Шав шалдан тарвалзах “бандгар амьтныг” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч жинлээд, биеийн урт болон толгойны тойргийн хэмжээтэй хамт ягаан дэвтэр дээр тэмдэглэв. Улмаар хоол тэжээл, өтгөн шингэнийх нь тухай асууж ярилцаад “за хувцсыг нь өмсүүлээрэй” гэв. Ээж аав хоёр нь “бандгараа” өхөөрдөн эрхлүүлсээр гарч одов. Баянхошууны гэр хорооллын нэгэн өрхийн эмнэлгийн нярайн өрөөнд дөнгөж төрсөн хүүхдүүдийг ийн ээлж дараалан үзсээр...
Үд өнгөрөхийн алдад залуувтар эрэгтэй эмч, эелдгээр инээмсэглэсэн сайхан ааштай ахлах сувилагчийн хамт сар хүрээгүй нярайнуудаа эргэхээр ажлаасаа гарлаа. Эдний хариуцсан хороонд 20 орчим нярай байгаа гэнэ.
Эхний айлд орохын тулд хашааны хаалгыг хавийн нохдыг хуцаж боргоотол нэлээн нүдэв. Тэгж, тэгж 10 орчим насны сөөсгөр бор хүү хаалга тайллаа. Байшинд ороход ээж нь нялх хүүгээ тэврээд буйдан дээр хэвтэж байв. Царай нь шаргалтаж цонхийсон эмэгтэй сандарч ухасхийн босох гээд арагш буцаж суун, гараараа буйдангийн ирмэг түшиж хүчлэн бослоо. Сувилагч 21 хоногтой нялх амьтныг боосон өлгий, даавууг сонгины хальс арилгаж буй мэт нямбайлан задлав. Эмч ухасхийн дөхөөд хүүгийн биеийн ил хэсгийг харцаараа нэгжсэний дараагаар яагаад угжих болсныг лавшруулан асуулаа. Эцэст нь ээжийн буруу болж таарав. Төрсний дараахан эмэгтэй өөрийгөө сүүгүй гэж бодох болсон гэнэ. Эмч, сувилагч хоёр хүүхдийг энэ үед нь хөхөөр заавал хооллох ёстойг удтал тайлбарлав. Дараахан нь эх нь хүүхдээ амлуулах гээд хөхөө ил гаргатал сүү нь бөнжигнөж харагдав. “Тээр, хэлээгүй юу. Эхийн сүү ямар байх нь сэтгэл санаатай холбоотой гэж. Одоо ингээд ивлэж байна шүү дээ” гэж сувилагч баярласандаа бараг хашгирах шахам хэлээд авав. Биднийг гаран гартал хүү жаахан хацраа бумбалзтал ховдоглон, хурдан хурдан хөхсөөр үлдлээ.
Дараагийн айлд очих замдаа өрхийн эмнэлгийн сувилагч “нөхөр нь хөдөө байгаа л гэж байна, үнэн ч юм уу худлаа ч юм уу бид мэдэхгүй шүү дээ. Хөөрхий хажууд нь бас туслаад байвал сайхан л байх байхдаа. Заримдаа манайд ганц бие ээжүүд уйлаад ирнэ. Бид өөрсдийн хэмжээнд л тайтгаруулна даа. Хэдэн өрхийн эмнэлэг дунд ядаж нэг сэтгэлзүйч байдаг бол. Нялх биетэй амьтан чинь ядарна, бас том хүүхдүүдээ харж асрах гээд сульдаж байгаа л даа зайлуул” хэмээн ярьж явлаа.
Дараагийн айлын гадаа ирэхэд хашааны хаалга онгорхой байлаа. Яваад ортол уяагүй хоёр нохой ухасхийн өндийж бид гурав гүйх шахам хойно урдаа орсоор байшингийн хаалгаар харайж орлоо.
Цагаан алчуураар толгойгоо боосон, 30 орчим насны эмэгтэй хүүхдээ дөнгөж сая усанд оруулсан юм гэсээр угтав. Төрөөд арав хонож байгаа гэнэ. Хойд орон дээр өөдсийн чинээхэн үрчгэр улаан юм өлгий дээрээ атиралдаж байсныг ээж нь бушуухан ороож хучлаа. Энэ удаа эмч, сувилагч хоёр шарлалт болон нуралтын талаар бүсгүйд зөвлөв. Үг дуу тун цөөтэй энэ ээжийн царай мөн л зовиуртай, ядрангуй.
-Сэтгэл санааны байдал дажгүй юу гэж сувилагч асуулаа.
-Өө дажгүй ээ. Нөхөр хөдөө ажлаар явсан гэж бүсгүй дорой дуугаар сулхан хариулав.
Эднийд дайлуулсан хуруу ааруулаа хүлхэж дуусалгүй дараагийн айлын гадаа ирлээ. “Энэ айл их хэцүү. Жирэмсний хяналтандаа ирдэггүй. Ирэхээрээ согтуу байсан үе ч бий гэж сувилагч үглэсээр хашааны хаалгаар оров. Бяруу шиг хар нохойны шүд нь ярзайгаад хүнгэнэтэл хуцан боргоох нь гинжээ тас тасчаад үсрэн ирж хазах гэж байгаа мэт аймшигтай. Шурхийтэл гүйгээд л гэрт орлоо. Хоёр сартай мөртөө дөнгөж төрсөн мэт өөдөсхөн нярай өлгийтэй байна. Дутуу төрсөн гэнэ. Ээж нь ч гэсэн жижигхэн биетэй мөртлөө хурдан түргэн хөдөлгөөнтэй, байнга инээмсэглэх аж. Эднийд гурав дөрвөн эмэгтэй сууж байв.
-Чи уучихсан юм биш биздээ сувилагч асуув.
-Үгүй, үгүй, юу гэж тийм юм байх вэ гээд инээж байна.
Нярайг эмч үзэж байх зуур гадаа машинд эзэгтэйтэй хэсэг хөөрөлдөв. Нэг нүд нь улайгаад хүүхэн хараа нь сааралтсан, үүдэн шүднүүд нь унасан эмэгтэй 33 наслахдаа гурван хүүхэд төрүүлжээ. Нярайн дээр 9, 14 настай хоёр хүүхэд бий гэнэ. “Эгч дүү нартайгаа сайхан л амьдарч байна. Хүүхдээ хараад баяртай л байна. Сэтгэлээр унаад байсан юм байхгүй. Нөхөр байхгүй ээ. Хааяа жоохон архи уучихдаг, тэрийг бол нуухгүй ээ. Сэтгэлээр унаад уугаад байгаа юм байхгүй. Найзуудтайгаа нийлээд тэднийгээ хараад баярлаад уудаг гэх юм уу даа” гээд инээлээ. Тэр байгаа байдалдаа сэтгэл хангалуун ажээ. Төрөөд удаагүй хэдий ч сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдсангүй.
“Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь эх амаржсаны дараа нэг жилийн дотор сэтгэл санаа уйтгарлаж гуниглах, уйлах, тайван бус тогтворгүй, уур уцаартай болох, сэтгэл түгших, ядарч туйлдан сэтгэлийн тавгүй байдлаас болж шинэ төрсөн нярай хүүхдэдээ анхаарал халамж тавих нь буурах зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм. Төрсний дараах сэтгэл гутрал нь биологийн ба сэтгэлзүйн хүчин зүйлстэй салшгүй холбоотой. Тухайлбал, дааврын өөрчлөлт, нойрны хямрал, урьд өмнө нь сэтгэл гутралаар өвдөж байсан эсэх, нөхөр юм уу хамтран амьдрагчийн хүчирхийлэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болдог” хэмээн эмнэлэг рүү буцах замд эмч учирлав. Сувилагчийн ч ам халж байна. “Өрхийн эмнэлэгт олон жил ажиллахдаа есөн бусыг л үзлээ. Нэг удаа дөнгөж төрсөн хүүхдээ орхиод ээж нь гутраад архи уух гээд явчихсан байсан. Хаалга нь онгойхгүй. Манай энэ эмч өөрөө цонхоор нь авирч сувилал яслид аваачиж өгсөн. Бид ороогүй байсан бол эндэх ч байсан юм билүү. Заримдаа дүүргийн эмнэлгээс утасдаад ээж нь хүүхдээ хаяад явсныг дуулгадаг. Тэгээд бид ээжийг нь энэ тэндээс хайж олоод хүүхдийг нь өгдөг” гэх мэтээр зогсоо зайгүй хуучилна.
Тэгснээ гэнэт “...Өө, энд нэг айлаар ороод авъя. Бас дутуу төрсөн нярай байдаг юм. Одоо 10 сар хүрч байгаа л даа. Эгч дүү хоёр л хүүхдүүдтэйгээ амьдардаг хэмээн үргэлжлүүлэн дуржигнуулсаар сүүлийн айлд хөл тавив. Хүүхэд тэвэрчихсэн их сайхан ааштай цоглог эмэгтэй угтлаа. Хүүхдийн нүд сөлийсөн ч учиргүй инээд алдаад цовоо сэргэлэн ч гэж жигтэйхэн. Сувилагч, өө та хоёр чинь яагаад хялаачихсан юм бэ гэж дуу алдав. Хүүхдийн ээж эзгүй. Юманд явсан учраас эгч нь ийнхүү харж байгаа гэнэ. Цаад талын өрөөний ор хөнжлийн даавуу их хиртэй бөгөөд ороо хураагаагүй байлаа. Нүдийг нь сайн үзүүлээрэй гэсээр бид тэр хоёрыг үлдээгээд гарав. Энэ мэтчилэн дөнгөж төрсөн ээжүүдийн хувьд олон асуудал тулгардаг гэдгийг өрхийн эмчтэй нярайн эргэлтээр явж байхдаа мэдсэн юм.
Сурвалжилсан: Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд курсийн төгсөгч Ж.Мандхай