Батлан хамгаалах яамдын уулзалт хийх саналыг Өмнөд Солонгосын тал Пхеньянд тавьжээ

МОНЦАМЭ

2017-07-17 16:45 GMT+8

Хоёр улсын Батлан хамгаалахын яамдын төлөөлөгчид оролцсон хэлэлцээг 7 дугаар сарын 21-ний өдөр хилийн бүсийн “Панмүнжом” шалган нэвтрүүлэх цэгт явуулах саналыг БНСУ-ын зүгээс БНАСАУ-д тавьжээ. Хэлэлцээний зорилго нь Солонгосын хойгт үүссэн түгшүүртэй байдлыг намжаах арга замуудыг хэлэлцэх явдал юм гэж Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мэдээллээ.

Дээрх саналыг Умардын талд тавьсан гэдгийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд Со Жү Сок нотолсон байна. Түүнээс гадна, Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар 8 дугаар сарын 1-нд зөвлөлдөөн хийхийг Өмнөдийн тал мөн санал болгожээ.

Хамгийн сүүлд 2015 оны сүүлчээр Сөүл, Пхеньян хоёр засгийн газар хоорондын хэлэлцээ хийж байсан юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 6-нд Берлин хотод үг хэлэхдээ “1953 оны 7 дугаар сарын 27-нд гарын үсэг зурсан гал зогсоох тухай хэлэлцээрийн ээлжит ой тохиож байгаатай холбогдуулан хил орчмын бүсэд цэргийн ажиллагааг зогсоох талаар хэлэлцээ хийх” саналыг Умардын талд тавьсан байна. Тэрбээр мөн дайны үеэр салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах санал тавьжээ.

О.Барс

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ