Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй-2

Засгийн газрын мэдээ

2017-10-12 13:20 GMT+8

“Зөвлөлтийн мэргэжилтнүүд” гэж томхон арми Монголд байсныг өнөөгийн залуус мэдэхгүй. Мэдэхгүй нь тэдний буруу биш. Харин мэдүүлэх ёстой бидний үе буруу суртлаар залуусыг тархийг угаахаа зогсоо! “Зөвлөлтийн мэргэжилтнүүд”- ийг ардчилсан хүчнийхэн хөөж явуулсан гэх суртлыг ялангуяа ахмад хижээл насны, урьд нэгэн цагт коммунист явсан хэнхэг өвгөчүүл 27 жилийн турш явууллаа. “Хайран сайхан ах нар” гэж ирээд л уянгалуулаад нулимс дуслуулаад байдгаа боль хэмээн би уриалж байна. Бас эсэргүүцэж энэ тухай түүхийг дэлгэж байна.

М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт эхэлсэнтэй давхцан СССР улсын (ЗСБНХУ) гадаад улс төрийн бодлого, гадаад эдийн засгийн харилцаа шинэчлэгдэж эхэлсэн. Энэ шинэчлэл Монгол дахь олон мянган мэргэжилтнийх нь хувь заяанд хожим тэгтлээ нөлөөлнө чинээ монголчууд лав огт төсөөлөөгүй. Стратегийн зорилгоор Монгол, Куба мэт улсад хөрөнгө хүч хаяж, мэргэжилтэн суулгаж буйгаа эргэж үзэхийг шаардсан тухай Кремльд яригдаж байсныг хожим нэрт дипломатч М.С.Капица (1980-аад оны Гадаад хэргийн дэд сайд) дуртгалдаа тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл, стратегийн зорилгоор Монголыг харж үзэж байсан гэсэн санааг 1991 онд Москва тухайн үед ГХЯ-ны Дипломатын академид тэрбээр лекцэндээ ярьсан би тэнд сууж байсан юм.

ГХЯ-аас бусад бүх яамд дэргэдээ Зөвлөлтийн зөвлөхүүдийн аппараттай байсан

Стратегийн тусгай зорилго нь үгүй болбол Монголыг орхино, харин өөрчлөн байгуулалт, гадаад бодлого дахь улс төрийн шинэ сэтгэлгээ гэгч Горбачевын философи нь тэрхүү стратегийн сонирхлыг нурааж, АНУ, Европ, Хятад руу буулт хийхэд хүргэсэн. БНМАУ-д түр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг гаргах, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг татах гэгч хоёр өөр асуудал нэг том зорилгоор хамт нөхцөлдсөн тухайд энд ярьж байна.

Ерөөсөө Монгол-Зөвлөлтийн найрамдал гэгч нь 1921 онд эхлээд оршлоо тавихдаа дэлхийн колоничлолын туршлагыг тодорхойлдог гадаад шинж тэмдгийг бүрдүүлсэн юм. Нийслэл хүрээнээ суусан СССР-ийн анхны Элчин төлөөлөгч Н.М.Любарский: Монголчуудтай бидний харилцах харилцаа бол хүчний бодит харьцаагаар тодорхойлогдож, бид тушааж, монголчууд биелүүлж байх ёстой гэж мэдэгдсэн. Мөн 1923-1925 онд ажилласан Элчин төлөөлөгч А.Н.Васильев: Зөвхөн оросууд бид сайн багш төдийгүй монголчууд Та нар авьяаслаг сурагчид юм хэмээн манайхны амыг асууж егөөдөж байжээ. Түүнээс 20 жилийн дараа мөн л ийм өнгө аясаар монголчуудыг тодорхойлж Зөвлөлтийн ЭСЯ-ны Зөвлөх А.С.Шкварин: Монгол бол Зөвлөлтийн асар том колони юм хэмээн хэлжээ.

Яг ийм суурин дээр улаан арми Монголд байрласан, мэргэжилтнүүд урьж ирүүлсэн гээд найрамдлын бүтээн байгуулалтын их түүх эхэлдэг. Энэ тухай оросын сэтгүүлч Л.Шинкарев ний нуугүй, үзэл суртлын халхавчгүй, харин ч оросуудаа зүхсэн байдлаар бичсэн нь монголчууд бидний хувьд шинэлэг, бараг анх удаа цочирдохоор үзэгдэл байсан болов уу. Миний сайн танил энэ орос зохиогчийнхоор бол Монгол нь Орост өртэй бус харин оросууд энэ жижиг орныг дэглээд тавьчихсан учраас эргээд өртэй үлдсэн мэт хоёрдмол санаа ч цухалзах шиг болдог.

БНМАУ-д түр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг гаргахад Зөвлөлтийн өөрийнх нь, мөн Хятадын хүчин зүйл гэж байсан. Улмаар Зөвлөлтийн цэрэг Монголоос гармагц Монгол-Хятадын харилцаа сайжирсан зэрэг нь эргэлзэж буй. Яг үүн шиг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг хэрхэн, хэзээ, хэн буцаасан тухай бодитой өгүүлж, монголчууд “ах нарыг” хөөж туусан хэмээх олон жилийн хардлагыг тайлах нь зүйд нийцнэ.

Энэ асуудлыг хөндөхдөө ямар өнцгөөс харж хариу өгөх эсэхээс цаашаа бичигдэх асуудлыг тодруулж болох юм. “Зөвлөлтийн мэргэжилтэн” гэдэг ойлголт 1990-ээд он хүртэл “Монгол- Зөвлөлтийн ахан дүүсийн найрамдал” гэдэг улс төрийн агуулгаар чухам хэн ч хир халдааж үл зүрхлэх, хамгийн ариун нандин зүйл байлаа. 1960-аад оноос Зөвлөлтөөс гадна ах дүү социалист орнуудын мэргэжилтэн нэмэгдэж Монгол дахь хүн амын зохих хувийг эзэлж байжээ. Тэдний бүтээсэн байгуулсан их гавьяа зүтгэлийг энд давтан магтахгүйгээр яагаад Монголыг орхих болсон учир шалтгааныг энд тодруулах ёстой.

БНМАУ-д зөвлөлт зөвлөх, сургагч, мэргэжилтэн ирүүлж ажиллуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1934 онд байгуулагджээ. Тэгвэл 1921- 1934 онд ажиллаж байсан улаан армийн цэргийн сургагч, банкны ба хоршооны мэргэжилтэн, хүний ба мал эмнэлэгийн орос эмч нарыг энд чухам хэн гэж нэрлэх бол гэсэн асуулт гарч ирнэ. Ерөнхийдөө 1934 оноос хоёр үе шаттайгаар мэргэжилтнүүдээ Зөвлөлт Холбоот Улсаас ирүүлжээ. Эхнийх нь 1934-1959 онд Монголд үндэсний боловсон хүчин бэлтгэхэд гол хүч хөрөнгөө хаяжээ. 1959-1990-ээд он хүртэл хоёр дахь шатанд үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж руу (нийт 712 үйлдвэр, аж ахуйн газар) зөвлөлт мэргэжилтний гол хүч цутгажээ.

Зөвлөлтийн тал манайхаас мэргэжилтнээ татах шалтгийг чухам зөв олж харжээ

Зөвлөлтийн “зөвлөх”, “сургагч”, “мэргэжилтэн” гэх гурван ангиллаар Монголын улс төр, батлан хамгаалах, засаг захиргаа, эдийн засаг-нийгмийн салбарт олон зуун мянган зөвлөлтийн иргэн ажиллаж өнгөрсөн. Анхлан МАХН-ын Төв Хорооны зөвлөх, БХЯ, До яам, ардын цэргийн ангиудад сургагч нар ажиллаж байснаа нам-төрийн дээд удирдлагад ажиллахыг болиулж, зөвлөхүүд нь хүчний байгууллагуудад үлдсэн, харин улс ардын аж ахуйн ба нийгмийн бусад салбарт мэргэжилтэн маш олноороо ажиллаж байв.

Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахын өмнөхөн буюу 1989 оны байдлаар, манай улсад 19 000 мэргэжилтэн ажиллаж байснаас, 9700 нь барилгачид, 1700 нь техник туслалцааны байгууллагуудад, 3000 нь хамтарсан үйлдвэрүүдэд, 3000 нь геологийн салбарт тус тус бүртгэлтэй байв. Энэ бол тэр үеийн улс ардын аж ахуйн нэг тоон үзүүлэлт бөгөөд тэднийг “Зөвлөлтийн байгууллага”, “Техник туслалцааны байгууллага”-д харьяалж байснаас Зөвлөлтийн байгууллага гэдэг нь боловсон хүчин, аж ахуй, санхүүгийн хувьд Москвад бүрэн харьяалагддаг, жишээ нь Зөвлөлтийн барилга трестүүд, харин Техник туслалцааных гэдэг нь Зөвлөлтийн мэргэжилтэн ажиллуулдаг Монголын байгууллага байв.

Энд мөн их дээд сургууль, техникум, ТМС, зарим дунд сургууль, оюуны бусад салбарт олон арван орос багш нар, зарим эмнэлэгт орос эмч нар ажиллаж байсныг орхигдуулж болохгүй. Ер нь 1989 оны байдлаар ЗСБНХУ-ын төрийн 24 яам, тусгай хороо манайд мэргэжилтнээ ирүүлсэн, ГХЯ- аас бусад Монголын төрийн бүх яамд дэргэдээ Зөвлөлтийн зөвлөхүүдийн аппараттай, мэргэжилтэнтэй байсан дүр зураг бий бөгөөд 1989 оноос Зөвлөлтийн яамдын Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газрууд татан буугдсан байна.

Хэдийгээр “Социалист интеграц”, ЭЗХТЗ гэсэн интернациональч хаягтай ч зөвлөлтийн мэргэжилтнийг аажмаар цөөрүүлж, тэднийг орлох үндэсний мэргэжилтэн бэлтгэх асуудал 1988 оноос эрчимтэй яригдаж эхэлжээ. Гэхдээ ил тод нөхцөлд үлэмж шүүмжлэлтэй яриа өрнөсөн юм. Тухайлбал, ганцхан мэргэжлээр олон жилийн турш мэргэжилтэн урихгүй байх, ажлын төлөвлөгөөгүй, үр ашиггүй ажиллахыг зогсоох, ганц мэргэжилтнийг 3-4 дахин урихгүй байх, 10-20 жил Монголд ажилласан боловч орлох монгол мэргэжилтнээ бэлтгээгүй бол дахин захиалахгүй байх гэхчлэн ярилцаж байв. Ерөөсөө Монголын байгууллагын хөдөлмөрийн хамт олны хүсэлтээр Зөвлөлтөөс мэргэжилтэн авахаа хэлэлцэн шийдвэрлэх, мэргэжилтнийг нэг сараас нэг жил хүртэл богино хугацаагаар авдаг уян хатан механизм тогтоох асуудал нам- засгийн дээд түвшинд хүртэл яригджээ.

1989 оны аравдугаар сард болсон “БНМАУ-д ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтнүүд” хэмээх нэгэн зөвлөлгөөнд би бас сууж байсны хувьд түүх сөхье. Мэргэжилтний асуудлыг анх удаа бодитой, шүүмжлэлтэй, нухацтай авч хэлэлцсэн юм. Энэ зөвлөлгөөнийг Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яам, ЗСБНХУ-ын ЭСЯ, МЗНН-ийн Төв Зөвлөл, ДСНК-аас зохион байгуулсан. Монголын талаас ЭЗГХХЯ-ны орлогч сайд А.Юндэндорж, ЗСБНХУ- ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.С.Миронов нар илтгэл тавьж, бусад олон хүн саналаа нэмэрлэж байлаа. Тэр болгоныг энд сануулах нь өнөө цагт утгагүй, гэхдээ гол санааг буулгавал, “ах нар” маань биднийгээ орхин гарах нь ээ, оросуудаар “тэжээлгэдэг” цаг өнгөрөх нь ээ, өвлөбөл өвлөөд, сурвал сураад үлдэх минь гэсэн харанга дэлдсэн мэт надад санагдаж байлаа.

Техник туслалцааны байгууллага дахь орос мэргэжилтнийг 50 хувиар хасах, зөвлөлтийн байгууллага дахь монгол иргэдийн тоог нэмэх, орос хэлний багш Зөвлөлтөөс урьдгийг бүрмөсөн болиулах, барилгын трестүүдийг Монголын талд шилжүүлэх тухай ярьж байв. Ингэж шилжүүлсний дараа хэр зэрэг бодитой, үр өгөөжтэй болох талаар ч аль алин нь эргэлзсэн үгс дээрх зөвлөлгөөний тэмдэглэлд байх учиртай. Тодорхой баримт түшиж, СОТ-1–ийг Монголд шилжүүллээ гэхэд 200 инженер, техникч хэрэгтэй, тэр нь байхгүй, зөвлөлтийнхнийг дагалдуулж сургая гэхэд Монголын хот, хөдөөгөөс 110 ажилчин, 40 мастер олдохгүй байгаа тухай орос “ах нар” гомдоллож байв.

Буцах, буцаахын цаана санхүү, зардал мөнгөний маш том асуудал босч ирсэн түүх бас нэгийг хэлнэ. Энэ нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шинэхэн тогтоол, түүний дагуухи шинэ журмаар хэрэгжих ёстой байв. Чухамдаа бол илгээж буй мэргэжилтний зардлыг Москвагаас даахгүй гэсний дараахи манайхны ацан шалаа юм. Урьд нь ирж буй мэргэжилтний бүх зардлын 30 хувийг Монголын тал даадаг байсныг болиулж, манай тал 100 хувь даах болжээ. Манай Засгийн газрын тогтоолоор бол тухайн байгууллага Зөвлөлтөөс мэргэжилтэн авахаа хэлэлцэн шийдвэрлэсний дараа урих, бүх зардлыг нь тухайн үйлдвэр, аж ахуйн газрын хөдөлмөрийн хөлс, нийгмийн хөгжлийн фондоос санхүүжүүлэхээр заажээ.

1989 оны байдлаар манай улсад Зөвлөлтийн 19 мянган мэргэжилтэн ажиллаж байжээ 

Хэдийгээр Зөвлөлтийн ихэнхи мэргэжилтэн өндөр ур чадвартай ч тэдний дунд тааруухан хүн цөөнгүй байв. Жишээ нь Зөвлөлт инженер-техникийн ажилтны 30 хувь нь үүрэгт ажилдаа тэнцэхгүй, тийм нөхдийг буцаах буюу тушаал бууруулна гэж Зөвлөлтийн ЭСЯ-ныхан занаж анхааруулж байсныг би санаж байна. Мөн Монгол дахь ахуй хангамж, амьдралаа чамлаж орос нөхөд ч багагүй гомдол гаргасан нь зөвлөлгөөний тэр тэмдэглэлд үлджээ. Тэд 1989 оны байдлаар сардаа 450 рубль авч байсан нь бусад социалист ба хөгжиж буй орон дахь зөвлөлтийн мэргэжилтнээс 4-5 дахин доогуур байсан юм. Бас цаг агаарын хүнд нөхцөлд Монгол руу зүглэх мэргэжилтний тоо жил бүр 100- 150 хүнээр дутуу байдаг тухай ярьсан нь монголчуудын голд орж, зүрх дэлсүүлсэн шүүмжлэл байв. Энэчлэн монгол ажилчид сурахдаа хойрго, хумсалдаг гэхчлэн гомдлууд бишгүй байна.

Дүгнэж үзвэл, зөвлөлт мэргэжилтнийг монголчууд бид өөрсдөө цалинжуулна гэдэг дээр манайхан эхлээд тээглэж ойчсон тухай эндээс тодорхой байна. Зөвлөлтийн тал манайхаас мэргэжилтнээ татах шалтгийг чухам зөв олж харжээ. ЗСБНХУ- ын санхүүгийн хүнд байдлыг засч залруулах нэг боломжийн суваг бол гадаадад буй олон сая мэргэжилтнээ тухайн улсаас санхүүжүүлэх явдал гэж үзсэн юм. Тэр үеийн Зөвлөлтийн улсын төсвийн алдагдал 120 тэрбум рубль хүрч байсны үлэмж хэсэг нь Монгол мэтийн буурай оронд тараан байршуулж үр өгөөжгүй хөдөлмөрлүүлсэн мэргэжилтний зарлага байсан тухай тэр үед ил тод шүүмжлэн бичдэг байсныг эргэж үзэж болно. 1990-1991 онд зөвлөлтийнхөн Монголоос цэрэг, мэрэгжилтнээ эрчимтэй татсаар ЗСБНХУ-ын түүх өндөрлөсөн юм даа. Бид тэдний ядаж нэгийг нь ч хөөж туугаагүй юм.   

Олхонуд Баярхүү

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1025 санал өгсөн байна.

Дээшээ