НААДМЫН ТОЙМ 2017: Монгол наадмаар МОНГОЛ МОРЬ уралдах ёстой


2017-07-12 16:55 GMT+8

GoGo мэдээний агентлаг Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг ETV телевизтэй хамтран хүргэлээ.

Энэ жил Шадар сайд У.Хүрэлсүхийн “Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой” гэсэн үүргийн дагуу бүртгүүлсэн морьдоос нэлээд нь хасагдсан.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан хороо морьдын шүдэлгээг хийж үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, галбирыг нь харгалзан морьдыг хассан. Мөн тавиач хүүхдээр унуулсан гэх шалтгаанаар ч нэлээд морьдыг уралдуулаагүй. Ингээд

  • Хязаалан насанд 304 бүртгүүлснээс 127 нь,
  • Шүдлэн насанд 254 үрээ бүртгүүлснээс 59,
  • Азарганы уралдаанд 171-ээс 98,
  • Их насанд 307 морь бүртгүүлснээс 261,
  • Соёолон 253 бүртгүүлснээс 128 нь,
  • Даага 282 морь бүртгүүлснээс 71 нь уралдсан юм.

Энэ жилийн наадам нийт 744 алтан туурт тоосоо өргөсөн нь сүүлийн таван жилд уралдсан морьдоос даруй хоёр дахин бага тоо юм.

Он Уралдсан морьдын тоо
2016 1662
2015 1363
2014 1583
2013 1514
2012 1696

Ийн бүртгүүлсэн морьдыг олноор хасаж байгаад наадамчин олон болон уяачид зөв шийдвэр хэмээн үнэлж байсан ч зарим уяач эрлийз болон монгол морьдоо ил тод шүдлэх ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Ингээд энэ жилийн баяр наадмаар уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан шандаст хүлгүүдийг танилцуулж байна.

ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:

Хязаалан насанд нийт 304 хязаалан бүртгүүлснээс 127 нь уралдсан. Ингээд барианд орсны дараа дахин шүдэлж, эхний аравт орсон морьдыг дахин хасан байр урагшлуулсан юм.

  • Түрүү магнай Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр,
  • Аманхүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн,
  • Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн,
  • Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга,
  • Айргийн тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа тус тус айрагдлаа.

ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:

Шүдлэн насанд нийт 254 үрээ бүртгүүлж үүнээс 59 нь баяр наадмын уралдаанд тоосоо өргөсөн юм.

  • Түрүү магнай Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын уяач Наранцэцэгийн Алдаржаргалын уясан шарга,
  • Аман хүзүүнд Ховд аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоожийн уясан,  Завхан аймгийн Цагаан чулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ,
  • Айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сумьяасүрэнгийн хурдан цагаан үрээ,
  • Айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын хурдан уяач Ариунбаярын хээр үрээ,
  • Айргийн тавд мөн Заамар сумын уяач н.Энхболдын  үрээ тус тус хурдаллаа.

АЗАРГАНЫ УРАЛДААН:

Ардын хувьсгалын 96 жилийн ойн  баяр наадамд газар газрын хурдан шандас 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдлаа.

  • Түрүү магнай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.
  • Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр,
  • Айргийн гуравт,  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх
  • Айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор
  • Айргийн тавд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдлав. 

ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:

Энэ жилийн наадамд 307 их насны морьд бүртгүүлж, 261 нь уралдсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан хорооны шийдвэрээр их насны морьдоос үүлдэрлэг байдлаар 13, сэрвээний өндрөөр 8, морь тавиач хүүхдээр унуулсан шалтгаанаар 10 морь хассан.

  • Түрүү магнай Төв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар,
  • Аман хүзүүнд Төв аймгийн Н.Мөнхзоригийн хул,
  • Айргийн гуравт н.Лхагвасүрэнгийн буурал,
  • Айргийн дөрөвт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн
  • Айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд тус тус хурдаллаа.

СОЁОЛОНГИЙН УРАЛДААН:

Хурдан соёолонгийн уралдаанд нийт 253 морь бүртгүүлснээс 128 үндэсний баяр наадамдаа тоосоо өргөлөө.

  • Түрүү магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын саарал,
  • Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн,
  • Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун,
  • Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр,
  • Айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн хул тус тус хурдалжээ.

ДААГАНЫ УРАЛДААН:

282 бүртгүүлснээс 71 нь уралдсан.

  • Түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгйн дангар зээрд ,
  • Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг,
  • Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын харьяат Б.Баярбаатарын хул,
  • Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар,
  • Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын И.Өлзийхутагийн сартай зээрд тус тус хурдаллаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1054 санал өгсөн байна.

Дээшээ