“Хадны мангаа”-тай тулалдсан нь

Өнөөдөр сонин

2017-09-13 17:35 GMT+8

Оффшор хэмээх харь үг монголчуудын үгсийн санд бууриа засаад багагүй хугацаа өнгөрчээ. С.Баярцогтын мартсан сая ам.доллар илэрснээс хойш хэчнээн ч улстөрч бүртгэл тооцоонд оруулахгүй зувчуулсан хөрөнгөө улс орноосоо зүг буруулуулж, хилийн чанадад нуусан хэрэгт холбогдов. Оффшорын тухай яриа улстөрчдийг унагаж дөнгөдөг сэдэв, сонгуулийн хар пиар болж амжлаа.

Сүүлдээ бид оффшор хэмээх ханаж цаддаггүй, байгаа, үгүй нь мэдэгддэггүй, бас хэчнээн дайтаад дарагддаггүй мангастай болж үлдэв. Шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газар дуртай, дургүй ч оффшортой тэмцэх үйлсэд ханцуй шамласан нь нийгмийн захиалга байлаа.

ДАВХАР ТУШААТАЙ ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛЬ

УИХ оффшорын (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай) хуулийг хоёр чуулган дамжуулан хэлэлцэж, энэ хавар баталсан.

Уг нь тогтоолоо жагсаалттайгаа хамт баталчихсан бол бид оффшорын хуулиа хэрэгжүүлэхэд нэг алхам ойртож, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгөө илчлэх өдрийг тоолж эхлэх байв.

Ийм хууль батлагдаад хэдэн сар өнгөрч байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Учир нь манайх аль улсын ямар газрыг оффшор бүс гэж үзэхээ тодорхой болгоогүй өнөөг хүрсэн юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар оффшор бүсэд хамаарах улс орон, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох учиртай.

Уг жагсаалтыг Засгийн газар албан ёсоор зарласнаас хойш гурван сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор АТГ-т шинэчлэн мэдүүлэх үүргийг төрийн өндөр албан тушаалтнууд хүлээх юм.

Засгийн газар өнгөрсөн сарын 31-нд Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. Гэвч үүнийгээ баталгаажуулах тогтоол гаргалгүй орхисон нь хуулийн хэрэгжилтэд чөдөр тушаа болох нь. Уг нь тогтоолоо жагсаалттайгаа хамт баталчихсан бол бид оффшорын хуулиа хэрэгжүүлэхэд нэг алхам ойртож, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгөө илчлэх өдрийг тоолж эхлэх байв. Харин одоо огцорсон Засгийн газар тэр тогтоолыг батлах уу, хэзээ хууль хэрэгжих боломжтой болох вэ гэдэг аанай л таавар хэвээр үлдэв.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ БИШ

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдэнтэй хамааралтай хүмүүст 49 хоногийн дотор татваргүй бүсэд нээсэн дансаа хааж, нуусан хөрөнгөө оруулж ирэхийг уриалсан нь нийгэмд нэлээд цочроо өгч, мартагнаад байсан оффшорын асуудлыг сануулав. Түүний уриалгад “ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг оффшор бүс хэмээн тооцож нэрлэсэн.

Тийм болохоор заасан хугацаанд оффшор бүс дэх дансаа хааж, мөнгөө Монголбанкинд тушаагаагүйнх нь төлөө оффшортнуудыг шийтгэх үндэслэл үгүй.

Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлжээ. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдол байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалж байна” гэжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 24-нөөс тоологдсон 49 хоногийн хугацаа энэ сарын 11-нд дууссан. Энэ уриалга нийгэмд мартаад байсан зүйлийг л сануулснаас биш хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн баримт бичиг биш юм. Тийм болохоор заасан хугацаанд оффшор бүс дэх дансаа хааж, мөнгөө Монголбанкинд тушаагаагүйнх нь төлөө оффшортнуудыг шийтгэх үндэслэл үгүй. “Хэрэв дурдсан хугацаанд Монголын банкууд руу татаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” хэмээн Ерөнхийлөгч уриалгадаа дурдсан.

Ерөнхийлөгчийн уриалгыг хүндэтгэж, УИХ-аар баталсан хуулиа хэрэгжүүлж, Засгийн газрын баталсан жагсаалтад багтсан газар дахь албан тушаалтнуудын хөрөнгийг зохих ёсоор нь шийдвэл багагүй хөрөнгө бүртгэлд орно. Энэ хэрээр эдийн засагт эерэг нөлөө гарна гэсэн хүлээлт нийгэмд бий.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 40 санал өгсөн байна.

Дээшээ