Сүрдэм, бишрэм, гайхам уулсыг би гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы бүтээлээс олж харсан. Хорь гаруйхан настай хэдий ч хэн бүхний зориглоод байдаггүй Алтай таван богдын Хүйтэн, Найрамдал, Цаст Цамбагарав, Сутай, Түргэний ноён оргил Дэглий Цагаан, Хархираан ноён оргил Мөст, Европ тивийн ноён оргил Эльбрус, Хорьдол сарьдагийн нурууны оргил Дэлгэрхаан зэрэгт гарч тэрхүү агшныг гэрэл зургийн хальснаа мөнхөлж амжжээ. Тав дахь жилдээ зураг авч эхэлсэн ч энэхүү салбарт өөрийн өвөрмөц хэв маяг, бүтээлээрээ хэдийнэ танигдсан байна.
Байгалийн гэрэл зургийн “Studio 11” студид ажилладаг тэрбээр 2012 онд “Оюу толгой-Хүмүүс” гэрэл зургийн уралдаан тусгай байр, 2012 онд “Миний сайхан эх орон” гэрэл зургийн уралдаан тэргүүн байр, 2013 онд “Bodi Electronics - Монголын сайхан орон” уралдаанд тусгай байр, 2015 он Хүрээлэн төслөөс зохион байгуулсан уралдаанд тэргүүн байрыг тус тус хүртжээ.
“Хүний хараанд өртөөгүй өөр өнцгөөс зураг авах гэж...”
Манай өвөө зураач байсан болоод ч тэр үү би багадаа байгалийн зураг зурах дуртай хүүхэд байлаа. Отгонтэнгэр хайрхныг ч их зурсан даа. Магад уран зурагт сонирхолтой энэ хүсэл гэрэл зурагт хөтөлсөн байж болох юм. Анх жижиг компакт камераар Богд уулын зураг авсан минь их таалагдаж мөнгөө цуглуулж байгаад Nikon-ны сонирхогчийн камер худалдан авсан. Харин гэрэл зурагт дурлах болсон шалтгаан гэвэл хүмүүсийн магтаал, урмын үгс юм. Хэрэв хүмүүс намайг дэмжээгүй бол гэрэл зурагт гүнзгий орохгүй байсан ч юм бил үү. Байгалийн гэрэл зургаар дагнадаг учраас хүн очиход бэрх үзэсгэлэнт байгаль, уулсын зураг авахыг эрмэлздэг. Тиймээс хүний хараанд өртөөгүй өнцгөөс зураг авах гэж уулын спорт, явган аяллын спортыг сонирхож, хичээллэж эхэлсэн.
“Гараагаа Асралт хайрхнаас...”
Монголын ихэнх уулчин Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд авирч спортын гараагаа эхэлдэг. Энэ жишгээр би анх Асралт хайрханд өвлийн авиралт хийж байв. Тухайн үед зураг авах гэж гүйх шахам л яарч билээ. Тэгээд зургаа авсныхаа дараа хажуугийнх нь оргилд гарч Асралт хайрхны зургийг буулгаж байлаа. Дурлаж хийсэн болохоор ер ядраагүй байх. Дараагийн нэг авиралтаар камер царцсан учраас зураг авч чадаагүй. Бас л сүрдэм ”чанга” хайрхан шүү.
“Эльбрус! Үүлнээс дээгүүр цухуйх оргилууд, үүлэнд тусах нарны туяа...”
Хамгийн сүрдэм, гайхалтай мэдрэмжийг төрүүлж байсан Европ тивийн ноён оргил Эльбрус. Үүр туяарах үед 3900 метрт байрласан майхнаасаа гараад дээш 4800 метрт өгсөх үед нар мандсан. Энэ үед үүлс өлмий дор яг л далай шиг харагдаж байсан. Үүлнээс дээгүүр цухуйх оргилууд, үүлэнд тусах нарны туяа гээд үгээр хэлэхийн аргагүй гайхалтай...
“Шантралгүй хүрсний эцэст эрч хүч дахин нөхөгдөх шиг...”
Оргил руу мацаж явахад ядрах, шантрах зүйл их тохиолдоно. Харин оргил дээр гарсны дараа эрч хүч дахин нөхөгдөх шиг л болдог. Өндрөөс энэ дэлхий алган дээр байгаа юм шиг...
“Дараагийн хүрэх оргил бол үзүүрлэсэн харандаа шиг шовх Цагаан суварга... Түүний дараа Эверест...”
Миний мөрөөдөл Эверест. Харин заавал хүрнэ гэж боддог оргил бол Алтай таван богдын Цагаан суварга хэмээх үзүүрлэсэн харандаа шиг шовх, үзэсгэлэнтэй оргил.
“Амьдралын минь оргил... Магадгүй 10 жилийн дараа...”
Амьдралынхаа оргилын дөнгөж бэлд нь яваа байх. Магадгүй 10 жилийн дараа оргилд нь хүрнэ...
“Шилдгийн төлөө суралцсаар л явна...”
Өөрийгөө сайн зурагчин гэж боддог. Гэхдээ шилдэгт хүрэхийн төлөө суралцсаар л явна.
“Агшин бүрийг мөнхөлж, түүхийг бүтээдэг агуу зүйл бол...”
Агшин бүрийг мөнхөлж, түүхийг бүтээдэг агуу зүйл бол гэрэл зураг.
“Алтай таван богд, Цаст Цамбагарав, Сутай, Түргэний ноён оргил Дэглий Цагаан гээд л...”
Алтай таван богд, Цаст Цамбагарав, Сутай, Түргэний ноён оргил Дэглий Цагаан, Хархираан ноён оргил Мөст, Европ тивийн ноён оргил Эльбрус, Хорьдол сарьдагийн нурууны оргил Дэлгэрхаан, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан, Хангайн нурууны Дуган энгэр оргил, Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг, Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан, Алтан-Өлгийд одоогийн байдлаар авиралт хийгээд байна.
“Төсөөлж байсан зургаа буулгасны дараа л...”
Ууланд авирангаа зураг авахад бэрх юм их. Хүнд дуран үүрч явах, хүйтэн үед камераа царцаахгүй байх, баттерей нурах гэх мэт. Зарим тохиолдолд уулчдаас эрсдэлтэй алхамууд хийх нь ч бий. Дуртай ажлаа хийж яваа болохоор ер бэрх санагддаггүй. Тэр бүр хараад байдаггүй давтагдашгүй орчинд зураг авна гэдэг гайхалтай. Төсөөлж байсан зургаа буулгасны дараа л сэтгэл өег байдаг.
“Нүдэндээ итгэмээргүй үзэсгэлэнт байгаль Хорьдол сарьдагийн нуруунд бий...”
Үргэлж л очмоор санагддаг газар гэвэл Хорьдолсарьдагийн нуруу. Монголд ийм үзэсгэлэнтэй газар байдаг гэхэд итгэмээргүй мэдрэмж төрдөг. Эгц өндөр уулс, ой мод, хамгийн өндөр хүрхрээ тэнд л байна.
ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.ЭРДЭНЭБУЛГАНЫ УРАН БҮТЭЭЛИЙН ЕРТӨНЦӨД ТҮР СААТАХУЙД...
Хяргас нуурын Хэцүү хадны эрэг. ОХУ-ын аялагч А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголдоо хоёрт жагсдаг” гэжээ. Маш олон хүн энэ зургийг хараад Монголд ийм газар байдаг юм уу, хаана байдаг юм бэ гэж асуудаг.
Дархадын цагаан адуу болон Хорьдолсарьдагийн нурууны үзэсгэлэнт Дэлгэрхаан оргил.
Энэ зургийг “Амар амгалангийн орон” гэж нэрлэмээр санагдсан. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байх Хотон нууранд энэхүү зургийг авсан юм. Олон хүний хөлд дарагдаагүй, хүн бага зүглэдэг учир амьтад нь хүртэл амар амгалан байдаг.
Хөвсгөл нуурын үдэш. Нар жаргах үеийн энэхүү гайхалтай байгалийн өнгө ердөө хоёр, гуравхан л минут үргэлжилсэн. Энэ зураг маань “Bodi Electronics”-оос зохион байгуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн уралдаанд тусгай байр эзэлсэн.
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар. Тэрэлжийн эгц цавчим ханан хадан дээгүүр аялсаар нар жаргах үед авч билээ. Өдөр нь бороо орсон учир их тунгалаг бөгөөд униаргүй харагдаж байсан.
Хар зүрхний хөх нуурын намрын өнгө. Өглөө эрт нуурын ус толь шиг тунгалаг байдаг учир нар мандахтай зэрэгцэн босч байлаа.
Яг л харь гариг дээр байгаа мэт... Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий эрт цагийн далай, тэнгисийн ёроол юм.
Монголын хамгийн өндөр цэг Алтай таван богдын “Хүйтэн” оргил. Хүйтэний оргил нь далайн төвшнөөс 4374 метр өндөрт байдаг бөгөөд Монгол орны баруун захад оршино.
Жавар тачигнасан өвлийн өнгө. Монголын хамгийн хүйтэн газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд идэр есийн хүйтнээр зураг авах ч чанга байсан шүү.
Хөвсгөл нуурын зургийг нуурын баруун талд байх Хорьдолсарьдагийн салбар уулсын нэг Чүчээ хайрхан буюу 2444 метр өндрөөс ийнхүү буулгаж байсан.
Байгалийн гайхамшигт гэрэл. Яг энэ газрын зураг аваад зогсож байхад эсрэг талд нар жаргаж байсан юм. Өмнө нь үзэж байгаагүй гоёмсог байгалийн гэрэл байсан. Сэлэнгэ аймаг, Зүүнхараа.
Уулчдын мэдрэмж. Саяны нурууны ноён оргил ОХУ болон Монголын хил дагуух Мөнх сарьдаг ууланд авирах үеэр дарсан зураг. Энэхүү зургийн баруун хэсэг нь ОХУ-ын, зүүн хэсэг нь Монгол орны нутаг дэвсгэр юм.
Дэглий цагаан хайрханд авирах үед өндрийн кемп буюу отгоо 3590 метрт байгуулсан юм. Энэхүү зургийг майхнаасаа шахуу дарсан юм. Ийм гайхалтай газар нэгэн үдшийг өнгөрүүлсэн дээ.
Түргэний ноён оргил руу авирч яваа уулчид. Хүн энэхүү сүрлэг байгалийн дунд цэг шиг л харагдаж байгаа биз. Сайн харвал зүүн доод хэсэгт бидний хоноглосон кемп харагдана. Цаана харагдах уул бол Түргэний нурууны Олимп оргил юм.
Завхан аймагт орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Мухартын голын эх. Өндөр элсэн манхнаас эх аван урсах энэхүү гол нь Хүнгүй голд цутгаад, Хүнгүй гол нь Завхан голтой нийлдэг.
Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газруудын нэг Үүртийн тохой. Энэ зураг “Миний сайхан эх орон” гэрэл зургийн уралдааны тэргүүн байрыг хүртсэн.
Хорьдол сарьдагийн нурууны сүрлэг, үзэсгэлэнт оргил болох Дэлгэрхаан уул. Дархадын 13 овооноос үүр цайх үед буюу нар уулын оргилд дөнгөж тусах үед авч байлаа.
Ёлын ам. Тэнгэр баганадсан сүрлэг хавцлын дундах жижиг горхи нь өвөл хөлдөж ийм гайхалтай мөсөн бүрхүүлийг үүсгэдэг аж. Энэ мөсөн бүрхүүлийн зарим хэсэг зундаа хайлаагүй байдаг.
Улаагчны хар нуурын элсэн манхан дунд ганцаараа алхах аялагч. Элсний орон зайг хүнээр тодотгож авсан.
Хэнтийн нурууны гүнд машин байтугай хүний хөл хүрэхэд бэрх тайгын нууцлаг Хагийн хар нуур. Талдаа 40 орчим км явган эсвэл мориор явж хүрнэ. Ирж очихын дөрвөн өдөр зарцуулж билээ. Хүмүүс тэр бүр очоод байдаггүй учраас хүний хөлд дарагдаж амжаагүй ийм л дагшин байгалтай.
Хагийн хар нуурын амар амгалан.
Алтай таван богдын Цагаан суварга оргил. Миний бодлоор Монголын хамгийн сүрлэг оргил.
Европын ноён оргил Эльбрус ууланд авирах үедээ далайн төвшнөөс 4800 метр дээрээс энэхүү зургийг буулгасан. Нар мандах үед авсан ба хөл дор харагдах үүлс гайхамшигтай харагдаж билээ.
Хархираан уулс харагдаж байна. Жилийн дөрвөн улирлыг эндээс харах боломжтой.
Цасан давалгаа. “Хүрээлэн” төслийн гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн зураг. Уур манан дээр тусах нарны гэрэл, наана байгаа цасны хэлбэр, алсад харагдах Хорьдолсарьдагийн нуруу багтсан энэхүү зургийг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт авсан юм. Гадны сайтуудад өндөр үнэлгээ авсан.
Алтай таван богд. Нар мандахтай уралдан гүйх шахуу өндөр уулан дээр гарч Алтай таван богдын Бүргэд, Цагаан суварга, Наран, Хүйтэн, Найрамдал, Малчин гээд бүх оргилыг багтаасан.
Хархираа уулын мөсөн гол. Энэ мөсөн голоос Хархираа гол эх аван урсаж Үүрэг нуурт цутгадаг.
Оргилоос буцаж яваа уулчид. Тэд нэг амьтай, бие биенийхээ амийг хамгаалж явдгийг энэ зургаас харж болно.
Өндрөөс үүлэн чөлөөгөөр харагдах байгаль. Яг л гадаадын баримтат кинон дээр гардаг шиг байгалийн төрх харагдаж байлаа.
Хяргас нуурын үдэш. Хэцүү хадны эргээр өдөржин явж энэ зураг авах цэгээ хайж олоод нар жаргахаас 10 минутын өмнө авсан. Заримдаа гоё агшин нь байсан ч өнцөг нь олдохгүй үе байдаг.
Гайхамшигтай мэдрэмж... Үүлнээс дээш гишгэхийн гайхамшгийг уулчид л мэдэрдэг. Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг уулын оргилоос авсан зураг.