Монгол Улсын хүн амын 15 хувь нь элэгний С, 10 хувь нь В вирусын халдвартай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь элэгний ямар нэг вирустэй байх нь. Гэтэл тэд бүгд вирустэй гэдгээ мэддэггүй, эсвэл бүр хожуу мэддэг нь харамсалтай. Элэгний өвчлөл нь хүнд шатандаа орчихсон яах учраа олохгүй аль сайн гэсэн эмч, эмнэлгийн хаяа бараадан яваа хүн цөөнгүй.
Тэдгээрийн нэг болох Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Д.Энхтүвшин элэгний С вирустэй гэдгээ мэдээд таван жил болж байгаа бөгөөд түүний элэг өвчлөлийн дөрөвдүгээр үе рүү оржээ. Өөрөөр хэлбэл Энхтүвшингийн элэг хатууралтай болсон гэсэн үг. Тэрбээр “Эрт мэдсэн бол ядаж тамхи татахгүй байх байлаа. Одоо дахин хэдэн жил амьд явахыг хүсч байна шүү дээ” хэмээн харамсан ярьсан. Түүний хувьд вирусээ устгавал элэгнийх нь одоогийн хатуурч, үхэжсэн хэсэг эдгэхгүй ч ядаж эрүүл хэсэг нь төлжих нь. Хэрэв үгүй бол ариун биедээ мэс хүргэхээс өөр аргагүйд хүрэх ч Энхтүвшин өнөөдөр вирусын эмчилгээгээ хийлгэж чадахгүй явна.
Монголд хөнгөлөлттэй үнээр орж ирээд буй Харвоны гэх эмийг хэрэглэхэд түүнд хамгийн багадаа долоон сая төгрөг шаардлагатай болох аж. Түүний адил санхүүгийн чадамж тааруу, мөн эм байтугай өдрийн хоолоо яая гэж буй хүн манай улсад цөөнгүй байгаа бөгөөд тэдний зарим нь элэгний эмчилгээний зардлынхаа тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх хүсэлтэй байна. Гэтэл манайд ийм хууль эрх зүйн орчин нь хараахан бүрдээгүй.
Энхтүвшин улсад тасралтгүй 21 жил даатгал төлчихсөн бөгөөд үүнийхээ хөнгөлөлтийг эдлэх санаа өвөртөлж, эмчилгээгээ хийлгэж чадалгүй өдийг хүрчээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаа “Харвони эмийг даатгалд зайлшгүй хамрагдах эмийн жагсаалтад оруулъя гэх хүсэлтийг салбарын яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд тавьсан. Тэд ажлын хэсэг гаран ажиллаж байгаа гэсэн. Эмийн үнийг яг хэдэн хувиар хямдруулах гээд байгаа, ямар хөнгөлөлт өгөх гээд бүх талаар тодорхой хариу авч чадаагүй” гэсэн.
Элэгний С вирусыг “устгагч” гэж нэрлээд буй Софосбувир/Ледипасвир /арилжааны нэршлээр Харвони/ гэх эмийг Монгол АНУ-аас оруулж ирээд гурван сар болж байна. Эл хугацаанд тус эм үл итгэм үр дүнг өгч эхэлжээ.
Гурван саяас 30
Энэ эмэгтэйг О.Баярмаа гэдэг, Сүхбаатар дүүргийн 11-р хороонд нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг гэдэг ч ид амьдралын 30 насыг дөрөөлж яваа тэрбээр элэгний С вирустэй гэдгээ хоёр жилийн өмнө мэджээ. Баярмаа анх шинжилгээ өгөөд “вирусын үзүүлэлт нэг сая” гэх тоог хараад даруйхан арга хэмжээ авахыг хүсч эмнэлэгт хандсан байна. Тухайн үед Монголд С вирусын эмчилгээний ямар ч эм тан орж ирээгүй байсан бөгөөд жилийн хугацаанд дахин шинжилгээ өгөхөд элгэн дэх вирус гурван сая болж үржсэн байж. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 4-нөөс Харвони эмийг ууж эхэлсэн. Баярмаа уг эмийг нэг хайрцаг буюу 28 ширхэгийг уугаад шинжилгээ өгөхөд вирусын үзүүлэлт нь гурван саяас 30 болж буурчээ. /30 гэдэг нь элэгний С вирус тоолдог аппаратын хамгийн доод нэгж/ Өөрөөр хэлбэл, түүний элгэн дэх вирусын 90 хувь нь устчихсан гэдгийг эмч нь дуулгасан байна.
Баярмаагийн нэг сарын эмийн зардал 400 ам.доллар гэхээр одоогийн байдлаар 1200 ам.долларын эм уугаад байгаа юм. Тэрбээр өөрийн сарын цалингаас нэлээд давсан үнээр эмээ худалдан авч ууж буй бөгөөд эхний хоёр сарынхаа эмийг цалингийн зээл авч байж уусан гэлээ. Харин энэ сарын эмээ авахад хүүхдийнх нь хадгаламж их хэрэг болж. Баярмаа “Хамгийн гол нь эдгэж байгаа болохоор мөнгөнд харамсаад байх зүйл алга. Залуу хүн болохоор эрт эмчилж сайхан амьдармаар байна шүү дээ” гэж ярьсан юм. Эм уухаас өмнө түүний зүүн гарын мөрөн дээр овоо том сэвх үүссэн байж. Харин одоо нэлээд бүдгэрч, сэтгэл санаа нь хүртэл тогтвортой, бага зэрэг ядрахаас өөр зовиур үгүй болсон байна. Цаашид Баярмаа эмчийнхээ зөвлөснөөр эмээ ууж байгаад С вирусын вакцин хийлгэх бодолтой сууна.
Бүр 90 саяас 30
Баярмаагийн адил эл эмийг ууж, үр дүнг нь мэдэрч яваа нэгэн бол Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Л.Баттулга. Гэхдээ түүний элгэн дэх С вирусын үзүүлэлт 2003 онд 90 сая байсан бол одоо вирусын хамгийн идэвхгүй түвшинд буюу 30 болж буураад байна. Шинжилгээнийхээ энэ хариуг хараад Баттулга нүдэндээ ч итгээгүй гэсэн. Тэрбээр Харвони гэх эмийг нэгдүгээр сарын 1-нээс ууж эхэлсэн бөгөөд одоо гурав дахь сарынхаа эмийг ууж дуусч байгаа юм. Одоогоос 13 жилийн өмнө элэгний С вирус тээж яваагаа мэдээд бусдын л адил аль сайн гэсэн бүхнийг хэрэглэж, үүдийг нь татаагүй эмч, эмнэлэг байхгүй байж.
Бүр хилийн дээс давж 2012 онд Япон улсад нарийн шинжилгээ өгөхөд түүний элэг нэлээд их үрэвссэн байсан бөгөөд арай ч хавдар болоогүй байсан аж. Баттулга “Тухайн үед Харвони эмний тухай сонссон. Тэгээд Монголд орж иртэл нь хүлээсний эцэст одоо үр дүнг нь биеэрээ мэдэрч сууна” гэлээ. Түүний хувьд эм уухаас өмнө маш их ядарч, нүд нь шарлаж, аргадаг байсан бол одоо “Нүд минь цэлмэх шиг болж, гурван ч кг жин нэмээд байна” хэмээв. Хувиараа аж ахуй эрхэлдэг болохоор тэрбээр ямар ч байсан эмчилгээнийхээ зардалд санаа зовохгүй байгаа аж.
Баярмаа, Баттулгын адил энэ эмийг ууж эхэлсэн 1600 орчим хүн тодорхой хэмжээгээр үр дүнг нь мэдэрч сууна. Харвони эмийг эм ханган нийлүүлэгч “Омбол” ХХК оруулж ирж байгаа бөгөөд нэгдүгээр ээлжинд дээрх хүмүүсийн эмчилгээ болох 4800 ширхэг эмийг оруулж иржээ. Нэг хайрцгийг нь 400 ам.доллараар оруулж ирж буй бөгөөд иргэд тухайн өдрийн ханшаар худалдан авч байна. Харин дараагийн ээлжийн эм болох 2000 хүний эмчилгээний эмийг дөрөвдүгээр сард оруулж ирэх бөгөөд тус сарын 15-наас тараах тухай “Омбол” ХХК-ийн ажилтан хэлэв. Уг эм нь АНУ-д 96 мянган ам.доллар, Европод 50-60 мянган еврогоор зарагдаж байгаа аж. Харин манайд гурван сарын курс эмчилгээ нь 1200 ам.доллар. /АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирусыг эмчлэх Харвони /Ледипасвир 90 мг/Софосбувир 400 мг/ цахмал эмийг Канад улсын “Patheon” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд олон улсад нийлүүлэгдэж буй хамгийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа юм./
Өнөөдөр жилдээ 1200 гаруй хүн элэгний хатуурлын улмаас нас барж байгаа гэх статистик байна. Гэтэл элэгний хатуурлын 62.5 хувь нь С вирусын гаралтай байдаг аж. Вирусыг устгаснаар бид жилдээ 750 хүний амь, 20 жилийн хугацаанд 15 мянган хүний амийг аврах боломжтойг Ж.Амарсанаа ярьсан. Жилд 1400 хүн элэгний хорт хавдрын улмаас нас бардаг бол тэдгээрээс багадаа 40 хувь нь С вирусын гаралтай гэж үздэг. Энэ нь 20 жилд 11 мянган хүнийг элэгний хорт хавдраар нас барахаас сэргийлэх юм. Тэгвэл вирусыг эмчилснээр ирэх 20 жилд 26 мянган хүний амь насыг аварч чадах гэнэ.
Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн дийлэнх нь гурван сарын эмчилгээ хийлгэж байгаа бол зарим нь буюу өмнө интервонийн эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй хүмүүс дахин зургаан сарын эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Харин анх удаа С вирусын эмчилгээнд орж байгаа хүн гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгээд дуусах нь.
Г.Орхон