Иргэд: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд зааж оруулъя

Б.Чимэг GoGo.mn

2017-08-12 16:30 GMT+8

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.12) Өвөрхангай аймгийн Баянгол суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Баянгол, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Гучин-ус, Богд сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, нутгийн иргэд зэрэг 120 гаруй хүн хамрагдсан юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг хөтлөн, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нар нээв.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, “Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх хэлэлцүүлгийг аймаг, сум, дүүрэг бүрт зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн сургалтад сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар болон 1992 онд Үндсэн хууль батлалцаж байсан Ардын Их Хурлын депутат С.Пүрэв, Н.Дашдондог нар хүрэлцэн ирсэн байна.

1992 онд баталсан Үндсэн хууль Монгол Улсыг ардчилсан нийгмийн тогтолцоо руу, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм рүү шилжих үүргийг амжилттай биелүүлсэн гэж боддог. Гэвч нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг дагаад Үндсэн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзэж байгаа учраас бүх ард түмнээрээ хэлэлцүүлж та бүхний саналыг сонсож байна” хэмээв.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан

  • “Монгол Улсын Их Хурал”,
  • “Монгол Улсын Ерөнхийлөгч”,
  • “Монгол Улсын Засгийн газар”,
  • “Шүүх эрх мэдэл”,
  • “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийв.

Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга Ч.Чинзориг

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат “УИХ-ыг тараах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар ямар үндэслэлүүд байдаг вэ”, Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн иргэн С.Пүрэв “Үндсэн таван яамнаас гадна долоон яамны нэрийг Үндсэн хуульд тусгаж болох уу?”, Богд сумын Засаг дарга Ч.Чинзориг “Засгийн газрын нэг салбараас болж бүхэл бүтэн аппаратыг унагах нь зөв үү” зэрэг асуулт асууж, хариулт авсан юм.

Үүний дараа иргэд саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Иргэдийн зүгээс сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодог байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд зааж өгөх, Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхтэй байх мөн Ерөнхийлөгчийн сонгуульд намаас гадна хувь хүн нэр дэвших боломжоор хангах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн иргэн С.Пүрэв

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 86 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Өвөрхангай аймгийн хувьд бүсчилсэн гурван суманд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хүрээнд маргааш (2017.08.13) Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 40 санал өгсөн байна.

Дээшээ