Нийтийн тээврийнхний өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна


2017-09-14 16:10 GMT+8

Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахад 90 гаруй хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ирэх сарын 1-н гэхэд бүрэн дуусна гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өчигдөр холбогдох албаны хүмүүс нийтийн тээврийн бэлтгэл ажилтай танилцсан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, хамгийн гол нь өвөлдөө дулаахан байх шаардлагатай.

Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой саналууд ирсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусуудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн.

Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг

Гэвч өнөөдөр иргэдээс цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудал дээр санал, гомдол тасрахгүй ирсээр байна. Тиймээс энэ тал дээр нийтийн тээврийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс мөн туслаж, дэмжих тал дээр анхаарч, зайлшгүй шийдвэрлэх ганц хоёр асуудлыг шийдвэрлэж өгөх болно” гэжээ.

Нийтийн тээврийн компаниудын зүгээс “Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс хогийн төвлөрсөн цэг, савны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн нийслэлээс тавьж буй шаардлагын дагуу автобусны суудлын бүрээсийг арчиж, цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаарах болно. Тогтмол хөнгөн цэвэрлэгээг хийх тал дээр анхааръя” хэмээж байсан юм.

Нийтийн Тээврийн газрын даргын А/71 тоот тушаалын дагуу  нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ажлын хэсэг үе шаттайгаар шалгаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1401 санал өгсөн байна.

Дээшээ