Тарифын хөнгөлөлт талаар болж магадгүй

Засгийн газрын мэдээ

2017-10-13 09:45 GMT+8
Монгол Улс өдөрт 900 гаруй мВт эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс Улаанбаатар хотынхон 640 мВт-ыг ашиглаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дунджаар 1.1 сая тонн нүүрс хэрэглэдэг гэх статистик тоо бий. Үүний 60 орчим хувийг 218 мянган өрх эзэлж байгаа бол үлдсэн буюу 400 мянган тонныг нь уурын зуухнуудад түлдэг аж. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ жил “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмыг шинэчилсэн. Ингэхдээ шөнийн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм. Мөн аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон билээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудын хэлж буйгаар гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил үргэлжилж байна.

Гэр хорооллын цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх нь тодорхойгүй байна

Мөн станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх өвлийн бэлтгэл хэвийн байгаа аж. Тодруулбал, Шивээ-Овоогийн уурхай 550, Багануур 594, Шарын гол 80 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байгааг онцоллоо. Үүнээс гадна төвлөрсөн дулааны эх үүсвэрээс шугам татаж, 230 жижиг уурын зуух холбохоос 63-ыг нь энэ онд багтаан дуусгахаар ажиллаж буй. Хан-Уул дүүргийн Яармаг орчмын долоон халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбожээ. Түүнчлэн 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр ширхэг дулаан дамжуулах төвийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт буулгасан халаалтын зуухнуудаас дулаан авч байсан нийт 160 хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжид холбоход 22.9 тэрбум төгрөг зарцуулжээ.

Энэхүү хөрөнгийг Монгол болон Австрийн Засгийн газрын хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэжээ. Энэ жил эрчим хүчний салбарт өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засварт 58.9, хөрөнгө оруулалтаар 37.4, техникийн зохион байгуулалтын арга хэмжээний ажилд 39.7 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Нийт 136.1 тэрбум төгрөгийн 1777 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд 21.362 айл өрхийг дөрвөн кВТ цахилгаанаар халаахаар төлөвлөж, зураг төслийн дагуу ажиллаж байгаа аж. Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК- иас мэдээлэл авах боломжтой гэсэн юм.

Ингээд тус компаниас лавлахад одоогийн байдлаар шөнийн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдээгүй гэж учирласан юм. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК- ийн ерөнхий инженер Р.Дагдан “Өнөөдөр бид бүхий л нөөц бололцоогоороо ажиллаж байна. Хөрөнгө оруулалт, төсөв орж ирээгүй байгаа учир утааны бүсэд байгаа өрхүүд, аж ахуйн нэгжийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөх талаар хариу хэлэх боломжгүй. Дур мэдэн мэдээлэл өгч, иргэдэд буруу ойлголт өгөх нь зохимжгүй” гэв. Мөн тэрбээр Монгол Улс өдөрт 900 гаруй мВт эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс Улаанбаатар хотынхон 640 мВт-ыг ашиглаж байна. Эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал 640 мВт хүрдэг бол шөнөдөө 400 мВт болж буурдаг.

Тиймээс өдгөө ачаалал ихтэй ажиллаж байгаа тус компани гэр хорооллын бүсэд байгаа өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөвөл ачааллаа дийлэхгүй байх магадлалтай гэсэн юм. Уг нь өнгөрсөн сард эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 80 гаруй хувь хангагдсан гэж удирдлагуудын зүгээс мэдээлсэн. Мөн Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү “Оргил ачааллын үетэй давхцуулахгүйгээр цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр шийдсэн.

Нөөц боломж бага гэж ярих бус нийслэл хотын гэр хорооллын айл өрхөө халуун дулаан өвөлжихөд нь дэм үзүүлэх ёстой. Өмнө нь гурван сарын хугацаагаар шөнийн тарифыг хөнгөлж байсан бол энэ жил таван cap болгож сунгасан. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэж амласан. Гэвч өнөөдөр энэ бүхэн чихэнд цэцэг ургуулахтай адил худал үг бололтой. Сар хүрэхгүй хугацааны дараа утааны улирал эхлэх гэж байхад өдгөө асуудлаа шийдвэрлэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрх, аж ахуйн нэгжүүд цахилгааны төлбөрөө 100 хувь хөнгөлүүлэх боломжгүй болох магадлал байна.

Г.Оюунтөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1025 санал өгсөн байна.

Дээшээ