Тамирчдаа ачилж, өөрийгөө умартсан ачтан

Өнөөдөр сонин

2017-10-09 14:30 GMT+8

Тамирчны ялалт хямдхан олдохгүй. Тухайн тамирчнаас гадна олон хүний сэтгэл, мятрашгүй хүч, уйгагүй хөдөлмөрийн үрээр эх орны минь нэр дэлхийд дуурсагддаг. Үүнд хамгийн их нөлөөлдөг, чухал хүн бол яахын аргагүй дасгалжуулагч. Төрийн дууллаа эгшиглүүлэн, баярын нулимстай зогсох тамирчны хөдөлмөр, зүтгэлийг бахдахаас эл гавьяатныг орхичих гээд байдаг гэмтэй, бид. Тэр тамирчин тийм мэх хийн, тэгж яллаа л гэж ярихаас дасгалжуулагч нь ингэж зүтгэн, тэгж хөдөлмөрлөн байж амжилтад хүргэсэн гэдгийг үнэлэхгүй өнгөрөх нь энүүхэнд.

Энэ удаа бид дасгалжуулагчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг, хөшигний ард юу болдгийг сурвалжиллаа. Манай нийтлэлийн гол баатар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын газар, “Женко” клубийн дасгалжуулагч түүнийг Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, Азийн аварга Ц.Наранжаргал, П.Лхамдэгд, ОУХМ А.Цолмон, Б.Хулан, Б.Ойдовчимэд тэргүүтэй шилдгүүдийн багш гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй. Бид түүнтэй Олон улсын багш нарын баярын өдөр буюу аравдугаар сарын 5-нд уулзсан юм.

09.00 цаг. Пүрэв гаригийн өглөө бид XIII хороололд амьдардаг Гавьяатынхыг зорилоо. Биднийг очиход Ш.Цэвэлмаа багш “Өчигдөр орой хүүхдүүддээ “За маргааш “Өнөөдөр” сонины сурвалжлагч манайд ирнэ. Тэр ч бүү хэл та нарын зургийг авна” гээд хэлчихсэн чинь өнгөрсөн шөнө бараг унтсангүй. Өглөө бараг хар үүрээр босчихсон, дор бүрнээ гэрээ цэвэрлэж, тэвдээд сүйд” гэж инээсээр угтав.

Гавьяатын нөхөр М.Мөнгөншагай хүнд даацын автомашины жолооч. Өнгөрсөн даваа гаригт ачаа ачин, хөдөө явжээ. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Гурван томынх нь хичээл үдээс хойш ордог тул 13.00 цагаас явдаг юм билээ. Том хүү М.Энхдөлгөөн нь “Нээрэн, сонины хүмүүс ирчихлээ. Одоо яана аа. Тавагтай чихэр, цай” гээд дүү нараа нэлээд шавдуулав. Харин дунд охин М.Мөнхдөлгөөн нь математикийн даалгавраа хийж байлаа. Ш.Цэвэлмаа багш өнгөрсөн жил амаржсан, ээждээ одон дагуулж мэндэлсэн хүү нь 11 сартай.

Тэрбээр Лондоноос Риогийн олимпын мөчлөгт үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа өглөө гэрээсээ 07.00 өнгөрөөж гаран, тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэн дасгалжуулсаар эртдээ л 21.00 цагт харьдаг байж. Нөхөр нь байсхийгээд л ачаа, тээвэр гээд хөдөө явчихна, гэртээ байхаасаа байхгүй нь их. Аргагүйн эрхэнд гурван хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгдөг байсан гэнэ. Ийм маягаар дөрвөн жил амьдарчээ. Гэрийнхэндээ гаргаж амждаггүй цаг заваа жүдогийн спортод, шавь нартаа зориулсаар өдий хүрэв. Харин өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэснээсээ хойш тэгэх боломж хомсдож, ажил нь ч тодорхой хэмжээгээр хөнгөрсөн байна. Нялх биетэй хүн өмнөх шигээ ажлын ачаалал даахгүй, эрүүл мэндэд нь ч халгаатай.

Гавьяатын гурван том нь 9, 11, 12 настай тэрсхэн тул тэднийхээ гэрийн дааалгаврыг хийлгэнгээ “Би оройноос нааш гэрийн бараа харж амжихгүй байх. Хүүхдүүдийнхээ хоолыг бэлтгэж өгчихөөд гарахгүй бол өөрсдөө хийж чадахгүй. Уг нь ч одоо овоо болоод л байна. Хэдэн жилийн дараа аав, ээж хоёроо орой ирэхэд хоол хийчихсэн угтах байх” хэмээн инээмсэглэсээр цуйван хийв.

Жаахан дүүтэйгээ тоглож байсан бага охин Алтанзул нь их л яаран “Би танд гоё юм үзүүлье” гэсээр нэг талын хананд нь дарс, шарз нямбайлан өрсөн өрөөнд дагуулж орлоо. Энэ бол Ш.Цэвэлмаа багшийн хообий. Тэрбээр 2008 оноос хойш шарз, дарс цуглуулж буй. Энэ үеэр Гавьяат нэгэн хүнтэй утсаар ярьж, таагүй мэдээ сонсов бололтой. Маргааш (аравдугаар сарын 6) эхлэх Ташкентын гран прид зодоглох жүдочдын тээш замдаа саатжээ. Гавьяат “Одоо яана аа. Өмсгөл, жин хасахдаа өмсдөг хувцас, борцтой шөл хийж иддэг тогоо гээд хамаг хэрэгтэй зүйл тээшинд нь байгаа шүү дээ. Баларсаан” гээд санаа алдав.

09.30 цаг. Тэднийд нэг хүн ирсэн нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн хөдөлгөөн засалчийн гуравдугаар дамжааны оюутан Тэлмэн. Өнөөдөр хичээлгүй тул Гавьяаттай хамт бэлтгэлд нь очин, тамирчдад иллэг хийж өгөхөөр ирсэн нь энэ.

10.00 цаг. Ш.Цэвэлмаа багш өнөөдөр 14.00 цагаас бэлтгэлтэй. Мөн Улаанбаатар хотоос 30 км-ийн цаана орших “Эко” спорт цогцолборт бэлтгэл хийж буй, залуучуудын ДАШТ-д өрсөлдөх бөхчүүд болон Азербайжаны нэрийн өмнөөс зодоглож буй гурван шавиа эргэх төлөвлөгөөтэй. Тэгээд бас болоогүй ээ, бэлтгэлээсээ өмнө нөхрийнхөө гар утсыг засуулах, оёдлын газарт оёулсан, нөхөр, охин хоёрынхоо цамцыг авах ажилтай. “Хичээлдээ явахаасаа өмнө цайгаа сайн уугаарай. Ангийнхаа хүүхдийг шоглож, үймүүлэв ээ. Гэртээ эрт ирээрэй” гэж хүүхдүүддээ захин, бага хүү Мөнхдавааг нь харах хүнгүй тул живх, тэрэг зэрэг ойр, зуурын зүйлсийг нь аваад гарлаа.

Хаа очиж тэрбээр машин тун чадамгай жолооддог юм билээ.

11.00 цаг. Хаа очиж тэрбээр машин тун чадамгай жолооддог юм билээ. Одоо унаж буй машиныг ах, эгч нь түүнд Гавьяат цолных нь мялаалга болгон бэлэглэжээ. Түүний аав Гавьяат тээвэрчин Шархүү гуай, дүү нь Монголын авто спортын урдаа барьдаг тамирчдын нэг, олон улсын хэмжээний мастер Ш.Гомбодорж гэдгийг спорт сонирхогчид андахгүй. Ах нь ч авто спортын тамирчин. Мөн эмэгтэй дүү нь жүдогоор хичээллэдэг байсан төдийгүй УАШТ-ээс дөрвөн мөнгөн медаль хүртсэн бол дүү Ганзориг нь шаггүй боксчин байсан гэдэг.

Тэгэхээр тэднийх яахын аргагүй спортын гэр бүл. Ш.Цэвэлмаа тавдугаар ангид сурч байхдаа аавынхаа том тэргийг жолоодож сурсан гэнэ. Аргагүй л цусанд нь нэг юм байгаа бололтой. Түүртэн, тэвдэж яваа машиныг хараад зарим хүн “Энэ лав эмэгтэй жолооч байх” гээд дооглодог. Харин Гавьяат хэр баргийн ур чадвартай хүнээс дутах юм ер алга. Машинаа чадамгай гэгч нь барин жирийлгэвч зах нь харагдахгүй шахам түгжрэлийн улмаас алгуурхан урагшилж байв.

Замдаа “За хө яарч явна. Нөгөө утсаа янзлуулах гэсэн юм. Ажил дээрээ байна уу” гэж нэг найзтайгаа ярьсаар “Монтел” руу оров. Дотогш орох нь ээ өнөөх найз нь банк руу түр гарчихаж. Хүлээж тэсэлгүй хажуугийнх нь лангууны хүнд үлдээн, ирэхээр нь өгчихөөрэй гэж захиад цааш хөдлөлөө.

12.00 цаг. “Эко” цогцолборт бэлтгэл хийж буй эмэгтэй тамирчид нь багшийгаа ирэх сургаар түүнд эм захижээ. Тэдгээрийг нь “Гранд плаза”-гаас авахын тулд дахиад л түгжрэл дунд гэлдрэв. Бас л өмнөх шигээ худалдагчид нь “Шуураад л гарна шүү. Бэлэн байлгаж байгаарай” гэж захисаар очин, өнөөх юмаа хам хум аваад л дараагийн төлөвлөсөн ажлынхаа зүг явлаа.

12.10 цаг. Ш.Цэвэлмаа багш байсхийгээд л Ташкент руу явсан хэд маань юу болсон бол, тээш нь очсон болов уу гэж санаа алдана, хариуцсан салбарынхантай нь холбоо барьж, яаралтай шийдэж өгөхийг хүсэв. “Урнаа (М.Уранцэцэг) ч тэмцээний өмнө фэйсбүүкт орохгүй. Цолмон л магадгүй” гээд холбоо барихыг хичээсэн ч тусыг эс олсоор. Дэмий л “Урнаа хашир юм чинь гайгүй байх. Цоомоо жиндээ нэлээд зүдэрч орохоор байсан. Жин хасахдаа өмсдөг хувцасгүй. Хөөрхий минь яаж байгаа бол” гэж санаа зовно.

Шавьтайгаа хамт инээж, хамтдаа уйлж, шаналдаг дасгалжуулагч хүний жаргал, зовлон ийм аж. Яг тэр үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Монгол жүдочдын тээш замдаа алга болж, Ташкентын гран прид зодоглох боломжгүй болжээ” хэмээн мэдээлж, цөөнгүй тамирчин цахим хаягаараа дамжуулан бухимдлаа илэрхийлж байлаа.

12.30 цагт. III хороололд байрладаг нэгэн оёдлын газарт очиж нөхөр, хүүхдүүддээ оёулсан цамцаа авсан юм. “Манай найз уран гартай, “Яг түүн шиг” шоунд оролцсон урлагийнхны гоёлыг урласан” гэж найзыгаа рекламдав. Тэндээс гарах гэж явахдаа найзынхаа утсыг харснаа “Хүүе, чиний утас яг манай нөхрийнхтэй ижил загвартай юм байна. Бас дэлгэцнийх нь үзүүр зурагдчихаж. Ээ дээ, бүр лав хагарахаас нь өмнө янзлуулаарай” гэлээ. Ингээд бид Хан-Уул дүүргийн биеийн тамирын ордон руу бэлтгэл хийлгэхээр чавхдав.

13.00 цаг. Ашгүй А.Цолмон цахим хаягаараа багштайгаа холбоо барин тээш хараахан ирээгүй, тамирчид бүгд Ташкентад дажгүй очин, жиндээ орох гээд бэлтгэл хийж буй тухай дуулгав. Шавьтайгаа холбоо барьсан ч нэлээд зовж, шаналж байгаа нь царайнаас мэдрэгдэж байлаа. Харин хүү нь ээжийгээ хэрхэн шаналж явааг мэдэх сөхөөгүй машины арын суудалд үнэгчлэн унтана.

14.00 цаг. Ш.Цэвэлмаа багш “Бэлтгэлээсээ хоцорчих вий дээ. Шавь нар минь түрүүчээсээ ирж буй байх. Өнөөдөр бэлтгэлийг нь дөмөгхөн хийлгэнэ ээ” гэсээр Хан-Уул дүүргийн биеийн тамирын ордон руу орлоо. “Женко” клубийн бөхчүүд долоо хоног бүрийн пүрэв гаригт 14.00-17.00 цагийн хооронд барилдааны бус хөгжөөнт тоглоомын бэлтгэлээ базаадаг уламжлалтай. Тиймээс Гавьяат ганцхан өнөөдөр л шигшээ багийн бэлтгэлгүй. Бусад үед өглөө нь клубийнхээ, үдээс хойш шигшээгийн тамирчдын бэлтгэлийг хийлгэдэг юм билээ.

Унтаж байсан хүүгээ Тэлмэнгийн хамт машиндаа үлдээн, дотогш яаран оров. Танхимд оронгуут шавь нар нь “Сайн байна уу, багш аа” хэмээн мэндлээд “Хүүгээ авч ирээгүй юм уу” хэмээн зэрэг шахам асуув. “Машинд унтаж байгаа. Сэрэхээр нь оруулж ирнэ ээ” гээд өмсгөлөө өмсөн, жагсахыг үүрэгдэв. Ингээд бэлтгэл эхэллээ. Юуны өмнө бие халаалтын дасгал 10 гаруй минут хийлгэснээ гурван баг болгон хувааж, сагсан бөмбөг тоглуулав.

Тоглолгүй өнжсөн багийнхныг нь олс, резинэн дасгал хийлгэсэн юм. “Уучлаарай багшаа хоцорчихлоо” гэсээр нэгэн охин яаран орж ирсэн нь өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч Б.Ойдовчимэд байв. “Яагаад бэлтгэлээс хоцроод байна аа. За өмсгөлөө өмсчих” гэснээ “Манай энэ толгой сайтай. Математикийн хичээлдээ бүр онцгой. Би уг нь тооны чиглэлийн ангид оруулах санаатай байсан юм. Гэтэл өөр ангид элссэн сурагтай” гэж бидэнд сонирхуулсан.

Ш.Цэвэлмаа багш тамирчдынхаа зөвхөн дасгалжуулагч бус ээж, эгч, найз нь байхыг хичээдэг гэнэ. Ер нь хэнийг ч нэрээр нь дуудахгүй “Миний охин” гэдэг юм билээ. Тийм болохоор шавь нарынхаа хайр, хүндлэлийг их татдаг байх. Тэд ч багшаасаа юугаа ч нуудаггүй, хэцүү үедээ сэтгэлээ онгойтол ярилцаж тайтгардаг гэнэ лээ.

Сунгалтын дасгал хийж байсан нэгэн охин “Багшаа, би сургуулиасаа гарлаа. Спортоороо тууштай явна аа” гэхэд нь “Ёстой тэгж болохгүй. Ямар ч хүнд боловсрол чухал. Спорт хатуу. Өнөөдөр дэлхийн аварга болсон ч маргааш бэртээд барилдах боломжгүй болчихвол яах вэ. Тэгэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс сургуульдаа заавал сурч, боловсрол эзэмшээрэй” гэж захив. Тэгж байх нь ээ хүүг нь Тэлмэн оруулж ирлээ. Эгдүүтэй гэгч нь ход, ход инээн, ээжийгээ таньж байгаа бололтой хошуу, амаа өмөлзүүлнэ. Өлссөн бололтой, мөөмөө л хайж байгаа нь илт. Гавьяат хажуу талын цайны газрынхнаар хүүдээ бантан хийлгээд

“Бөөр алаг бөмбөг
Буруу тийшээ өнхөрдөг
Намайг дандаа уйлуулдаг
Чамайг аавдаа хэлнэ дээ” гэж дуулан аргадаж байгаад өгөв.
Алдарт Ч.Машбат агсны унаган шавь тэрбээр ажлын гараагаа 1998 онд “Аварга”-аас эхэлжээ. 2000 оноос хойш “Женко” клубээр овоглож яваа. 19 дэх жилээ дасгалжуулагчаар ажиллаж, 2015 онд Саранзаяа гэдэг туслах дасгалжуулагчтай болсон байна.

15.30 цаг. Бэлтгэл дуустал ямар, ямар дасгал хэрхэн хийлгэх талаар туслах дасгалжуулагчдаа зөвлөгөө өгөөд “Эко” спорт цогцолбор руу явав. Тэрбээр “Өнөөдөр ОХУ-ын шигшээ багийнхан Монголд ирсэн. Би зарим өдөр шигшээ багийнхныхаа бэлтгэлийг базаалцдаг. Өнөөдөр “Хан-Уул” дээр бэлтгэл хийнэ, шигшээгийн бэлтгэлгүй” хэмээн онцолсноо “Уг нь ОХУ-ын тамирчидтай бэлтгэлийг нь хангалцсан бол. Даанч амжихгүй нь. Балжаа багш загнах байх даа” гэж санаа зовон өгүүллээ.

15.40 цаг. “Өө, би бэлтгэл, шавь нар гэсээр дөрвөн хүүхдээ мартах шахдаг гэмтэй хүн. Манай нөхөр заримдаа тэгж шүүмжилдэг юм. Дасгалжуулагч сайхан мэргэжил. Дандаа түмний хүүхдийн сайн сайхны төлөө явдаг” хэмээгээд дунд охинтойгоо холбоо барин “Миний охин хаана байна. Хичээл нь дажгүй юү. Эрт хариарай. Ах, дүү хоёртойгоо холбоо барьсан уу. Бие биенээ хүлээж байгаад гурвуулаа хамт харихыг бодоорой. Ханиндаа амар шүү дээ” гэж захив.

Та энэ жил ДАШТ-д очиж тамирчдаа дасгалжуулсан. Ер нь багыгаа төрүүлснээсээ хойш хүүхдүүдээ эх орондоо үлдээгээд гадаад руу тэгж олон хоногоор явж байсан уу” хэмээн сонирхоход ”Гурван шавь маань Азербайжаны нэрийн өмнөөс тэмцээнд оролцон, эх орондоо бэлтгэл хийж байгаа. Тэд Исламын орнуудын тэмцээнд оролцоход нь би бэлтгэлийг нь базаалцсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд Азербайжанд 23 хоносон. Тэр үед манай нөхөр ажил багатай, гэртээ байсан болохоор хүүхдүүд минь зутраагүй.

Сая ДАШТ-д оролцсон жүдочдоо дасгалжуулахын тулд бага хүүтэйгээ хамт “Говь”-д сар гаруй байрласан. Будапешт руу явахын тулд дөрвөн хүүхдээ нэг, нэгээр нь хамаатнууддаа үлдээсэн. Тэмцээн дуусангуут л гэр рүүгээ, хүүхдүүд рүүгээ яарлаа. Унгарт аравхан хоноод ирсэн ч зөндөө том болчихсон юм шиг санагдсан” гэв.

Харин амжилтын үзүүрээс дөнгөж атгах гэж зүтгэж яваа хүүхдүүдэд туслах хүн цөөн.

16.00 цаг. Замаараа дэлгүүрээс нэлээд хүнс авахад нь “Та “Эко”-д очоод хэрэглэх гэж байгаа юм уу” хэмээн сониучирхан асуутал “Үгүй ээ, шавь нартаа авсан юм. Шигшээгийнхэн, насанд хүрсэн тамирчид алзахгүй. Яаж ийж байгаад өөрсдийгөө болгочихно. Шигшээ багийн цалин, ивээн тэтгэгчийн дэмжлэг гээд газардахгүй. Харин амжилтын үзүүрээс дөнгөж атгах гэж зүтгэж яваа хүүхдүүдэд туслах хүн цөөн. Санхүүгийн хувьд эцэг, эхээс хараат. Тиймээс залуу тамирчдыг үргэлж дэмжин, урам хайрлаж явах хэрэгтэй” гэв.

Би дахин сониуч зандаа хөтлөгдөн “Авсан юмнууд чинь нэлээд хэдэн төгрөг болж. “Эко” руу явж буй шатахуун, хүнсний бүтээгдэхүүний мөнгийг дараа нь клубээс чинь нөхөөд өгчихдөг юм уу” гэвэл “Тэгэхгүй ээ. Нөхөр маань нөхөж өгөх байх даа” гээд инээснээ “Шавь нараасаа юугаа харамлах вэ. Захирал (Ерөнхийлөгч Х.Баттулга) жүдочдоо ёстой сайн дэмжиж, бүхий л талаар тусладаг. Худлаа магтаж байгаа юм биш шүү. Үнэн юмыг яах вэ дээ. Монголын жүдочид захирлын буянаар санхүүгийн хүндрэл, бэлтгэлийн орчин яана аа гэж санаа зовох зүйлгүй.

“Бэлтгэлээ л сайн хий, амжилт гарга” гээд дэмжиж буйн хүчинд бид өнөөгийн амжилтад хүрсэн. Аль юм болгоныг захирлаас авах вэ. Би бус бид гэж ярих дуртай, би. Бид тамирчдаа амжилтад хүргэхийн төлөө л зүтгэж яваа. “Хамтын хүч амжилт” гэсэн сайхан уриатай. Үнэхээр хамтын, олны хүчээр амжилтад хүрч, монгол түмнээ баярлуулж яваа, жүдочид маань. Монголын жүдо бөхийн спортыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хөгжүүлж, өмөг түшиг болж яваа захиралдаа баярлаж явдаг.

Мөн Монголын жүдо бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар, Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын газрын хамт олон, “Женко” кубийнхэндээ, Ардын багш О.Балжинням, Гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат дасгалжуулагч Ж.Энхбаяр, Дашдаваа, “Алдар”-ын дасгалжуулагч Энхтөр, Март, хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, сэтгэлзүйч Золзаяа, Тэлмэн дүүдээ, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье” гэснийгээ нийтлэлдээ заавал дурдахыг дахин дахин захив.

16.30 цаг. Бид “Эко”-д очлоо. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар дасгалжуулагчтай залуу жүдочид бэлтгэлээ ид хийж байв. Ш.Цэвэлмаа багш танхим руу оронгуутаа л дэвжээний захад очин тамирчдадаа тэг, ингэ гээд зөвлөв. “Наад барьцаа лавхан атга. Одоо хөлөө жий” гэх мэт. Тамирчдыг хүний, өөрийн гэж ялгалгүй “Миний охин, миний хүү” гэж дуудаад л зөвлөнө, арга техник зааж өгнө. Залуучуудын ДАШТ-д түүний гурван шавь оролцох гэж буй.

17.00 цаг. Бэлтгэлийн завсарлагаанаар зарим тамирчин хүүг нь “Алив хаана байна, яасан муухай хүүхэд вэ” гээд өхөөрдөнө. Гавьяат тэднийг харснаа “Эхийнхээ хэвлийд олимп үзчихээд ирсэн хүүхэд шүү. Олимп ямар болдгийг асуугаарай” гэж тоглоом, наргиа хийв. Таныг Риогийн олимпод дасгалжуулагчаар оролцоход хүү тань хэдэн сартай байсан бэ гэж асуухад “Зургаан сартай. Өө, эндээс явах гэж бөөн юм болсон. Зика вирус тусчихвал баларна гээд баахан тос, зориулалтын хувцастай очсон” гэснээ Тэлмэнг дуудан “За миний охин одоо ажилдаа орно оо. Толгой тархи нь хөдөлсөн, гар, хөлөө эвгүй болгосон хүүхдүүдэд иллэг хийж өгөөрэй” хэмээв.

17.10 цаг. Завсарлага дуусаж бэлтгэл дахиад үргэлжлэв. Танхимд бүгчимдсэндээ ч тэр үү, хүү нь гэнэт часхийтэл уйлав. Тэр олон тамирчин бэлтгэл хийж байгаа болохоор агаар дутагдан, цухалдсан биз. Гавьяат хүүгээ агаарт гарган түр салхилуулчихаад л бэлтгэл рүүгээ яаран орлоо. Дэвжээний захад алхаж яваад гэнэт “Ёо” гэж дуу алдсанаа доголов. 18 настайдаа өвдгөө бэртээн, хагалгаанд орсон нь түүнийг өдий хүртэл зовоож байгаа аж. Баруун өвдгөндөө алганаас том сорвитой юм билээ.

Тэмцээн, бэлтгэл байтугай жирийн үед ч үе үе янгинан өвддөг гэнэ. Хагалгаанд орвол эдгэх боломжтой, эсэхийг лавлахад “Өө, энэ бэртэл одоо ч ёстой тартагтаа тулж байх шиг байна аа. Уг нь нэг их өвддөггүй байсан юм. Харин сүүлийн жилүүдэд юм л бол янгинах боллоо. Риогийн олимп гээд юун хөл манатай байсан. Тамирчдаа л амжилтад хүргэвэл бусад нь яах вэ гээд хагалгаанд орох энэ тэрийг хойш тавьсаар ирлээ. Одоо үе солиулах юм уу өвдгөндөө тулгуур хийлгэх шаардлагатай гэсэн. Тэр нь нэлээд үнэтэй” гэв.

19.00 цаг. Бэлтгэл дууслаа. Олонх тамирчин амрах, саунд орохоор явж, цөөнгүй нь мэх, барилдааны техникээ давтахаар үлдэв. Ш.Цэвэлмаа багш хотоос авчирсан хүнс, ундаа, усаа шавь нартаа өгөнгөө “Маргаашийн бэлтгэлээ тэгж хийгээрэй, багш нарынхаа үгэнд сайн ороорой, жингээ барьж буй тамирчид хоол, хүнсэндээ сайтар анхаараарай” гэж зөвлөв.

Жүдоч Л.Энхрийлэн “Пөөх, юун өмхий вэ. Хэн баачихав аа. Хэргийн эзэн хаана байна” гэж инээсээр Мөнхдавааг тэврэв. Бусад жүдоч ч “Овоо эр байна шүү. Хамар сэтлэх нь” гээд өхөөрдлөө. Ш.Цэвэлмаа хүүгийнхээ живхийг нь сольж, оройных нь хоолыг өглөө. Хэдийгээр эндэх ажил ерөнхийдөө дууссан ч Тэлмэн тамирчдад иллэг хийсээр байсан тул хүлээхээр шийдэв. Цөөнгүй тамирчин “Багш аа, би таны заасан мэхийг сурчихсан хар даа” гээд хажуудах тамирчиндаа хийж үзүүлнэ.

Тамирчдыг хүний, өөрийн гэж ялгалгүй “Миний охин, миний хүү” гэж дуудаад л зөвлөнө, арга техник зааж өгнө.

20.30 цаг. “Эко” спорт цогцолбороос Улаанбаатар руу хөдөллөө. Тэрбээр хүүхдүүдтэйгээ холбоо барьж “Хоол, ундаа сайн идээрэй. Хүйтэн байна, гадаа тоглож болохгүй шүү” гэж захив. Тэгснээ “Шавь нарыгаа өнгөтэй байгааг хараад сэтгэл онгойлоо. Ашгүй дээ, Мөнхжаргал жиндээ орчихож, Ганаагийн гарны бэртэл овоо эдгэчихэж” гэхэд нүүрэнд нь мишээл тодорч харагдсан.

Дасгалжуулагч хүнд санаа зовох зүйл дуусдаггүй бололтой. Хэдхэн мөчийн өмнө нь л инээж явснаа гэнэт “Нээрэн, Ташкент руу явсан хэд юу болж байгаа бол” гэж санаа алдан явтал ашгүй А.Цолмон цахимаар холбогдов.

-За миний охин дажгүй юү. Жиндээ орсон уу, тээш нь очсон уу?
-Дажгүй ээ. Бид бүгдээрээ жиндээ орчихсон. Ам цангаад байна аа. Тээш ирээгүй ээ.
-За ашгүй дээ, жиндээ орчихсон бол аргатай. Наана чинь хэдэн цаг болж байна.
-Гурван цаг болж байна.
-Багш нь гэртээ харингуутаа та нарыг унтахаас өмнө сугалааг чинь хараад учраа таарсан бөхчүүдийн чинь барилдааныг судлаадахъя. Тэгээд хэрхэн барилдах талаар зөвлөгөө өгье.
-Тэгээрэй. Хүлээж байя.
Багш, шавь хоёрын яриаг сонсоод бид хүртэл баярлав. Манай зурагчин “За ашгүй дээ. Санаа зовж байгаа мөртлөө хаа холоос юу ч хийж чадахгүй байх чинь ёстой хэцүү юм байна. Тэмцээнд оролцож чадахгүй болчих вий гэж бодохоор л хэцүү байсан” гэв. “За одоо ёстой санаа зовох зүйлгүй боллоо. Ш.Цэвэлмаа Гавьяатын сэтгэл тэнийж байгаа болов уу” гэж бодтол эндүүрч.

“Өө, би бүр мартчихаж. Мөрнийх нь бэртэл юу болж байгаа бол. Одоо яг хүчний бэлтгэл нь дуусаж байгаа” гээд хэн нэгэн рүү утсаар холбоо барьсан нь Б.Мөнгөнчимэг байлаа. Саяхан Монголд болсон клубүүдийн Азийн АШТ-ий үеэр шавийнх нь мөр бэртжээ. Хорь гаруйхан насандаа дэлхийн медальтан болсон шавийнх нь мөр дажгүй, өнөөдөр овоо бэлтгэл хийснийг нь сонссоноо “Ашгүй дээ” гээд машиныхаа хөгжмийг ялимгүй чангалав.

22.00 цаг. Түгжирч явсаар бид тэднийд ирлээ. Ш.Цэвэлмаа багш машинаа гараашид нь тавингаа “За нэг нөөц (запас) дугуй авахгүй бол горьгүй нь. Хээр, гадаа явж байхад дугуй хагарвал баларна” гэсээр гэртээ орлоо. Хүүхдүүд нь гэрээ цэмцийтэл цэвэрлэн, өглөө бэлтгэж өгсөн хоолыг нь хийсэн байв. “Би өнөөдөр онц авсан. Агаа надад зайрмаг авч өгсөн” хэмээн энд тэндээс нь шулганан ээжийгээ тойрон бүчнэ.

Том хүү нь “Аав хэзээ ирэх вэ” гэхэд нь “Маргааш юм уу, нөгөөдөр ирэх байх” гэснээ “Өвөл хурдан болоосой. Тэгвэл хань минь хөдөө хөхөрч, гадаа гандахгүй, бидэнтэйгээ хамт байх боломжтой болно” гээд санаа алдав. Дунд охин Мөнхдөлгөөн нь “Ээж ээ, маргааш “Ургацын баяр”-тай. Би ямар жимс, ургамлаар юу урлавал зүгээр вэ. Усан үзэм, лийрээр зараа хийчих үү” гэж шалгаавал “Тэг ээ тэг, миний охин” гэлээ.

22.30 цаг. Ш.Цэвэлмаа багш хоолоо дутуу хагас идсэнээ утсаараа интернэтэд холбогдож, тэмцээний сугалаа гарсан, эсэхийг шалгалаа. М.Уранцэцэг А хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд ОХУ, Узбекистаны бөхийн аль ялсантай нь барилдахаар сугалаа татсан бол А.Цолмон Казахстаны бөхтэй учраа таарчээ.

Гавьяат хүүхдүүдээ эртхэн унтаж амран, өглөө эрт босоод гэрийн даалгавраа хийгээрэй гэснээ компьютерээ асаан, шавь нарынхаа өрсөлдөгчдийнх нь барилдааныг судлахаар суулаа. Бидний нэг өдрийн сурвалжилга ингээд өндөрлөсөн ч дасгалжуулагчийн ажил дуусах яагаа ч үгүй бололтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 907 санал өгсөн байна.

Дээшээ