ТОВЧХОН: Apple өнгөрсөн шөнө юу танилцуулав?

Д.Багахүү GoGo.mn

2017-09-13 07:01 GMT+8

Стив Жобс шинэ бүтээгдэхүүн танилцуулах хэвлэлийн бага хурлаа Apple Event хэмээн гайхалтайгаар зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг татаж чадсан. Ялангуяа арван жилийн өмнө анхны iPhone-ыг танилцуулснаар гар утас үйлдвэрлэгчид түүний зарчмыг мөрдөх болсон юм.

Өнгөрсөн шөнө Apple компани түүхэндээ бүтээсэн хамгийн шилдэг бүтээлийнхээ арван жилийн ойг тохиолдуулан Купертино дахь шинэ байгууламжийнхаа Стив Жобс театрт цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Бидний удаан хүлээсэн iPhone, шинэ загварын Apple Watch болон бусад зүйлсийн тухай товчхон хүргэж байна.

#1 iPhone X

Арван жилийн ойд нь зориулан эрс шинэчилсэн бүтээгдэхүүн нь яах аргагүй iPhone X буюу iPhone арав юм. Үндсэн товчлуур байхгүй болж, дүүрэн дэлгэцтэй болно гэсэн таамаг батлагдав.

Түүнчлэн хурууны хээ таних системийн оронд царай таних систем нэвтрүүлжээ. Үүнийгээ тэд “Гэрэл зургаар хуурах аргагүй, хурууны хээнээс 20 дахин аюулгүй” хэмээн тодорхойлсон юм.

Үнийн хувьд 999-1149 ам. долларын үнэтэйгээр ирэх арван нэгдүгээр сарын 3-ны өдөр худалдаанд гарна. Энэ жилийн хувьд Apple компани бүтээгдэхүүндээ AR технологийг нэвтрүүлж эхэлсэн нь хамгийн том дэвшил байв.

#2 Face ID

Түрүүн дурдсанчлан хурууны хээ таних системийг орлож буй царай таних системээ компани Face ID хэмээн нэрлэжээ. Анх iPhone 5S загвараас нэвтэрсэн хурууны хээ таних систем өнөөдөр гар утасны хувьд жишиг болсон билээ.

Тэгвэл царай таних системийг нэвтрүүлсэн хэдий ч бүрэн аюулгүйг нь хөгжүүлж чадаагүй байгаа бусад компаниудаас урьтаж Apple хамгийн аюулгүй царай таних системийг танилцуулсан юм.

Түүнчлэн энэ системийн ачаар Emoji-ийн шинэ хувилбар болох Animoji хэмээх нүүрний булчингийн хөдөлгөөнийг дуурайдаг дүрсийг Apple танилцууллаа.

#3 iPhone 8

Уг нь жамаараа бол өнөөдрийн хамгийн онцлох бүтээгдэхүүн нь iPhone 8 загвар байх ёстой байв. Гэхдээ ойн жил таарсан учраас уламжлалын дагуу 7S, 7S Plus хэмээх нэр хүртэх байсан загварууд шууд 8/8 Plus гэсэн нэртэй болсон юм.

Загварын хувьд арын хэсэг нь шилэн болж, утасгүй цэнэглэгч  дэмждэг болсон бөгөөд сайжруулсан камер, дэлгэц дээр нэмэх нь A11 Bionic хэмээх шинэ загварын чиптэй болжээ.

Баасан гарагаас урьдчилсан захиалга нь эхлэх эдгээр загварууд есдүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор худалдаанд гарна. 64GB загвар нь 699-799 ам. доллар бол 256GB загвар нь 849-949 ам. долларын үнэтэй.

#4 Apple Watch Series 3

Өнөөдрийг хүртэл заавал гар утастай холбогдож байж дуудлага болон бусад мэдээллийг хардаг байсан Apple Watch одоо өөрөө сүлжээтэй болжээ. Apple-ийн тусгайлан загварчилсан электрон сим дээр хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаарыг зэрэг суулгаснаар утаснаасаа хол байсан ч төвөггүй ашиглаж болно.

Загварын хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд сүлжээтэй хувилбар нь 399 ам. доллар бол сүлжээ ордоггүй энгийн хувилбар нь 329 ам. доллар аж. Есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарна.

#5 Apple TV 4K

Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага улам өссөөр байгаа энэ үед Apple 4К дүрс дамжуулдаг төхөөрөмж гаргахаас өөр аргагүй. iPad Pro-д суурилуулсантай ижил A10X процессортой болж 3GB RAM-тай болсноор секундэд 60 кадрын хурдтай 4К дүрс тоглуулаад зогсохгүй, видео тоглоом ачаалах чадалтай болжээ.

32GB хувилбар нь 179 ам. долларын үнэтэйгээр мөн л есдүгээр сарын 22-ны өдрөөс худалдаанд гарна.

#6 AirPower

Утасгүй технологи руу бага багаар дасгах ажлыг Apple өнгөрсөн жил дэндүү ширүүн эхлүүлж, чихэвчийн оролтыг ор мөргүй алга болгосон. Харин энэ жил компани төхөөрөмждөө утасгүй цэнэглэх технологи нэвтрүүлж буйгаа зарлав.

Ялангуяа ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж буй AirPower хэмээх төхөөрөмж нь нэгэн зэрэг iPhone, AirPod, Apple Watch гээд бүх төхөөрөмжийг цэнэглэж чадах аж. Одоохондоо энэ төхөөрөмжийн үнэ болон яг хэзээ худалдаанд гарахыг нь компани мэдэгдсэнгүй.

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2963 санал өгсөн байна.

Дээшээ