Монгол, Солонгосын уран бүтээлчид говийн нутгаар аялан тоглолт хийнэ

А.Мишээл GoGo.mn

2017-09-13 15:30 GMT+8

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг 2017 оны 9 сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулж байна.

МУЗ нь Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2008 оноос хойш “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг дүрслэх урлаг, хөгжмийн урлагийн чиглэлээр жил бүр зохион байгуулж ирсэн. 2015 оноос уг хөтөлбөр нь “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байгаа билээ.

“Салхийг мэдэр” нүүдлийн урланд  Морин Хуурын  Чуулга, “Монгол онгод” хамтлагийн нийт 4 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “wHOOL” хамтлагийн 8 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвиж байна.

Солонгосын wHOOL хамтлаг нь 2003 онд байгуулагдаж, дэлхийн 13 оронд өөрсдийн тоглолтыг зохион байгуулж, Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Уг хамтлаг нь Монголын хөгжим сонирхогчдод зориулж 2017 оны 9-р сарын 9-нд UB Jazz Club-т өөрсдийн урын сангаасаа сонирхуулсан.

Мөн хөтөлбөрийн үр дүнд Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолтыг 9-р сарын 18-нд ганцхан удаа зохион байгуулах ба тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний хөгжмүүд, цахилгаан гитар, даралтат хөгжим зэрэг Монгол, Солонгос, европ хөгжмүүд багтах бөгөөд орчин үеийн шинэлэг хөгжмийн бүтээлийг үзэгчдэд толилуулна.

МУЗ нь Монгол ба өөр улс үндэстний хооронд соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж, угсаатны хөгжмийн соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, сэтгэлийн таашаал авчрах шинэ хөгжмийг жил бүр үзэгч олны хүртээл  болгож байгаадаа баяртай байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4276 санал өгсөн байна.

Дээшээ