Гэр бүлийн дарамтаас болж 100 орчим хүн ажлын байраа орхижээ
Бусдын нүднээс далд хэрнээ үлэмж их хор уршиг учруулдаг бэрхшээл бол гэр бүлийн хүчирхийлэл. Дэлхийн аль ч оронд боловсролын түвшин, өрхийн орлогоос үл хамааран ийм хүчирхийллийн гол золиос нь хүүхэд, эмэгтэйчүүд болдог.
Эмэгтэйчүүдийн 35 хувь нь ямар нэг байдлаар нөхөр, хамтран амьдрагчийнхаа дарамтад өртдөг гэсэн судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Энэ нь тэднийг сэтгэл санаа, бие махбодийн хувьд хохироохын зэрэгцээ ажлын байранд нь ч багагүй нөлөөлнө. Тухайлбал, ажлын бүтээмж нь эрс буурах, ажил таслах, хамт олондоо нэр хүндгүй болох зэрэг сөрөг үр дагавар дарамтад орсон эмэгтэйчүүдийг отож байдаг.
"САВНААСАА ХАЛЬСАН" ХҮЧИРХИЙЛЭЛ
Шинэ Зеланд, нидерланд, Канад, Турк, Филиппин зэрэг оронд хийсэн судалгаагаар эмэгтэй чүүдийн 35-40 хувь нь ямар нэг байдлаар ажлын байран дахь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байжээ.
АНУ-д төвтэй “Гэр бүлийн хүчирхийлэл болон ажлын байрны сүлжээ” (Domestic violence and work network) байгууллагаас Канадын 8000 гаруй эмэгтэйн дунд судалгаа явуулахад тэдний найман хувь буюу 640 гаруй нь нөхөр, хамтран амьдрагчийнхаа дарамтаас болж ажлын байраа орхисон гэж хариулсан байна. Харин Их Британий судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 56 хувь нь сард хамгийн багадаа таван минут ажлаасаа хоцордог аж. Түүнчлэн тэдний цөөнгүй хэсэг нь наанадаж гурван өдөр ажлаасаа хөндийрдөг гэжээ.
Тэгвэл манай улсад энэ бэрхшээл хэр газар авсан байдаг вэ. Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг 570 бүртгэгджээ. Үүний улмаас 581 хүн хохирч, таван хүн амь насаа алдсан нь харамсахаар үзүүлэлт. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэсэн нь энэ болохоос зөрчил хэлбэрээр бүртгэгдсэн нь үүнээс даруй тав дахин олон аж.
Хувийн компанид нягтлан хийдэг нэгэн эмэгтэй “Ажлаасаа эрт тарахгүй бол манай нөхөр олон дахин утсаар залгадаг. Гэртээ хэрүүл маргаантай үед хэчнээн хичээсэн ч ажилдаа төвлөрч чаддаггүй. Ийм тохиолдол байнга гардаг учраас бусад хүн дургүйцдэг юм шиг санагддаг” гэсэн юм. Гэр бүлийн хүчирхийлэл “савнаасаа хальж”, ажлын байранд илэрч буйн нэг жишээ энэ. Мөн ажлынх нь гадаа манах, ажилд нь явуулахгүй гэж хорих, гар утас, автомашины түлхүүр, хэтэвч зэрэг эд зүйлсийг нь хурааж авах, хамт олных нь дэргэд хэл амаар доромжлох зэргийг хүчирхийллээр нэрлэж болох юм. Харамсалтай нь, үүнийг гэр бүлийн хоёрын дунд байдаг л асуудал гэж үзэх нь элбэг.
Хүчирхийлэлд өртсөн ажилтандаа цалинтай чөлөө олгох нь зөв шийдэл
Монголын үйлдвэрчийн эвлэлийн холбоо (МҮЭХ )-ноос Монголд анх удаа ажлын байран дахь гэр бүлийн хүчирхийллийн талаар судалгаа явуулжээ. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 6129 хүн хамруулсан юм байна. Судалгаанд оролцогчдын долоо хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Гэр бүлийн энэ асуудал ажлын байранд нь багагүй нөлөөлсөн гэдгийг 37 хувь нь хүлээн зөвшөөрсөн аж. Тэдний 76 хувь нь үүнээс болж ажлаа таслах, хоцрох, ажил хийх чадваргүй болсон хэмээсэн байна.
Гол шалтгаан гэвэл тэдний тал хувь нь биедээ ямар нэг байдлаар гэмтэл авч байжээ. Тэрчлэн 15 хувь нь гар утас болон эд зүйлсийг нь хурааж авсан, 13 хувь нь хүүхдийг нь харуулж, асруулахгүй гэж дарамталсан. Мөн 11 хувь нь ажилдаа явах гэхэд нь хорьж, түгжсэн гэж хариулсан байна. Ийм дарамт олон дахин давтагдаж, даамжирснаас хүчирхийлэлд өртсөн есөн хүн тутмын нэг буюу 100 орчим нь ажлаасаа гарсан бараан дурсамжаа хуваалцжээ. Мэдээж, энэ дарамтад эрчүүд бас өртдөг. МҮЭХ-ны дээрх судалгаанд 1400 орчим эрэгтэй хамрагдсаны 40 гаруй нь эхнэрийнхээ дарамтад байдаг гэдгээ нуугаагүй байна.
Тэгвэл эхнэр, нөхрийнхөө дарамтад байдаг нэгэндээ хамт олон нь хэрхэн ханддаг вэ. Ажлын бүтээмж нь илт буурч буйд удирдлагууд нь таагүй байдаг. Ажилтан нь сэтгэл санааны дарамтад байгаа гэдгийг мэдсэн ч шийдвэрлэх алхам хийдэггүй, идэвхгүй хандлага түгээмэл. Харин хамт ажиллагсад нь аль болох дэм өгөхийг хичээдэг байна. Гэвч хамт ажилладаг нэгнийгээ хүчирхийлэгчээс өмөөрснөөс болж эргээд заналхийлэлд өртсөн тохиолдол мэр сэр гардгийг бид мэднэ.
Дээрх судалгаанд оролцсон 6000 гаруй хүний 12 хувь нь хамт ажилладаг нэгнээ хамгаалснаас болж дарамтлуулж, зарим нь биедээ гэмтэл авч байснаа өгүүлжээ. Нөгөө талаас өнгийж харвал гэр бүлийн хүнээ дарамталдаг хүчирхийлэгчийг хамт олон нь хараандаа оруулдаг аж. Судалгаанд хамрагдагсдын 40 хувь нь “Манай байгууллагад гэр бүлийн хүчирхийлэгч бий” гэсэн бол “Ийм дарамтад амьдардаг хүн байдаг” гэж 12 хувь нь хариулжээ. Хариулт ингэж зөрж байгаа нь цаанаа учиртай. Эхнэр, нөхрөө дарамталдаг хүнийг бусад нь гэр бүлийн харьцаанаас нь олж мэддэг. Харин дарамтлуулж буй хүн үүнийгээ аль болох нуухыг хичээдэг. Зарим нь ийм дарамтад байгаа, эсэхээ ч ухаардаггүй аж.
ЭДИЙН ЗАСГИЙН ХОР УРШИГ
Дэлхий нийтээр жилд найман сая ажлын өдрийг гэр бүлийн дарамт, шахалтаас болж алддаг гэж ДЭМ Б-аас мэдээлжээ. Тодруулбал, сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөнөөс болж ажлаасаа чөлөө авах тохиолдол түгээмэл. Энэ нь ажил олгогчид ч хохирол учруулж байдаг.
Судалгаанд оролцсон 40 эрэгтэй эхнэрийнхээ дарамтад орсон гэдгээ нуугаагүй
Чилид гэр бүлийн хүчирхийллийн эдийн засгийн хор хохирол нь жилд 1.56 тэрбум, АН У-д 5.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Дээрх мөнгө цагдаа, шүүхийн ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэгт зарцуулагддаг юм байна. Харин Канадын ажил олгогчид жилд 77.9 сая ам.долларыг гэр бүлийн хүчирхийллээс алддаг гэсэн тоо байна.
Ер нь эмэгтэйчүүд ажлын байран дахь гэр бүлийн хүчирхийллийг тэсч, тэвчээд байдгийн гол шалтгаан нь эдийн засгийн асуудал байдаг. Тэдний ихэнх нь гэр бүлээ тэжээдэг бол зарим нь ядаж санхүүгийн хувьд бусдаас хамаарахгүйн тулд шүд зуун тэсдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлж байна. Сэтгэл санаагаар унаж, бие нь зовиурлаж байсан ч нэг өдрийн цалингийн төлөө ажилдаа явсаар л байдаг. Тиймээс хэрэв ийм тохиолдол гарвал ажил олгогчийн зүгээс цалинтай чөлөө олгож байх нь хамгийн зөв шийдэл гэж хүний эрхийн байгууллагууд үздэг юм. Тухайлбал, Австрали улс хувийн салбарт ажилладаг гэр бүлийн дарамтад байгаа хүн жилд 20 өдрийн цалинтай чөлөө авахыг зөвшөөрдөг юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь айл өрхийн аз жаргал, хүний эрүүл мэнд, цаашлаад улс орны эдийн засгийг далдуур хорлож байдаг. Айл өрхийн доторх асуудалд тэр бүр гар дүрж чаддаггүй төр засгийн хувьд хүчирхийлэлд өртөж буй иргэндээ үзүүлэх нэг дэмжлэг нь цалинтай чөлөө олгох шийдэл байж болох юм.
Б.Баярмаа