыг сольж, Цэнгэлдэхийн хаалганы хашлагуудыг засварласан байна.

Сур харвааны талбайн тохижилтын ажил дууссан бөгөөд наадмын уур амьсгал хэдийнэ орж Залуучуудын сур харвааны аварга шалгаруулах тэмцээн болж байв.  Харин Шагайт асрын гаднах байрыг будаж дотор заслыг хийж байсан юм.

Тоймлоод хэлбэл наадмын бэлтгэл бүрэн хангагджээ. Монголчууд бид дэнж хотойтол наадах л үлдлээ. 

Зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 442 санал өгсөн байна.

Дээшээ