-"Бидний цөөхөн Монголчууд" төсөл-
Өндөр уулсаар хүрээлэгдсэн намрын шаргал тал. Цаана нь цас үл ялиг хаялан орж, манан будан буужээ. Харах тусам нүд баясах байгалийн сайхан бүрдсэн тэр газарт таван гэр зурайн харагдана. Ойртох тусам малтай айл байна даа гэж бодогдохоор. Сайн харвал таван хошуу мал бүгд байна. Гэрүүдийн хажууханд хоёр тэмээ налайн хэвтэж хааяахан хуцах нохойн дуу чихэнд үе үе сонсогдоно. Гэрээс утаа суунаглан гарч хоёр хүүхэд хөөцөлдөн тоглоно. Толгойгоо эрээн алчуураар боосон 40 гаруй насны эмэгтэй аргал аваад гэрлүү орж явна. Баруун хязгаар Баян-Өлгий аймгийн сум бүрд ажиллаж хүн ардын ахуй амьдралтай танилцаж яваа бид гэрийн эзэнтэй уулзаж таван үг солихыг хүсэж гэрт орлоо.
Гэрийн эзэн хоймор эзлэн суух зөөлөн харцтай хөгшин байна. Монголоор сайн ярихгүй ч хэлснийг нь хүү нь бидэнд орчуулж өгөв. Дэлүүн сумын 7-р баг, Хөх Сэрхийн нурууны энгэрт, Буянт голынхоо эрэгт намаржиж байгаа С.Уатхан гуай одоо нас сүүдэр 73 хүрч байгаа малчин хүн. Дэлүүн суманд малынхаа бэлчээр дагаж уулын энгэр бараадан аж төрөх ард иргэд цөөнгүй бололтой. С.Уатхан гуай хань Х.Күнайтайгаа цэргээс халагдаж ирээд л танилцаж өдгөө 8 хүүхдийн ижий, аав болж үр ачаа тойруулан амгалан тайван амьдарч буй казак гэр бүл. Дээд боловсрол эзэмшиж мэргэжлээрээ ажиллаж яваа дөрвөн хүүхэд байна энэ айлд. Гурван хүүхэд нь харин мал маллаж ижий аавдаа бараа болж ойрхон амьдарна.
Дулаахан гэрт ярилцаж суухдаа л казак түмний ёс жаягийг мэдэрч байлаа. Том хүүгийн гэргий сүүтэй цай өтгөн гэгчийн чанаж “ид, уу” гэж дайлах нь зочломтгой ард түмэн гэдгийг илтгэх шиг. Аягалсан цайг уучхаад болчихлоо гэж хэлэхгүй бол танд аягалаад байна. Гэр доторх эд хогшлыг хараад байхад хүүхнүүд нь бүгд л аравч, хөшгөө өөрсдөө оёсон байх юм. Оёдлын машин, ээжээс өвлөгдөж ирсэн хос авдар зэргийг нь харахад хөдөлмөрч хийгээд ёс заншлаа дээдэлдэг гэдэг нь илт байлаа.
Ингэж байтал хоол бэлэн боллоо. Хүндэтгэлийн зоог бесбармакаа хийж, ирсэн зочдыг дайлна. Махыг зөөлөн гэгч нь чанаад жигнэсэн гурил төмстэй хольж иддэг. Энэ хоолны учрыг задалж бичих нь илүүц байж болох л юм. Учрыг нь айлын хүүгээс асуухад махыг буцалгах тусам нян бактери нь устдаг гэх юм. Амт бол мэдээж сайхан. Дастархан буюу ширмэл ширдгэн дээр бүтээлэг дэвсээд тавгийн идээгээ тавина.
Энэ бол мэдээж казак түмний ёс. Газар сууж тухлаад идээ хүртэх нь эрх чөлөөтэй биед эвтэйхэн байдаг гэнэ шүү. Ингээд л идэхээс өмнө ирсэн зочид болоод гэр бүлийн гишүүн бүр гар угааж угаалга үйлдэнэ. Энэ их учиртай. Нэг тавагнаас нийтээрээ гэрийн эзний хэрчин тавьж буй махнаас хүртэх учир нийтээрээ цэвэрхэн байхыг эрхэмлэнэ. Тэр битгий хэл гэрийн эзэн өдөрт таван угаалга үйлддэг гэж байгаам шүү. Энэ бол шашиндаа үнэнч байгаагийн илрэл. Бичвэл бас сэдэв болох учир үүнийг орхиё.
Ингээд бүгд тойрон сууж гэрийн эзэн ерөөл айлдаж зоогоо хүртэнэ. Энэ бүх ёс жаягийг С.Уатханыд зочлох хэсэг хугацаанд мэдрээд гарлаа. Ийм л нэг казак айл ёс жаягаараа аж төрж намаржаандаа намуухан амьдарна. Бидний цөөхөн монголчуудын дунд өөрийнхөөрөө үндэсний өв соёлоо тээн амьдрах энэ ард түмнийд зочлохдоо мэдвэл зохих энгийн мэдээллийг эрхэм танд өгөхийг энэ удаад хичээлээ. Харснаа үзсэнээ өөрийнхөөрөө танд хүргэх миний буланд тухалж байгаарай.
Баян-Өлгий аймаг Дэлүүн сум 2017.10.09
Сэтгүүлч Э.Ичинхорлоо
Эх сурвалж: http://khadlan.mn/