Автомашин осолдсоны улмаас хүн амиа алдаж, химийн бодис асгарчээ

А.Мишээл GoGo.mn

2017-09-13 17:25 GMT+8

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 45 км-т/  автомашин осолдсоноос, хүн амиа алдаж, химийн бодис асгарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авчээ.

Ингээд Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн найман иргэн, тухайн компанийн Аврах бүлгийн найман ажилтан, нийт 29 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр 6 тонн орчим давсны хүчил, 135 литр азотын хүчил асгарч бохирдсон 80 мкв хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна.

Онхолдсон автомашиныг есдүгээр сарын 12-ны өдрийн 16:50 цагт татаж босгожээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 40 санал өгсөн байна.

Дээшээ