Киночдод олон улсад бүтээлээ борлуулах, фестивалиудад оролцох БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ БАЙНА

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-10-12 17:36 GMT+8

“Улаанбаатар” олон улсын есдүгээр кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, кино бүтээлээ олон улсад түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Кино яармаг”-ийг өнөөдөр 09:00-18:00 цагт "Монгол Контент" ХХК-ийн байранд зохион байгууллаа.

"Монгол Контент" ХХК, “Дижитал агуулга” ХХК-тай хамтран зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд олон улсын кино зах зээлд Монголын киног түгээн борлуулах үйл ажиллагаа явуулдаг компаниуд, контент үйлдвэрлэгчид, кино уран бүтээлчдийн нэгдлийн төлөөллүүд, оюуны өмчийн хууль эрх зүйн мэргэжилтнүүд дэлхийд гарах сонирхолтой Монгол кино бүтээлүүдтэй танилцаж дараах сэдвүүдээр мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Үүнд :

• Кино уран бүтээлийг Монголд болон олон улсад борлуулах, гэрээ байгуулах
• Кино жүжигчдийг олон улсын кинонд санал болгох
• Олон улсын кино наадмуудын талаарх мэдээлэл өгөх
• Кино уран бүтээлийн эрхийг хамгаалах, оюуны өмч хамгаалал, гэрээ хэлэлцээр хийх

Дараах найман байгууллага оролцож байна:

  • Монгол кино уран бүтээлийг хамгаалах холбоо
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,
  • Монгол Контент ХХК,
  • Дижитал контент ХХК,
  • “Монгол фильмс дистрибьюшн” ХХК
  • “Соёлын дистрибьютор” ХХК,
  • Алтан хальс ТББ,
  • Монголын кино урлагийн зөвлөл зэрэг найман байгууллагын төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа.

"Дижитал контент" ХХК-ийн Дотоод худалдаа, хамтын ажиллагааны менежер Н.Хандсүрэн:

"Өнөөдрийн үйл ажиллагаагаар Монголын кино уран бүтээлчид гадагшаа киногоо борлуулах гэрээ хийх, кино наадмуудад хэрхэн оролцох, хөрөнгө оруулагч компаниуд хэрхэн оролцох, зохиогчийн эрхийн зөвлөгөө авах, Монголдоо зохион байгуулагдаж  кино наадамд хэрхэн оролцох талаар, дистрибьютор компаниудтай хамтран ажиллах тухай зөвлөгөө авч, танилцах боломжийг олгож байна" гэлээ.

Тус үйл ажиллагааны хамтран зохион байгуулагч "Монгол Контент" ХХК-ийн Төслийн албаны захирал, кино төслийн удирдагч З.Отгонтуяа:

Улаанбаатар кино наадамд “Монгол Контент” ХХК дэмжигч байгууллагаар оролцож байна. Кино маркетийг бид өөрийн компанийн байранд явуулж байна. Кино урлагт 2011 оноос продюсинг хийгээд ажиллаж эхэлсэн. Энэ жилийн төслүүд болон ирэх жил гарах төслөө  танилцуулж байна. Уран бүтээлчид киногоо зарах, дэлхийн зах зээл дээр  түгээх  зэрэгт хэрхэн ажиллах талаар зөвлөгөө авах боломжтой" гэв.

Энэ жил "Хоёр амь", "Одод болохын хүслэн", "Маамуу" анимейшн, "Зүрхний хилэн" болон ирэх жил театрт гарах "Үүлэн хээтэй орчлон" киногоо танилцуулж байна.

КИНО УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ОЛОН УЛСАД ХОЛБОХ ГҮҮР НЬ БОЛЖ АЖИЛЛАЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА

Кино уран бүтээлчид "Соёлын дистрибьютор" ХХК-ийн захирал Д.Цэнгэлээс дистрибьютор компаниар зуучлуулснаар ямар давуу тал эдэлж болохыг асуухад:

Кино уран бүтээлчид  олон улсад өөрсдийгөө танилцуулаад дараа дараагийн бүтээл дээр хамтран ажиллах, санхүүжилт авах, жүжигчид нь уригдах боломжийг олгож байна"

"2014 онд Пусаны  олон улсын кино наадамд очихдоо кино уран бүтээлчид авьяасаа олон нийтэд таниулахын тулд харилцаа холбоо танилын хүрээ чухал байдгийг мэдэж авсан.  Миний хувьд NETPAC буюу Шүүгчдийн холбоонд Монголоос анх удаа гишүүн болж элссэнээр жилдээ кино наадмуудын мэдээллийг авах боломжтой болсон.

Энэ хугацаанд таньж мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцахыг хүссэн учраас Монголын соёл урлагийг киногоор дамжуулж гадаадад сурталчлах зорилгоор "Соёлын дистрибьютор" ХХК-иа үүсгэн байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10-аад уран бүтээлчийн киног наадмуудад явууллаа. "Ээж", "Цагаан хадаг", "Чингисийн хүүхдүүд", "Маамуу" анимейшн зэрэг бүтээлүүд дээр ажиллалаа. Энэ бүхнийг явуулахад маш их бичиг цаасны ажил хийгддэг.  Эдгээр кино уран бүтээлчдийг олон улсад холбох гүүр нь болж ажиллаж байгаад баяртай байна.

Наадамд очоод хүндлэгдэн, найруулагчаар уригдана гэдэг маш сайхан. Эдгээр хүмүүс өөрсдийгөө танилцуулаад дараа дараагийн бүтээл дээр хамтран ажиллах, санхүүжилт авах, жүжигчид нь уригдах зэрэг боломжийг олгож байна" гэлээ.

УРАН БҮТЭЭЛЧИД КИНОГОО ХЭРХЭН ЗАРЖ БОРЛУУЛАХ ТАЛ ДЭЭР САНАА ЗОВОХООРГҮЙ БОЛЖ БАЙНА

"Монгол фильмс дистрибьюшн" ХХК-ийн захирал, продюсер Н.Цогтбаяр:

"Гадагшаа кино гаргахад тийм юман дээр анхаарах ёстой гэсэн тодорхой заавар байхгүй. Гар утсан дээр хийсэн киног ч гадагш гаргаж болно. Үзэгчид ямар ч кино сонирхож болно. Ямар ч кино өөрийн гэсэн үзэгчтэй байдаг.

Монголд жилд 40-50 кино гарч байна. Кино уран бүтээлчдэдээ дистрибьютор компаниараа дамжуулаад борлуулах, олонд түгээх ажлаа хийхийг зөвлөж байна. Уран бүтээлчид өөрсдөө зүтгээд махраад явдаг үе ард хоцорч, киногоо хэрхэн зарж борлуулах тал дээр санаа зовохооргүй болж байна.

Дэлхийн жишигтэй адилхан болж эхэлж байна. Бид гаднын зах зээлд гаргаад, цахим сүлжээгээр  бид тавьж чадвал ямар нэг байдлаар хүмүүс зохиогчийн эрхтэй кино үзэх боломжтой болно. АНУ-д гэхэд үзэгчид Amazon, Volume Plus, Netflix зэрэг сүлжээнд сарын эсвэл жилийн хураамжаа төлөөд үзэх боломжтой байдаг.

Эсвэл худалдаж авах зориулалттай сайтуудаар хайгаад олдохгүй бол YouTube-ээр хайдаг. Ингээд олдохгүй бол хулгайн сайтуудаас татаж үзэхээр хайдаг. Бидэнд хүмүүсийн хамгийн түрүүнд хайж үздэг сүлжээнүүдэд киногоо оруулах боломж бий. Киночид үзэгчдээ олохын тулд киногоо "дараад" байлгүй, гадагшаа гаргах л хэрэгтэй.

Санаанд оромгүй кинонууд амжилттай явж, маш олон үзэгчтэй болдог түүх олон бий. Тэгэхээр киночид киногоо гаргачих. Үзэгчид харин хайсан киногоо хулгайн биш сүлжээнээс олоод үзэх боломжтой байх хэрэгтэй" гэв.

"Дижитал контент" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, кино зохиолч, найруулагч Н.Мөнхсайхан:

"Кино уран бүтээлчид бүтээлээ дэлхийд гаргах нь чухал байна. "Дижитал контент" ХХК дэлхийн зах зээлд кино бүтээлийг борлуулж байна. Одоогоор дэлхийн зах зээлд биднээр дамжуулж 10-аад кино тавигдсан.

Киног бий болохоос өмнө олон улсад санхүүгийн дэмжлэг өгч, өөрийн зах зээл дээр гаргадаг систем бий. Энэ систем манайд чухал хэрэгтэй байна. Тиймээс кино уран бүтээлчид энэ талын мэдээллийг аваасай гэж энэ "Кино яармаг"-ийг зохион байгуулж байна" гэлээ.

Монгол кино уран бүтээлийг хамгаалах холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Твинс фильм ХХК-ийн захирал  Г.Дарханбаяр:

"Манай холбоо нь Монголын кино урлагийн зөвлөлийн санаачилгаар нийт кино уран бүтээлчид нэгдээд байгуулсан хамтын удирдлагын байгууллага. Өөрсдийн эрхийг хамгаалах, Оюуны өмчийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг. Монголын киночдын оюуны өмчийг хамгаалах, олон улсад  болон Монголдоо хамгаалах чиглэлээр ажиллаж байна.

Монголд оюуны өмч их зөрчигддөг. Уран бүтээлчид олон сар зовж хийсэн хэрнээ ашиг олохгүй хохирдог тохиолдол элбэг. Тиймээс бид нэгдсэнээр  хохирохгүй байх боломжтой. Өмнө нь киночид өөрсдөө Оюуны өмчийн газарт ханддаг байсан бол одоо бид тэдний өмнөөс ажиллах юм. Хүн болгон оюуны өмчийн газарт очих шаардлагагүй болно.

Мөн бид гаднын байгууллагуудтай хамтарч ажилласнаар олон улсад оюуны өмчөө хамгаалах боломжтой болно. Ингэснээр киноноос олох ашиг орлого ч нэмэгдэх юм" гэлээ.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 22 санал өгсөн байна.

Дээшээ